МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Миний аав найман настайдаа анхны шинэ жил тэмдэглэсэн тухай хөөрхөн дурсамж ярьдгийн, сонсох болгондоо л бөөн инээд хөөр болно. Ёолох үзнэ гээд сумын төвийн клубт очжээ аав минь, тоггүй зааланд битүү лаа асааж, гацуур модоо өнгө өнгийн амьтны хайчилбараар чимсэн, урд харж үзэж байгаагүй их л ер бусын байж гэнэ. Хүмүүс хэсэг дуулж бүжиглэсний дараа өвлийн өвөө ойн олон амьтадтай зочлон ирэв.

Дээлэн дээр хөвөн нааж өмссөн хөвсгөр цагаан өвгөн орж ирээд олон хүмүүс дундуур явахдаа дээлийн хөвөн лаанд шүргэж хормын дотор л цагаан өвгөн, гал улаан өвгөн болж гэнэ. Хүмүүс сандралдан өвгөнийг дагуулан гарч гүйн цасанд дарж унагаан гал унтраах арга хэмжээ авчээ. Ингээд хиншүү хярвас үнэртсэн халтар саарал өвгөн инээд алдсаар буцаж орж ирсэн тухай аав минь сонирхуулан ярьдгийн.

Төв аймгийн Баян-Өнжүүл сум тэртээх 50-иад оны үйл явдал гээд бодохоор их хол санагдаж байна. Тэр үед ч хүмүүс шинэ оноо баяр хөөр болон угтаж, хөдөө сум, малчны хотонд хүртэл өвлийн өвөө айлчлан ирж баяр хөөр түгээдэг байсан нь сайхан шүү.

Та нартаа шинэ жилийн мэнд дэвшүүлье!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу