Технологи
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ажлын нэгэн өдөр дуусч байна. Дараа долоо хоногт оюутнуудаа зайнаас хүлээн авахад сургууль хамт олноороо бэлдсээр л байна. Зайны сургалт гэдэг үг ойлголтыг сургууль, багш нараар зогсохгүй, эцэг эхчүүд хүртэл одоо илүү ойлгож байгааг олон жишээнээс харж болохоор.

Эвэрэтт Рожерсийн "Шинэчлэл амьдралд нэвтрэх" тухай Diffusion of Innovations гэдэг онол байдаг. Энэ онолоор аливаа шинэ технологи, шинэ ололт нийгэм даяар хүлээн зөвшөөрөгдөж, хүн бүрийн хэрэгцээ болтлоо тодорхой үе шатуудыг дамждаг. Орчин үед технологийн салбарынхан ийм ололт шинэчлэлийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж, түүчээлэгчид болдог.

Олон жилийн өмнө Датаком компанид ажиллаж байхдаа талийгаач Нараа эгчтэй хамт Улаанбаатарт зохиогдсон зайн сургалтын олон улсын сургалтад суусан маань сүүлийн хэдэн өдөр санаанд орлоо. Онлайн сургалтын тухай ярихад хуралд сууж байсан ихэнх хүмүүс нэг л сайн ойлгохгүй, мөрөөдөөд байна уу даа гэсэн байдлаар хандаж байж билээ. UNESCO-ийн санхүүжилтээр Монголд хэрэгжүүлсэн анхны зайн сургалтын хөтөлбөрөөр хөдөө орон нутагт сургалт хүргэхийн тулд 40 гаруй 69 машин авсан гэдгийг тэр хурлаас сонсоод Нараа эгч бид хоёр үнэхээр гайхаж байж билээ.

Цахим Мэдлэг кампусынхан монголд онлайн сургалт хэрэгжүүлэхээр олон жил ажиллаж байгаа. Тэдэнтэй хамтарч монголын их дээд сургуулийн багш нарт онлайн хичээлийн заах арга зүй, instructional design талаар нэлээд хэдэн удаа онлайн хичээл заасан. Одоо гэрийн хорионд байгаа олон сая хүүхдүүдэд чанартай сургалт хүргэхийн тулд тэр чиглэлийн мэдлэг үнэхээр чухал болж буйг өнөөдөржин мэдэрлээ. Их дээд сургууль бүр өөрсдийн онцлогоосоо болоод зайны сургалтад шилжих технологи нь бэлэн боловч заах арга зүй нь өөр өөр түвшинд байна. Корона вирус зайн сургалтын ач холбогдлыг хүн бүрт мэдрүүлж, Рожэрсийн онолыг амьдрал дээр бодит утгаар шалгаж байна даа.