Б.Цогтбаатар/Mental Health Therapist

Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Бид их сонирхолтой цаг үед амьдарч байна. Цар тахлын халдвар, хөл хорио, түүнээс үүсэх санхүүгийн хямрал гэх мэт сэтгэл түгшээсэн олон асуудал хүмүүсийн өдөр тутмын амьдралд нүүрлээд байна. American Psychiatric Association-ээс явуулсан санал асуулгад оролцсон нийт иргэдийн 36%  цар тахал тэдний сэтгэцэд ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн гэж хариулсан бол 31% нь нойрны дутагдалд орсон гэсэн байна. “Манайхан” вэбсайт сэтгэцийн эрүүл мэндийн сэдвийг хөндөж ярилцахаар Оклахoма мужийн Тулcа хотод ажиллаж, амьдардаг сэтгэл зүйч, терапист Б.Цогтбаатартай /Mental Health Therapist/ ярилцлаа.

Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Ойрд таны ажил хэр явагдаж байна?

Өдрийн мэнд, Ковид-19 нөхцөл байдалтай холбоотойгоор teletherapy буюу үйлчлүүлэгчтэйгээ 100 хувь онлайн харилцаж, үйлчилгээ үзүүлэх шинэ зарчмын дагуу ажиллаж байна. Гадагш алдагдахгүй, хамгаалагдсан тусгай програм ашигладаг. Шинэ нөхцөл байдалд үйлчлүүлэгч ч тэр аль аль нь дасан зохицоод, ажил одоогоор хэвийн үргэлжилж байгаа.

Гэрийн хорионд байгаа бага насны хүүхдийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хамгаалахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүд гэхээсээ илүү өөрсдийгөө нэгдүгээрт тавьж, анхаарах хэрэгтэй гэж хэлмээр санагддаг. Нуур нь амгалан бол нугас нь амгалан гэж Монголчууд бид ярьдаг. Хүүхэд тайван амгалан орчинд өсөж торниж байхад л хангалттай. Эцэг эхчүүд бидний сэтгэл санааны байдал хүүхдэд шууд нөлөөлж байдаг. Бид уур уцаартай, стресстэй, ямар нэгэн асуудалтай, үргэлж сэтгэл шаналсан байдалтай байгааг хүүхдүүд маш соргогоор мэдэрч байдаг. Эцэг эхийн сэтгэл санаа тогтвортой, итгэлтэй, алсын хараатай, хүсэл мөрөөдөлтэй, баяр баясгалантай байхад хүүхэд мөн ялгаагүй тийм л байдаг. Тиймээс хүүхдүүдийнхээ сэтгэл санааны байдалд анхаарахыг хүсэж байгаа бол юуны өмнө өөрөө өөртөө анхаарал тавиарай гэж хэлье дээ.

Хүн ямар үед мэргэжлийн хүнээс туслалцаа эрэх шаардлагатай байдаг вэ? Монголчуудын хувьд туслалцаа хүсэхэд саад болж буй ямар зүйлс байна? Үүнээс ангижрах аргууд.

Ойр ойрхон сэтгэл гутралд орох, уур бухимдалтай болох, ганцаардал мэдрэх, гунигтай, тавгүй дурсамж сэдрэх гээд олон шинж тэмдгийг нэрлэж болно. Гэвч энэ бүхний цаана нуугдсан шалтгаан байдаг. Тэр шалтгааныг олж анагааж илаарьшуулахад мэргэжлийн зөвлөгөө авч байгаагийн гол зорилго байдаг. Зөвлөгөө өгнө гэдэг нь зааж зөвлөөд байна гэсэн үг биш л дээ. Тухайн хүнтэй хамт алхаж, дотоод ертөнцөөр аялахыг хэлдэг. Ингэснээр хүн өөрөө өөрийгөө таньж мэдэн, өөрийгөө ойлгож, уучилж, жинхэнэ дотоод хүнтэйгээ уулзаж, өөрийгөө олоход нь тусалдаг. Дотоод эдгэрэлт, сэтгэлийн амар амгалан хэрэгтэй байгаа хэн бүхэн мэргэжлийн туслалцаа авч болно. Манай Монголчуудын хувьд сэтгэл зүйн туслалцаа, зөвлөгөө авна гэдэг ер нь хол хөндий зүйлийн нэг л дээ. Би өөрөө хүртэл энэ чиглэлээр суралцаж, сэтгэл зүйн томоохон төвүүдэд урт хугацааны дадлага хийж, мэргэшиж байсан хэр нь яг өөр дээрээ төдийлөн хүлээж аваагүй байсан. Харин төгсөх дөхөж, хүнд үйлчилгээ өгөхөөсөө өмнө мэргэжлийн зөвлөгөө авч үзье гэж зориод терапист дээр очиж байлаа. Туршлага судлах санаатай очсон хүн чинь, нэг мэдсэн нус нулимсандаа хутгалдаад, дотор байгаа хамаг бүхнээ дэлгээд тэр өрөөнөөс гарч байснаа санадгийн. Ямар ч шүүлтүүргүйгээр, зөв буруу гэж зэмлэхгүйгээр намайг сонсож, миний гуниг, зовлон, баяр жаргалыг хуваалцаж байгаа нь үнэхээр хэрэгтэй байсан. Цээжин дээр байсан том ачааг аваад хаях шиг л болж байсан. Маш их зүйлийг үүрч, зүдэрч, сэтгэл санааны хувьд туслалцаа авах шаардлагатай явснаа тэгэхэд л ухаарч байсан даа. Энэ байдлаа гэр бүл, ах дүү, найз нөхдөдөө тэр болгон дэлгэж чадахгүй шүү дээ. Тийм учраас мэргэжлийн хүний туслалцаа, зөвлөгөө гарцаагүй хэрэгтэй болдог. Хүмүүс биеийн эрүүл мэнддээ анхаарч жилд нэгээс хоёр удаа эмнэлэгт үзүүлж, бүх төрлийн шинжилгээ өгч, махан биедээ анхаарал тавьдаг шиг хөгжилтэй орнуудын хувьд иргэд нь сэтгэл санааныхаа эрүүл мэндийн байдлыг мөн ялгаагүй анхаарч үздэг. Сэтгэл санааны хувьд тогтвортой, эрүүл байх нь эргээд гэр бүлийн тогтвортой байдал, ажлын бүтээмж, амжилттай амьдрах гол үндэс учраас сэтгэл санааны эрүүл мэндийг орхигдуулж боломгүй байгаа юм.

Таны ажиглаж байгаагаар Монгол хүний хувьд хамгийн оновчтой эмчилгээний ямар арга барилууд байна?

Өрнө буюу европ, америк хүмүүсийн хувьд өөрт нь заагаад, заавардаад байх нь ач холбогдол багатай гэж үздэг. Тэд бие даасан байдлыг маш их эрхэмлэдэг, хувь хүн төвтэй. Зүгээр надтай хамт алхаж, өөрийгөө таньж мэдэхэд минь чиглүүлж, өөрийгөө ойлгоход минь туслаач ээ? гэсэн байр сууринаас ханддаг. Ази хүмүүсийн хувьд Solution based therapy буюу таны өмнө ийм сонголтууд байна. Энийг сонговол ийм зам харагдаж байна. Үүнийг сонговол үр дүн нь ийм байх магадлалтай гэхчлэн өөрт нь илүү тусалсан, арга зүй үр өгөөжтэй гэж үздэг онол байдаг. Гэхдээ өнөөдөр монголчууд тэр дундаа шинэ залуу үе маш хурдтай өөрчлөгдөж, даяарчлагдаж, мэдээ мэдээллийг асар хурдтай хүлээн авч, сэтгэлгээний хувьд ч тэр орчин үеийн соёл, хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа учраас өрнө дорно гэж ялгалгүй тухайн хүнээсээ шалтгаалаад арга зүйгээ сонгоод явах байх. Эмчилгээний арга барилын хувьд хамгийн сүүлийн үед хүч түрэн орж ирж байгаа өндөр үр дүнтэй олон онол, аргууд бий. Тухайлбал EMDR гэж нүдний хөдөлгөөн, тархитай холбогдох хамаарал дээр тулгуурласан эмчилгээний цоо шинэ арга зүй байна. Ихэвчлэн Trauma буюу хүнд цочролоос үүссэн эмгэгийг эмчлэхэд ашигладаг. Миний олон үйлчлүүлэгч EMDR эмчилгээ авч маш өндөр үр дүнтэй байна. Хүчирхийлэл, гэнэтийн цочролоос болж зовж шаналж байгаа олон хүмүүст маш их тус болж байгаа.

Америкт төрж, өссөн Монгол эцэг эхтэй хүүхдүүд соёлын хоёр эрс, тэрс хэв маягийн дунд өсдөг. Соёлын ялгааны төөрөгдөл өсвөр насны хүүхдүүдийн дунд нэлээд байгаа ажиглагддаг. Үүнээс үүдэх урт хугацааны сөрөг нөлөөг багасгахын тулд эцэг эхчүүд юуг анхаарах шаардлагатай вэ?

Би ч мөн ялгаагүй өсвөр насны хүүхэдтэй. Хүссэн хүсээгүй бид яаж ч хамгаалсан тэр дарамтууд ирнэ. Хоёр өөр ертөнцийн заагаар хүүхэд туулаад гарна. Хоёр ялгаатай хэл, соёлын дундаас хүүхэд авахыгаа аваад гээхийгээ гээгээд л явна. Энэ үед эцэг эхийн зүгээс үр хүүхдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь хамгийн том тус, дэмжлэг болов уу гэж санан би өөрөө ч хичээдэг. Гадна ертөнцийн нөлөөлөл, хавчлага дарамтаас илүү гэр бүлийн байдал хүүхдэд урт хугацаанд нөлөөлдөг. Хүн насанд хүртлээ эцэг эхийнхээ дэргэд байж тэндээс ирэх хайр халамж, дэмжлэгийн дор хүн болж төлөвших үндэс сууриа тавьдаг шүү дээ. Суурь сайн байхад түр зуурын шуургыг даваад гарах болов уу. Тиймээс бид хүүхдүүдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, байгааг нь үнэлж хүндлэх нь тэдэнд өгч чадах хамгийн чухал дэм.

Гэрийн хорио зарласнаас хойш дэлхий даяар гэр бүлийн хүчирхийлэл олон дахин өссөн тухай сэтгэл эмзэглүүлмээр мэдээ байна. Энэ талаар ярина уу?

Тиймээ гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа таагүй мэдээ бий. Өнөөдөр манай байгууллага дээр ирж зөвлөгөө, үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийн дунд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд мөн том хүн ч цөөнгүй байдаг. Ихэнх нь ар гэрийн боломж тааруу, гэсэн хэдий ч Америкийн засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж эдгээр хүүхдүүдэд мэргэжлийн терапистийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хүчирхийллийн золиос болсон хүүхдүүдийг Засгийн газраас анхааралдаа авч насанд хүртэл нь сэтгэл санаанд нь анхаарал тавьж, чанартай цаг зарцуулж байгаа нь үнэхээр зөв зүйтэй санагддаг. Хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдэг нь зөвхөн хүчирхийлэл үйлдэгсдийг залхаан цээрлүүлж, шийтгээд өнгөрөх биш, тэр дунд хохирч үлдсэн золиос болсон хүүхдүүд, хохирогчийн асуудалд анхаарлаа хандуулахыг бас хэлдэг юм байна. Цочирдлоос үүссэн эмгэгийг газар авахаас нь өмнө засаж залруулахын төлөө хичээн ажиллахыг хэлдэг юм байна. Яагаад гэхээр хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийн дийлэнх нь өөрөө ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн байдаг. Тэдний сэтгэл зүйг аваад үзэх юм бол айдас, ичгүүр, доромжлол, итгэл найдвараа гээсэн гээд олон ээдрээт асуудал сэтгэлийн гүнд нь нуугдаж байдаг. АНУ засгийн газар хүчирхийллийн золиос болсон хүүхдүүдийг эргээд ийм замаар замнуулахгүйн тулд ингэж анхаарч, мөнгө зарж, байгаа нь хүчирхийлэлтэй тэмцэж байгаа үр дүнтэй ажил гэж би хувьдаа боддог.

Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд өдөр тутмын амьдралд хийж болох зүйлсийн талаар зөвлөнө үү?

Дасгал хөдөлгөөн хийх, эрүүл агаарт гарах, найз нөхөдтэйгээ уулзах гээд хүнд өөрт нь баяр баясал авчирдаг, өөрт хэрэгтэй зүйлсээ хэнээр ч хэлүүлэхгүй мэддэг. Энэ дунд хамгийн нэг анхаарах ёстой зүйл бол зах хязгаарыг тогтоох чадварын тухай онцолж яримаар байна. Чухам юу таныг сэтгэл санааны дарамтад оруулаад байгаа юм. Тэрийгээ олж мэдээд шаардлагатай бол тухайн зүйлээс татгалзаж, завсарлага авч болно. Үгүй гэж хэлж чаддаг байх, мэдээж эргэн тойрны хүмүүсээс эсэргүүцэл, шүүмжийг сонсож мэднэ. Бүгдийг амжуулах, бүгдэд за гэж хэлэх нь заримдаа өөрт их том ачаа болдог. Хөл хорионы үеэр заавал үр дүнтэй байх, ихийг амжуулах гээд зорилго тавьсан нь хэтэрхий хүнд дарамт, ачаа болж байвал бас орхиж болдог, түр завсарлаад дараа үргэлжлүүлж чаддаг байх тухай. Би нэг жишээ дурдъя. Найз маань Princeton-ийн их сургуульд мастер хийж байсан юм. Бараг дуусдагийн даваан дээр ердөө нэг улирал дутуу байхад сургуулиа хаяад ээж аавынхаа гэрт хүрээд ирсэн байсан. Сургуулиа дуусгах гэж хэтэрхий их хичээснээс болж, стрессдэж улмаар анхаарал нь төвлөрч чадахгүй, нойргүйдэлд орж, тэр дарамтыг дийлэхгүй болсон тул түр зогсоохоор шийдсэн байсан. Жаахан л тэсчихвэл дуусчих байлаа гэж эргэн тойрныхон нь зэмлэсэн нь тодорхой. Тэр зундаа мань эр сайхан амраад ирэх жилээс нь хичээл номоо дуусгаад, одоо гэрлэчихсэн, амжилттай сайхан амьдарч байна. Заримдаа хэчнээн чухал байсан ч тэр зүйл хэтэрхий их дарамт болж байгаа бол завсарлага авахад буруу юм байхгүй.

 

Танд баярлалаа.

Ц.Очмаа

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу