COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020.VII.9 ~ Пүрэв

● Өнөөдөр миний элэг зүрхнээс хайртай том зээ охин Ану~гийн төрсөн өдөр тохиож бна. Одоогоос арван таван жилийн тэртээ наадмын өмнө төрсөн, өдгөө 3 дүүгээ дагуулсан "булган сүүлтэй" том аня, "Юйцай" нанхиад сургуулийн IX ангийн сурагч, ухаант цэцэн, хөөрхөн Анука хатнаа чанга тэврэн үнсье! Эрдмээр дүүрэн, эвээр дүүрэн, энэрлээр дүүрэн, элбэрлээр дүүрэн сайны дээд хүн болоорой!

● Тэртээ 1970 онд XXVIII сургуулийн нэгдүгээр ангийн "шушмаа" байхдаа Дорж гэдэг буурал багшийн зургийн дугуйланд анхлан хичээллэж, өчүүхэн дөртэй болсон. Ер нь манай удамд зураач бий. Удаах ах Зоригт ( "Баянгол" дүүргийн засаг дарга агсан) минь хүүхэлдэйн театрт мундаг зураач байсан. Би дандаа гуйж, ангийнхаа ханын сонины толгойг зуруулдагсан. Өчигдөр гэнэт шог зураач "Цогтбаяртай өдөр" тохиож, цаас & фломастераа нийлүүлж, таван бүтээлийг Пикассо шиг дор нь сараачив. "Ливерпүүлийн Мо Салах", "Гүрж хөлбөмбөгч", "Миний дош ~ Тасганы овоо", "Наадам", "Олимпийн монгол аварга" зургийн мини~галерейгаар морилно уу.

● Одоо ч хал цэргийн дуу аялаад л, гутлаа гялалзтал тослоод л, ремень бүсээ зүлгээд л, амрагийн дуу аялаад л сэмбэлзэх үе рүүгээ орлоо доо. Би чинь бас мото~буудлагын салаан захирагч, бэлтгэл дэслэгч хүн шүү. Бүр 1984 онд Сонгино дахь 150 дугаар ангид эр цэргийн тангаргаа өргөсөн офицер гэжуга.

● Хүүк капитантай шинэ кабинетийн "зүлэг ногоон дэвжээнд " гарах "шигшээ багийн" 17 сайдын эцсийн мэдүүлгийг баталлаа. Хамгийн хачирхалтай нь шүгэл дуугарахаас өмнө Эрүүл мэндийн сайдад ижил нөхдийн хамт албан ёсоор дэвшсэн Б.Цогтбаатар дүүг мулталж, нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайханыг гэнэт томиллоо. Яг л адал явдалт кино шиг. Нарийн шүүрээр шигшиж шигшиж, МАН~ын Удирдах зөвлөлөөс эцэслэн зарласан сайд нараасаа ганцхан Цогоог яагаад гомдоон, горьдоон, жийв???

● Төмөр замын удирдах газрын гаднах талбайн цэвэрлэгч, ачих буулгах ангийн грушик асан Лувсангийн Халтар анд маань аpд түмэндээ өндөр нэр хүндтэйгээр "Сатай сайд" хэргэмд дэвшлээ. Төмөр замаар овоглосон Халтар нь одоо агаар, ус, газрын бүх зам харгуйг базах том ноён сэнтийд заларлаа. Анддаа зам нь торго шиг дардан байж, онгоц, вертолёт, вагон, пароход, автобус, машин, омнибусийн алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөе!

● УИХ~ын гишүүн нь спорт холбоод, нутгийн зөвлөл, ТББ ~д сонгуульт алба хашихыг хориглосон шинэ заалтын дагуу хоккейн босс Б.Жавхлан бас л хайртай клюшка, шайбнаасаа хөндийрөх нь. Гэхдээ энэ "хуулийг" өмнө нь Триатлоны холбооны ерөнхийлөгч асан, волейболч С.Бямбацогт өргөн барьсан гэх юм. Их Оросын Дум бас ийм шийдвэр гаргасан санагдана.

● Улаанбаатар ~ Сиэттл ~ Улаанбаатарын чиглэлийн ОМ~7802 тусгай үүргийн онгоцны тийзний үнэ хэт өндөр, ядарсан ард түмнээ шулсан гэсэн давалгаа олон нийтийн сүлжээгээр "хуурай өвсөнд ноцсон түймэр" мэт дүрэлзэх шинжтэй. Бодит байдлыг хэлье! Нэг хүний энгийн суудал 4.220.000₮ ( 1495$) бөгөөд нийт 250 зорчигчийнх 1.055.000.000₮ (Нэг тэрбум тавин таван сая төгрөг буюу 372.000$ ) болжээ. Бас 30 шахам хүн бизнес зэрэглэлээр ниссэн гэхээр "economy class" энгийн билетээс илүү үнэтэй гэсэн үг. Твиттер & Фейсбүүк~ээр шуугиад буй нь МИАТ~ийн Сиэттл ниссэн бүх зардал нь 183.000$ бөгөөд дор хаяж дээр дурьдсанчлан тэрбум илүү ашиг олсон гэж дайраад буй бололтой. Ухаандаа 189.000$ орлоготой ажилласан гэдгийг тооцоолсон юм уу даа. Бүр МИАТ~ээс онгоцны билетийнхээ тал зардлаа буцааж авах нь зүйтэй гэсэн хүмүүс ч зөндөө л коммент хөврүүлжээ. Америкт ирсэн анхны монгол онгоцонд асар баярлан суусан монголчууд шүү, бид. Тэгэхээр ийм хүнд үед бол тийм аймаар өндөр үнэ биш шиг санагдана. Өмнө нь АНУ нисэх билетийн үнэ нь тэнгэрт хадаж байсныг сайн санаж бна аа.《1400 ~ 2200$》. Нээрээ 3 тэрбумаар наадам хийснээс энэ зардлаар зөвхөн АНУ~аас ойрхон Япон, БНСУ~аас бараг 8~10 чартер буюу 3000 иргэнээ гацаанаас элбэг гаргаж, аз жаргал бэлэглэх алтан боломж бна гэсэн үг шүү. Наадмаас хамаагүй "ахмад" уламжлалт цагаан сараа хүртэл эчнээ тэмдэглээд болсон нь л биз дээ, хө.

● Манай өрөөний эд аж ахуйн бүртгэл ёсоор хувцасны шкаф 214.103₮, тольтой ширээ 159.937₮, гаднах жижиг тумбочка 59.830₮, LCD АV телевизор 605.130₮, унтлагын ор 473.415₮ үнэтэй "социалист өмч" ажээ, вандал-лхам мину. Ариг гамтай, соёлч боловсон хэрэглэх нь бидний үүрэг.

● Энэ жилийн наадмын түрүү бөх "Тоёота" жип шагналын машинаа алдаж, том "шатлаа". Японы дандгар том машиныг наадмын бай шагнал биш, харин ковид~той хав дөрвөлжин золгож, ард түмнийхээ эрүүл энхийн төлөө төлөө хараа сайтай, хашир тогтуун, ана мана "барилдаж" буй Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын хамт олонд 16 суудалтай болгон "уртааш нь сунгаж", урам хайрлан бэлэглэсэн нь ёстой л нүдээ олсон хандив байлаа. Гэхдээ "Тоёота" нь түрүү бөхөд цалин цагаан мөнгөн цар дурсгана л гэнэ. Мөнгөн шагнал дагалдах болов уу? Гэхдээ энэ наадмын магнай бөх нь өөрийнхөө шагналын машинаа өргөн түмэндээ өргөн барьсан гэж бахархах ч эрх бий шүү! Харин шинээр заан цол хүртэх бөх "монжиж", Сүзүки машины түлхүүрээ алга тосон авах нь.

● Хөхөө шувуу маань бүүр таг алга боллоо. Өнөө өглөө түүний "замена" хар хэрээ гуаглах нь тэр ээ, новш чинь. Ийм л арын хаалганы хар баагий нар хөхөө шиг ур чадваргүй атлаа ойд хүртэл шургалаад л байгаа юм даа, чааваас.

● Өчигдөр байрны гадаа зурам давхиж яваа харагдсан. Зарим хатуу мах, дотор өөхөө тийшээ шидэж өгөх нь зүйтэй байх аа. Харин төмс, печень тэргүүтнийг зооглодог юм болов уу ?

● ЦСКА клубт 2004 ~ 2009, 2010 ~ 2012 улиралд "үхэр мэт зүтгэсэн", Бразилийн Вагнер Лав нь Казахстаны "Кайрат" багт "дагаар оров". Беларусийн А.Шпильский дасгалжуулагчтай Алматы хотын төрөлх баг нь Казахын лигт 2, цомын тэмцээнд 9 удаа түрүүлж, өдгөө UEFA чансаагаар #180 ~д жагсаж бна. Анх ЗХУ~ын үед 1954 онд үндэс сууриа тавьсан "Кайрат" клуб нь СССР~ийн дээд лигт тоглож, 1988 онд Холбооны цомыг өргөж байсан түүхтэй. Тэр жил "хасаг" залуу Е.Яровенко нь ЗХУ~ын шигшээ багт багтан, Сөүл ~ 1988 олимпийн аваpга цол хүртсэнийг мартаагүй. Миний хувьд "Кайрат"~ын хаалгач Куральбек Ордобаев, довтлогч Евстифей Пехлеваниади нарыг л одоо сайн санаж бна. Өдгөө "Астана" гэдэг лут мөнгөлөг баг гараад, дийлдэхээ байсан гэнэ. Timur Bolat Astana Bolatkh

● "Bayern~ Leverkuzen" клубын тоглогч Кай Хаверц дээд удирдлагадаа өөр тийшээ "нутаг сэлгэх" өргөдлөө атгуулжээ. Энэ улирлын 30 тоглолтод 12 гоол сүнгэнүүлсэн К.Хаверцийг "Челси", "Реал" онилсон бөгөөд түүний "амьдын жин" 81 сая ам.доллард хүрсэн гэнэ шүү.

● Анаашны зүрх нь 16 кг бөгөөд 60 литр цусыг шахдаг гэнэ. Долоо хоног ус уухгүй гүрийдэг ч нэг залгилахаараа 38 литр ундаа тогтоодог чадалтай. Жираф нь өрөөлдөж алхдаг. Манай сагсны Шаравжамц, бөхийн Оргилболд хоёр дотроо дотно л бхйж таараа, ккккк.

● Нэгэн удаа Спортын ордны гадаа очтол таван анд тамхилан зогcч, алсын бараа ширтэнэ, ойрын баагийг тандана. Тэд бүгд гадаадынхан байлаа гэж. Симба + Асита + Аня + Алладин + Дино гээд л. Хэн бэ гэж үү? "Симба" ~ Энхбаяр - шигшээ багийн илээч, aрслан Ө.Эрдэнэ~Очир гуайн зулзага тул Симба нэртэй. "Асита" ~ Энхбаатар ~ Шигшээ багийн "вьетнам" эмч агсан. Хувийн эмнэлгийнх нь нэрээр дууддаг байв. "Аня" - Ч.Сүхбаатар ~ "Арьс Нөмөрсөн Яс"= АНЯ. Нэр хүнд бүхий спортын сэтгүүлч агсан, өд сөдөн жингийн тул өдөгч "Халзан" Бовка ийм нэр хайрлажээ. "Алладин" ~ Б.Болбаатар дугуйн спортын мундаг дасгалжуулагч. Нүүрэн дээрээ тод томруун мэнгэтэй тул "Мэнгэт Алладин" гэж дугуйныхан өхөөрддөг. Дино ~ Л.Батчулуун - Спортын хаяг, шошго, анонс хийдэг анхдагчуудын нэг. СТО~д түүний "Динозавр" компанийн өрөөнд байнга хүн шаваастай бдаг байв. Өдгөө хорь гаруй жил Швейцарийн Женев хотноо аж төрж буй. Миний муусайн андууд аа гэж. Яасан бэ гэж үү? Мэдээж, таван гадаад андыгаа "шархтсан цэрэг" гэж ойлгоод, шарыг нь тайлсооон тайлсан.

● Урьд шөнө аварга ливерпүүлчүүд маань "Брайтон"~ыг талбай дээр нь 3:1 сөхрүүлэффф. Салах(2), Хендерсон нар торыг мялааж, тоогоо цэгцэлжээ. Манай баг нь 90 онооны зурхайг давлаа. Зуу хүргэмээр л бна шүү!

● Украины цомын финалд алдарт О.Блохины "Динамо~Киев" нь Чернигов хотын "Ворскла" сулхан багтай 1:1 хайнцаж, бүр 11 метрийн пенальти цохин, 8:7 арайхийн дарж унажээ. А.Михайличенко багшид баяр хүргэе, ура ура ура ура! Өнөөх айхтар "Шахтёр" хаана бүдэрсэн юм бэ?

● Хойд Америкийн хоккейны (NHL) плей~офф VIII сарын 9~нд сэргэж, харин XII сарын 1~нд цоо шинэ улирал эхэлнэ.

● Нэг нутаг нугын "Барселона" нь "Эспаньоль" клубыг 1:0 муужруулж, ирэх жил доод зиндаанд зорчих "почоонк"~ийг нь эчнээ гардуулав. Луис Суарес тэднийг "сор залжээ", хөөрхий.

● Бразилийн ковидтой Ерөнхийлөгч Жаир Большунару нь индиан омгийн 850.000 хүнд корона~вирусийн наад захын тусламж болох цэвэр ус, ариутгалын эм тан, эмнэлгийн ороор хангах хөтөлбөрт хориг тавив. Өөдгүй гар вэ? Тэр ширэнгэн ойн индианууд ч хэр баргийн өвчинд ажрахгүй, дандаа ардын эмнэлгийн өвс ургамлаар дор нь өөрсдийгөө анагаадаг улс л даа.

● "Нохой шуугиулдаг" Доной Трамп нь ДЭМБ~аас үүрд холдох салалтын өргөдлөө өглөө. Гэхдээ ийм өргөдөл хүлээн авснаас хойш хундага ороосон сүлдтэй байгууллага нь нэг жилийн дараа ёсоор болгодог дүрэмтэй гэнэ. Бас ч ДЭМБ ~ын удирдлага энэ муу адайр шар өвгөн XI сарын 3~нд өрнөх ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал Ардчилсан намын Жо Байден салах өргөдлөө буцаан, сайн цаг ирнэ хэмээн тэд өвчүү цээжиндээ найдаж, 400 саяын хангамжаа эргэж эдэлнэ хэмээн горьдож буй нь тодорхой.

● Дэлхийн хамгийн хурдан хүн Ямайкийн Усейн Болт V сарын 17~нд шинэ төрсөн охиндоо "Olympia Lightning Bolt" ( Олимпийн цахилгаан) гэж нэр хайрлажээ. Харин домогт хөлбөмбөгч Дэвид Бэкхем охиноо "Seven" ( Долоо) гэж нэрлэсэн нь түүний "Манчестер Юнайтед"~ ийн долоон нойморын жерсиний мөнхийн дурсгал бөлгөө.

За одоо ч юухэн байхав, зургаа дугжраад л гэртээ!

Пүү гаригтаа пүү паа~гүй, поо пөө~тэй өнгөрүүлээрэй!