Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ням гаригийн энэ өглөө Америкт “Ээж нарын баяр” тохиож байна. Хүн бүр ачит ээжээ дурсан талархлын захидал, сэтгэлийн үг, цэцэг, бэлгээ илгээдэг энэ өдөр АНУ-д ажиллаж амьдарч байгаа монгол ээжүүддээ баярын мэнд хүргэе. Харь улс оронд суугаа ээж нарын хувьд үр хүүхэддээ эх хэл, өв соёлоо өвлүүлэн үлдээх өндөр хариуцлагыг үүрч, цаг зав, сэтгэл зүрхээ зориулан байдаг онцлогтой. Гадаад орчинд өсч буй хүүхэд эх хэлээ төгс сайн эзэмшинэ гэдэг эцэг эхийн хөдөлмөр зүтгэл, тууштай байдал, хичээл зүгтэлтэй шууд холбоотой. “АНУ дахь монгол ээж нарын групп”-ын ээжүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн ажиллаж, эх хэлээ зааж байгаа тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. 

Америкт өсч байгаа хүүхдүүдийн хувьд сургууль дээр олон цагийг өнгөрүүлдэг. Өглөөний 8:00 цагаас үдшийн 16:00 цаг хүртэл хичээллэнэ. Үргэлжлүүлээд дугуйлан, клубт хамрагдана. Өдрийн ихэнх цагийг ээж аав, гэр бүлээсээ хол тусдаа өнгөрүүлдэг. Эцэг, эхчүүд мөн амьдралын эрхээр цаг наргүй ажиллах нь ч бий. Завгүй амьдрал дунд хүүхэд нэг л мэдэхнээ өсвөр насанд хүрч, тэр хэрээр амьдралын олон нарийн асуудлыг хамтдаа ярилцаж, тайлбарлаж, харилцах, нөлөөлөх хэрэгцээ урган гардаг. Тэр цагт монгол хэлгүй, гадаад хүнтэй ярилцаад сууна гэдэг төсөөлөхөд ч бэрх. Хүүхдээ бага балчир дээр нь амжиж монгол хэл заах тухай ээж нар онцлон ярьж байна. Эмээ өвөө нарын үүрэг ч маш их байдгийг тэд бас дурдсан. Цар тахлын улмаас хичээл сургууль хаагдаж, америк нөлөөлөл харьцангуй багасч, хүүхдүүд гэр бүлтэйгээ илүү ойр байх энэ боломж завшааныг ашиглаад монгол ээж нар хүүхдүүддээ эх хэлээ түлхүү зааж байгаагаа бидэнтэй ийнхүү хуваалцлаа. Тэдний хичээл зүтгэл нэг нэгэндээ дэм, тус болно гэдэгт эргэлзэхгүй байна.

  • Флорида, Ж. Нарантунгалаг: Хөл хориноос болоод өдөржин гэрт байгаа болохоор монгол хэлээ түлхүү үзэж байгаа. Том охин таван настай, багаас нь ажиллаж эхэлсэн. Сурах маш их хүсэл тэмүүлэлтэй. Өөрөө дуртай байвал юу ч байсан хийлгэх дуртай. Англиар уншиж сурсан, одоо монголоор уншиж сурч байна, химийн элементүүд цээжилж байгаа, сүүлийн үед нэмээд улс орнуудын далбаа цээжилж байгаа. Энэ бүхнийг тоглоомын аргаар заадаг.
  • Калифорни, В. Одонтунгалаг: Хөл хорио тогтоосон энэ үеийг ашиглаад 13 настай том хүү маань уйгаржин монголоор уншиж сурлаа. Дунд хүү маань кириллээр уншиж сурлаа. Бүгд гэртээ байгаа тул Монголоор ярих нь ихэсч, үгийн баялаг нь маш ихээр нэмэгдэж байна.
  • Калифорни муж, Б. Алтан: Эмээ нь ирээд сарын дотор уншиж сургасан.  Цаг завтай энэ үеийг ашиглаад монголоор уншуулж, бичүүлэх дадлага маш их хийлгэж байна. Хүүхдүүд маань англиар үг хэлэх тоолонд монголоор засч хэлээд дор бүр нь заагаад явахыг хичээдэг.  
  • Техас, Н. Номин: Монгол хэлний онлайн сургалтад хамруулж байгаа. Гэртээ монголоор ярихыг хичээдэг, гэвч зарим зүйлийг ойлгохгүй бол англиар тайлбарлахаас өөр аргагүй байдаг. Тухайлбал хичээлийг нь заахын тулд англиар ярихаас өөр аргагүй болдог. Манай бага хоёр настай. Дөнгөж ярьж эхэлж байгаа. Монголоор ойлгож байгаа хэр нь өөдөөс англиар хариулна. Бууж өгөхгүйг хичээж байна. Зарим найз нөхдөө харж байхад хүүхдээ зуны амралтаар байнга Монгол явуулдаг. Монгол зан заншил, хэл соёлоо мартахгүй их нэмэртэй санагддаг. Гэвч миний хувьд хүүхдээ өгч явуулна гэдэг амаргүй асуудал. Том хүү маань монгол хүн гэдгээрээ маш их бахархдаг. Гэвч том болох тусам хэл яриа нь муудаж байгаа нь сэтгэл зовоодог. Тиймээс аль болох бага дээр нь сайн ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгоод хичээж байгаа.
  • Калифорни, С. Ганцэцэг: Орой болгон хэдэн минут ч байсан хамаагүй, бас ойлгосон ойлгоогүй заавал монгол хэл дээр ном уншиж өгч байгаа. 3-4 настайд нь монгол үсэг зааж эхэлнэ гэж төлөвлөж байна. Хүүхдийн дуу заах нь бас үр дүнтэй, хэл зүгшрэх дасгал болдог.
  • Виржения, Ч. Заяа: Хүүхэд, хүүхдээсээ шалтгаалдаг байх. Манай охин гурван настайгаасаа америк цэцэрлэгт явж эхэлсэн удахгүй долоон нас хүрнэ. Монголоор сайн ярьдаг, үсэгнүүдээ өөрөө бие дааж сурсан. Монгол хэлээ сурах маш их сонирхолтой, дүүгээ хүртэл “Монголоор ярихгүй америк хүн болмоор байна уу” гээд зэмлэдэг. Би тэр болгон цаг гаргаад заагаад байж чаддаггүй, гэхдээ асуусан асуулт болгонд нь төвөгшөөхгүй хариулдаг, их сониуч болохоор бараг бүх үгийг Монголоор асууна, Монголын талаар ч их асууна. Харин гэртээ байгаа энэ хугацаандаа уншуулж сургах гээд хичээж байна. Монголоос цагаан толгой захиж авчруулсан. Уг нь апп, видео контэнт-үүд их үр дүнтэй байдаг ч, тэр болгоныг үзүүлж, ашиглуулаад байх цаг зав тэр болгон гардаггүй.
  • Вашингтон, Ц.Оюунбаяр: Монгол үсэг, үгтэй карт, цагаан толгойн үсэгтэй зурагт хуудас ханандаа наагаад, Марчаахай хүүхэлдэйн цуврал үзүүлдэг байсан. Таван настай цэцэрлэгийн охин маань бараг өөрөө уншаад сурсан. Уншиж сурангуут нь маш энгийн хэллэгтэй монгол амархан номнууд уншуулаад маш их сайжирсан. Монгол хэлээ сайн сурах ёстой гээд хүүхдүүдтэйгээ ярилцаж ойлгуулах нь чухал санагдсан. Том охин долоон настайдаа мөн л картаар уншиж сурсан. Том охиндоо маш их цаг зав зарцуулдаг байсан. Өдөр бүр монгол номноос математик, монгол хэлний хичээл хийлгэнэ. Цүндээлэй гэх мэт охидын комик ном, энгийн хэллэгтэй, ойлгоход хялбар, хүүхдэд сонирхолтой байдаг.
  • Юта, Н.Батцэцэг: Гэртээ Монголоор ярина гээд хатуу дүрэм гаргачихаад зүтгүүлээд байгаа. Том маань есөн настай. Монголоор уншиж сурах хүстэлтэй байгаа. 35 үсгээ дөнгөж зааж эхэлж байна. Өөр хэлээр ярьж, бичдэг болсон хүүхэд монголоор уншиж, бичиж сурахад хурдан байх болов уу гэж найдаж байгаа.
  • Иллиной, Ж.Аврика: Өвөө нь хардаг болохоор маш их нөлөөлж байгаа. Саяхан зургаан нас хүрсэн. Зарим монгол үгийг надаас илүү мэддэг болсон байна лээ. Хүүгээ хоёр нас хүртэл нь дан Монголоор яриад, зурагт өдөрт 30минутаас илүү үзүүлдэггүй байсан. Тийм байхад хоёр нас хоёр сартайдаа цэцэрлэгт ороод шууд англиар ярьж эхэлсэн. Саяхан эмээ өвөө нь ирснээс хойш монгол хэл нь маш сайн сэргэж байгаа.
  • Вашингтон Ц. Мөнхдэлгэр: Ori. mn буюу Монгол ТВ-ийн “Тог Тог”, “Маамуу”зэрэг нэвтрүүлгийг манай хүүхдүүд үзэх дуртай. Тааруухан, болхи нэвтрүүлэг хүүхдүүд үзэх дургүй байдаг.
  • Иллиной, Э.Гартаам: Охиндоо монгол үсэг, унших, бичихийг өөрөө зааж өгсөн. Эхлээд хүүхдийн ном уншуулж байгаад жилийн дараагаас бичихийг зааж эхэлсэн. Зөв бичгийн дүрэм заах тал дээр бага зэрэг хүндрэлтэй байсныг хуулан бичлэг хийлгэх замаар шийдсэн. Хоёр хэлээр хэвлэсэн хүүхдийн ном маш их хэрэг болдог.  Өдөр бүр хуулан бичлэг хийлгүүлж байгаа. Монгол болон англиар бичээд байхаар хүүхэд аяндаа уншиж, бичсээр байгаад үг үсэг, зөв бичих дүрмээ нүдлээд ирнэ. Үгийн баялаг ч нэмэгдэнэ. Англиас Монгол руу, Монголоос Англи руу яаж зөв найруулагатай ярьж илэрхийлэхийг мөн давхар суралцдаг. Энэ аргаа хэрэглээд цаашдаа нас насанд нь тохируулаад, хүндрүүлээд явах бодолтой байна. Бага хүүхэдтэйгээ зөвхөн монголоор ярих, монгол нэвтрүүлэг үзүүлэх байдлаар ажиллаж байгаа.

“Эх хэл” гэдэг ээж хүнтэй салшгүй холбоотой учир ингэж нэрлэсэн ч байж мэднэ. Англи хэлэнд хүртэл “Mother language” гэж нэрийдсэн байдаг. Хэвлийдээ тээх, асарч сувилахаас эхлээд ээж хүн, үр хүүхэддээ илүү ойр байж, харилцаж байдаг учраас эх хэл яах аргагүй ээж хүнээс  эхлэлтэй. Хүүхэд 10 нас хүртэлх хугацаанд төрөлх хэл бүрэлдэн тогтдог гэсэн судалгаа байдаг. Хүүхдээ аль болох багаас нь эхлэх, уйгагүй хичээх юм бол үр дүн гарч болдгийг АНУ дахь монгол ээж нарын хичээл зүтгэл харуулж байна. Өөрийн туршлага, үр дүнгээ хуваалцсан ээжүүддээ баярлалаа. “Манайхан” сайт тун удахгүй Индианагийн Их Сургуулийн Монгол хэлний багш Л.Цэрэнчунттай монгол хэл заах арга зүй, хос хэл эзэмших зэрэг асуудлаар ярилцах тул  мэргэжлийн хүний зөвлөгөөг сонирхон уншаарай.     

                                     

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу