Хүмүүс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

“Эрдэмийн ээж” Болороо хэмээн сүүлийн үед хойд Америкт төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт танигдаад байгаа Ж.Болормаатай шөнө дөл өнгөртөл хууч хөөрлөө. Эрдэм хүү олон төрлийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож буйгийн зэрэгцээ, 2021 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг сурагчийн шагнал хүртсэн юм.

Олон сувгаар ярилцлага нь гарсан тул, олон зүйлийг давхцуулж нуршихгүйгээр энэ бүсгүйн хөрөг зураглалыг гаргах гэж оролдов.

Хэн нэгэн хүн амжилт гарган амьдрахад ар талд нь заавал дэмжигч, туслагч, чиглүүлэгч нэгэн байдаг.

Эрдэм хүүгийн амжилтыг харах тусам ээж нь ямар хүн байдаг бол гэх бодол яах аргагүй төрнө.

Жамъянсүрэнгийн Болормаа жирийн Монгол айлд таван хүүхдийг отголон мэндэлжээ.

Дөрвөн настайгаасаа бага ангийн багш ээжийнхээ ангид очиж “суух” өдрүүд бишгүй олон гарч эхэлснээр оюуны мэлмий нь нээгдэж эхэлсэн түүхтэй.

Перестройкагийн үеэр Монголын хэдэн айлд хүүхдээ хүнээр харуулах боломж байлаа даа?

Болормаагийн ээж, А.Гантогтох бол Монгол Улсын Гавъяат багш бөгөөд, дөрвөн настай охиноо ангийнхаа хамгийн арын эгнээнд зураг зураад сууж бай гэж хэлсэн ч, угийн сэргэлэн, ухаантай охинд зураг зурах сонирхол тэр бүр байсангүй.

Тухайн жил бүх нэгдүгээр ангид хуучин Монгол бичиг зааж эхэлж таарсан нь Болормаа охиныг оюуны азын тэнгэр цаанаас нь ивээсэн гэлтэй.

Болормааг зураг зурахын оронд Монгол бичгээр чөлөөтэй уншиж, бичээд сурчихсаныг мэдсэн Гантогтох багш, охиноо ямар ч байсан сайн багшийн ангид нэгдүгээр ангиас нь өгөх хэрэгтэй гэдэг дээр бат тогтсон нь магадгүй охиныхоо ирээдүйд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт байсан байж мэдэх.

Монгол улсын гавъяат багш, А. Лхамсүрэнг хайж олоод, гэрээсээ хаа хол, хороололд байрлах 93-р сургуульд оруулсан нь гоц авъяастны сургууль байж таарчээ.

Арван жил, МУИС-д сурч байхдаа гаргасан Болормаагийн амжилт бүрийг дурьдвал хэдэн хуудас дүүрэх нь дамжиггүй.

Тэдгээрээс хамгийн онцгой санагдсанаа энд заавал оруулах нь зөв гэж бодлоо.

Монголын хамгийн анхны Англи хэл дээр уран илтгэгчдийн аварга бөгөөд өнөөг хүртэл Монголын мэтгэлцээний төвийн тэргүүнээр ажиллаж, үргэлжлүүлэн сурсан мэдсэнээ хойч үедээ үлдээхээр зорьж явна.

Англи улсад уран илтгэлийн тэмцээнд оролцож явах агшиндаа, зөв хүнээ хурдан олж, хорин тавхан секундын дотор Англи улсад суралцах тэтгэлэг олж чадсаныг сонсоод гайхах бахдах зэрэгцэв.

Ийнхүү МУИС болон Английн The London School of Economics and Political Science-ийг давхар Баклаврын зэрэгтэй төгсөөд зогсохгүй Монгол Улсын шилдэг 3 оюутны нэгээр шалгарч байжээ.

Японы элчин сайдын яамнаас зохион байгуулдаг япон хэлний тэмцээнд түрүүлж, Япон улсад суралцах явцдаа тухайн улсын хэл, соёлоос гадна“host mom” буюу амьдарч байсан айлын эзэгтэй, загвар зохион бүтээгч эмэгтэйгээс хүн яриагаар зогсохгүй үггүйгээр өөрийгөө илэрхийлж болдог юм байна, өмсөж байгаа хувцас, хэрэглэлээс эхлээд body language буюу биеийн хэлэмжийг хүн хоорондын харилцаанд ямар чухал үүрэгтэйг мэдэрч авсан байна.

Санхүүгийн ангийн хоёрдугаар курсын оюутан байхдаа Монголын Үндэсний Телевизийн Англи хэл дээрх мэдээг шууд уншдаг байжээ. Телевизийн мэдээг Англи хэлээр шууд унших нь байтугай, Монголоор бэлдээд унших амаргүйг мэргэжлийн хүмүүс андахгүй.

Улмаар тэргүүн хатагтай О. Цолмонгийн орчуулагч, шадар туслахаар ажиллаж, дэлхийн олон орноор төрийн айлчлалын багт орж явахдаа, өөрийнхөө ирээдүйг төсөөлж явсан нь өдгөө биеллээ олжээ.

Уулзсан хүмүүс, очсон газраасаа хэрэгтэй бүхнийг шингээн авч, өөрийнхөө амьдралд хэрэгжүүлнэ гэдэг хүн бүрт байдаггүй ховор чанар. Opportunity буюу боломжийг хармагцаа цаг алдалгүй барьж аваад, хаалгыг өөртөө нээж чадна гэдэг гоц ухаантай хүний шинж мөнөөсөө мөн.

Өөрийгөө уйгагүй хөгжүүлж, цаг наргүй хөдөлмөрлөсний үр дүнд дөнгөж хорин насны босго алхангуутаа АНУ-ын Миннесотагийн Их Сургуульд докторантурт суралцах гэж ирснээр, Америкт амжилтаа үргэлжүүлэн бүтээх амьдралын шинэ бүлгээ эхлүүлсэн ажээ.

Одоо Capital One банкинд өндөр албан тушаал бүхий бүтэн цагийн ажил хийхийн хажуугаар, Америкийн их сургуулиудад үргэлжлүүлэн хичээлээ зааж буй профессор юм.

Мөн Монголын шилдэг их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг сайжруулах төсөлд оролцон ажиллаж өглөөний 3 цагаас ажлын өдрөө эхлэх нь элбэг гэнэ.

Монгол хүүхдүүдийг дэлхийн тавцанд гаргаж, Монгол хүмүүсийг оюуны их хүчин чадалтайгаар нь дэлхийн хаана ч мэддэг болгох их мөрөөдлийг өвөртөлсөн энэ бүсгүй, The Merit гэдэг нэртэй компани байгуулж, 120 гаруй Монгол хүүхдүүдээс шигшин авсан 10-аад хүүхдүүдээ тусгайлан дасгалжуулж, мэтгэлцээний урлагаас эхлээд тэдний ирээдүйд хэрэгтэй төрөл бүрийн skill буюу чадварыг эзэмшүүлэхээр ажиллаж байгаа аж.

Багш хүний хувиар хэдэн сайхан шавьтай болох мөрөөдөл нь ч үүнтэй холбоотой гэнэ.

The Merit компаний шугамаар хамгийн сүүлд хэрэгжүүлж байгаа нэгэн ажил нь АНУ дахь Монгол хүүхдүүдийг Spelling Bee тэмцээнд бэлтгэх сургалт зохион байгуулж байгаа юм байна. Сонирхсон хүмүүс “Spelling Bee-Mongolian Community” Facebook group -т хандаарай.

Гадаад хэл болон бусад зүйлсийг суралцахад заавал авъяастай байх албагүй. Чирэгдсэн ч гэсэн уйгагүй зүтгэж, хичээхэд юуг ч, хэн ч сурна гэж ярив. Нээрээ л ингэж хэлснээ өөрийнхөө болон хүүгийнхээ амьдрал дээр хэрэгжүүлж яваа гайхалтай бүсгүй.

Болормаа жижиг онгоц барина, далбаат завь зална, буудлагын спортоор хичээллэнэ, морь унана.

Бидний ярилцлага дуусч, миний унтах цаг болсон байтал, харин Болормаа Cloud Architect болохоор суралцаж байгаа тул шалгалтандаа бэлтгэх хэрэгтэй гэсээр үлдэв. Сониуч зан маань хөдөлж, дараа нь юу сурах бодолтой байгаа вэ? гэхэд Machine Learning -аар суралцахаар төлөвлөсөн байгаа гэлээ.

Хүн ингэж л өөрийгөө хөгжүүлж, хурдацтай өөрчлөгдөж буй нийгэм, технологитой хөл нийлүүлэн алхдаг байх гэх бодол төрсөн юм.

Болормаа ч тэр, түүний хүү Эрдэм ч тэр, та бидэнтэй л адил энгийн хүмүүс. Чухам яагаад ийм их амжилтаар дүүрэн амьдарч байгаагийн нууц нь Болормаагийн давж сэтгэдэг чадвар, үргэлж өсөн дэвжих сэтгэлгээ, нөр их хөдөлмөрт л оршдог аж.

Өөрийнхөө, хүүгийнхээ, гэр бүлийнхээ төлөө бор зүрхээрээ зүтгэж яваа дайчин бүсгүйн дотоод ертөнцийг таних тусам хайрламаар сэтгэгдэл төрснөө нуухыг хүссэнгүй. Монгол эмэгтэйчүүд бид нэг нэгнээ дэмжиж явахгүй бол Өэлүн эхийн үр сад болсны хэрэг юун.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу