Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Шведийн Стокхольм хотноо болж буй уран гулгалтын ДАШТ-ий эхний өдөр эмэгтэй ганцаарчилсан болон спорт хосын тамирчид богино үзүүлбэрээ толилууллаа.
Спорт хосын төрөлд медалийн өрсөлдөөн ОХУ болон БНХАУ-ын гулгагчдын хооронд болох нь тодорхой боллоо. Богино үзүүлбэрийн дараа 2020 оны Европын аварга Александра Бойкова-Дмитрий Козловский нар 80,16 оноогоор тэргүүлж яваа бол дэлхийн хошой аварга, хошой мөнгөн медальт, олимпийн мөнгөн медальт Вэн Жинь Суй -Цун Хань, залуучуудын дэлхийн аварга Мишина-Галлямов нар удаад нь бичигдлээ.

Мөн ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, Европын хошой аварга, хошой мөнгө,хошой хүрэл медальт Тарасова-Морозов, Азийн наадмын мөнгө, “ Дөрвөн тивийн АРТ”-ий мөнгө, хүрэл медальт Пэн Чэн -Жинь Ян нар “айргийн тавд” явна.

Спорт хосын богино үзүүлбэр
1. Александра Бойкова – Дмитрий Козловский (ОХУ) – 80,16
2. Вэньцзинь Суй – Цун Хань (Хятад) – 77,62
3. Анастасия Мишина – Александр Галлямов (ОХУ) – 75,79
4. Евгения Тарасова – Владимир Морозов (ОХУ) – 71,46
5. Пэн Чэн – Цзинь Ян (Хятад) – 71,32
6. Эшли Кэйн-Гриббл – Тимоти ЛеДюк (АНУ) – 64,94
7. Алекса Книрим – Брендон Фрэйзер (АНУ) – 64,67
8. Рику Миура – Рюичи Кихара (Япон) – 64,37
9. Мириам Циглер – Северин Кифер (Австри) – 64,01
10. Кирстен Мур-Тауэрс – Майкл Маринаро (Канад) – 63,45

Үзэгчдийн сонирхлыг хамгийн их сонирхол татдаг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлэх тамирчны тоонд зүй ёсоор орж байсан, дөрвөлсөн үсрэлтийн “Хатан хаан” гэнддэг Александра Трусова 3 лутц -3 тулуп каскад гүйцэтгэх үедээ уучилж боломгүй алдаа гарган, лутцын дараа мөсөнд гараараа тулан арай гэж уналгүй тогтсонба каскад хийж чадсангүй. Бэлтгэлийн үед гайхалтай формтой байна гэгдэж байсан Саша сэтгэл хөдлөл, догдлолоо дарж чадсангүй юу эсвэл алтан медаль гэсэн бодлын дарамтаа дийлсэнгүй юу захиалсан 3 эргэлттэй акселийн оронд дөнгөж хоёр эргэлттэй аксель гүйцэтгэж, бүүр 64,82 оноогоор 12 дугаар байрт бичигдлээ. Трусова хэзээ ч ийм бага оноо олон улсын тэмцээнд авч байгаагүй билээ.

Богино үзүүлбэрт Трусовагийн “ гол хөзөр” дөрвөн эргэлттэй харайлтыг зөвшөөрдөггүй. Одоо нэгэнт алдах зүйлгүй болсон тэрбээр чөлөөт үзүүлбэртээ хамгийн өндөр оноотой, хамгийн хүнд харайлт, элементүүдийг амжилттай гүйцэтгэж байж л медаль руу орж ирэх боломжтой. Дөрвөн эргэлттэй үсрэлт таван удаа, дээр нь 3 аксель хийх боломж Сашад бий. Амжилттай гүйцэтгэсэн тохиолдолд мөнгөн медальд хүрэх ч “шаанс” бий. Харин аварга, алтан медалийн бодлоо орхихоос өөр аргагүй болсон биз ээ. Хөлийг нь тэшүүрт хүргэж, нэрийг нь мандуулж өгсөн Этери Тутберизе багшаасаа нүүр бууруулж, Плющенкогийн багт орсон Трусова “байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил амардаггүй” гэдэг шиг нэг л болж өгөхгүй байна даа.

2015 оны дэлхийн аварга Елизавита Туктамышева энэ удаа медалийн тухай бодохоосоо илүү, дэлхийн дэвжээнд зургаан жилийх дараа дахин гулгах гэж буйдаа л сэтгэл хангалуун буйгаа ярьж байсан. Үнэхээр ч ямар нэг сандрал огт үгүй тайван итгэлтэй, урам зоригтой үзүүлбэрээ үзүүлж, гурвалсан аксель, гурвалсан лутц-гурвалсан тулуп каскад, гурвалсан флип амжилттай гүйцэтгэн, гуравдугаарт бичигдлээ. Чөлөөт үзүүлбэртээ алдаагүй, цэвэр гулгахад л Лиза медаль зүүх боломжтой.

Медалийн төлөө өрсөлдөх Орос охидын гол өрсөлдөгч хэмээн таамаглагдаж байсан Кихира үүнийгээ нотолж, маш гайхалтай гулгалаа. Гурвалсан флип-гурвалсан тулупын каскад( комбинаци), гурвалсан аксель, гурвалсан лутц амжилттай гүйцэтгэсэн, Кихира. Чөлөөт үзүүлбэрт дөрвөлсөн сальхов гүйцэтгэж, алтан медалийн төлөө гулгах нь гарцаагүй.
Богино үзүүлбэрт Анна Щербакова ёстой л төгс гэж хэлж болохоор гулгалаа. Ямар ч стрессгүй, уян налархай, зөөлөн, маш итгэлтэй, яарч тэвдэлгүй ямар ч гоё гулгав. Гурвалсан лутц-гурвалсан риттбергер комбинацийг маш цэвэрхэн алдаагүй гүйцэтгэж, техникийн хувьд огт алдаагүй тэшлээ.

Мөсөн дээр сийллээ, сийллээ Аня.

Уран гулгалт зөвхөн харайлт биш гэдгийг ч харууллаа. Чөлөөт үзүүлбэртээ хоёр дөрвөлсөн үсрэлтээ хийхэд л алт хармаанд нь бараг л ороод ирнэ дээ.

Эмэгтэй, богино үзүүлбэр
1. Анна Щербакова (ОХУ) – 81,00
2. Рика Кихира (Япон) – 79,08
3. Елизавета Туктамышева (ОХУ) – 78,86
4. Карен Чен (АНУ) – 74,40
5. Ким Йе Лим (БНСУ) – 73,63
6. Каори Сакамото (Япон) – 70,38
7. Брэди Теннелл (АНУ) – 69,87
8. Хэ Ин Ли (БНСУ) – 68,94
9. Маделин Скиза (Канад) – 68,77
10. Луна Хендрикс (Бельги) – 67,28
11. Ольга Микутина (Австря) – 67,18
12. Александра Трусова (ОХУ) – 64,82
13. Екатерина Рябова (Азербайжан) – 64,11

Пүрэв гарагт эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр( Юзүрү Ханю vs Натэн Чен хоёрын дуэль), спорт хосын чөлөөт үзүүлбэр явагдаж, “Стокхольм-2021” уран гулгалтын ДАШТ-ий анхны медальтнууд тодорно.

Ц.Энхтүвшин,” Таван цагариг”

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу