COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020.07.12, Ням
"Бахим Монголын цахим наадмыг даян дэлхий хараг" гэж яруу найрагч анд Ж.Батсайхан хашгирчээ! Дэнж & диван хотойсон, хот сэлүүхэн & хөдөө сэрүүхэн наадмын шинийн хоёрон буюу финалын өдөр айлчлан ирлээ, та бүхнийхээ амар мэндийг эрмү! Туурга, цаваг, бүрээс, хошлон, эсгий, хана, тооно тув ТУСГААР улсын минь наадам жавхаалаг, сүрлэг, цоглог нижигнэж буйд бахархаад баршгүй.

● Архангай аймгийн Батцэнгэл сумын "Гулливер", "Алдар" спорт хорооны хурандаа дарга, чөлөөт бөхийн тивийн аварга, Афин~2004 олимпод оролцогч, волейболын Нараагийн хань, парламентийн Сумбазын анд, Монгол улсын гавъяат тамирчин, мохошгүй дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр зүүний магнайг манлайлан дэвж, 28 дахь наадамдаа зодоглож буй нь энэ бөлгөө! Гэхдээ хоёр хүү нь аавтайгаа хамт эл наадамд зодоглож буй гэнэ дээ.

● Өсөхөөгийн тэргүүлдэг "Алдар"~ын үндэсний бөхчүүдээс 12 аварга цолтон төрснөөрөө бахархдаг.

● Өсөхөө аваргын ууган хүү Пэрэнлэйжамцыг мэндлэхэд тэрбээр учиргүй хөөрөн баярлахдаа "За ашгүй, Сумъяабазарын Дамдинбазарыг дарах нуган үртэй боллоо!" гэж чангаар дуу алдсан гэдэг, ккккк! Аваргууд дандаа л хүүхдүүддээ түвд нэр ламбугайгаас асуудаг бололтой.

● Энэ наадмын хамгийн настай бөхөөр Увсын начин, 64 настай Л.Цэвээн; Архангай аймгийн Булган сумын уугуул, манай XXVIII сургуулийг төгсөгч, Латвийн Рига хотноо нисэхийн сургууль дүүргэгч, 56 настай улсын арслан Д.Мөнх~Эрдэнэ нар ид хавыг гайхуулан дэвж бна.

● Азарганы уралдааны айргийн тавд Завхан нутгийн гурван ажнай шалгарчээ.

● Үндэсний сурын харваанд 540 мэргэчүүд цэцээ сорьж бна. Анхны алтыг урианхай харваанд Ховд аймгийн Мөст сумын Э.Хосбаяр хүртжээ.

● 2007 оны наадмын түрүү, улсын арслан Х.Мөнхбаатар нэгийн даваанд, улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй улсын цолтой 27 бөх хоёрын даваанд өвдөг шороодсон сурагтай, ээ тоогүй.Залууст буруу үгүй.

● Жүдо, чөлөөтийн тэвхгэр залуус минь үндэснийхээ наадамд үзүүлээд өгөөрэй! Цамцны захыг чинь зад мушгинам зээээ. Маргааш сайхан толийтол индүүдээд өгнө өө, санаа зоволтгүй.

● Өнөөдөр соёолон морьдын уралдаанаас ганц "варийний"(варьенье) шил" соёолонгийн тоос анд маань авчирч өгнө гэж амалсан юмсан. Сайхан түрхье байз. Бас түрүү бөхийн хөлснөөс ганц пеницилиний шилээр аваад очно гэж Түмээ шавь шивнэсэн юмдаг. Кккк.

● Өчигдөр "өнөөхийн" хоёрдахь шинжилгээ өгч, хамар руугаа гүнзгий сэтгүүллээ. Миний гижиг хүрээд. Улсын шалгалтаа өглөө л гэсэн үг.

● Өчигдөр наадмын чанасан махнаасаа цонхны цаагуурх далан дээгүүр жирэлзэн гүйх зурманд шидэж өгсөн чинь хальт үнэрлээд, огт тоосонгүй ээ. Энэ зурам гуай чинь мах иддэггүй таваариш уу, та минь ээ? "Бага Баян" руу нохой хүртэл оруулахаа больсон гэнэ, хөөрхий.

● Өчигдөр Ливерпүүл тэр "Бөөр~нь~Ил" ( Бөрнли) багийг хөнгөхөөн арчаад хаядаг газар, 1:1 тэнцээд л, хайран 2 оноо. Тоглолтын үеэр тайлбарлагч Балжаа дүү маань манийгаа "Ото ах, тусгай салаа, тусгаарлалт, коп" гээд л орон даяар зарласан сурагтай, кккк.

За одоо ёстой юухэн байхав, 3~хан хоног үлдлээ.

Диванан дэнж хотойтол, пүршин сумраа хонхолзтол бөхөө үзээд, яс сууна, хэвтэнэ, тухлана, таамаглана, тангалзана даа!

Сайхан наадаж, салхин хурдалж, савтал тонгорч, сарвайтал харваж, салам сатаараарай, агуу нүүдэлчин овгийн ай~кю сайтай монголчууд аа !