Хүмүүс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

БИД БАГШИЙН ДЭЭДИЙНХЭН:

Монгол Улсын Боловсролын Их Сургууль байгуулагдсаны 70 жилийн ой тэмдэглэх ажил, бүтээл өрнөж буй ажээ. Тиймийн тул манай Хойт Америкийн Цахим өртөөний "МАНАЙХАН" баг УЛСЫН БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ (хожмын Улсын Багшийн Их Сургууль, өнөөгийн Монгол Улсын Боловсролын Их Сургууль) төгсөөд АНУ-д ажиллаж, аж төрж буй сургууль нэгтнүүдтэй цуврал яриа, хэлэлцүүлэг өрнүүлэн, тэдний оюутан ахуй цагийн дурсгалт мөч, тэр цагийн сургуулийн, сургалтын сонин сайхнаас болон өнөөгийнх нь ажил, хөдөлмөрийн талаар уншигчидтайгаа хуваалцаж байгаа билээ.

Энэ удаагийн манай зочин бол доктор Мягмарын Саруул-Эрдэнэ. Саруул багш АНУ-ын Конгрессын Номын Санд монгол номын мэргэжилтнээр ажиллаж, монгол хэл, соёлыг судлан таниулах, Монгол судлалыг хөгжүүлэх, гаднынхны Монголтой холбоотой үлдээсэн өвийг сурвалжлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа нэгэн. "Өдрийн сонин", Baabar.mn-д сонирхолтой нийтлэл бичиж, ном бүтээл туурвиж, орчуулж, Нүүр номын "Зугаатай хэл шинжлэл" бүлгэмийг чиглүүлж, олон нийтийн харилцаагаар сонин содон, хөгжилтэй зүйлс түгээж, тун идэвхтэй амьдардаг судлаач, багш, орчуулагч.

Саруул, Нараа хоёр хамтдаа Улсын Багшийн Дээд Сургуулийн монгол хэлний факультетыг нэг ширээнд тохой, бөөр залган сууж төгсөөд, монгол хэлний багшийн мэргэжил эзэмшсэн хос. Чунт бид хоёр ч багш. Би ч бас УБДС-ийн бүтээгдэхүүн. Монголд байхдаа олон улсын "Гүүр" коллежид бид гэр бүлээрээ зүтгэж, ойрсон дотноссон юм. Тэгээд ээлж, ээлжээр, уван цуван наашилсаар хоёр гэр бүл маань Америкт суурьшин, алба амины нягт холбоо улам бэхжиж, олон улсын түвшинд ч зузаан хэлхээтэй явна.

М. Саруул-Эрдэнэ УБДС-ийн аспирантурт суралцан "Монгол хэлний нөхцөл бүтээврийн үгзүйн түүхэн хувьсал" сэдвээр докторын зэрэг хамгаалсан, тэндээ багшилж байсан, ёстой л Багшийн дээдийн ясны, цөсний бүтээгдэхүүн, араг яс.

- Өөрийн чинь оюутан цагийн дурсамжаас яриагаа эхлэх үү? Хаана дунд сургууль төгсөж, яаж УБДС-ийн оюутан болов? Хэр идэвхтэй оюутан байв?

За, би Улаанбаатарын, Тавдугаар хорооллын хүүхэд билээ. Арван жилийн Зургаадугаар дунд сургуулийг төгсөөд конкурс гээч шалгалтыг өгч, УБДС-ийн Монгол хэл-Уран зохиолын багшийн ангийн эрхийг авсан юм. Тэр жил нэг онцлог байв. Юу гэхээр өмнө улаан шугам татаад тэрнээс дээш гарсан цөөвтөр хүүхэд конкурс өгч болдог байсан бол тэр жил бүх хүүхэд шалгалтад оролцох эрхтэй болоод. Ингээд 150 хүүхэд Улаанбаатарын ганц хуваарь дээр өрсөлдсөн юм. Тэр ганцыг нь тэгээд авч чадсан даа. Идэвхийн хувьд маш идэвхтэй оюутан байлаа. Угаас багаасаа хөл бөмбөг, воллейбол тоглож өссөн учраас анги, фак, сургуулийн бүхий л багт тоглоно, тэр үед АСТ болон мэргэжил мэдлэгийн олон тэмцээн болно, бүгдэд нь л оролцоно. Аж ахуй дээр очиж ажилла гэхээр гүйгээд очно, оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавина, оюутны байрны дисконд очиж бүжиглэнэ, оройжин дуулна, шүлэг, мүлэг хэлж үзнэ, ер нь нэг яавал чиг яачихаар, юу ч хий гэсэн тэгье гээд үзээд алдахаар, галзуу хөөрүү дөрвөн жил юм даа, миний оюутан нас гэж.

- Тэр үеийн сургалтын онцлог юу байв? Бас оюутан цагийн хөгтэй, сургамжтай дурсамж олон үлдсэн дээ?

Тэр үед мэдлэгтэй багш, заах арга сайтай багш гэж хоёр өөр төрлийн хүн шиг ойлголт тогтсон байв. Гэтэл Багшийн дээдийн багш нар болохоор дунд сургуулийн багш бэлддэг учраас мэдлэг нь ч өргөн, заах арга нь ч гарамгай, хос чадвартай байлаа. Заах аргын гол онцлог бол лекц. Лекцээ сайн уншдаг багш хамгийн сайнд тооцогдоно. Лекцээ сайн уншихын тулд маш сайн мэддэг байх ёстой. Зарим багш орж ирээд 90 минут юу ч харалгүй, нэн сонирхолтой яриад гардаг байхад зарим нь юу ярихаа сайн мэдэхгүй, тэмдэглэл ном зэргээ байнга харж байх жишээтэй. Тэгж хараад тэрийгээ бидэнд хэлж өгөхөөр хичээл яаж олигтой байх вэ дээ. Одоо би боловсролын сэтгэл судлал, анхаарал төвлөрүүлэх арга сэлтийн талаар жаал жуул судалдаг юм. Тэгээд эргээд бодоход бүтэн 90 минутын лекцийн үед оюутны анхаарлыг байнга татаж, үргэлж идэвхтэй байлгахын тулд ахмад багш нар маань янз бүрийн арга хэрэглэдэг байж. Хүн ер нь 10 минут орчим яриа сонссоны дараа ядарч эхэлдэг, тархинд хүчил төрөгч хэрэгтэй болно. Энэ үед нирхийтэл ганц сайхан инээлгэх бол маш сайн арга. Өнөрбаян багш, Санжаа багш хоёр бол тэгж тархийг тэтгэнэ. Адреналин ялгарч, сэргэг байхын тулд айдас гэж зүйл бас сайн нөлөөтэй. Пүрэв-Очир багшид загнуулчихгүй юм сан гэж эмээж суух нь өөрөө хүнийг сэргэг байлгах бас нэг арга. Зургаадугаар сургуулийн физикийн багш асан Батцэрэн маань энэ хоёрыг хослуулдаг сан.

Оюутан цагийн хөгжилтэй дурсамж олон. Хотын хүүхэд байж оюутны байранд л байж байдаг. Угтаа бол орж болохгүй дүрэмтэй, манай ангийнхан хөнжил, даавуугаа нийлүүлэн, холбож уяж байгаад оюутны байрны хоёр давхраас татаад авчихна. Хаалгаар нь биш тагтаар нь л ингээд орчихдог байлаа. Манай ангийнхан гэж дуу хуурандаа их сайн, авьяаслаг хүүхдүүд байсан юм. Хөдөөгөөс ирсэн хүүхдүүд маань ялангуяа их авьяастай, ятга, шанз, янз бүрийн хөгжим тоглочихдог, бий биелгээ хийчихдэг, уртын дуу дуулчихдаг, Улаанбаатарт бол дуу хөгжмийн хичээл гэж ноот бичсээр дуусдаг байв.

- Тэр үеийн багш нараа, тэдний сургах эв, арга, чадварын талаар, одоо ч тээж явдаг үлдцийн талаар дурсвал...

Манай ангийнхан бол Багшийн дээдийн хамгийн азтай төгсөгч нар юм аа. Багш нар гадаадад ээлж ээлжээрээ явж, олон цөөн жилээр хичээл заадаг байлаа. Тэгэхээр зарим нэг хичээлийг чухам мэргэшсэн, эзэн нь болсон тэр багшаар заалгах хувь дутдаг байв. Гэтэл манай ангид болохоор Авиа зүйг Санжаа багш, Үг зүйг Өнөрбаян багш, Өгүүлбэр зүйг Пүрэв-Очир багш заалаа. Өмнө нь энэ хэдэн багш маань Прага болон Будапештэд яваад эзгүй байсан жилүүд бий. За тэгтэл Найруулга зүйг яг биднийг үзэх болоход Отгонсүрэн багш Японоос хүрээд ирэв. Түүхэн хэл зүйг Төмөртогоо багш чухам бидэнд заах ёстой гэсэн шиг яг биднийг үздэг жил Бонноос хүрээд ирлээ. Хичээлийг, хэл шинжлэлийн онолын нарийн төвөгтэй ойлголтыг тархи руу хийгээд өгдөг багш нар. Одоо хүртэл би тэр хичээлийг өөр багшаар заалгасан бол гэж төсөөлж чаддаггүй юм.

- Багшийн дээд сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхлэв?

Төгсөөд сургуульдаа багшаар үлдлээ. Багшийн дээддээ багшлахын хажуугаар тэр үед ид үүсэж хөгжиж эхэлж байсан хувийн олон сургуульд заасан даа. Тэр нь гэхдээ ба нэг их эрдэмтэй чадалтайдаа ч биш, гол нь ид зах зээлийн үе эхэлж байсан, залуу багшийн цалин бага, ерөөс цагийн хуваарь таараад заах боломж байвал тэгээд л заачихдаг л байлаа. Нэг өдөр гурван өөр сургууль руу харайлгана шүү дээ. За тэгээд бас Олон Улсын “Гүүр” сургуулийг та бидний гэргий нар үүтгэж, хамтдаа хэдүүлээ мөр зэрэгцэн овоо хэдэн жил ажиллаж дээ.

- Та төгссөн сургууль, Монголд ажиллаж байсан байгууллагатай хэр холбоотой байдаг вэ?

Байнгын холбоотой. Жил бүр би нутагтаа очдог, очих бүрийд тэнхимд маань надад зориулсан ширээ байж л байна. Багш нар маань ч, найз нөхөд маань ч, шавь нар маань ч сургуульдаа багшилсаар байна, надаас хойш төгссөн, ирсэн багш нар ч намайг багш аа л гэдэг юм. Зөвхөн очихдоо ч биш, энд байхдаа ч тэр МУБИС-ийнхаа багш нарт хайсан өгүүлэл сэлтийг нь олж өгөх, заавар зөвлөгөө өгөх гэх мэтээр байнга хамтран ажиллаж байна даа. Хадаг барьж шавь орсон Өнөрбаян багштайгаа бол өдөр тутмын холбоотой, үг зүй, хэл зүйн олон асуудлаар байнга саналаа солилцож байна. Насан туршийн боловсрол гэж үнэн юм, тавь хүрсэн ч багшаас асуух юм байнга гарах юм байна шүү дээ.

- Монгол Улсын Боловсролын Их Сургууль, эндэхийн төгсөгчдийн хооронд хамтран ажиллах ямар боломж, бололцоо байна гэж та хардаг вэ?

Мэдээлэл их чухал. Эндээс мэдээлэл сайн өгч байж болно. Хурал зөвлөгөөнд хамтарсан илтгэл сэлт хэлэлцүүлэн, ирэн очин байх нэг боломж бий. Миний зохион байгуулдаг хуралд МУБИС-иас жил бүр багш нар ирж илтгэдэг. Энэ ч бас нэг төрлийн л хамтын ажиллагаа. Цар тахлын үеэр хичээлийг онлайнаар зааж болох юм байна гэдэг нь батлагдлаа. Тэгэхээр эндээс хичээл сургалт хийгээд байж бас болох юм.

- “Өрөөндөө хамгийн мундаг нь байвал чи буруу өрөөнд сууж байгаагаа мэдээрэй” гэх хэлцийг өөрөөс чинь олонтоо сонсож байсан. Одоо хэд дэх өрөөндөө ажиллаж байна? Өмнөх өрөөнүүдээ яагаад солих болсон бэ?

Тухлаад суусан, ороод гарсан, “цай уусан”, цалин авсан, идээшсэн дассан, эрдэм сурсан олон “өрөө” бий. УБДС гэж та бид хоёрын ярилцаж буй эрдмийн өргөө бол эрдэм боловсрол, ажил амьдралаа эхэлсэн анхны саруул сайхан “өрөө” маань байлаа. Үүнээс хойш Энх тайвны корпус, Истанбулын их сургууль, Индианагийн их сургууль, Төрийн Департаментын дээд сургууль гээд олон ч “өрөө”-нд тухалж үзлээ. Монгол Соёлын Төв, МонЮнайтед гэж хөл бөмбөмбөгийн баг, “Үнэн” сонин, “МонЦаМэ Мэдээ” сонин ч миний “өрөө”. Яг одоогоор Конгрессын Номын Сан, Соёл Урлагийн Их Сургууль, “Өдрийн сонин”, “Брахми Монгол Бичгийн Олон Улсын Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг” хэмээх “өрөө”-нүүдээр дамжиж гүйгээд, завгүйхэн л байна.

“Өрөөндөө шилдэг нь байвал буруу өрөөнд сууж байгаагаа мэдээрэй” гэж би хэлэх дуртай, тийм ч учраас шинэ сорилт, шинэ мэдлэг, шинэ шалгуурыг эрэлхийлэн шинэ өрөө эрэх, цоо шинэ өрөөг өөрөө үүтгэх дуртай хүн би. Гэвч нэмээд нэг зүйл хэлэхэд би хэзээ ч өмнөх өрөөнийхөө хаалгыг тас хийтэл хаяж явдаггүй, эргээд байнга орж гарч явдаг даа.

- Та докторын ажилдаа хэл шинжлэлд анх удаа “Аяндаа цэгцрэх тогтолцооны онол”-ыг оруулж ирсэн. Энэ онолоор бол хэлзүйн дотоод зүй тогтолд өрөө цэгцэрдэг. Гэтэл залуус буруу ойлгоод нэр томьёо, орчуулга зэргийн талаар бараг л юу ч хийх хэрэггүй, аяндаа цэгцэрдэг юм гэж ярьдаг болсон байна лээ гэж Та нэгэнтээ дурдсан. Үргэлжлүүлж тайлбарлана уу?

Тийм тал ч бас бий шүү. Өнөө кинон дээр “Би юу хийчхэв ээ?” гэдэг шиг юм болохоо шахав. Миний бие монгол хэлний судлалд “Аяндаа цэгцрэх тогтолцооны онол”-ыг оруулж ирсэн юм аа. Гэтэл тун удалгүй энэ нь нэлээд сонирхолтой, моодны гэмээр юм уу даа, сэдэв болж, хүн бүр эшилдэг, ярьдаг болж. Ингэхдээ зөв ч ярьж байгаа улс байна, бас буруу ч хэрэглэж буй хүмүүс байна. Хэлний дотоод зүй тогтол гэдэг бол хэлэлцэгчээс нь ангидаар обьектив оршиж байдаг, байгалийн хуультай адил зүйл. Ухаан нь дунд үеийн монгол хэлэнд оршиж байсан тоо хүйсээр зохицох ёс үгүй болмогц тоо хүйсээр ялгаа илэрхийлдэг байсан залгаврууд нь хаос буюу эмхгүй байдалд ороод ирнэ. Энэ тохиолдолд хэл өөрөө аяндаа цэгцэрч, нэгэнт байгаа хэлбэрт утга оноох, нэгэнт байгаа утгыг эсрэгээрээ шинэ хэлбэрээр илэрхийлэх гэх мэтээр сонирхолтой хувьслууд бий болно. Үүний эцэст шинэ тогтолцоо үүснэ. Харин зөв бичих дүрэм, нэр томьёо зэрэг бол хэлний дотоод зүйл тогтол биш юм. Энэ бол хэл судлаачдын зөвшилцлөөр шийдэх, цаанаас нь бодлогоор сахиулах ёстой зохиомол зүйл. Энэ бол аяндаа цэгцрэхгүй. Хэлний бодлого тогтоогчид цэгцэлж өгөх учиртай зүйл.

- Та нэгэнтээ монгол хэлийг хамгаалах талаар ярихдаа могойн чуулганаар жишээ татсан нь сонирхолтой санагдсан. Манай уншигчид дахин хэлж өгнө үү.

Тэр, бараг хорин таван жилийн өмнө УБДС-ийн тооны Лувсандэндэв багшийн надад ярьж өгч байсан жишээ юм аа. Мань эр их жиг сэтгэдэг хүн, би тэр үедээ монгол хэлнийхэн дотроо бас жаахан шинэлэг юм сонирхдог талын хүн байв. Бид хоёр тэгээд аливаа юм үзэгдлийн мөн чанар, адил төстэй шинж зэргийн талаар их хуучилдаг байлаа. Могойн чуулган болоход хамгийн тохиромжтой, үр удмаа үлдээх чадалтай хэсэг нь хэрхэн амьд үлддэг тухай тэр яриа ерөөс аливаа тогтолцооны өөрийгөө хамгаалах сонгодог жишээ байсан юм. Олон зуун могой хүрээлэл үүсгэн цагираглан хэвтэнэ. Ингэхдээ хамгийн бүдүүн, хөгшин могойнууд гадуураа, хамгийн нарийхан зулзаган могойнууд дотуураа, голоор нь ид нас бие гүйцсэн могой хэвтэж таарч байна гэдэг. Өвөл цагт их хүйтэрвэл гаднах хэд нь хөлдөж үхнэ. Халуун цагт их шавбал доторх хэд бүтэж үхэх аюултай. Аль ч тохиолдол үр удмаа үлдээх чадалтай ид хэсгийнхэн амьд үлдэнэ. Ингэж могой гэж амьтан оршихуйгаа хамгаалж байна.

Хэлний хувьд хоёр үг хоорондоо өрсөлдсөн, төстэй утга илтгэдэг нөхцөл дагавруудын зарим нь үгүй болж зарим нь үлдсэн сонирхолтой жишээ маш олон бий. Ийм тохиолдолд “чухам энэ нь зөв нөхцөл нь шүү” гэж хэл шинжээч эрдэмтэн хэчнээн тайлбарлаад нэмэргүй, яг аяндаа цэгцрэх зарчмаараа явна. Харин хэлэн дэх төстэй элементүүдийн аль нь шалгарч үлдэх вэ гэдгийн хувьд тухайн хэлээр хэлд орж байгаа хүүхдүүдийн эхэлж сурсан тэр хэлбэр ихэвчлэн үлдэж байгаа маш сонин судалгаа бий. Бас л нэг төрлийн өөрийгөө хамгаалах тогтолцоо.

- "Mонгол хүн дархлаагаа авч үлдье гэвэл аль болохоор хятад хэл мэдэхгүй байх тусмаа сайн" гэж таны хэлц. Яагаад?

Нэг ярилцлагадаа энэ талаар дурдтал гарчгийг нь яг ингээд өгчихсөн, хүмүүс доторхыг нь уншилгүй, баахан гомдол шүүмж гаргасан даа. Гарчиг нь зүгээр “Хятад хэл сурч болохгүй” гэж байгаа мэт. За тэгээд хятад судлаач мэргэжил нэгтнүүд маань, орчуулагч багш болохоор сурч байгаа оюутнууд хүртэл миний тайлбар яриаг уншсангүй, гарчигтай л байлдаад байлаа. Уг нь би хэлний бодлогын тухай чухал санаа хөндсөн юм.

Хятад хэл судлалын нарийн мэргэжил байлгүй яах вэ. Байх байхдаа бүр өндөр дээд түвшинд хөгжих ёстой салбар. Харин Ерөнхий Боловсролын Дунд Сургууль гээд ирэхээр байдал өөр болоод ирнэ. Ерөнхий боловсрол, суурь боловсрол гэж юу вэ? Тухайн улс оронд аж төрж буй хүмүүсийн заавал мэдэх ёстой, мэдэхгүй бол ахуй амьдралд нь хор уршиг болж болзошгүй, тийм чухал, тийм мэдлэгийг суурь боловсрол хэмээгээд бүх хүүхдэд заадаг билээ. Тэгэхээр дунд сургуульд гадаад хэлний хичээлийг оруулахдаа, хувийн дунд сургуулиудын тоог бодолцохдоо, гадаад улсад явж сурч байгаа сургуулийн насны хүүхдүүдийн тоог авч үзэхдээ үүнийг анхаарч л байх ёстой гэсэн үг.

Тэгэхээр ерөнхий боловсролд гадаад хэлний хичээлийг оруулж ирэхдээ бас л бодлого, алсын хараатай байх ёстой гэсэн үг. Тэртэй тэргүй давамгайлах хандлагатай хэлийг ахиад дээрээс нь төрөөс дэмжээд өгөх нь тусгүй. Сая англи хэлийг хоёр дахь хэл болгоно гэдэг бол заавал төрөөс хийх ёстой ажил ч биш байх, учир нь дэлхий даяар англи хэл давамгайлаад эхэлчихсэн, төртэй, төргүй эцэг эхчүүд хүүхдүүдээ англи хэл сургахаар орон даяараа шахуу чармайж байна. 21-р зуун Хятадын зуун болно, хятад хэлтэй боловсон хүчин үнэд орно гэдэг. Энэ бол үнэн. Үнэн тусмаа бид хэлний бодлогодоо анхаарах ёстой. Ерөнхий боловсролдоо оруулчихвал тэгээд заавал мэдэх ёстой суурь мэдлэг гээч нь болчихно доо. Эндээс, тэгэхтэй зэрэг ахиад нэг асуудал ургана. Гадаад хэлний хичээл мэдлэг заавал чухал. Гэтэл тухайн улсад давамгайлах хандлагатай хэл бас аюултай байдаг гээд байх юм. Ямар хэл тэгэхээр үзэх юм бэ гэж. Энэ тухайд Хар Дорж багшийн Лигетийн тухай өгүүлсэн зүйлийг хэлье. Лигети гэж Мажарын орчин цагийн Монгол судлалыг үүтгэсэн, Мажарын ШУА-ийн Дэд Ерөнхийлөгч байсан, агуу эрдэмтэн хүн шүү дээ. Тэр цагт Мажар улс Зөвлөлтийн нөлөөн дор байж. Тэгээд сэхээтнүүд нь хоёр хуваагдсан маягтай, Орос Зөвлөлтөө гэдэг тал нь орос хэлээр ном судар уншиж, туурвидаг, баруун руу харсан, эрх чөлөө хүссэн тал нь англи хэлийг эрхэмлэдэг байж. Энэ хоёр гадаад хэл тэртэй тэргүй давамгайлах нь тодорхой үед Лигети гуай өөр бодлоготой хүн байж гэнэ. Заавал ийм түгээмэл хэлээр бичихгүй, заавал энэ хоёрын нэгийг дагах ёсгүй гэж. Тэгээд өөрөө шинжлэх ухааны үнэ цэнтэй хамаг чухал бүтээлээ франц хэлээр бичсэн ажээ. Хар Дорж багш тэргүүтэй шавь нар нь багшийнхаа бичсэнийг уншихын тулд бүгд бас франц хэл сурсан ажээ. Ганц хүний үлгэр жишээ, бүлэг эрдэмтийг дагуулсан хэрэг шүү дээ.

Үүнээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр гадаад хэлний боловсрол бол маш чухал мэдлэг, дэлхий ертөнцийг харах өөр цонх, өөр нүд бидэнд хэрэгтэй, гэхдээ тэр нь манай улсад ирээдүйд давамгайлах нь тодорхой тийм хэл биш, харин ч солонгорсон, олон өөр хэл байх нь зүйтэй мэт. Азийн хэлнүүдээс япон, солонгос, Европын хэлнээс франц, германыг илүү дэмжих ч юм уу? Заавал англи хэл хоёр дахь хэл гэж зарлах хэрэггүй санагдана.

- Та АНУ-ын Конгрессын Номын Санд монгол номын мэргэжилтэн. Конгрессын номын сангийн ажлаасаа бидэнд тайлбарлан сонирхуулна уу.

Миний бие 2018 оноос хойш АНУ-ын Конгрессын номын санд ажиллаж байна. Хэн нэг хүн Монголыг сонирхоод Конгрессын номын санг зориод ирлээ гэхэд хамаг итгэлээ надад тавиад ирнэ. Тэр алс хол мужаас зорин ирээд Монголын түүхийн XV зууны үе гэдэг ч юм уу, эсвэл монгол адууны соёлын тухай ном олж уншмаар байна, ямар ном унших вэ? гээд асууна. Тэр үед мэдэхгүй гээд сууж байж болохгүй шүү дээ. Эхлээд хайлтын системийг маш сайн эзэмшсэн байна. Лавлагааны номын санч хайж байгаа чиглэлээр номын мэдээллийг гаргаж өгнө. Дараа нь каталогийн номын санч тухайн сонгогдсон номоос тэр хүн ямар мэдээлэл авч болох тухайд тайлбарлах ёстой болдог. Миний хувьд монгол номын мэргэжилтэн нэрийн дор аль алийг нь хийгээд явдаг. Тэгэхээр тухайн номыг уншина, танилцана, яг юуны тухай ном юм бэ гэдгийг томьёолно. Уншсан номоо дураараа томьёолоод бичиж бас болдоггүй. Тусгай түлхүүр үгнүүд ашиглана. Ердөө үүнийг ойлгож сурахын тулд судлах ёстой 43 боть ном байдаг. Ном хайхад олддог түлхүүр үгнүүдээ нарийн дэс дарааллын дагуу оруулах ёстой. Эхлээд улсын нэр араас нь сэдэв нь байх зэргээр номын нэр төрлөөсөө хамаараад мэдээллийн дарааллын байрлал өөр өөр байх зэрэг нарийн дүрмүүдтэй. Тэр болгоныг нягт нарийн судалж байж номын каталогийг бүтээдэг. Ингэж оруулсан ном, номын сангийн систем дотор олдоцтой, яг хэрэгтэй үед гарч ирэх ийм учиртай байдаг. Конгрессын номын санд орос, англи, хятад зэрэг том хэлтний номын мэргэжилтнүүд хэдэн арваараа хууль, анагаах, урлаг гэхчлэн салбар салбараа хариуцаад ажиллана. Тийм учраас номын санч нар ихэвчлэн давхар мэргэжилтэй хүмүүс байдаг. Сургуулиа төгсөхдөө гол мэргэжил нь номын санч дагалдах мэргэжил нь хуульч, физикч, биологич гэх зэргээр давхар мэргэжлээр төгсдөг. Монгол номын хэсэгт тэгж ангилах ямар ч боломжгүй. Энэ тохиолдолд нэг талаар хэцүү боловч нөгөө талдаа өөрт ашигтай тал нь бүх төрлийн номтой ажиллах, танилцах шаардлага гарна. Ургамал судлалын ном ороод ирвэл ургамал судлалын мэргэжилтэнтэй уулзаад яг ямар чиглэлээр энэ номоо ангилах уу гэдгийг ярилцах жишээтэй. Муу тал нь бүх төрлийн юм руу самгардана. Сайн тал нь өөр, өөр чиглэлийн номын санчтай уулзаж ярилцаад доторх мэдээллээ хуваалцаад хувь хүний ерөнхий мэдлэг их сайжраад байдаг давуу талтай. Номын сангийн мэргэжил бол их нарийн байдаг. Түүнээс гадна баяжилтын номын санч гэж бий. Номын санд хэрэгтэй байгаа номын бодлогыг тодорхойлоод, худалдаж авдаг хүнийг баяжилтын номын санч гэж нэрлэдэг, гэх мэтээр номын санч дотроо олон төрөл чиглэлттэй байдаг. АНУ-ын 50 мужийн бүх том том сургуулиуд бүгд номын санч бэлддэг. Өөрөөр хэлбэл номын сангийн мэргэжилтнийг бэлтгэдэггүй муж гэж байхгүй. Маш чухал мэргэжил.

- Конгрессын номын санд Монголоос ирэх номыг ямар шалгуураар авдаг вэ? Голдуу ямар чиглэлийн ном сонирхдог вэ?

Жил болгон оны төгсгөлд дараа жил ийм ном авна гэсэн баримт бичиг батлагддаг. Тэр бичгээ тухайн улс оронд байгаа төлөөлөгч нарт илгээнэ. Төлөөлөгч баримтын дагуу ном худалдаж авдаг. Дэлхий дээр 6000 орчим хэл байдгаас 470 хэлээр ном хэвлэгддэг. Дэлхийн эрдэм мэдлэгийн бүх өвийг нэг дор багтаахыг гол зорилгоо болгодог АНУ-ын Конгрессын номын сан тэр бүх өв соёл, ном зохиолуудаас дээжлэн авч, хадгалж үлдээх бодлого барьдаг. Монголоос ямар ном илүү сонирхдог вэ гэхээр монгол судлалын ном л хамгийн их сонгогддог. Хэл уран зохиол, түүх шашин, археологи, антропологи чиглэл мөн ялгаагүй. Ургамал судлалыг бас их сонирхдог. Уран зохиолын хувьд бүх номыг аваад байдаггүй, гэхдээ чухал гэсэн бүтээлүүд гарцаагүй багтдаг. Тэр нандин бүтээлүүд монгол хэл, уран зохиолын өв дурсгал болж Конгрессын номын санд үлдэж байх учиртай.

Саруулынхаа яриаг сонсоод УБДС-ийнхаа гурван давхар төв байраа, бужигнаж явсан оюутан ахуй насаа, энд нэр нь гарч байгаа олон багш нараа эргэн дурсан саналаа.

Баярлалаа, Саруул аа!

Яриа хөгжөөсөн УБДС-ийн 1977 оны төгсөгч, профессор Пүрэвийн Увш
Вашингтон Ди Си - Блүүмингтон, ИНдиана, 2021 он

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу