Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Шведийн нийслэлд болж буй уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах 110 дахь удаагийн тэмцээний гурав дахь өдөр бүжгийн хос богино үзүүлбэрээ, эмэгтэйчүүд ганцаарчилсан төрөлд чөлөөт үзүүлбэрээ толилуулж, медалийн эзэд тодорлоо. Мэдээж хамгийн сонирхолтой, хамгийн хүсэн хүлээдэг, бас хамгийн их дуулиан шуугиан дагуулдаг эмэгтэй ганцаарчилсан төрлийн тухай илүү дэлгэрэнгүй өгүүлэх тул бүжгийн хосын богино үзүүлбэрээр тоймоо эхлэе.

Бүжгийн хос төрөлд аливаа нэг акробат, нэгээс илүү эргэлттэй үсрэлт, шидэлтийн элемент хийхийг хориглодог. Энд гол зүйл хос бүжгийг хэр зэрэг хөгжимтэйгээ уялдуулж байгаа болон зэрэг хөдөлгөөн чухал. Дэлхийн аваргад 1950-аад оноос, олимпийн хөтөлбөрт нилээд сүүлд , 1976 оноос багтсан төрөл юм.
Энэ жил сүүлийн таван ДАШТ-ий дөрөвт нь түрүүлж, нэг удаа мөнгөн медаль хүртсэн Францын хос Габриэла Пападакис-Гийом Сизерон нар оролцоогүй тул 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Синицина-Кацалапов, 2018 оны ДАШТ-ий мөнгө, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Хуббелл-Донохью нар гол фаворитоор нэрлэгдэж байгаа. Мөн энэ жилийн ОХУ-ын аварга Степанова-Букин нар. Иван Букин бол Олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга 80-аад онд Наталья Бестемьяноватай хослон мөсний бүжгээр гялалзаж явсан Андрей Букиний хүү.

Ритм-танц дээр харамсалтай нь Степанова-Букин хоёр, бүүр тодруулбал Степанова зайлшгүй гүйцэтгэх твиззл элемент дээр том алдаа гаргаснаар тав руу уналаа.
Гэхдээ тэд чөлөөт үзүүлбэрт алдаагаа нөхөн медаль руу ороод ирэх боломж бүрэн бий. Одоогоор Синицина-Кацалапов нар 88.5 оноогоор тэргүүлж, ард нь Америкийн хоёр хос Хуббелл-Донохью болон ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Мэдисон Чок-Эван Бейтс нар бичигдэж байна.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд сүүлийн жилүүдэд Оросын охидууд үнэхээр эзэгнэж байгаа. Ялангуяа энэ цагийн эгэлгүй дасгалжуулагч Этери Тутберизигийн шавь нар. 2020 онд цар тахлын улмаас уран гулгалтын ДАШТ цуцлагдаагүй бол түүний гурван шавь Щербакова, Трусова, Косторная нар медалийн тавцанг бүрэн эзэгнэх байсан даа. 2019 -2020 оны улиралд болсон бүх гран-при, гран-при финал, Европын АШТ бүгдэд нь шагналын тавцанд энэ гурав л ээлжлэн зогссон доо. Гэвч өнгөрсөн жил Трусова, Косторная нар багшаа орхин амбиц ихтэй Плющенкогийн баг руу очсон. Косторная бүтэлгүйтэл, өвчин гээд болохгүй болоод эргээд Этери дээр уучлал гуйн ирсэн ч ДАШТ-д оролцох боломжгүй байсан. Харин Трусова шинэ дасгалжуулагчтайгаар анхныхаа томчуудын ДАШТ-д ирсэн. Мэдээж алтны төлөө гэсэн сэтгэлзүйн том дарамт Сашад болсон ньттодорхой. Түүнээс болоод богино үзүүлбэрт том алдаа гарган 12 байрт бичигдсэн билээ. Ухрах газаргүй, алдах зүйлгүй болсон Трусова чөлөөт үзүүлбэрт бүхий л боломжоо дайчлан , “ шийдсэн мэх” хийхээс өөр аргагүй байлаа. Тиймээс ч бүүр таван дөрвөлсөн эргэлттэй үсрэлт хийхээр шийджээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн түүхэнд анх удаа!!! Алдаагүй гүйцэтгэсэн тохиолдолд бүүр алтан медаль авах ч боломжтой. Өөдөсхөн энэ охинд ахадсан үзүүлбэр байж болох ч Трусовагийн зан ааш ийм л зүйлд бэлэн байдаг билээ. Хэдийгээр хоёр дээр нь унасан ч гурван удаа дөрвөлсөн эргэлттэй үсрэлт амжилттай хийсэн Трусова 9 байраар (!!!) урагшилж, медалийн оосорт хүрлээ. Гэхдээ түүнд Японы Рика Кихира “тусалсныг” бас дурьдах хэрэгтэй. Богино үзүүлбэрийн дараа япон охин тэргүүлэгчээс хоёрхон оноогоор зөрүүтэй байсан. Чөлөөт үзүүлбэрт ультра-си буюу хамгийн хүнд элементэд багтдаг хоёр ч үсрэлт хийдэг (гурвалсан аксель, дөрвөлсөн сальхов) Кихираг орос охидыг зогсоож чадах цорын ганц гулгагч гэж үзэх хүн цөөнгүй байсан юм. Тиймээс бас сэтгэлзүйн том сорилт, дарамт түүн дээр бас ирсэн. Үнэхээр ч энэ том ачааг давж чадахгүй болох нь алдаа болгоноос нь харагдана. Дөрвөлсөн сальховын оронд хоёролсон сальхов хийж, гурвалсан аксель дээрээ унаж, бусад алдаа ч олон гаргаж, юун алт, аварга, нийлбэрээр бүүр “дордохын долоод” орлоо. Швейцарт бэлтгэлээ базаадаг Кихира цагийн зөрүүнд дасаж чадаагүй гэж өөрөө тайлбарласан ч Японы зарим сэтгүүлчдийн дунд Кихираг хөлдөө гэмтэл авсан, түүнийгээ нууж байгаа тухай яриа байсан нь ч ортой байж магадгүй. Учир нь үзүүлбэрийн дараа тэрбээр алдаандаа гутарсан шинж огт байхгүй, инээмсэглэн их л тайван байсан билээ.

ДАШТ-д азаар ч гэх үү ( Косторная коронавирусаар өвдөөгүй, Тутберизигийн “14 настнууд” орж болдог байсан бол???) , эсвэл өөрийн уйгагүй сэтгэл зүтгэл, хөдөлмөрийнхөө үр дүнд шигшээ багтаа #3 болж багтсан, 24 настай Елизабета Туктамышеваг медаль авна гэдэгт эргэлзэх хүн олон байсан байх. Лиза өөрөө ч медалийн тухай их бодохгүй байна, харин зургаан жилийн дараа ДАШТ-ий мөсөн дээр дахин гарах болсондоо л кайф авах болно гэж ярьж байсан билээ. Богино үзүүлбэрт Туктамышева алдаагүй, тайван, итгэлтэй гулгаснаар гуравт жагсаж, медаль авах боломжтой, бүүр Анна, Рика хоёр томоохон алдаа гаргаж, өөрөө төгс чөлөөт үзүүлбэрээ гүйцэтгэвэл алтан медаль авах боломж гарч магадгүй болсон. Гурвалсан аксель хоёр удаа( нэг нь хоёролсон тулуптай каскад буюу комбинаци) амжилттай гүйцэтгэсэн Лиза гурвалсан флип дээрээ унах нь тэр. Гэхдээ л тэр медаль, бүүр мөнгөн медаль хүртэж чадлаа. Бахархмаар. Хүсэл тэмүүлэл байхад хүрч болохгүй зүйл байхгүй гэдгийг харууллаа даа, 2015 оны дэлхийн аварга Елизабета. Магадгүй сүүлчийн томоохон тэмцээн ч байж болох, Туктамышевагийн хувьд. Медалийн болзол хангаад баярын нулимс дуслуулсан Лизаг дагаад аньсагаа норгосон хүн бас цөөнгүй бий байх даа.

Одоо шинэ дэлхийн аварга Щербакова гээд харахад турьхан биетэй ч сэтгэлийн болон биеийн асар их тэнхээтэй, гайхамшигтай охины тухай өгүүлье. Өмнө нь түүний тухай нилээд хэдэн удаа бичиж байсан болохоор давтаж, нуршилгүй өгүүлэхэд Аня охин боддог, бусдыг хүндэлдэг, тэвчдэг , үнэнч , тууштай гээд л товчоор дүгнэхэд болох байх. Үе тэнгийнхэн нь, нэг багийнхан нь дасгалжуулагчийнхаа хатуу шаардлага, өөрийнх төлөө хэлж буй хатуу үг, бэлтгэл хийх орчин нөхцөлөө голж, өөр баг руу урваж шарвахад Щербакова тэвчээд л үлдсэн. Тэрбээр өөртөө гэхээсээ илүү багш нартаа, багийнхандаа итгэсэн. Эцсээ хүртэл тууштай явсан. Үр дүнд нь дэлхийн аварга.

Энэ жилийн хувьд Аннад хүндхэн байлаа. Хүнд уушигны хатгаа тусч, “ковид”-д өртөж, бие нь тун сулбагар байгаа. Гулгалт болгондоо асар их хүч, тэвчээр гаргаж, арай ядан амьсгалж байгаа нь мэдрэгдэж байлаа. ОХУ-ын АШТ-ий үеэр багш нар нь тэмцээнээ орхих санал тавихад тэрбээр татгалзан эрүүл мэндээрээ дэнчин тавин , Оросын аварга цолыг гуравдахиа, дараалан хүртсэн. Энэ ДАШТ-ий үеэр ч Щербакова өвчний ул мөр нь бүрэн арилаагүй, тамир тэнхээ сул харагдсан. Харин түүнийгээ сэтгэлийн тэнхээгээр орлуулж чадаж байна, хайрламаар, хүндэлмээр. Дасгалжуулагч Этери бол аугаа тактикч, тооцоологч гэдгээ аргагүй баталж байна даа. Плющенко шиг өндөр оноотой, хүнд элемент хөөцөлдөж, эрсдэл дагуулалгүй , хэзээ нь ямар үнэлгээтэй, ямар элемент хийж, оноогоо ахиулах тал дээр математик ухаан гаргаж байна, гайхуулж байна шавь нараараа. Анна чөлөөт үзүүлбэрт ердөө ганцхан дөрвөлсөн үсрэлт флип дээрээ унасан ч бусад комбинациа амжилттай гүйцэтгэн давамгайллаа хадгалж чадсан. Этери Тутберизигийн гурав дахь шавь нь дэлхийн аварга боллоо. Евгения Медведева 2016,2017 онд, Алина Загитова 2019 онд , 2021 онд Анна Щербакова.

Нээрээ Анна Щербаковад дахиад дэлхийн аваргад амжилт гаргах боломж олдохгүй ч байж мэднэ. Хоёрхон жилийн өмнө л Анна 14-хөн настайдаа Александра Трусова, Алёна Косторная нарын хамт Медведева, Загитова нарыг “ шахан” гарч ирээд, үнэнийг хэлэхэд аваргуудыг “ ажилгүй” болгосон.

Тэгвэл одоо « Гурван А»-ийн дараагийн үе болох 14 настангууд, “ультра -с” үеийнхэн Камила Валиева, Дарья Усачёва, Майя Хромых ( бүгд Этеригийн шавь нар) насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд оролцох насаа өдөр хоногоор хүлээгээд, “үүд хаалга” тогшоод байж байна. Ийм л охидын дунд бэлтгэлээ “шахалдан” хийж байсан Анна өнөөдөр дэлхийн аварга боллоо. Аварга болох ёстой хүн нь аварга боллоо!

Уран гулгалтын ДАШТ-ий түүхэнд эмэгтэй ганцаарчилсан төрөлд өмнө нэг л удаа , 1991 онд АНУ-ын гурван бүсгүй шагналын тавцанг эзэлж байсан билээ. Кристи Ямагучи, Тоня Хардинг, Нэнси Кэрриган гээд.

Тэгвэл энэ жил Оросын гурван охин, гурван өөр багшийн гурван шавь, гурван гайхамшигтай онцлогтой гурван тамирчин Анна Щербакова, Елизабета Туктамышева, Александра Трусова нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Орос охид даналзаж байна даа, дэлхийд.

Ц.Энхтүвшин, “ Таван цагариг”

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу