Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнгөрсөн сарын эхээр МЗЭ-ийн шагнал хүртсэн зохиолч, яруу найрагчдын нэг бол Ө.Пүрэвсүрэн. 2019 оны уг шагналыг "Шоргоолжны амьдрал"шүлгийн түүврээрээ хүртсэн тэрбээр бусдын жишгээр Эрх чөлөөний орныг зорьсоор чамгүй хугацааг үджээ.

МЗЭ-ийн салбар зөвлөл, Америк дахь монголчуудын утга зохиолын нийгэмлэгийн тэргүүний албыг хашиж буй яруу найрагчтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэе. Бидний ярилцлага мессенжерээр үргэлжилсэн билээ.

- Юуны өмнө МЗЭ-ийн шагнал хүртсэнд тань баяр хүргэе.Хэдэн жилийн бүтээл туурвил,хичээл зүтгэлийн үр дүн бэ?Анх Монголын утга зохиолд орж ирсэн үеэ дурсвал...

- Би номноос салдаггүй хүүхэд байлаа. Ээж маань монгол хэл, уран зохиолын багш байсан болохоор ихэд хөхиүлэн дэмжиж, янз бүрийн ном,сэтгүүл захиалж өгнө. 1991 он шиг санагдана, 5-6-р ангид байсан юм даг. "Эгшгийн бүүвэй"гэдэг яруу найргийн наадамд хонины морины тухай шүлэг бичээд өгтөл түрүүлчихдэг юм байна. Тэгээд Дундговь аймгаасаа шалгарч, говийн бүсийн уралдаанд оролцоод аман хүзүүдчих нь тэр. Хойтон нь улсын "Хүрэл тулга"наадамд айрагдлаа. 1995 онд "Хүрэл тулга"-д түрүүлсэн юм,би. Ингэж уралдсаар, урамшсаар байгаад эргэлт буцалтгүйгээр их утга зохиолын хүн болсон доо.Хоёулаа ярилцлагынаа эхэнд нэг юм тохирчих уу?

- Юу тэр вэ?

- Өөрийнхөө тухай гэхээс өрөөл бусдын талаар түлхүү ярина гэж.

- Уг нь өөрийн чинь л тухай ярилцлага юм шүү дээ...

- Тийм л дээ. Гэхдээ өнөөдрийн Пүрэвсүрэн гэдэг найрагчийг бүтээсэн тэр хүмүүсийг өөрөөсөө дутахгүй дурсмаар байна.

- Бололгүй яах вэ. Ингэхэд Америкт хэр удаж байна?

- Хориод жил болчихжээ.

- МЗЭ-ийн шагнал хүртсэн "Шоргоолжны амьдрал"шүлгийн түүврээ ээждээ зориулсан гэж сонссон...

- Миний хамгийн анхны уншигч, миний хамгийн анхны хөгжөөн дэмжигч гэж ээжийнхээ тухай дурсах би дуртай. Хүүгээ зохиолч болгох гэсэн эх хүний хүсэл мөрөөдөл, дэмжлэг тус намайг өдий зэрэгт хүргэсэн. Муу ээж минь хэдэн жилийн өмнө ослоор бурхан болсон доо. Амьдралд сөхрөөгүй тэр хүчирхэг өвдөг мөнх бусын жамын өмнө аргагүй бохирсон. Сэтгэлийн их шаналалтай хэдэн жилийг үдлээ,одооноос л хувь тавилантай эвлэрч байна гэх үү дээ. Багтарсан тэр сэтгэлээс голдуу гарсан шүлгүүдээ нэгтгээд, ном болгон хэвлүүлж, ээжийнхээ дурсгалд өргөсөн нь надад МЗЭ-ийн шагнал авчирлаа. Эх хүн гэдэг ийм агуу.

- Монголын уран зохиолд олон уран бүтээлчийг бэлдэж өгсөн УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийг төгссөн найрагчдын нэг нь та...

- Өө, тэгэлгүй яах вэ. Аравдугаар анги төгсөх жилээ буюу 1995 онд улсын "Хүрэл тулга"-д түрүүллээ. Тэгсэн наадам шүүж байсан УБИС-ийн монгол хэл,уран зохиолын тинхмийн декан, найруулга зүйн нэрт эрдэмтэн, яруу найрагч Отгонсүрэн "Энэ хүүхдийг сургуульдаа авна, намар ирээрэй" гэсэн. Монголын уран зохиолын нэгэн том цутгалан болсон энэ ангид ингэж урилгаар орж байлаа. Мэргэжлийн багш маань Отгонсүрэн гэж Монголын том эрдэмтэн,сайхан найрагч. "Усны тунгалаг Тамирын гол", "Хайрхан уулын бараа", "Хайрын шувуухай", "Манай цэцэрлэгт тоо заасан" гээд олон сайхан дуутай хүн дээ. Даанч харамсалтай нь Архангай нутгийнхан нь ч, эхнэр хүүхэд нь ч бага дурсах юм. Уг нь Архангай аймгийн нэрийн хуудас, сүлд дуу болсон хоёр ч дууны шүлгийг бичсэн найрагч юм шүү дээ.

Өөрийн тань ах, талийгч Одонтөр багштайгаа би бас их ойр явсан. Чи мэдэх газар даа. Гэрт нь очиж, хоол хийж идээд, супер үгийн сүлжээ бөглөөд л. Сайхан эрдэмтэн, орчуулагч багш маань мөн л хар залуугаараа тэнгэрийн орныг зорьжээ. Олон сайхан хүний тухай өнгөрсөн цаг дээр дурсах шиг гуниг алга аа.

- Та чинь Бавуугийн Лхагвасүрэн гуайн шавь байх аа?

- 1997 онд ээж минь дагуулж очиж, Лхагвасүрэн ахад шавь оруулж байсан юм. Гэхдээ нэг хэсэг Лхагвасүрэн ахаас зугтаж явсаан.

- Яагаад?

- Бичиж гавьсан юмгүй болохоороо л тэр байхгүй юу. Хүүхэлдэйн театрын дарга байхад нь ганц нэг очсон. Сэтгүүл зүй, сонин хэвлэл гээд нэг хэсэг шүлэг, яруу найргаа завсарласан тал бий. Харин Америкэд суурьшсан хойно минь Лхагваа ах над дээр олон ирсэн. Тэр агуу хүний тухай яривал та бид хоёрын цаг гүйцэхгүй.

- Тийм л дээ. Гэхдээ тэр агуу хүний тухай дурсамж сонирхолтой байх нь дамжиггүй...

- Мэдээж, Монголын ард түмний хайртай яруу найрагч нь, оюун санааных нь том залуурч. Тэр талаар би нуршихын хэрэггүй шүү дээ. Надад, миний хань ижилд, үр хүүхдэд ер нь хайртай бүхэнд маань хайртай сайхан ах минь байсан. Багш, шавийнхаас илүү ах, дүүгийн барилдлагаатай байсан байж мэднэ. Олон сайхан дурсамж надад үлджээ. Ах минь над дээр олон ирсээн. Цөсний хагалгаанд орж гурав хоночхоод нисээд ирж л байлаа. Учир нь уран зохиолын арга хэмжээнд оролцох хүмүүст маань АНУ-ын ЭСЯ виз олгодоггүй юм. Тэгээд тогтмол визтэйгээр нь муу Лхагваа ахыгаа дуудаж байгаа нь тэр. "Олон буудуулсан бурхи шиг байна уу?" гээд хагалгааны сорвинуудаа харуулаад хөхөрч суусан нь чихэнд сонсогдох шиг болж байна. Энгүй хүн гэдэг төгсгөлөө мэддэг юм билээ. Хамгийн сүүлд 2017 онд жигтэйхэн их бэлэг сэлттэй ирээд л, төвөгшөөгөөд ийш тийшээ явдаггүй хүн чинь Ниагарагийн хүрхрээ, Индиана муж гээд олон газраар хачин уриалгахан цуг аялсан. Явахдаа эхнэртэй минь салж ядан тэврэлдэж уйлалдаад л. Ах минь хожим дурсан ярьж, сэтгэлээ зогоож суух олон дурсамж бидэнд үлдээсэн.

- Та ямар урсгал, төрөл жанраар бүтээлээ туурвидаг вэ?

- "Өөрийнхөөрөө" гэдэг урсгалаар туурвидаг хүн дээ. Бусдыг ч гэсэн тийм байгаасай гэж хүсэх юм. Манайхан нэг тийшээ савлахаараа хуйларч, завиа хөмөрчих гээд байдаг туйлшрамтгай улс л даа.

- Юу гэсэн үг вэ?

- Нэг урсгалыг хэт барьж, нөгөөгөө үгүйсгэх хандлагыг хэлж байна л даа. Модернизм ч, монгол шүлэг ч адилхан их уран зохиолын мөрөнд цутгаж буй гол горхинууд. Ингэж их мөрнийг үүсгэдэг. Тэрнээс биш бүх яруу найрагч Галсансүх эсвэл Бавуудорж шиг бичдэг болчихвол утгагүй биз дээ? Миний хувьд уламжлалт реализм, монгол шүлгийн хэв маягаа барьж явдаг.

- Номууд тань "Үүлэн домог", "Шоргоолжны амьдрал" гээд сонирхолтой нэртэй юм...

- Хүмүүс шиг гоё содон нэр өгөх гэж махардаггүй. Дотор нь байгаа шүлгээр л өгчихдөг юм. Гэхдээ мэдээж утга харалгүй яах вэ. "Шоргоолжны амьдрал"-ын тухайд гэвэл ерөөсөө л хүний амьдрал юм шүү дээ. Биднийг дээрээс харвал тийм л дүр зураг харагдана. Миний амьдрал ч тэр зургаар хөвөрч байна.

- Хориод жил бичсэн гэхэд дөрвөн ном чамлалттай биш гэж үү?

- Надад бол хангалттай санагддаг. Чин үнэндээ би шүлгийг тэгж шударч бичдэг хүн биш ээ. Их удаан бодно,заримдаа бүр гацна. Шүлэг бичнэ гэдэг чинь төсөөллөөс онхи өөр ажил шүү. Зарим хүн их хялбархнаар төсөөлдөг бололтой юм шиг билээ. Тэрэндээ,энэндээ зориулаад шүлэг зохиолгох гэсэн юм ч гэж байх шиг. Хамгийн товчхоноор энгийнээр хэлэхэд чансаатай шүлэг бичих гэдэг чинь надаас бус онгод тэнгэрээс хамааралтай эд санагддаг. Харин олон шүлэг бичих нь дадал байж болох юм.

- Таны шүлгээр бүтсэн "Үүлэн домог", "Хагацаж чадах уу?" дууг бид мэднэ...

- "Үүлэн домог"-ийг "Камертон"хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт Болд, "Хагацаж чадах уу?"-г Болд, "Гурван охин"-ы Соло нар хамтарч дуулсан. Ер нь би олонд түгсэн, түгээгүй 20 гаран дууны шүлэг бичиж Болд, "Хурд"ын Отгонбаяр, "Хоовон" Энхбаяр, Цэн.Эрдэнэбат, Эрдэнэбаяр, Эрдэнээ, Төмөр гээд олон хөгжмийн зохиолч, ая зохиогчтой хамтарч ажиллажээ.

200-300 дуутай хүний хажууд ярихаас ичмээр дамшиг даа. Дууг гурван жигүүртэй гэдэг. Би дуу хийх дуртай. Нөгөө сэтгүүлч болох хүсэл маань ч үүнтэй холбоотой гэдэг шиг Дундговиос гаралтай маань ч холбоотой биз ээ.

- Дундговь гэснээс таны төрж өссөн нутаг усны талаар ярилцаж болно биз дээ? Эх орон, нутаг усаа хэр санах юм бэ?

- Энэ асуултанд чинь нэг шүлгээрээ хариулчхаад дараа нь сэдэв рүүгээ эргэж оръё, тэгэх үү?

- За.

- Аян холын жолоо эргүүлж
Амьтан хүн Монгол буцаж гэнэ гэж дуулаад
Адууны араас дэгэх чөдөртэй морь шиг сэтгэл минь
Араас нь дагаад нисчихмээр санагдах юм.
Хөөстэй цэнхэр далай гатлаад
Хүний үр ээжээ зорьж гэж сонсоод
Хүсэл шунал бүгдийг огоорч
Хөхийтэл санаж суугаа ижийдээ очмоор бодогдох юм.
Бусдын нутгаас гэрээ ачаалж
Буурь сэлгэж айл нүүлээ гэж дуулдахад
Нутаг дээр гээгдсэн шагай шиг сэтгэлд
Нууцхан цагаан атаа төрөх юм.
Ангасан адуу ус залгилах шиг
Агаар салхийг нь залгилж байгаа гэж
Айраг шиг амттай бодол шуугихад
Амаа шилэмдэж тамшаалмаар санагдах юм.
Хүн Монгол буцаж гэж дуулдахаар
Хүлээлтийн үзүүр хаахна бол гэж санааширдаг ч
Зориод очих нутагтай байгаа цагт
Золгоод үнсүүлэх ээж минь байгаа цагт
Учирна гэсэн гэгээн бодолдоо
Уужирч дотор минь цэлмэдэг ээ
Хүн нутаг буцаж гэж дуулаад...

- Нутгаа ингэтлээ санаж суухаар хүрээд ирж болдоггүй юм уу?

- Өөрийгөө бодох юм бол тэрэн шиг амархан юм алга. Өөрөөр бодвол очиж сайн муу юманд нь хутгалдаж, мөн чанараа худалдаж явснаас эндээс боломжоороо илүүчлээд суух нь одоохондоо дээр ч юм шиг. Гадаадад байгаа монголчуудыг би эх орондоо хөрөнгө оруулж байгаа гэж хардаг. Япон, Солонгос зэрэг олон улс энэ замыг туулсан юм билээ. "Жаргахын цагтаа хамгийн сүүлд дурсдаг ижийгээ зовохын зовохын цагт хамгийн түрүүнд дууддаг дууддаг аа, бид" гээд сайхан шүлгийн мөр шиг зовлон тохиолдоход "цагаач, эх оронд минь ясаа тавих гэж битгий ирээрэй" гэж адалдаг гадаадад байгаа монголчуудаасаа хамгийн түрүүнд тусламж гуйдаг шүү дээ, бид. Монгол хүн, монгол адуу хоёр харьд идээшил муутай хойно бид хариад л очно. Харин та нар минь л нэг учраа олоодохвол улс эх орон маань сайхан болно доо. Монгол хүн гадаадад гарч ажилладаг бус гадныхан манайд ирж ажилладаг сайхан цаг ирнэ ээ.

- Та МЗЭ-ийн салбар зөвлөл, Америк дахь монголчуудын утга зохиолын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаад хэдэн жил болж байна? Энэ нийгэмлэгийнхээ тухай танилцуулаач...

- Харийг зорьсон нүүдлийн уртад хэл соёл, уран зохиол минь гээгдэж алдруузай гэх бодлын үүднээс 2013 онд Лхамжав, Тэргэл, Дашмөнх, Бишүүгарам, Мөнхтөр, Галбадрах нарын зэрэг бидний хэсэг нөхөд санаа нэгдэж, энэ нийгэмлэгийг үүсгэн байгуулаад, тэргүүнээр нь намайг сонгосон юм. АУЗ Лхагвасүрэн ах маань ирж, биднийг адислаж байлаа. Бид Америк дахь монголчуудын уран зохиолын уламжлалт баяр "Тулга"уран үгсийн чуулганаа зохион байгуулалцаж, "Хөх зөн"яруу найргийн наадам, "Яруу үдэш"уншигч, зохиолчдын цэнгүүнийг үүсгэн санаачилж, ном товхимлууд хэвлүүлэх гээд чамгүй ажлыг завгүй амьдралынхаа завсар зайгаар хийж бүтээжээ. Мөн энэ хугацаанд 30 гаран зохиолч, уран бүтээлчийг урьж авчран, Америкийн монголчуудынхаа оюуны цангааг тайлж.

- Дууны үгээ зарж худалддаг уу? Ер нь хамтлаг,дуучид тодорхой хэмжээний урамшуулал өгдөг үү?

- Өө үгүй,үгүй. Одоо бол бүр өөрөө мөнгө төлж, ая зохиолгох хандлагатай болсон байна билээ. Дууны тал дээр шүлгийг нь бичсэн найрагч их орхигддог л доо. Клипэн дээрээ нэр оруулахгүй байх энэ тэр энүүхэнд. Гэлээ гээд хэндээ ч гомдох билээ дээ. Бид л өөрсдийнхөө үнэ цэнийг өөрсдөө тогтоох байж, анхнаасаа л.

- Таны "Үүлэн домог"дуу дууны үг бас л сонирхолтой шүү...

- "Домгийн сэдэвтэй, "Хөхөө Намжил"-ын ая хэмнэлээр дуулах дууны шүлэг бичиж өгөөч" гэж Болд надад хандсан юм. Тэгэхээр нь өөрт байсан "Ханьдаа өргөх шүлэг"гэдэг шүлгийнхээ Зам зуурын нөхөд үүл шиг нүүгээд одоход Заяаны хань чи минь л Уул шиг торгоод хоцорно гэдэг мөрүүдээс санаа аваад "Үүлэн домог"-ийг тэр дор нь бичиж билээ. Яахын аргагүй олонд намайг таниулсан уран бүтээл л дээ. Нэг танил маань"Үүлэн домог "-ийн шүлгийг чи бичсэн юм уу? Би анх сонсчхоод "Бусдаас өөр, ямар аймаар шүлэг вэ" гэж бодсон" гэж ярьж байсан шүү.

- Үргэлжилсэн үг рүү орж байна уу?

- Хэвлэгдээгүй өгүүллэг, тавигдаагүй жүжиг, хийгдээгүй киноны зохиолууд мэр сэр бий бий(инээв). Миний дараачийн ном өгүүллэгийнх байна байх.

- Америк орны юу нь таныг тэгтлээ татаж,олон жил амьдруулчхав аа?

- Хүмүүс хөгжил, дэвшил,амьдрахад таатай орчин гэж боддог байх. Намайг хүн бүрт тэгш үйлчилдэг, хэнийг ч алагчлахгүйгээр адилхан боломж олгодог нийгэм л татсан гэж хэлнэ.

Өөрөөр хэлбэл амьдрахуйн төлөөх миний болон хэн нэгний эрх ашгийг хөнддөггүй тэр тогтолцоо юм даа. Гэтэл манайд эсрэгээрээ цагдаад, эмнэлэгт, гаальд, татварт, шүүхэд гээд л салбар болгонд танил талтай байхыг шаарддаг нь харамсалтай.

- Бидний ярилцлага өндөрлөх тал руугаа хандаж байна. Гэр бүлээ танилцуулаач. Хүүхдүүдээс чинь таны авьяасыг өвлөх нь үү?

- Лхагваа ахын минь үнэлдэг байснаар байснаар нэр шигээ Саруул бүсгүйтэй 20 гаруй жилийн зовлон,жаргал дундуур хамтдаа туучиж явна. Хүний амьдрал энхэл, донхолтой. Тэр энхэл, донхолд гээгдэчхэлгүй ханьтайгаа хорвоог туулна гэдэг азын сугалаа юм аа. Муу хүний заяа завагт гэгчээр надад мундаг сугалаа таарсан(инээв). Том охин юм оролдоод байсан, ойрд чимээгүй болж. Санаагаар болдог бол унаган англи хэлтэй, англиар шууд бичдэг анхны монгол зохиолч төрүүлчих юм сан гэж мөрөөдөх л юм. Гэвч одооны хүүхдүүд чи бидний багатай огт адилгүй, өөрийн гэсэн бодолтой, хэрсүү болчихсон юм даг уу даа.

- Санаж явбал бүтнэ гэж. Санаагаар болж,мөрөөдөл тань биелэх болтугай гэж ерөөе. Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан Ш.Эрдэнэтөр
bataar.mn: http://bataar.mn/n/92291

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу