Амьдрал
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сүүлийн үед би өөрийгөө зөнч мэргэн Ванга мэт л боддог болжээ. Бодсон болгон бүтэж, төсөөлсөн бүхэн биелээд байх шиг.

Чухам яг хэдийд гэдгийг хэлэхэд хэцүү ч сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр ой ухаанаа төвлөрүүлэн, эерэг юм бодож байх гэж тархиа дасгалжуулж эхэлсэн юм даг.

Би уул шугамандаа удмаараа санаа зовогчдын бүлгээс гаралтай хүн болохоор ч тэр үү? Угаас өдөржин эерэг бодолтой явна гэдэг хэн хүнд амаргүй болоод ч тэр үү цаг ямагт эерэг байна гэдэг тийм амар бүтчих эд биш аж.

Эхний хэдэн долоо хоногт зав л гарвал гахаж үхэх вий, гахайд хазуулах вий, гангалж явж байж шагайгаа мулталчих вий гэх мэтчилэн хачин янзын сөрөг бодол түрэмгийлээд л ороод ирдэг байлаа.

Хоёр, гурван сарын дараагаас бодол овоо цэгцэрч, хэсэг жигтэйхэн эерэг байснаа ялихгүй асуудал гармагц ялбийтлаа гудайж, сөрөг бодолд оосорлуулчихсан л явах.

Нэг хормоо таван хором, таван хормоо хорин хором болгох маягаар урагшаа нэг алхаж, хажуу тийшээ хоёр алхаж, заримдаа хойшоо тав алхсаар ямар ч байсан сөрөг бодлоо удирдах хэмжээнд хүрэв.

Ийнхүү эерэг бодол тархинд овоо суусан ч үе үе бас үсэртэл эвгүй юм бодогдоно шүү дээ хүн л юм хойно. Тэгмэгц нь байгаадаа талархаж, өнөөдөртөө амьдрах гэдэг дасгалаа хурдхан хийнэ.

Ингээд л эерэг бодлоор жигүүрлэж, талархалаар шатахуун хийн, өнөөдөртөө нисэж амьдарч сурч байна даа. Уйгагүй тархины дасгал хийсний дүнд шатахуунаар бол хэзээ ч тасрахгүй болсон шүү дээ. Заримдаа нисмээргүй өдөр гардаг л юм. Нисэхийн оронд сайхан алхчихдаг юм ш дээ энэ амьдралаар.

Эргэн тойрныхоо сайн сайхныг түрүүлж хар. Гудамжинд ургасан цэцэг, цэлмэг тэнгэр, эсвэл шиврэх бороо, унтаж буй хүүхдийн царай, нөхрийн хайрлах харц, ээжийн минь мишээл, эгчийн минь өгсөн урам, ажлаас авсан цалин, найзуудын дэмжлэгийг боддоо! Энгийн хэрнээ гайхмаар тансаг мэдрэмжүүд биш гэж үү? Бодол тань эерэгээр дүүрэн бол танихгүй хүний инээмсэглэл хүртэл сэтгэлийг чинь дулаацуулаад зөрнө.

Чи ажлынхаа ямар нэг байдалд дургүй байлаа. Цалин, дарга, орчин, цагийн хуваарь, хамт ажилдаг хүн гэх мэт. Тэрхүү дургүй зүйлээ байнга ярьснаар сөрөг энергийг өөрийнхөө орчинд үүсгэнэ. Хэрэв тийм л дургүй юм бол өөрчлөх ямар нэгэн алхам хий. Энэ байдлаас гарах аргагүй бол эерэг зүйлсийг нь л бод, ярь, хэл.

Нэгэнт ямар нэг алхам хийж өөрчилж чадахгүй л бол сөрөг зүйл дээр анхаарлаа хандуулж тэр талаар ойр дотныхондоо гомдоллох хэрэггүй. Харин сайн зүйл дээр төвлөрч сайхныг нь бод, хүмүүстэй сайныг нь хуваалц.

Нөхрийнхөө, эхнэрийнхээ, хамтрагчийнхаа, найзынхаа дургүй зүйл дээр байнга төвлөрч болохгүй, бүтэхгүйг нь олж харан, тэр талаар байнга үглэж яншихаа боль.

Байгаа зүйлтэйгээ эвлэрэх нь амьдралд амар амгаланг авчирдаг талтай. Гэхдээ мэдээж ингээд л боллоо гээд санаа амар, залхуурч хэвтэхийг дэмжээд байгаа хэрэг биш шүү.

Сөрөг, муу зүйлийг шүүмжилж, эсвэл түүнд гомдоллож суухын оронд түүнийгээ өөрчлөх, нөхцөл байдлаа дээшлүүлэхэд анхааран ургашаа тэмүүлэн амьдраарай л гэж уриалах гэсэн юм.

Гадаадад байгаа Монголчуудын талаас илүү хувь нь амар амьдрахыг эрдэг. Ямар нэг төрийн тэтгэлгийн програманд хамрагдчих юмсан, үнэгүй юм хаана байна гэдэгт илүү анхаарлаа төвлөрүүлээд байдаг.

Үүний оронд сургуульд яв, мэргэжилтэй бол, эсвэл компанидаа үнэнч ажилла. Цалингаа дээшлүүлэх ажил хай, бизнес эхлүүлэх ямар арга байна түүнийг судал, хүүхдээ сайн сургуульд өгөөд гар бие оролцон дэмж гэх мэтээр өөрөө юунд сайн бэ, би юу чадах вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлээсэй гэж би хүсдэг.

Учир нь Монголчууд бид оюуны потенциал (potential) сайтай, ямар ч ажлыг сайн хийх чадвартай, гайхалтай дайчин, хаана ч зохицон амьдрах чадвартай, дэлхий дээрх хамгийн сүүлийн нүүдэлчин удам цусанд нь шингэсэн улс биш үү?

Ингээд эерэг бодлоор жигүүрлэн мөрөөдөл өөдөө нис нис.

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу