Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Шведийн нийслэлд үргэлжилж буй уран гулгалтын ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэй гулгагчид богино үзүүлбэр, спорт хосууд чөлөөт үзүүлбэрээ толилууллаа.

Мэдээж эрэгтэй ганцаарчилсан төрөлд Олимп, дэлхийн хошой аварга, Японы Юзүрү Ханю, дэлхий хошой аварга АНУ-бн Натэн Чен хоёрын хэн нь ДАШТ-ий гуравдахь алтаа зүүх бол гэсэн асуулт анхаарлын төвд байгаа. Богино үзүүлбэрт “ рок од” Ханю дөрвөлсөн сальхов, 4 ба 3 эргэлттэй тулупын комбинаци, гурвалсан аксель амжилттай гүйцэтгэж, алдаа, хийгүй гулган 106,98 гэсэн өндөр оноо авлаа.

Ханюгийн тансаг гулгалт, өндөр оноо Ченд багагүй дарамт үүсгэсэн бололтой анхны дөрвөлсөн лутц гүйцэтгэхдээ унаж орхив. Харин дараа нь гурвалсан ахсель, 4 ба З тулупын комбинацийг техникийн өндөр гүйцэтгэлтэй хийн 98,85 оноогоор гуравт бичигдэв. Хоёр аваргын дунд, хоёрдугаарт Японы Юма Кагияма ( 100,96) “ хавчуулагдав”. Гэхдээ чөлөөт үзүүлбэрт Чен Кагиямаг төвөггүй гүйцэх боломжтой. Харин Ханюг бол тун хэцүү дээ. Нэг үгээр хэлбэл Ханюд алт илүү ойрхон байна даа.

“Стокхольм-2021” ДАШТ өдөр алгасахгүй дуулиан шуугианаар тасрахгүй бололтой. Эхний өдөр тэмцээний гол фаворит “Quad Queen” ОХУ-ын Александра Трусова түүний хувьд энгийн гэж болох элемент дээр маш том алдаа гаргаснаар 12 байрт бичигдсэн бол хоёр дахь өдөр “Quad King” АНУ-ын Натэн Чен бас уналаа. Гэхдээ хоёр дахь өдрийн гол дуулиан энэ биш ээ.

Спорт хосын төрөлд богино үзүүлбэрийн дараа 2020 оны Европын аварга , ОХУ-ын Александра Бойкова-Дмитрий Козловский тэргүүлж, дэлхийн хошой аварга, хошой мөнгөн медальт, олимпийн мөнгөн медальт, БНХАУ-ын Вэн Жинь Суй -Цун Хань, залуучуудын дэлхийн аварга , ОХУ-ын Анастасия Мишина-Александр Галлямов нар удаад нь бичигдэж байсан. Харин өнөөдөр болсон чөлөөт үзүүлбэрт, медалийн өнгө шийдэх гулгалтад Мишина-Галлямов нар домогт “ Queen” хамтлагын алдарт “We are the Champions” дууны аянд ёстой л аваргуудын дайтай гулгаж, техникийн хүнд элемент( 3 сальхов-ойлер-З сальхов, риттбергер) хийж, шийдэмгий хөтөлбөр толилуулснаар тун өндөр оноо (151,80) авсан. Хашир туршлагатай Хятадын хос ямар ч байсан медалийн болзол хангасан бол хамгийн сүүлд тэргүүлэгч Бойкова-Козловский нар мөсөн дээр гарлаа. Мишина-Галлямов нарын гайхалтай үзүүлбэр, цэвэр гүйцэтгэл Европын аваргуудыг “чичрүүлсэн” бололтой. Александра комбинацийн үед унаж, шидэлтэн дээр ч тогтож чадсангүй, тэд ердөө 137,47 оноо авлаа. “Kiss& Cry” өрөөнд оноогоо сонсон, дөнгөж хүрэл дээр бууснаа мэдэнгүүт Бойковагийн “ эм хүний хатан нуруу” хугарав бололтой. Дасгалжуулагч Тамара Москвина руугаа “Поздравляю, у вас есть чемпионы мира” хэмээн үг шидэж, партнер руугаа мандатыг нь чулуудаж орхисон.

Яг иймэрхүү үг, үйлдлийг 2018 оны Өвлийн олимпийн үеэр Евгения Медведева дасгалжуулагч Этери Тутберизед гаргаж байсан юм.

Энд нэг тайлбар хийх хэрэгтэй. ДАШТ-ий хүрэл авсан Бойкова-Козловский болон шинэ дэлхийн аварга Мишина-Галлямов нар аль аль нь эдүгээ 80 настай Тамара Москвинагийн удирдлага доор хичээллэдэг. Гэхдээ Бойкова-Козловскийн хоёр 2015 оноос , харин шинэ дэлхийн аваргууд Москвина дээр ирээд ердөө ганц жил л болж буй билээ. Тиймээс л тэргүүлж явсан Александрагийн тэвчээр алдагдаж, Мишина-Галлямов нар “ хойноос ирэнд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэсэн мэт санагдаж, багш руугаа үг, партнер руугаа мандат чулуудсан нь тэрээ.

“Стокхольм-2021” медалийн тавцан. Спорт хос.
1. Анастасия Мишина – Александр Галлямов (ОХУ) – 227,59
2. Вэньцзинь Суй – Цун Хань (Хятад) – 225,71
3. Александра Бойкова – Дмитрий Козловский (ОХУ) – 217,63

Өнөөдөр баасан гарагт (3.26) бүжгийн хос богино үзүүлбэрээ толилуулж, эмэгтэйчүүд чөлөөт үзүүлбэрээ гүйцэтгэж, медалийн эзэд тодорно.

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу