Хүнс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хоол хүнсээ нэг дор ахиухан базааж, гэрээс гаралгүй, халдвар тархалтыг намжаахад иргэн бүр чармайж буй. Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ амархан мууддаг тул 10 хоногтоо нэг
удаа худалдан авалт хийхээр дэлгүүр гарах шаардлагатай нүүр тулж байгаа нь цөөнгүй. Энэ л жишгээр өнөөдөр амны хаалтаа зүүгээд Костко, Валлмарт зэрэг дэлгүүрээр ороод
гарлаа. Ногоо жимс, талх, мах, сүү, өндөг хангалттай байна. Нүдний гэм болсон ариун цэврийн цаас, гурил будаа хүртэл лангуу дүүргэжээ./Оклахома муж/ Хүмүүс хоол хүснээ
цуглуулахдаа халдвар авахгүйг хичээж, зарим нэг нь амны хаалт зүүн, хоёр метрийн зай баримталж байгаа нь илт. Титэмт вирусээс болгоомжилж буй шигээ сагсанд хийж буй
хоол хүнсэнд агуулагдах химийн элдэв хорт бодисоос хэр зэрэг болгоомжилж буй бол...

USDA тэмдэглэгээтэй органик хоол хүнс аюулгүй сонголт гэдгийг хүн бүр мэдэх хэдий ч энэ бол бидний халаасны хэмжээтэй холбоотой асуудал. Тэгвэл бидний дараагийн
зайлшгүй мэдэх ёстой зүйл бол Pesticide буюу зэрлэг ургамал, шавж устгалын хор. Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг ургуулах явцад уг бодисыг хэр хэмжээнд хэрэглэсэн эсэхээс шалтгаалан жимс ногоог органик, ямрыг нь органик бусаар худалдан авах эсэхээ мэддэг байх явдал юм.

Enviromental Working Group, TheDailyGreen байгууллага дараах органик бус жимс ногоонд Pesticide- шавж устгалын хор хэр хэмжээгээр агуулагдсан болохыг зарласан байна.

Алим: Угаах буюу хальсыг арилгаснаар шавж устгалын хор арилахгүй. Зузаан вакс алимны хальсыг нэвтэлж, дотогш хор их хэмжээгээр шингэсэн байдаг.

Гүзээлзгэнэ: Гүзээлзгэнийг ургуулахын тулд 36 нэр төрлийн шавж устгалын хорт бодис ашигладаг. Өнөөдрийн байдлаар гүзээлзгэнэ хамгийн их Pesticide агуулсан жимсээр тодроод байгаа. Гаднаас импортлон оруулж ирсэн болон улирал дамнан зарагдаж буй гүзээлзгэнээс болгоомжлох хэрэгтэй.

Усан үзэм: 35 нэр төрлийн шавж устгалын бодис ашигладаг. Нимгэн хальстай тул хор жимсэнд ихээр шингэсэн байдаг.

Интоор: Интоор буюу Cherry жимсний 91 хувьд нь шавж устгалын бодис илэрсэн.

Амтат тоор: (Nectarine) 97 хувьд нь шавж устгалын бодис илэрсэн.

Цоохор майлз: Бидний мэддэгээр Celery мөн нимгэн хальстай, 29 нэр төрлийн хорт бодис ашигладаг.

Төмс: Хорт бодис ихээр агуулдаг төдийгүй мөөгөнцөрийн халдвартай байх магадлал өндөр.

  • Улаан лооль
  • Амтат чинжүү
  • Тоор жимс (peach)
  • Улаалзгана (red raspberry)
  • Бууцай (spinach)
  • Шанцай (lettuce)

зэрэг нимгэн хальстай жимс, хүнсний ногоонд химийн бодис ихээр шингэсэн байдаг тул эдгээр жимс ногоог худалдан авахдаа органик сонголт хийх үгүй бол хэрэглэхээс татгалзах мөн импортлон оруулж ирсэн, улирал дамнан зарагдаж байгаа жимс ногооноос болгоомжлох хэрэгтэй гэдгийг дээрх байгууллага анхааруулжээ. Тухайлбал өвлийн улиралд тарвас, интоор зэрэг зун цагт дэлгэрдэг жимс ногоо худалдан авахгүй байх. Ийм бүтээгдэхүүнд удаан хадгалахын тулд химийн бодис ихээр цацсан байдаг нь тодорхой. Нөгөөтэйгүүр органик бүтээгдэхүүнийг сонгохдоо 100 хувь байгалийн гаралтай, органик гэж бичсэн болгон органик сонголт биш болохыг анхаарах нь зүйтэй. Зөвхөн USDA, Organic гэх дугуй тэмдэглэгээ, лого бүхий бүтээгдэхүүн жинхэнэ органик стандартыг хангасан, U.S Department of Agriculture-ийн стандартаар үйлдвэрлэсэн, хамрагдах ёстой агаар, ус, хөрсний бүх шинжилгээнд бүрэн хамрагдсан, баталгаат бүтээгдэхүүн байдаг аж. Органик сонголт өнөөдөр үнэтэй мэт боловч, хожим төлөх эмнэлгийн зардлаас хамаагүй хямд гэдгийг санаж ухаалаг сонголт хийх цаг бидний өмнө иржээ.

Органик бус, аюулгүй сонголт

  • Сонгино
  • Авакода
  • Хөлдөөсөн эрдэнэ шиш
  • Ханборгоцой
  • Амро жимс (Mango)
  • Хэрээ нүдэн (Asparagus)
  • Хөлдөөсөн Вандуй
  • Гадил
  • Байцаа
  • Киви
  • Борокколи
  • Папаяа

зэрэг хүнсний ногоо жимсэнд аз болоход зэрлэг ургамал, шавж устгалын хор харьцангуй бага хэмжээгээр агуулагддаг тул заавал органик байх шаардлагагүй. Мөнгөнд хэмнэлттэй ухаалаг сонголт байж чадна. Эрх чөлөөт нийгэмд амьдарч буй бидний хувьд бараа бүтээгдэхүүн худалдан авна гэдэг хувь хүний эрх чөлөө, сонголт, мэдлэг мэдээлэлтэй ихээхэн хамааралтай. Хямдхан, эрүүл мэндэд хортой хоол хүнс үйлдвэрлэхээ энэ эрх чөлөөт нийгэм хэзээ ч зогсоохгүй гагцхүү сонголт мэргэн байж, гэр бүл, үр хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг болжээ. Ухаалаг, эрүүл амьдралын хэв маяг энэ дэлхий дээр хэр удаан тэсч үлдэх шалгуур болсныг титэмт вирус тод сануулж байх шиг. Эрүүл орших эхний алхам анхдагч хэрэгцээ хоол хүнсийг хэрхэн зөв сонгохоос эхэлнэ.

Эх сурвалжhttps://www.downtoearth.org/environment/organic-vs-conventional-farming/dirty-dozen-most-heavily-sprayed-foods

Т.Цэвэлмаа

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу