Зам загархуу боловч зарааны үс шиг хурц өргөстэй кактусны модод дундуур хөтлөж машин дотор түйрэн бужигнана.Түрээсийн газраас авсан жижиг тэрэг баян ходоодны даага шиг халтайсан амьтан болжээ.Цаг шахуу сэгсчүүлсэн шороон зам тэр хөтөл хүрээд дууссаныг бодоход бид зорьсон газраа ирсэн,эсвэл төөрч зам мухардсан бололтой.Буугаад харваас харууцтай нь илт хадат ухаа өөд мацаж гарав.Ээ хайрхаан.Би юу харсан гээч.Сүм хийдийн тансаг уран дээврүүд мэт,манай нутгийн Хан уулын хавтгай оройг мянгантаа хувилаад тавьсан мэт байгалийн эхийн хосгүй хийц цав,хавцал нүдний өмнө тодроод,зуны салхидсан тэмээд шиг зүүн тийшээ цуварч одсоноо түрүүч нь тэнгэрийн хаяанд уусан нийлсэнийг ажихуй тэрнээс цааш ч үргэлжилдэг төлөвтэй.Энэ бол хоёр мянгаад оны дунд үеийн явдал.Дэлхийн байгалийн 7 гайхамшигийн нэг Grand Canyon буюу Их хавцлын баруун үзүүрт зогсож буй нь энэ юм.Лас Вегасаас гараад зам товчлох гээд төөрч машинтай хүн бараг хүрдэггүй талаас нь хүрсэн нь тэр л дээ.Өргөөшөө 29 км,уртаашаа 446 км урт байгалийн энэ хосгүй нүсэр бүтээлийг харж бахдахдаа дотроо би Цагаан суваргаа л бодож зогслоо.
X X X X
Тэрүүхэн хойхно зам дагаад галт тэрэг жингийн цуваа шиг хөвөрч,одоохон л өнөө Америкийн вэстэрн кинон дээр гардаг шиг буттай толгодын оройгоос олон өд цухалзаснаа морьтон индианчууд тоос татуулан уулгалан довтлоод ирэх юм шиг санагдана.Гэвч тийм цаг он цагийн тэртээд улирсаныг нэхэн бодохуй нутгаа булаалгасан уугуул иргэдийн тухай гунигт бодолд хэсэг автав.Би Оклахома мужийн нутгаар давхиж явна.Булаг ч юм уу эсвэл үер уруйны ус гүйдэг болов уу гэмээр элстэй сайр харагдахад зээлийн газар төөрч будилж яваад нутгийн хүнтэй таарсан мэт учиргүй баяр төрж,зогсож буугаад элсийг нь самарч уйлмаар санагдав.Би Амарбулагаа л бодож явлаа.
X X X X X
Говийн хүн харах юм бол ийм их ус гэж бас байдагаа гэж уулга алдмаар их усан түрхрэн хүрхрэн доошоо унана.Доор нь очоод харахад тэр их усан тэнгэрээс унаж байна уу гэлтэй санагдана.Лхагваа ахын бодол тэртээд бэлчээд тамхины үнсээ ч унагахаа мартан дүмбийжээ.
Дэлхийн байгалийн нэгэн гайхамшиг Ниагарийн хүрхрээн дээр багштайгаа ирээд буй нь энэ.Ардын уран зохиолч эрхэм Б.Лхагвасүрэн юу бодож суусныг би мэдэхгүй.Магад лав Халзан Бөзөнхийн гол,багадаа усанд нь умбаж шумбаж өссөн Туул гол,Лүнгийн шугуйгаа бодож нэгэн сайхан шүлгийн мөр сэтгэлд нь амилж байсан биз ээ.Харин би хаа холын хангай нутгаас халуун говийг минь гэсээр гүйгээд ирдэг гүнж усан Онгийн голоо бодож суулаа.
X X X X X X
Олон олон сүмбэр уулс,сүрлэг гол мөрөн,олон сайхан газар үзжээ.Миний нутгийнхаас хэд дахин том,магад илүү үзэсгэлэнтэй ч байх.
Байгалийн сонин чамин тогтоц,хүний нутгийн сайхныг бахдан харах бүрийд дотроо би өөрийн нутгаа л боддог.Яагаад гэвэл тэр чинь минийх юм.Буузан бойтогныхоо мөрийг гаргаж минийх гэж тамгалсан нутаг ус минь юм.Хүний нутгаас санагалзаж суудаг зовлон минь,жаргал минь юм.Үхэтлээ санадаг нутаг ус,эх орон минь минийх.Орхиод гарах минь өөрийн зоргоороо шиг,очих минь ч үл хоригтой газар шороо.Яагаад гэвэл энэ чинь Миний л эх орон.Миний.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Өлзийбатын Пүрэвсүрэн
2020-03-28
Чикаго хот,АНУ