COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020.VI.27, Ням
Хаалга балбах чимээгээр удирдуулж, хангир жингэр дуугарах дуугаар халбага, аягаа барин гүйх "хуарангийн дэглэмд" зүгширч эхэллээ."Ёс ёмбогор, төр төмбөгөр, хорио хомбогор" болохоор хүн бүр л дүрэм горимыг сахин мөрдөх ёстой. Тэгээд ч энд нөхцөл сэргэг, агаар цэнгэг, үйлчилгээ дажгүй, хоол давгүй тул 'Сиэттл~97" бид хэд санаа амар, гэдэс цатгалан.

● Сиэттлээс ниссэн ОМ~7802 тусгай онгоцоор Монгол улс нэг сая ам.долларын гамшгийн тусламжийн бараа Америкийн ард түмэнд өөрсдөө хүргэн ирж, элчин сайд Ёндонгийн Отгонбаяр нь PEMA ( Pennsylvania Emergency Management Agency ~ Пенсильвани мужийн онцгой байдлын зохицуулалтын агентлаг ) ~ ийн төлөөлөгч Майкл О'Харе гэдэг "Өндөр Гонгорт" гардууллаа.Амбан сайд маань хэлэхдээ " Бид гамшигт учирсан улс орнуудад, түүний дотор АНУ~д туслалцаа үзүүлж буйдаа баяртай бна " гэж баавартай хэлэхэд нь баярлах ч шиг.Жаран мянган ком~хувцас хэрэглэлийг Аризона, Невада мужийнханд хуваарилна гэж мэдээлсэн.

● Энэ явдлын талаар Сиэттлийн "KIRO7 TV" дамжуулан, Линза Шелдон гэдэг бор бүсгүй мэдээг дуржигнуулж, харин доод зар~титр дээрээ "MAGNOLIA's AMBASSADOR" гэж бичжээ, эд нар.Мөн ч хэнэггүй гарууд шүү, нээрээ.Бид чинь MONGOLIA, за юу !!!!!

● Энэ үйл явдалтай бараг давхцан агуу их ялалтын баярын 75 жилийн ойн ёслол улаан талбайд өрнөж, Монголын сүр жавхлант цэрэг эрс парааданд золбоолог жагслаа.В.Путин "Эх орны дайны үед бидэнд хамгийн их тусалсан нь Монгол улс" гэж онцгойлон цохон тэмдэглэсэн. Жагссан 75 хүний бие бүрэлдэхүүн өчигдрөөс Санзайд хөршийн холбоо болсон сураг бна, хөөрхий.

● Эргээд тунгаан бодсон чинь Чингисийн удам бид нар болбаас оросууд "Хай Гитлерийн" эсрэг тэмцэхэд нь "Хувьсгалт Монгол" танкийн цуваа, эскадриль ; америкчууд "Хар Ковид"~ийн эсрэг тэмцэхэд нь "Ардчилсан Монгол" хувцасны цуваа, МАСКадриль хандивладаг аргагүй л агуу хүчирхэг & ухаалаг эзэнт гүрэн юм бна аа !

● Сиэттл хотын Такома онгоцны буудлыг манай телевизийн нэвтрүүлэгчид "Ситак" буудал гээд л бүлтрэх юм. SEA ~TAC гэсэн бичиглэл эйрпортод харагдсан.Энэ нь SEATTLE TACOMA гэдгийн товчлол юм шүү дээ.Такома ( Тахкохамух) гэдэг нь индианчуудын шүтдэг нэгэн хайрханы нэр бөлгөө.Индиан нэртэй энэ ланжгар буудлаас жилдээ 51 сая зорчигч тээвэрлэн, 451000 нислэг үйлддэг.Бас Хайнань ~ Бээжин~Сиэттл нисдгийг анзаарлаа.

● Сиэттлээс нисэх онгоц 3 цагаар яагаад хоцров ? Төвөөс ирүүлсэн хатуу заавраар бол нэг хүн 20 кг ( 23 биш! ) нэг ширхэг ачаа өгч, 5 кг гар цүнхтэй орох ёстой байв.Би ч нүдэндээ нулимс цийлэлзүүлэн, хоёр "Бор галуугаа" буцааж, арайхийн 20,4 кг хэмжээнд нь тааруулафф.Харин миний үүргэвч 1,3 кг + "архаг" компьютер маань 2,3 кг = нийт 3,6 кг болдог юм бна аа, хөөрхий.Гэвч эх орон руугаа явах энгүй хүсэл хүнийг хонь болгодог л хойно.Бүх юм жин тан.

● Тусгай үүргийн нислэгээр буцах бүх зорчигчийн суух талон нь төвөөс бэлэн бичигдээд, бүр хэвлэгдээд ирсэн болохыг ажиглав.Бүртгэл эхэлмэгц филиппин, мексик бололтой хэдэн бандгар хүүхнүүд ёстой холион бантан хутгаж эхэлвэй. Бэлэн boarding pass дээрх монгол нэрийг унших гэж мунгинаад, бараг л хадны сүг зураг тайлж буй мэт удах нь боож үхмээр.Би л гэхэд бараг 20 минут гацаж, бараг л өөрөө зааж зангаж байж, нэрээ олсон, кккк.МИАТ~ийн ганцхан ажилтан ерөнхий зохицуулалт дээр ажиллаж харагдсан ч бүх үйл ажиллагаанд хүрч хүртэх завгүй тул доод ажлыг нь хийж буй будлиу америкчууд бантан хутгасан нь гарцаагүй үнэн шүү.Сүүлдээ ЭСЯ~ны ажилтнууд бүртгэлийн ширээний ард гарснаар явц хурдассан гэж элэг нэгтнүүд ярьж байсан.

● "Сэрэлт" кинонд "Чиний өнөө элсэн цөл газар хонин гүрвэл болж төрсөн гэдэг чинь аливвввв" гээд л Даш гуай ах ламыгаа заамддаг шиг л сэтгэгдэл төрснийг яана аа ! Бүртгэл хийх үед check~in америк ажилтнууд ачааны жинг тоож байгаа ч юм огт алга ! Гар тээш рүү хялам ч хийсэнгүй. Ачаа бол боломжийн л байсан гэдгийг ухаарсан, гэхдээ хожимдож. Манайхан л их сүржигнэсэн нь мэдэгдлээ, хөөрхий ! Харьд үлдээсэн хайртай хоёр "Бор галуу" минь "Монгол руу аваад яваач, гуага гуага " гэх нь одоо болтол чихэнд сонсогдсоор.

● "Ачаа 20 кг, гар тээш 5 кг" хязгаарлалтад толгойгоо гашилган ,Америкийн энд тэндээс Сиэттл хотод ирсэн иргэдийг Такома буудалд нэвтэрмэгц хэн нь мэдэгдэгдэхгүй монголчууд тосон авч "Илүү ачааг огт зөвшөөрөхгүй шүү, та минь ээ !!! Агаарын ачаагаар явуулсан нь дээр шүү! " хэмээн "айлгаад", хамаг ачааг нь задлуулж ,өөрсдөө илүүдэл ачаан дээр нь бөөн бизнес оволзуулав.Гэтэл ачир дээрээ америкчууд ачааг чөлөөтэй оруулсан шүү дээ, хоёр галуугаа л харамсан бодох юм.

● Асуудал гээндээ ч бна, гоондоо ч бна.Манай зорчигчид өнөөх л аягаараа шамбааралдан, шавалдан, шахцалдсан, бухимдсан л хүмүүс байх юм. Дарааллаа яс баримтлан, даруухан соёлтой, зайгаа барин, уужуу тайвуу биеэ авч явах зан чадвар дутагдсаар л байгаа нь харамсалтай.Америкт удсан нь эрс ялгагдаж, зайгаа яс барин, тэвчээртэй зогсох бол ар Монголоос ирсэн зарим нь зай л гарвал чихээд, завсар үүсвэл дайраад л буй нь нүдэнд туслаа.

● Хүнд үе нислэг ховордсон цагаар хийсэн МИАТ~ийн тусгай үүргийн нислэгээ дурсахад ийм л бна. Анхны юм болгонд асуудал тулгардаг.Гэхдээ л энэ бол түүхэн нислэг олон монголчуудаа баярлуулсан ,цаашдаа баярлуулах гайхамшигт нислэг бөлгөө.

● Энэ нислэгээр ирсэн зорчигчид та бүхэн суудлын талонаа дурсгал болгон, сайтар хадгалаарай ! Арван жилийнхээ ойгоор анхдагч~партизан биднийгээ Америк руу урилгаар үнэгүй нисгэнэ л гэнэ шүү!

● Зурагтаар "Пүүжин ах" ( Путин ) Орост 14 хоногийн карантинтай болохыг сонсоод атаархав.Цэдэнбал даргын социализмийн үед бол Брежнев даргыг дагаад л 14 хоногийн хөл хорио тогтооно доо.Старые добрые времена ...

● Сэтгэл сэргээсэн сайхан мэдээ гэвэл өчигдөр ХҮРЭН ПААРТ маань нээгдсэн гэнэ, өнөөдөр ХӨЛБӨМБӨГИЙН ЛИГ эхэлнэ гэнэ.( Хүрэн паарт гэж Метро~молл дэлгүүрийн чанх баруун талд орших Чингис пиавввны газар, хуучны Барилгачдын соёлын ордон .Ото ба түүний нөхдийн "Зөрөг цэцгийн дугуйлан" хичээллэдэг ариун дагшин газар)

● Тагнуулын мэдээгээр Японд нэлээн гацаад эх орондоо ирсэн пара~ хөнгөн атлетикийн 4 тамирчин, дасгалжуулагч Бямбажавын Энхбаатар( Мюнхен~1972 олимпийн 100 м гүйлтэд өрсөлдсөн ) ахын хамт "Тайж" буудалд тал хугацаагаа эдэлж, онлайнаар бэлтгэлээ базаан, моорзоор ханаа тогшиж бна.

● "Энхийн төлөө цогцолбор"~ын байрлал үнэндээ л тансаг юм.Харин ийм сайхан буудлын түвшин жаахан доройтсонд сэтгэл гонсгор санагдана.Гадаадын хөрөнгө оруулалтаар сэргээвэл ч хужир амралтын газар болно доо.

● Ливерпүүлийн дасгалжуулагч Юрген Клопп нь Английн премьер лигийн аварга баг төрүүлсэн анхны герман дасгалжуулагчаар тодорлоо.Ер нь АПЛ анх 1992 онд байгуулагдсанаас хойш 28 жилийн дотор нэг ч англи багш хариуцсан клубээ аваргын зиндаанд хүргээгүй ажээ.Шотланд өвөө Сэр Фергюссон МанЮүг 14, франц "гонзгор" Арсен Венгер Арсеналыг 3, Португалийн "онцгой нэгэн" Жозе Моуриньо, Италийн "Папа Карло" Анчелотти, Антонио Конте нар Челсиг нийт 5, Шотландын "Кing Ken" Кенни Далглиш Блэкбернийг 1, Италийн Роберто Манчини, Чилийн Мануэль Пеллегрини, Испанийн "өл халзан" Хосеп Гвардиола нар МанСитиг нийт 4, Италийн Клаудио Раньери Лейстерийг 1 удаа тус тус торгон жолоо өргүүлжээ.Англичууд жого !

● Сонгуулийн маргаан даамжирсаар гараар тоолж шалгах боллоо.Тэр муу хар машин жаахан утаа, таслал хоёр баагиулж хаяад, сэжиг төрүүлсэн гэнэ үү.Одоо гараар тоолсны дараа дахиад машинаар тоолбол бүр баталгаатай даа, хө.

За одоо юүхэн байхав ээ, 17 хоног үлдлээ !

Хөхөөтэй цаггүй ч гэсэн ориг хөхөө донгодоод л, ханагар сайхан Хандгайтад.

Өдөр нь өнгөлөг & өөдрөг & өгөөжтэй байг !
( "Have a nice day" гэдгийг ингэвэл монгол утга аялгуунд тохиромжтой мэт. Түүнээс өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэвэл нэг л харийн сонсголтой юм аа.Хөдөө очоод адуундаа мордож буй залууд "Өдрийг сайхан өнгөрүүлээрэй" гэвэл элэг доог болно биз дээ, ккк )

"Тусгай салаа ~2020", Хандгайт, Бага баян 3~ 212