Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Шведийн Стокхольм хотноо болж буй уран гулгалтын дэлхийн аваргын медальтнууд бүрэн тодорч дууслаа. Өнөөдөр болох үзүүлэх тоглолтоор ДАШТ өндөрлөх бөгөөд өчигдөр бүжгийн хос болон эрэгтэй ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр явагдсан.

Бүжгийн хосын төрөлд Европын аварга, ОХУ-ын Виктория Синицина-Никита Кацалапов нар богино үзүүлбэрт гаргасан алдаагаа засч , чөлөөт үзүүлбэрээ үнэхээр төгс төгөлдөр гүйцэтгэж, үзэсгэлэн гоо бүрдсэн , өөр тансаг ертөнцөөр аялуулж, хөдөлгөөн бүрээрээ хайр илэрхийлсэн гайхалтай үзүүлбэрээр дэлхийн аварга боллоо. 12 жилийн дараа ОХУ-ын уран гулгагчид бүжгийн хосын төрөлд дахин ДАШТ-ээс алтан медаль хүртэж буй нь энэ. 2009 онд АНУ-ын Лос Анжелест болсон ( энэ тэмцээнийг газар дээрээс нь сурвалжилж байжээ) ДАШТ-д Оросын Оксана Домнина-Максим Шабалин гээд бүжгийн хос дэлхийн аварга болж байснаас хойш энэ төрөлд аварга болж чадахгүй байсан билээ, оросууд.

Аливаа юманд сэтгэл зүрхээ бүрэн зориулж байж л амжилтад хүрдэг гэдгийг Виктория-Никита хоёр бас дахин нотоллоо. Энэ улиралд Синицина гэмтэл бэртэл ихтэй, хоюулаа короновирус тусч, хэд хэдэн тэмцээнд оролцож чадаагүй хос асар их хүч хөдөлмөр , сэтгэлээ, ер бүх юмаа зориулсны хүчинд дэлхийн аварга боллоо, үнэхээр “солиотой”. Нээрээ л Никита аварга болсны дараах сэтгэгдлээ хуваалцахдаа “ Бид бүх зүйлээ мөсөн дээр үлдээсэн” гэж хэлсэн нь жинхэнэ “базаад” хэлсэн үг дээ.
Бүжгийн хосын төрөлд мөнгөн медалийг АНУ-ын Мэдисон Хаббелл-Захари Донохью , хүрэл медалийг Канадын Пайпер Гиллес-Поо Порье нарын хос хүртлээ.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медалийн төлөө “оддын дайн” Олимпийн хошой аварга, дэлхийн аваргын хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт, Японы Юзүрү Ханю болон дэлхийн хошой аварга, дөрвөлсөн эргэлтийн “Хаан”, нэг үзүүлбэрт дөрвөлсөн эргэлттэй 5 ба 6 удаа үсрэлт амжилттай “газардсан” түүхэн дэх анхны уран гулгагч Нэйтан Чен нарын хооронд болох нь тодорхой байсан. Харин богино үзүүлбэрээ Чен тааруухан гүйцэтгэсний дараа хоёр “ супер баатар”-ын дундуур Юма Кагияма гээд 17 настай япон хүү ороод ирсэн.

Гэвч гол хөзрийг Ханю болон Чен атгасан хэвээр.

Чен чөлөөт үзүүлбэртээ энэ удаа дөрвөлсөн үсрэлт таван удаа ( дөрвөлсөн лутц, флип, сальхов болон дөрвөлсөн тулуп-ойлер-гурвалсан сальхов, дөрвөлсөн тулуп-гурвалсан тулупын каскад) , ямар ч алдаагүй гүйцэтгэж, 222,03 гэсэн маш өндөр оноо авсан бол хамгийн сүүлд мөсөн дээр гарсан Ханю гол өрсөлдөгчийнхөө “ сансрын оноог” сонсоод “ өвдөг нь чичэрч” , өөрийгөө хянаж чадахгүй болсон бололтой.Удаа дараалан алдаа гаргаж( 4 риттбергер, 4 сальхов, 3 аксель дээр тус тус алдсан) , энэ удаа Чентэй өрсөлдөх ямар ч боломжгүй нь тодорхой болов. Ханю чөлөөт үзүүлбэртээ 188,2 оноо ( Ченээс 40 оноо бага!!!) авснаар нийлбэр дүнгээр хүрэл дээр буулаа. Ханю 2014 оноос хойш анх удаа ДАШТ-д анх удаа үзүүр, түрүүнд хүрсэнгүй дээ.

Харин “энэ завшааныг ашиглаад” Кагияма хүү мөнгөн медаль хүртлээ. Ханюгийн залгалжлагч гарч ирж байгааг хэн байг гэхэв. “Чадахгүй юмгүй Чен” ийнхүү гуравдахиа дараалан дэлхийн аварга боллоо. Одоо түүний гол зорилго Олимпийн аварга болох, дараа нь сургуулиа төгсөх.

Сануулахад Нэйтан Чен багадаа балетын дугуйланд явж, гимнастикаар хичээллэж байсан, гитар дажгүй дардаг, хамгийн гол нь дэлхийд цуутай алдарт Йелийн их сургуулийн жирийн нэг оюутан хүн шүү дээ. Өдөрт заавал ч үгүй нэг сэдэв уншдаг зарчимтай, ухаалаг, даруухан Чен тасархай түрүүллээ, ярих юм алга.

Ийнхүү “Стокхольм-2021” уран гулгалтын ДАШТ өндөрлөж байна, Оросын гулгагчдын ялгуусан амжилтаар.

ДАШТ-ий дөрвөн төрлийн гуравт нь ОХУ-ын тамирчид аваргалж, нийт 12 медалийн тэн хагасыг ( 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл) тэд зүүлээ. АНУ хоёр ( 1 алт, 1 мөнгө), Япон хоёр ( мөнгө, хүрэл) , БНХАУ нэг мөнгө, Канад нэг хүрэл медаль хүртлээ.
Оросын гулгагчид “Бээжин-2022” Өвлийн олимпод оролцох боломжит 10 квотоо ( ганцаарчилсан төрөлд тус бүр нэг улсаас гуравхосын төрөлд тус бүр хоёр ) бүгдийг нь баталгаажуулж чадлаа.

Мөн медаль авсан, аваагүй маш олон бусад орны тамирчдын “ард” ( дасгалжуулагч, хореограф гээд л) орос, зөвлөлтийн гаралтай мэргэжилтнүүд бий. Ингээд бодохоор уран гулгалтын ертөнцөд ОХУ ноёрхож байна. Харамсалтай нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг, ОУОХ -ны бангаар ОХУ-ын төрийн дуулал эгшиглэсэнгүй, далбаа нь намирсангүй. Гэхдээ л Оросын уран гулгагч, Орос тамирчин гэдгийг хэн ч өөрчилж чадахгүй. “Даравч далдайна, булавч бултайх юм даа, “ Русская школа” уран гулгалтад.

Ц.Энхтүвшин, “ Таван цагариг”

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу