washingtonpost.com

Амьдрал
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020 оны 6-р сарын эхээр Тунляо хотын (хуучинаар Жирэм аймгийн төв) монгол сургуулиудын сургалтын хэлийг хятад болгон өөрчлөх “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх тушаал ирсэн тухай мэдээ тархав. Зургаа долоодугаар саруудад эдгээр нь ихэвчлэн дам яриа байсан бөгөөд тодорхой бодлого, зааварчилгаа нийтэд мэдэгдээгүй байсан боловч идэвхтэй хэлэлцүүлгийг өдөөсөн билээ. Энэ хугацаанд орон нутагт эсэргүүцэл гарах эсэхийг тандах зорилгоор төвөөс туршилт явуулсан байх гэж би үзэж байна. Наймдугаар сарын эхээр бага сургуулийн зарим удирдагч нарт “Монгол сургуулиудад холбогдох байдлын тухай статистикийн хүснэгт (бага сургууль + анх дунд)” (хятадаар 蒙古语授课学校有关情况统计表(小学+初中)) гэсэн гарчигтай файл ирсэн нь удалгүй олны дунд задарчээ. Үүнд голдуу "Хятад хэлээр заах чадвартай багшийн тоо", "Зохих хэмжээний сургалтад хамарсны дараа хятад хэлээр заах чадвартай багш нарын тоо" гэх мэт багш нарын хятад хэл дээр заах чадавхын талаар тоон мэдээлэл хүссэн агуулгатай асуултууд байсан нь үндсэндээ монгол боловсролын системийг хятад хэлээр заах тогтолцоонд шилжүүлэхэд ажлын хүчний дасан зохицох чадвар байгаа эсэхийг үзэж байсан тул даруй цуу яриа бодит байдал болж хувиран багагүй дуулиан дэгдсэн билээ.

Ердийн үед ирэх хичээлийн улирлын заах материалыг зохион байгуулах ажил 6-р сард эхэлдэг бөгөөд энэ жилийн яг энэ үед өөр хэлээр заах шаардлагатай болно гэсэн дам яриа Тунгляо хотын сургуулиудад гарсан тул орон нутгийн албан тушаалтнууд тайлбар тодруулга хүссэн боловч хариу хүлээж аваагүй ажээ. Хэд хэдэн багш нар хаяанд ирсэн энэхүү бодлогын тодорхой мэдээллийг албан ёсоор хүсэмжилсэн ч оролдлого нь амжилтгүй болжээ.

Наймдугаар сарын дунд хүртэл энэ асуудлын тухай хэд хэдэн албан бичгээс гадна хувь хүмүүсийн утасны ярианы бичлэг задарч (эдгээрийг нотлох баримт бий), мөн боловсролын салбарын удирдагч нар хүртэл байр сууриа олон нийтэд илэрхийлсэн нь томоохон хэлэлцүүлэгт хүргэж, эрх баригчдын эсрэг эсэргүүцэл гарч эхлэв. Түүнчлэн энэ бодлого хэрэгжсэн тохиолдолд багш нар ажил хаях болохоо мэдэгдсэн бөгөөд зарим захирлууд хүртэл албан тушаалаас татгалзахаа зарлаж, нутаг нутгийн нэр бүхий хүмүүс дургүйцлээ сошиал-аар дамжин илэрхийлэв. Наймдугаар сарын 23-ны өдөр монгол сошиал апп《Байна уу》-г тодорхой шалтгаангүйгээр хориглосон бөгөөд WeChat, DouYin дээрхи бичлэгүүд алга болж эхлэв (хятад хэлээр бичсэн бичлэгүүд нь монголоор бичсэнүүдээс илүү хурдан устсан бололтой). Наймдугаар сарын сүүлчээр энэхүү бодлого нь Өвөр Монголын ихэнх хэсэгт буюу аймаг бүрийг хамарч, 2020 оны 9-р сарын 1-нд хэрэгжих тухай албан ёсны мэдээ ирэв.

Олон нийтэд задарсан утасны бичлэгт яригдсан зүйлс дээр үндэслэн үзвэл энэ бодлого нь монгол сургуулиудыг ирэх жилүүдийн туршид зөвхөн хятадаар хичээллэх сургуулийн систем руу аажмаар шингээж, монгол хэл дээр орох хичээлүүдийг үе шатлалтайгаар устгах зорилготой болох нь тодорхой юм (2022 гэхэд бүх хичээл хятад хэл дээр орно). Хэдийгээр албан ёсны мэдэгдэлд хятад хэл рүү шилжих хичээлийн тоо нь хязгаартай, мөн монгол хэл дээр хичээл заах нь (хэсэгчлэн) үргэлжилнэ гэж тайлбарлаж байгаа боловч сургуулийн захирлуудын өгсөн мэдэгдэл болон бусад WeChat мессежүүд нь Өвөрмонгол дахь монгол үндэстний боловсролын тогтолцоог бүхэлд нь Хятаджуулахад чиглүүлж байгааг харуулж байна. Үүнээс гадна БНХАУ-ын үндэсний бодлого болон бодит хэрэгжүүлсэн ажилыг нийтэд нь авч үзвэл энэ байдал нь баттай нотлогдож байна.

2019 оны 7-р сарын 15-ны өдөр Ши Жиньпин Өвөр Монголд хоёр дахь удаагаа айлчилж (анхных нь 2014 онд), олон сургууль, их сургуулиудын үйл ажиллагаатай танилцсанаас Өвөр Монголын Их Сургуультай танилцсан нь нэн ялангуяа шуугиантай байсан билээ. Тэр үедээ энэхүү айлчлалыг мэдээж амжилттай болсон гэж үзэж байсан боловч энэ бодлогын хэрэгжилттэй холбоотой эсэхийг хүмүүс одоо асуугаад эхэлж байна.

2019 оны 12-р сарын 17-ны өдөр Цогбаяр, Пэн Сингян, Ли Сюйчуан, Жу Вэйчуан, Хоу Аймин гэсэн хүмүүсийн нэр дорхи нэгэн албан бичиг задран дэлгэгдсэн бөгөөд үүнд цөөхөн тоот угсаатанд хос хэлээр хичээллэх нөөцийг боловсруулахад 6 сая юаний төсөв гаргасныг үзүүлжээ. Тун удалгүй, 2020 оны хаврын улиралд Бээжингээс ирсэн сурвалжлагчид Тунляо хотын хэд хэдэн сургуульд зочилж, зарим монгол хүүхдүүдтэй харилцан ярилцаж чадахгүй байгаадаа алмайрч, түгшүүртэй байсан зэрэг санал бодлыг хуваалцсан билээ. Энэхүү айлчлал нь Бээжин дэх боловсролын байгууллагуудын дунд хэлэлцүүлэг өдөөхийн тулд зориудаар төлөвлөгдсан байсан бололтой. Нэрээ нууцалсан хэд хэдэн монгол профессор надад эдгээр сурвалжлагчид нь Бээжингийн дээд шатны байгууллагуудтай нягт холбоотой бөгөөд нэгэн нууцлагдсан тайланд эх орныхоо хүмүүстэй холбоо тогтоож чадахгүй байгаа нь ирээдүйд бослого гарах магадлалыг ихэсгэнэ гэж дүгнэлт гаргасан гэж хэлсэн юм. Энэ тайланг хэрхэн хүлээж авсныг би мэдэхгүй боловч 6-р сарын 1-нд Тунляо-д хэрэгжүүлэхээр зарласан энэхүү бодлогын хүрээ нь удалгүй (8-р сарын 17-ны өдөр) Өвөр Монголын бүх үндэстний сургуулиудыг хамрахаар өргөжсөнөөс таамаглахад бэрх биш юм.

Өвөр монголчууд (онцлон дурдахуйц – цөөнгүй хятад угсаат оршин суугчидын хамт) үүнд идэвхитэй хариу арга хэмжээ авч байгаа бөгөөд 9-р сарын 1-ний өдөр хот бүрт, хотын төв талбай бүрт эсэргүүцлийн жагсаал хийхийг, мөн монголчуудаа цэвэр монгол хэлээр ярих, монгол хэлийг үнэ төлбөргүй бие биедээ, мөн үр хүүхдээ энэ бодлогыг хэрэгжүүлсэн аль ч сургуульд явуулахаас татгалзах зэрэг арга хэмжээг уриалж байгаа юм. Мөн сүүлийн өдрүүдэд олон багш нар ажлаа хаясан бөгөөд үүнийг дагаад эсэргүүцэл огцом ихсэв. Харин 8-р сарын 27-ны өдөр ӨМӨЗО-ны Боловсролын товчоо олон нийтийн санал бодол, асуулт болон зөвлөгөөг эрэлхийлсэн онлайн болон цаасан хэлбэрээр холбогдох хаяр зарласан ч энэ асуудлаар хараахан ярилцлага, албан ёсны тайлбар өгөөгүй байгаа бөгөөд утасны дуудлагыг хүлээн авахгүй байгаа юм байна. Үүнийг олон хүмүүс олон нийтийн эсэргүүцлийг дарч нээлттэй хэлэлцүүллийг хаагдмал гарц руу маневрлах оролдлого гэж тайлбарлаж байгаа, мөн шинэ бодлогын чиг ханлагын тухай олон нийтийн байр суурь тодорхой бөгөөд нэгдмэл байгаа тул орон нутгийн засгийн газрууд угаас ойлгомжтой зүйл дээр нэмэлт тайлбар тавих шаардлагагүй гэж үзэж байгаа ажээ. Гэсэн хэдий ч үзэл бодлын талаархи хүсэлтийг өргөн хүрээнд хуваалцсан бөгөөд одоо болтол үүнээс ямар нэгэн дүгнэлт буюу хариу зарлагдаагүй байгаа ажээ. Наймдугаар сарын 28-ны өдөр Жарууд хошууны эцэг эхчүүд сургуулиудад хүчээр орж, хаалгыг нь эвдэж, хүүхдүүдээ сургуулиас нь авч гаргав. Мөн өдөр Хөххотод энэ бодлогын эсрэг гарын үсэг цуглуулж байсан хүмүүсээс өргөдлийг орон нутгийн цагдаа нар булааж авсан бөгөөд үүнтэй холбогдож хэд хэдэн хбаривчилгаа хийсэн гэсэн яриа байгаа юм. Дараахи өглөө (8-р сарын 29) цагдаа нар цар тахал өвчний улмаас их хэмжээний хүмүүс цугларах нь аюултай гэсэн мэдэгдэл хийхийн зэрэгцээ хотын бүх монгол сургуулийн урд автомашинтай үймээний цагдаагийн ангиуд байрлуулсан байна. "Нэгдсэн улс нь нэгдсэн соёлтой байх ёстой. Үндэстний сэтгэлзүйн өвөрмөц байдал нь үндэстний эв нэгдлийг бэхжүүлэх гол цавуу болох хэл, бичгийн нэгдсэн систем дээр суурилдаг." -- Энэ бол Хятадын бүх үзэл суртлын ухуулгын вэбсайтуудад гарч байгаа зарлал бөгөөд үүгээр энэхүү шинэ бодлогыг хамгаалж байна. Энэ зарлал дахь зарчим нь шинэлэг зүйл биш бөгөөд олон хятадууд үүнийг эртний хаан Чин Шихуаны (Хятадад гүрэн улсыг үндэслэгч гэж үздэг) “дэлхий ертөнцийг” нэг хэлээр нэгтгэнэ гэсэн ойлголттой холбож байна.

Цөөнгүй хуурамч эрдэмтэд Хятад улс нь АНУ-ын “хайлуулах тогоо” гэж алдаршсан олон соёлыг нэгэн зэрэг дэмжих үзэл санааг үлгэр дуурайл болгон ирээдүйг зорьж, өнгөрсний үндэстний мөргөлдөөнийг умартах хөтөлбөрийг дагаж байгаа талаар өгүүлэл гаргажээ. Ийм онолын нэгэн жишээг дурдбал “угсаатны нутаг дэвсгэр” гэсэн ойлголт нь улс орны тогтвортой байдалд зайлшгүй заналхийлдэг гэсэн санаа болно. Шинжаан, Түвд, Хонконгт болсон “урвагч” үйлдлүүдийг эдгээр нутгийнханы түүхэн харилцаа холбоосууд нь хятадаас хөндий байдгаас үүдэлтэй гэж олон хүмүүс дүгнэжээ. Ийм нийтлэлүүдэд голдуу үгийн сонголтыг нямбай хийж, ийм санааг олон үндэстний эрх тэгш байдлыг дэмжих, үндсэн хуулийг мөрдөх, улс үндэстэнийг нэгдсэн байр сууриас хөгжүүлэхийг уриалгаар зэрэг бусад улс төрийн хувьд онцлох зүйлгүй ойлголтоор дамжуулан тойруулсан аргаар илэрхийлдэг. Тухайлбал, эдийн засгийн солилцоог дэмжих, цөөхөн-тоот угсаатнуудын амьжиргааг дээшлүүлэх, социалист үзэл сурталыг баримтлах хэрэгтэй зэрэг зүйлсийг санал болгох нь бүгд бодит хэрэгжилт дээрээ үндэстэн гэдэг ойлголтыг газар нутгаас салгах зарчимтай байдаг. Иймэрхүү “нэгтгэх” бодлоготой байнга уялдаж байдаг бас нэг далд санаа нь Шиньжианы жишээг анхааруулга болгон, энэ нутагт болсонтой адил шашны “хэт даварсан” идэвхит байдал, үндэсний нутаг дэвсгэр дэх үймээн самуун зэрэг зүйлсээс зайлсхийхийг зорилго болгох зүйл мөн. Үндсэндээ эдгээр нийтлэл өгүүллүүд нь БНХАУ гэдэг зохиомол бөгөөд нэгдмэл үндэсний үзлийг дэмжихэд хэрэглэх улс төр, эдийн засаг, соёлын арга замуудыг тодорхойлоход чиглэдэг.

Энэхүү монгол сургуулийн хичээл орох хэлийг солих бодлогыг бусад төрийн бодлоготай нягт уялдаатай байгааг нотлох бас нэгэн үзэгдэл бол БНХАУ-ын улс даяар хятад хэл яриаг стандартжуулан “Улсын нэгдсэн аялгуу” (Путунгхуа)-г тараахад ашигласан арга барилд оршино. Энэхүү аялгуун дээр үндэслэсэн боловсролын тогтолцоог бүрдүүдэхэд намын батласан тусгай сурах бичгийг ашиглаж, өөр хоорондоо огт нэвтрэлцдэггүй хятад хэлний олон аялгууг хүүхэд багачуудынх нь боловсрол хүмүүжлээр дамжуулан аажмаар устгах замд гарсан байгаа билээ.

Би хувьдаа Хятад улс даяаар бусад угсаатан үндэстний бүс нутгийн бодлогын жишээгээр удалгүй ийм бодлого бас Өвөрмонголын монгол үндэсний сургуульд зайлшгүй тулгагдана гэж анхааруулж ирсэн. Мөн ийм зүйл тохиолдсон явдалд Шилийн Гол эсвэл Хөлөн Буйр зэрэг уламжлалаа хадгалсан газар нутагтай харьцуулвал хүн ам илүү төвлөршсөн бөгөөд Хятадаас илүү нөлөө авсан Тунгляо зэрэг газарт эхэлж хэрэгжинэ гэдэгт би олон жилийн турш итгэлтэй байсан. Үүний гол шалтгаан нь Хорчин (Тунгляо) нутгийн насанд хүрэгчдийн дунд хятад хэл бичиг сайтай хүмүүсийн тоо нь харьцангуй олон бөгөөд Шилийн Гол зэрэг газарт ахмад настны дийлэнхи хувь нь хятад хэл бичиггүй байдгаас эрс ялгаатай юм. Өнгөрсөнд мөн ийм хэлбэрээр буюу Хорчин нутгийн ард түмнийг Хятаджуулах бодлогын зуучлагчийн дүрд оруулж тэдний дунд хамгийн түрүүнд хятаджуулах бодлогыг хэрэгжүүлж байсан түүхэн баримт буй бөгөөд энэ удаа дахин бодлогын анхны ачааллыг энэ нутгийнханд үүрүүлч байна. Мөн анхандаа хүчтэй эсэргүүцэл байхгүй байсан нь дээд шатны байгууллагуудыг энэхүү бодлогыг цааш нь үргэлжлүүлэхэд түлхэц өгсөн байж болзошгүй юм.

Ихэнх Өвөрмонголчууд БНХАУ-ыг бусад үндэстэн ястнууд дээр ийм бодлого явуулдаг талаар бараг мэддэггүй боловч хэдэн жилийн өмнө (2017 оны зун) тэдэнд анхааруулга болох 'Баянголын Үйл Явдал” өрнөж, монгол угсаатны нэгэн голлон суурьшдаг нутаг дэвсгэр болсон Шинжаанын ӨЗО-ны тэрхүү аймагт боловсролын системийг Хятаджуулахыг шахан тулгаж, монгол хэлээр хичээл заахыг бүрмөсөн зогсоосон билээ.

БНХАУ-ын төрийн бол хүчийг асар их төвлөрүүлсөн байдгийг, мөн монголчуудын институци нь огтхон ч бие даасан байдалгүйг авч үзвэл цагдаагийн байгууллага нь орон нутгаас хараатай байх ямар ч боломжгүйг болох нь ойлгомжтой. Төвийн засгийн газрын өндөр албан тушаалтнуудын хийсэн айлчлалууд болон бусад үндэстэн ястнуудын нутагт ижил төстэй бодлого явуулж байгаа нь энэ хэрэгт ӨМӨЗО-ны засгийн газар нь оролцохгүй бөгөөд үүнээс сэргийлэх сонирхолгүй байгааг нотолж байна.

Уг бодлогыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд Өвөрмонголын монголчууд зөвхөн өдөр тутмын амьдралыг зохион байгуулсан механизмыг дагахад л хангалттай бөгөөд хэдийнээ аль ч зэрэг шатлал дахь албан хаагчидаас уг бодлогын хүрээнд хамтарч ажиллахад бэлэн монгол угсаатай этгээдүүд элбэг байгаа юм. Түүнчлэн тэд бүс нутгийн сургуулийн удирдагчид, эцэг эх, багшийн бүлгүүдэд айлган сүрдүүлэх ажиллагаа явуулж байгаа ажээ (WeChat бүлгүүдэд ийм сүрдүүлэх тактикийг хүлээж авсан хүмүүсийн хуваалцсан бичлэгүүд үлэмжхэн байгаа). Дээр дурдсан Цогбаяр гэх мэт монголчууд Бээжин дэх засгийн газраас даалгавар авч байгаа нь илэрхий. Өвөрмонголын ахмад настнуудын хувьд энэ бодлого бол, хэдийгээр нэрийн төдий болсон ч, тэдний үеийнхний амь насаараа хамгаалж ирсэн автономит эрхэнд хамрагдах зүйлсээс дахиад л нэгийг хасч, “өөртөө засах” байдлыг устгахад чиглэсэн гашуудалтай алхмуудын нэг нь л болж харагдаж байна. Өвөр Монголчуудын бодит байдлыг Өвөр Монголын нутаг дахь жирийн хятад оршин суугчид ихэвчилэн ойлгодоггүй бөгөөд үүнтэй үүлэж соёлын хэмжээнд үл ойлголцол гарах нь энгийн үзэгдэл. Гэтэл Бээжингийн эрх баригчдын дунд ч Өвөрмонголын тухай бодит цогц ойлголт байдаггүй бөгөөд тэд зөвхөн Өвөр монголчууд тодорхой бус аль нэгэн өнгөрсөн цагт ямар нэгэн байдлаар өөрсдийн соёлын өвөрмөц байдалтай болж, монгол боловсролыг өргөжүүлж чадсан гэдгийг мэдэхийн төдий л. Ийм бодлого хэрэгжүүлэхээр оролдож байгаа нь Бээжинд Өвөрмонголын амьдрал, хөгжлийн талаар бодитой ойлголтгүй байгааг харуулж байгаа ч орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнийг үгүйсгэсээр байна. Онлайн эсэргүүцлийн нэгэг голлох санаа нь мөн тоо томшгүй олон судалгааны тайлан болон албан мэдэгдэл дээр олон жилийн өмнөөс дурдагдсан монгол хэлний устах аюулд орчихсон байгаа бодит байдал билээ. Өнөөгийн залуу үеийнхэн бүгд монгол хэлний өндөр түвшний мэдлэгтэй болох боломжгүй гэдгээ мэддэг бөгөөд тэдэнд байнга хятад хэлээр ярих шаардлага тулгардаг. Тэр бүү хэл, баклавраас дээш эрдмийн зэргийн (монгол хэл, уран зохиол, түүхэн филологи гэх мэт монгол хэлээс салшгүй сэдвүүдээс бусад) бүх сургалтыг Өвөр Монголын их сургууль, коллежи бүрт хятад хэл дээр заадаг. Ахмад настад хичнээн хүүхдүүдээ зэмлэж монгол хэлээ мартаж байгааг нь шүүмжлэв ч хэлээ алдах энэ хандлагыг зогсоож хэлийг нь эргүүлж сэргээж чадахгүй байгаа нь андашгүй зүйл болоод удаж байгаа. Ингэж монголчуудын хэл соёл хятаджиж байгаа нь хотжилтоос бас нөлөө авдаг.

Үүнээс гадна сүүлийн үед БНХАУ-ын эрх баригчид бүр монгол хэлийг эзэмших хэрэгтэй гэсэн эрмэлзэлтэй болж байгаа бөгөөд саяхан олон улсын програм хангамж хөгжүүлэгчид 'Уламжлалт монгол бичиг' хэмээх бичгийн сонголтыг сэмээрхэн 'Хятад (хэл)' гэсэн гарчиг дор оруулсан байна. Мөн 2017 оноос эхэлж Өвөрмонголын хоёр хэлийн сонголттой бүтээгдсэн вэбсайтууд "Монгол хэл” гэсэн сонголтоо устгасаар байгаа. 2018 онд Өвөрмонголын их сургууль шинэчлэгдсэн монгол толь бичгийг гаргасан нь олон зуун хятад үгсийг шууд галиглан монгол хэлийн үгийн санд оруулсан нь олон нийтээс ширүүн шүүмжлэлийг дагуулсан билээ. Гэвч энэхүү толь бичгийг ихэнх хүмүүс нухацтай авч үзээгүй. Эрдэмтэн судлаачдыг хятадын эрх баригчдад бууж өгч монгол хэлийг хятадчилахдаа инээд хүргэмээр оролдлого хийснийг нь шоглож л байсан юм. Он жил дарааллан төгсөлтийн ёслолын үеэр хятад, монгол хоёр хэл дээр дарцаг уриагаа зэрэг хаддаг байсан бол энэ жил Өвөр Монголын бүх их, дээд сургуулиуд энэ уламжлалаа гэнэт халж, зөвхөн хятад хэл дээрхи үсэг тэмдгүүд өлгөсөн байна. Жил ирэх тусам доройтож байгаа хэлний асуудал нь улам бүр яригдах сэдэв болж байгаа ч үндэсний хэлийг нэг дор устгахыг зорьж буй цогц бодлого байхгүй. Хятад улсын бусад бүс нутгийн нэгэн адил энэ үйл явц нь дасан зохицохын нэг хэлбэр юм. Устгалын цогц бодлого үнэндээ байхгүй гэдгийг нотдох зүйлсээс юуны түрүүнд хятадын эрх баригчид монгол хэл, ялангуяа бидний өвөрмөц босоо бичгийг эзэмшихийг зорьж байгаа (үүнийг бас Монгол Улс дахь хувилбараас холдуулахыг хичээж байгаа). Үүний зэрэгцээ, жил ирэх тусам монголчууд өдөр тутмын амьдралд Хятад хэлээр ярих шахалт дарамт ихэсч байгаа хэдий ч интэрнэтийн хэрэглээг харахад хятадын эрх баригчид монголчуудын хоороноо харьцахад хэрэглэх хэлийг хянаж чиглүүлэх тодорхой арга хэмжээ авахгүй байгаа эсвэл адах чадваргүй байгааг ажиглаж болно. Гэвч монголчуудын голлон хэрэглэх сошиал-медиа платформ болох 'Байну' -г хориглох нь монголчуудын монгол хэлээр ярих, илэрхийлэх боломжийг эрс хязгаарласан (үүнийг монгол бичгийг хэсэгчлэн хориглосон гэж үзэж болно) боловч энэ нь эсрэгээрээ Өвөр монголчуудын хувьд WeChat дээр ашиглах хэлний сонголтыг мэдрэмтгий асуудал болгон хувиргаж, эцэстээ монголоор ярьж бичих үзэгдлийг нэмэгдүүлж байна. Үүнтэй төстэй олон талаар энэ бодлого нь монгол хэлийг дэмжих ухамсрыг цочир сэргээж, бий болгож байна. Би хувьдаа бол үүнээс өмнө хэзээ ч сошал дээр ийм олон цэвэр монголоор бичсэн бөгөөд ярьсан постуудыг нэгэн зэрэг харж байгаагүй. Энэ нь Өвөр монголчуудын ихэнх нь хэлний асуудал дээр огцом мэдрэмтгий болсны шууд үр дүн юм. Хэдийгээр ийм үр нөлөө ажиглагдаж байгаа ч зарим хүмүүс энэхүү бодлого нь монгол хэлийг бүрмөсөн хориглоогүй ч дамжин улируулах замналыг нь таслаж байгаа нь Өвөрмонгол дахь монгол хэлийг эсхатологийн төгсгөл рүү нь чиглүүлсэн томоохон алхам гэж үзэж байгаа.

БНХАУ-ын үндэстэн угсаатны дунд, нэн ялангуяа өөрсдийнх нь гэсэн нэртэй нутаг дэвсгэрт, үндэсний үзэл өргөн тархаж байгаа нь эргэлзээгүй бөгөөд үүнийг Өвөр Монголын харьцангуй мэдлэгтэй монгол залуус, ялангуяа дээд боловсрол эзэмшиж, гадаадад сурч байгаа хүмүүс илүү мэдэрч байгаа. Дээр дурдсан 2017 оны Баянголын Үйл Явдал олон өвөр монголчуудыг сэрээх томоохон сануулга байсан боловч зохион байгуулалт, удирдлагагүйгээр эсэргүүцэл нь удалгүй замхарсан билээ. Баянголын Үйл Явдлын дараа Өвөрмонголчуудын дунд ийм бодлогыг өөрсдийн оронд удалгүй ирнэ гэж урьдчилан таамаглаж байсан нь өнөөдөр биелэж байна. Хэдийгээр Ши Жиньпин айлчлал хийж, бас "... өөрийн соёлыг бусдынхаас давуу гэж, эсвэл бусад соёлыг орлож чадна гэж бодох нь тэнэг хэрэг" гэж хэлснээ сурталчилж, мөн “үндэсний соёлыг өөрийн чиг баримжаагаар удирддаг байх шаардлагатай” гэж тушаасан боловч эдгээр үгс нь одоогийн бодлоготой нийцэхгүй байгаагаар барахгүй өнөөдөр үндсэрхэг үзэл нь БНХАУ-ын өнцөг булан бүрт хүрч байна. (Сонирхолтой нь эдгээр үгсийг сошиалаар шинэ бодлого нь Ерөнхийлөгчийн зарлигийг зөрчиж байгааг нотлоход ашиглаж, түүнийг цуцлахын үндэс болгон хуваалцаж байна.) Наймдугаар сарын 22-нд Шилийн Гол аймгийн Боловсролын товчоо "Хятад хэлний үндэсний нэгдсэн заавар" -ын дагуу шинэ арга хэмжээг хэрэгжүүлэх тухай мэдэгдэл гаргажээ. Эдгээр арга хэмжээнд одоо байгаа монгол сурах бичгийг устгах, Хятад улсын үндэсний сурах бичгийг нэвтрүүлэх, аймгийн хүрээнд бага, дунд сургуульд хятад хэлээр заах багш нарыг сургах гэсэн зүйлс багтаж байна. Тухайн өдөр Өвөр Монголын өнцөг булан бүр дэх боловсролын байгууллагуудаас мөн ижил мэдэгдэл гаргасан бөгөөд эдгээр мэдэгдлүүд нь бүгд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Боловсролын Яамнаас боловсруулсан заавар байсан аж. Энэхүү хаяг нь Автономит засаг захиргаа өөрсдийн эрх мэдлийн хүрээнд өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн дээрээс дарамтгүйгээр ажиллаж байгаа мэт дүрийг үзүүлж байгаа ч өнгөрсөнд хэрэгжүүлсэн Шиньжян, Түвд дэх ижил төстэй бодлогууд, мөн өнөөгийн энэ бодлогыг ӨМӨЗО-оос гадна (Сычуань, Гансу, Хөхнуур [Цинхай], Жилин, Ляонин гэх мэт мужийн монгол угсаатны сум тойргуудад) нэгэн зэрэг зарлаж байгаа нь энэ бол хэрхэвч орон нутгаас санаачлан явуулж буй зүйл байх боломжгүйг батлаж байна.

Сүвээдэй мэдээлэв.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу