Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сосорбарамын Отгонбаяр, Өдрийн сонин
Манай сонины АНУ дахь сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ Монголд түр хугацаагаар иржээ. Түүнтэй ярилцлаа.

- Монголд хэзээ ирэв. Хаагуур ямар ажлууд амжуулав?

- Наймдугаар сарын 23-ны өдөр Монголдоо ирсэн. Олон ажил амжууллаа. Хэд, хэдэн газар лекц, яриа хийлээ. Эх хэлний өдөр 1000 багш Хүүхдийн ордонд цугласан. Тэнд Төрийн хэлний зөвлөлтэй хамтарч лекц уншлаа. Гадаад хүмүүст монгол хэл заадаг “Содон чимээ” гэж сургууль байдаг. Тэр сургуулийн багш нарт зориулж “Тархины үйл ажиллагаа ба хэл сурах арга барил” гэсэн сэдвээр сургалт зохион байгууллаа. Монгол Услын Боловсролын их сургууль дээр “Хэл заах шинэлэг аргууд” гэсэн цуврал сургалтууд хийж байгаа. Хоёр ном хэвлүүллээ. Нэг нь хуучин л даа. “Сонирхолтой шинжлэх ухаан” гээд. Нөгөөх нь “Эртний Грекийн домог” гээд шинэхэн номоо дөнгөж хэвлэлтээс авлаа. Мөн өнөөдөр (өчигдөр) Америкийн Монгол судлалын төв дээр Америк-Монгол Улсын харилцааны талаар лекц унших гэж байна. Маргааш (өнөөдөр) Далив хутагтын тухай Америк дахь амьдрал байдлынх нь тухай шинээр олдсон янз бүрийн материал, гар бичмэлүүдээр нь Монгол Услын Боловсролын их сургуулийн түүхийн тэнхимтэй хамтран семинар зохион байгуулна. Тэгээд дундуур нь Ховд аймаг руу явж ээжийгээ нутаг үзүүлээд ирлээ.

- Ирэх амралтын өдрүүдээр “Үндэсний номын баяр” болно. Таны ном их эрэлт хэрэгцээтэй байдаг шүү дээ. Та өөрийн биеэр номын баярт оролцож амжих уу?

- Номын баярын хоёр өдрийн нь нэг өдөрт оролцоно. Би 15-ны өдөр АНУ руу явна. Өмнө нь номнуудаа “Өдрийн сонин”-ы сэтгүүлчдийн номтой цуг тавиад холоос явуулдаг байсан. Энэ удаад би өөрөө очиж уншигчидтайгаа ойр ярилцаж санал солилцох боломж гарч байгаа. 14-нд номын баяртаа оролцоно. “Өдрийн сонин”-ы асарт сууж байна. Энэ номын баярт нэг шинэ бүтээлтэй оролцохоор төлөвлөөд байна.

- АНУ-д одоо ямар ажил хийж байгаа вэ. Ямар судалгааны ажил дээр ажиллаж байна?

-Би яг одоогоор Америкийн Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтнээр ажиллаж байгаа. Конгрессын номын сангийн сан хөмрөгийг сайн ухаж чадвал Монголтой холбоотой сонирхолтой зүйлсүүд маш их гарахаар байна. Хамгийн гол нь түүнийг хийхэд маш их цаг зав хэрэгтэй. Одоогоор 17-18 дугаар зууны үед гадаадын Монголыг сонирхон зорьж очдог байсан хүмүүсийн тэмдэглэл, Далив хутагтын Америкт байхдаа юу хийж байсан сонин сэтгүүлийн материал, өөрийнх нь гар бичмэлийг судлах санаатай ойрын үед ажиллаж байна.

- Америкт Монголын соёлын өдрүүдийг хийнэ гэсэн. Тэр ажилд та гар бие оролцох уу?

- Монгол соёлын төв гээд арав гаруй хүнтэй идэвхтэй байгууллага байдаг юм. Америкт амьдардаг монголчууд нэгдсэн. Манайхаас олон улсын Монгол судлалын эрдэмтдийн хурлыг санаачлан зохион байгуулаад 14 дэх жилдээ болох гэж байгаа. Энэ хугацаанд нэг ч удаа тасраагүй. Элчин сайдын яамтай хамтран хийдэг. Үйл ажиллагааны маань цар хүрээ улам тэлж, Элчин сайдын яамны байранд хийдэг байсан бол одоо Смиционы хүрээлэнд хийхээр болсон. Америкийн музейн үзмэрүүд амилаад байдаг хөөрхөн кино байдаг даа. Тэр музейн байранд хийхээр болсон. Энэ бол АНУ-ын төрийн ганцхан музей. АНУ-д ерөөсөө төрийн байгууллага гэж байдаггүй. Төрийн хоёрхон байгууллагатай. Нэг нь Конгрессын номын сан, нөгөө нь Смиционы хүрээлэн. Өөр урлаг соёлтой холбоотой төрийн байгууллага гэж байхгүй. Харин манай монгол соёлын өдрүүд ирэх оны хоёрдугаар сард төрийн хоёр байгууллагад хоёуланд нь зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Энэ их том ажил. Үүнийг далимдуулаад хоёрхон өдөр эрдэмтэд эрдэм шинжилгээний хурлаа тавиад өнгөрөх биш гурав дахь өдөр нь Монголын үндэсний урлаг, урлаг соёлын арга хэмжээг Соёл урлагийн их сургуультай хамтраад хийнэ гэж бодож байгаа.

- Цаашид танд “Өдрийн сонин”-ы уншигчдадаа зориулаад сонин содон зүйл хийхээр төлөвсөн ажлууд бий юу?

- Бий бий. Би “Өдрийн сонин”-ыхоо уншигчдад өөрийнхөө хувийн цуглуулгуудаас болон Конгрессын номын сангаас олон сонирхолтой зүйлүүд гарч ирнэ. Тэр болгоныг аль болох цаг алдалгүй орчуулаад, монгол хэл дээр байвал ийм зүйл байдаг юм байна гэдгийг хурдан шуурхай хүргэхээр төлөвлөөд байна. Жишээлбэл, “Өдрийн сонин”-д эртний материал дотроос Д.Нацагдоржийн өмнө нь хэн ч мэдээгүй, уншаагүй байсан зохиол гарч ирсэн тухай хүргэж байсан. Би өөрөө түүнийг Д.Нацагдоржийн зохиол мөн шүү гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолсон. Тийм том зохиолыг саяхныг хүртэл бид мэдээгүй байсан. Гэх мэтчилэнгээр сонин сайхан зүйлүүд ихийг олохыг хичээнэ. Олсон болгоноо “Өдрийн сонин”-ы уншигчдадаа хуваалцахыг хичээнэ.

- Америкийн номын сан Монголын номын санг бодвол арвин их сан хөмрөгтэй байх?

- Орчин үед гарч байгаа монгол номын сан хөмрөгөөр Монголын номын санг гүйцэхгүй л дээ. Яагаад гэвэл манай номын сангууд дэргэд нь байгаа юм чинь. Шинээр гарч байгаа бараг бүх л номыг авч байгаа болохоор. Гэхдээ манай Конгрессын номын сан шинээр гарч байгаа монгол номыг авна аа авна. Нэг зүйлийг зоригтой хэлэхэд Монголд гарч байгаа бүх чухал номыг Конгрессын номын сан авч байгаа. Монгол номоороо хэдий дутуу ч гэсэн Монголын тухай гадаадад гарсан номууд, энд байхгүй их зүйл тэнд байдаг. Тийм учраас монгол судлаач нар тэнд ажиллавал их сонирхолтой.

- Тэр их арвин сан хөмрөгийг ганцхан хүн судалж барна гэж байхгүй л байх даа?

- Тэнд Монголын талаар асар их баримт бий. Мэдээж ганц хүн судалж дуусна гэж байхгүй. Тиймээс монгол судлаач эрдэмтэд, Монголын төрийн бус байгууллагууд, Монголынхоо түүхийг сонирхдог хэн бүхэн манайхтай хамтран ажиллаж болно шүү. Тиймээс надтай “Өдрийн сонин”-оор дамжуулан хамтран ажиллах хүсэлт тавибал хэзээд нээлттэй шүү гэдгийг энэ дашрамд уншигчдадаа хүргэе.

Өдрийн сонин: https://dnn.mn/м-саруул-эрдэнэ-өдрийн-сонин-ыхоо-уншигчдад-ану-ын-конгрессын-номын-сангийн-олон-сонирхолтой-баримт-мэдээллийг-хүргэнэ/

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу