Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

“Mr Roger’s neighborhood” хүүхдийн цуврал нэвтрүүлэгт  “Цагдаа Клемон” гэж алдартай дүр бий. Нэвтрүүлгийн нэгэн дугаарт Мистер Рожер Цагдаа Клемоныг дуудан хамтдаа хүйтэн усанд хөлөө дүрж, сэрүүцэн, суугаа дүр зургийг хүмүүс одоо хэр нь дурсан ярьдаг. Өнөөгийн бидэнд жирийн мэт санагдах боловч тухайн үед 1950-1970 оны үед Африкийн Америк гаралтай хүн цагдаа байх, телевизэд ажиллана гэдэг тун ховор бөгөөд, түүгээр ч барахгүй цагаан арьст хүмүүстэй хамт усан санд сэлэхийг хүртэл хориглодог, цээрлэдэг, тийм цаг үе байжээ. 

Нэвтрүүлгийн продюсер Фрэд Рожер нэвтрүүлэгтээ “Цагдаа Клемон” гэж дүрийг бий болгон, зориуд Африкийн Америк гаралтай хүнийг сонгон тоглуулж, арьс өнгө, шашин шүтлэг, гарал үүслээр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг дуу хоолой болж, нэг ижил нийгэмд, хамтдаа эрх тэгш, сайн сайхан амьдрах учиртай тухайд тун энгийнээр, олон тайлбаргүйгээр,  бяцхан үзэгчиддээ зааж сургаж, үлгэрлэж байсан нь бахархмаар. Өнөөдөр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг бас нэгэн давалгааг өөрийнхөө амиар эхлүүлээд одсон Жорж Флойдод тохиолдсон харамсал дүүрэн өдрүүд үргэлжилж, дэлхийн олон улс оронд  жагсаал цуглаан өрнөсөөр байна. Олон үндэстэн ястны өлгий нутаг Америкт өсч хүмүүжиж байгаа хүүхдүүддээ эцэг эхчүүд бид мөн ялгаагүй нас насанд нь тохируулан эл асуудлаар ярилцаж, зөв ойлголт, үзэл төлөвшлийг түгээх ёстойг өнөөгийн цаг үе сануулж байх шиг. АНУ дахь монгол ээж нарын группийн гишүүд энэ тухайд санал бодлоо хуваалцаж, хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах, хэрхэн нөлөөлөх, болоод өнөөгийн нийгэмд өрнөж байгаа нөхцөл байдлын тухайд ярилцлаа. /Ээж нарын Facebook нэрийг дурдсан болно/

  • Чикаго, Иллиной, Khandaa Btj:  Манай энд жагсаал цуглаан их болж байна. Гэр бүлийнхээ хүрээнд хэрэг болгож цаг гарган, хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй байх гэж бодож байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах (racism) асуудлын талаар ямар бодолтой байдаг, өөрийн биеэр мэдэрч байсан эсэхийг нь олж мэдээд, хэрвээ гадуурхагдвал ямар хариу үйлдэл үзүүлэх, бусдыг гадуурхахгүй байх талаар жишээ авч тайлбарлах хэрэгтэй гэж боддог. Энэ талаар хүүхэдтэйгээ ярилцаж, зөв мэдлэг мэдээллийг өгөх нь чухал. Төрөл бүрийн зураг харуулаад ялгаварлан гадуурхах үйлдэл мөн биш тухайд ярилцах нь үр дүнтэй санагдсан.
  • Чикаго, Иллиной,  Tegsheenee Smile: Энэ талаар бид АНУ-д ирэхээсээ өмнө хүүхдүүддээ тайлбарлаж, ярьж ойлгуулсан. Гол ойлгуулах зүйл нь тухайн хүний оронд өөрийгөө үргэлж тавьж байгаарай гэж хэлдэг. Хэрэв ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхагдвал яах вэ гэж бас ярилцдаг. Тэр үед хүн бүр адилгүй, өөр өөр зан ааштай, нэг хүний үйлдлээр бусдыг дүгнэж болохгүй гэдгийг давхар ойлгуулахыг хичээдэг.
  • Бэй Ариа, Калифорни, Булгаа Булгаа : Монголын мэдээллийн сайтууд дээр худлаа мэдээлэл зөндөө оржээ. Дандаа буу шийдэм барьсан хүмүүс, эвдэрсэн байшин гэх мэт, гэтэл тэр асуудал хагархай шилнээс цааш гүн гэдгийг ихэнх хүмүүс ойлгохгүй байх шиг байна. Монголд байгаа гэрийнхэн маань их санаа зовсон байсан. Эдгээр хүмүүсийг гадуурхаж байгаа бол бусад хүмүүсийг ч гадуурхахгүй гэх баталгаа байхгүй. Хүүхдүүддээ маш сайн ойлгуулж, багаас нь хүн л бол хүн, хэн ч ялгаварлан гадуурхагдах ёсгүй гэдгийг зааж сургах ёстой болов уу
  • Нью-Жерси, Zula Gankhuyag: Миний бодлоор арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдал  Мартин Лүтрин Кинг-ний тэмцлээс хойш эрс багассан ч одоогийн ерөнхийлөгчийг эрх барьснаас хойш, илт ширүүссэн гэж харж байгаа. Одоогоор Нью-Жерсийн том хотуудад тайван жагсаал үргэлжилж байна. Өнгөрсөн Ням гаригт Трентон, Атлантик хотод эмх замбараагүй байдал үүсч, оройн 19 цагаас хойш гэрээсээ гарахыг хориглосон. 11 настай охин маань Жорж Флойд болон африкийн америк хүмүүст тохиолдож буй зүйлс шударга бус байна гэж хэлж байсан. Хүүхдүүд их ухаантай тэд бас ойлгож, сэтгэл нь шаналж байгаа. Энэ мэт асуудлыг ойшоолгүй өнгөрөөж болохгүй гэдгийг багаас нь ойлгуулах хэрэгтэй.
  • Жиоржа, Meg Byamba: Бидний амьдардаг муж хамгийн сүүлд боолын нийгмээс салсан болоод ч тэр үү арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тал дээр их асуудалтай, хүнд сэдэв юм шиг санагдсан. Цагаачид цөөн учраас иймэрхүү асуудалд эцэг эхийн зүгээс сайн анзаарч байхыг боддог. Сургуулийн орчинд хүртэл хүүхдүүдийг ялгаварлах үзэл их байдаг. Коронавирус гарснаас хойш, бидэнд илүү их мэдрэгдсэн. Манай нөхрийг “Коронавирус” гэж дуудаж, бас биднийг хүнсээ бичүүлэхээр дэлгүүрт дугаарлан зогсож байхад та нарт үйлчлэхгүй гэж хэлж байсан удаа бий. Өөр хотод нүүж амьдрах тухай бид бодож байгаа. Өмнө нь Флорида, Виржини, Мэрилэнд зэрэг мужуудад амьдарч байсан ч энэ мужид хамгийн их гадуурхал мэдэрч байгаа.
  • Охайо, Колумбус, Jeemaa Kauffman:  “The Social Animal” David Brooks, “Mistakes were made” Karol Tavris энэ хоёр номыг сэтгэл зүйч уншаарай гэж санал болгосон.
  • Ньюман, Жиоржа, Naraa Altan: Хүүхдүүдээ  өнгө мэддэг болсон цагаас нь эхлээд хүмүүсийг өнгө, дүрсээр хэлж болохгүй гэдгийг сайн ярилцаж, ойлгуулахыг хичээдэг. Өөрсдөө ч хажууд нь огт тэгж ярьдаггүй.
  • Калифорни, Eegii Ulzii: Би хүүхдийнхээ хажууд хүмүүсийг хар, шар, ази эсвэл азиуд тийм, шарууд тийм, харууд тийм гэж огт ярьдаггүй. Арьсны өнгөөр ярьдаггүй, тэр улаан цамцтай хүн гэх мэтээр ярьдаг. Анх би хүүгээсээ анзаарч байсан, хүүхдүүдэд арьсны өнгөний ялгаа байдаггүй юм байна лээ. Томчууд бид хажууд нь ярьсаар байгаад суулгадаг санагдсан. Хүүхдээ бүх хүнийг ижил тэгш арьс өнгө, шашин, бэлгийн чиг хандлага харалгүйгээр, хувь зан чанарыг нь харж хүнийг дүгнэдэг хүн болгоно гэж боддог. Хүүхдүүд байнга сонсож байдаг, хажууд нь юу ярьж байгаагаа байнга анзаарч байх хэрэгтэй санагдсан.Томроод ирэхлээр нь арьсны үзэл үзүүлж байгаа хүмүүстэй яаж харьцах, яаж хүлээж авахыг нь судалж, уншиж байгаад зааж өгнө дөө. Хүүгээ бас цөөнх /minority/ сэтгэхүйтэй болгож өсгөхийг хүсдэггүй.
  • Сиатл Вашингтон, Oyu T Tso: Сиатл хот орчимд эхний өдрүүдэд нэлээн ширүүн, дээрэм тонуултай эхэлсэн бослого, одооноос гайгүй намжиж, тайван байдалтай үргэлжилж байгаа. Хотын дарга, Цагдаагийн дарга өөрийн биеэр босогчидтой уулзсан. Хүүхдүүдийн сургуулиас багш нар болж байгаа үйл явдалтай холбоотой, арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай ярилцсан байна лээ. Миний зүгээс болсон үйл явдлыг хүүхдүүддээ ямар ч нэмэлт хачиргүй тайлбарлаж өгсөн. Охидууд маань маш сайн сонсож, яагаад хүмүүс тэмцэж байгааг ойлгосон байна лээ.
  • Калифорни, Лос-Анжелес, Oka Mandakh: Манай энд тэмцэл ширүүхэн хэвээрээ байгаа. Энэ их хохирол хүний амь нас эрсдэн байж, хийж буй тэмцэл үр дүнгээ өгөөсэй. Ялгаварлан гадуурхал үгүй болохгүй юмаа гэхэд багасаасай гэж найдаж байна. Мексик хүмүүсийг халтарууд гэж манай Монголчууд яриад сурчихсан нь үнэхээр харамсалтай. Үүнийг сонсож өсч байгаа хүүхдүүддээ бид юу зааж байгаа нь ойлгомжтой. Хүүхдүүддээ бид өөрсдөө үлгэрлэж байж л тэд маань суралцана.
  • Сиатл, Вашингтон Dolgorsuren BT: Яг тийм. Тэгж бусад хүмүүсийг ангилж цагаанууд, харууд, мексикүүд ийм тийм гэж ярьдаг хүмүүс хүүхдүүддээ арьсны үзлийг шууд зааж байгаатай адил санагддаг.
  • Индиана, Oldzvoi Oldoh: Би Твитер дээр өөрийнхөө хэмжээнд тэмцдэг. Үнэндээ Азиудыг янз бүрээр хэлж байхад тоодог, биднийг хамгаалдаг хүн ховор байдаг. Бид л тоохгүйг хичээдэг болохоос, бид бас энэ асуудалд их өртдөг. Мэдээж сайн хүмүүс байгаа гэхдээ сайн хүмүүс нь биднийг хамгаалж жагсаал цуглаан хийхгүй нь ойлгомжтой. Бидний хүүхдүүд ялгаварлан гадуурхалтай нүүр тулахгүй гэх баталгаа байхгүй. Хүүхдүүд янз бүрээр хэлж гомдооно. Тэр болгонд би хүүгээ аварч чадахгүй. Гэхдээ сэтгэл санаагаар нь бэлдэж, хүмүүсийн юу гэх хамаагүй. Бусдын овилгогүй занг бид өөрчилж чадахгүй. Боловсролтой, ажилдаа гарамгай байхад хүмүүс чамайг хүндлэх болно гэдгийг ойлгуулахыг хичээдэг.
  • Дэнвер Колорадо, Altantulkhuur Luvsandondov: Хүүтэйгээ их ярилцаж байгаа. Хуучин байранд байхдаа африкийн америк хүүхдүүдтэй их тоглодог байсан. Ангид нь ч тийм хүүхдүүд бий. Өөрөө ч бас цагаан арьст хүүхдүүдэд гадуурхагдаж байсан болохоор ямар байдгийг сэтгэлээрээ мэдэрдэг. Хүүхдэд зөв хэлээд өгвөл биднээс илүү ухаантай. Бид өөрсдөө эхлээд мэдээллээ сайн авах хэрэгтэй. Би Shaka Senghor гэж хүнээс маш их суралцдаг. Бас Опрагийн нэвтрүүлгийг үзээд ойлголт орвонгоороо өөрчлөгдөж байсан. Ээж аав бид нар л сайн үлгэр дуурайлал байх хэрэгтэй.

Хэн нь хэнийгээ ялгаварлан гадуурхаж байна вэ гэхээс илүү, өнөөгийн нийгэмд хэн ч арьс өнгө, яс үндэс, хүйсийн ялгаа, үзэл бодлоосоо болж гадуурхагдах, эрх дутуу амьдрах ёсгүй гэдгийг хүүхдүүддээ ойлгуулж, мэдүүлэх нь чухал болохыг ээж нар ярьж байна. Эмзэг сэдэв байсаар ирсэн энэ асуудалд бид нухацтай хандаж, хойч ирээдүй болсон үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайллыг үзүүлж, ярьж хэлж байгаадаа болгоомжтой хандахын чухлыг мөн энэ талаарх боловсрол мэдлэгээ сайжруулж, үр хүүхдүүддээ сайн сайхнаар нөлөөлөх ёстойг манай ээжүүд онцоллоо. Өөрөөрөө үлгэрлэхийн тухайд тод томруун жишээ болж, нэг ижил нийгэмд эрх дутуу өсч байгаа хүүхдүүдэд урам зориг, хайрыг харамгүйгээр түгээж, бодит өөрчлөлтийг авчирч байсан “Mr Roger’s neighborhood” нэвтрүүлгийн санаачлагч, продюсор Фрэд Рожерийн хэлсэн үгийг төгсгөлд нь сануулья.

Fred Roger: Anyone who does anything to help a child is a hero to me

 

 

 

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу