Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Зургаадугаар сар нь дэлхий дахинаа Бахархалын сар буюу ЛГБТИК+ олон нийтийн эрхийг хамгаалах сар болдог бөгөөд энэ жил олон “чухал” өдрүүдтэй сар болж байгаа билээ. Улсын Их Хурал, төрийн дээд албанд олон талт төлөөлөл буюу бэлгийн цөөнх, хүйсийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон үндэстний цөөнхийн төлөөлөл байх нь үл ялгаварлалгүй, хэнийг ч ардаа үлдээхгүй байхад том хувь нэмэр оруулдаг.

Дараах нийтлэлээр бид дэлхий дахинаа нээлттэй ЛГБТИК+ улс төрчдийг танилцуулж байна.

1. Жералдин Ромaн, Филиппин улс

Жералдин нь Филиппин улсын Конгресст сонгогдсон анхны нээлттэй трансжендэр эмэгтэй юм. Тэрбээр 2016 онд “Дэлхийн тэргүүлэгч 100 сэтгэгч”-ийн нэг болсон бөгөөд “Урам зориг авах 13 эмэгтэйчүүд” жагсаалтад мөн багтаж байжээ. Өдгөө Жералдин нь 53 настай бөгөөд карьерийнхаа ихэнх хугацааг ЛГБТИК+ хүмүүсийг ялгаварлан гадуурхалтыг зогсоох хуулийн төслийг сурталчлахад зориулсан. Твиттер хаяг: @geraldinebroman

 

2. Тайга Ишикава, Япон улс

Тайга Ишикава бол 45 настай, Японы нээлттэй гей улс төрч бөгөөд 2013 онд танхимынхаа анхны нээлттэй гей улс төрч гэдгээрээ алдартай юм. Тэрбээр Японы засгийн газарт хийсэн ажлуудаас дурьдвал “Ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг улс оронд гадаадын харьяат иргэнтэй гэрлэхийг зөвшөөрсөн гэрчилгээн”-д өөрчлөлт оруулах лоббиг амжилттай хийж байсан ба 2004 онд Японы хотуудад гей эрчүүд хоорондоо танилцах, нөхөрлөх зорилготой арга хэмжээ зохион байгуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг байгуулж байжээ. Твиттер хаяг: @ishikawataiga

 

3. Лео Варадкар, Ирланд улс

Ирландын улсын ерөнхий сайд Лео Варадкар нь 41 настай, нээлттэй гей улс төрч. Анх Лео Варадкар нь 2015 оны 1-р сард ижил хүйсийн хосуудын гэрлэлтийн талаарх санал асуулга явуулах үеэр Вардкар өөрийн бэлгийн чиг баримжааны талаар хэлж байжээ. Тэрбээр Ирландын засгийн газарт олон зүйлийн хувьд анхдагч. 2004 оны орон нутгийн сонгуульд тэрбээр тус улсын хувьд хамгийн анхны “давуу” санал авч ялалт байгуулж байсан.

 

4. Aнна Брнабич, Серби улс

Тэр бол Сербийн хамгийн анхны эмэгтэй бөгөөд нээлттэй ЛГБТИК+ ерөнхий сайд билээ. 2019 онд Forbes сэтгүүлээс эрхлэн гаргасан “Улс төр дахь дэлхийн хүчирхэг 88 эмэгтэй” жагсаалтын 19-т нэрлэгдэж байсан бөгөөд ижил хүйстэн хосуудын хүүхдүүд өв залгамжлах эрхийг хамгаалах бодлогод нөлөөлөхөөр ажиллаж байгаа юм. Твиттер хаяг: @SerbianPM

Засгийн газар бүх ард иргэдэд зориулагдсан бөгөөд бүх иргэдийн эрх тэгш байдлыг хангах болно.

– Ана Брнабич, Серби улсын Ерөнхий сайд                                                                            
(Бахархлын жагсаалд хэлсэн үгээс)

 

5. Жоржина Бейер, Шинэ Зеланд улс

1999 онд Жоржина Бейер нь Шинэ Зеланд улсын хамгийн анхны нээлттэй трансжендер эмэгтэй бөгөөд дэлхий дээрх цөөн тооны бэлгийн хөдөлмөр эрхэлж байсан улс төрчдийн төлөөлөл болсон юм. Тэрбээр 2004 онд Шинэ Зеланд улсын “Хүний эрхийн тухай хууль”-д gender identity буюу хүйсийн баримжааны талаар болон “хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх” заалтуудыг оруулан батлуулж, одоо мөрдөгдөж буй транс хүй олны эрхийг хамгаалах заалтууд дээр ажиллаж байжээ.

 

6.  Тим Вилсон, Австрали

Тим Вилсон нь 2016 оноос хойш төлөөлөгчийн танхимд болон Австрали улсын хүний эрхийн комиссараар ажиллаж байгаа юм. Тэрбээр нээлттэй гей улс төрч бөгөөд төрийн ордонд гэрлэх санал тавьж байсан анхны улс төрч юм. 2017 оны “Гэрлэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл”-ийн анхны хэлэлцүүлгийн үеэр өөрийн хамтрагч Райан Болгерт гэрлэх саналыг төрийн ордонд тавьж байжээ. Фейсбүүк хаяг: @TimWilsonMP

 

7. Тэмми Болдуин, АНУ 

Тэмми Болдуин 2013 оноос АНУ-ын Висконсин мужийн сенатчаар ажиллаж байгаа улс төрч, нээлттэй лесбиан эмэгтэй юм. 2012 онд тэрээр Сенатад сонгогдсон анхны ЛГБТИК+ төлөөллөөс гадна Висконсин мужаас АНУ-ын Сенатад сонгогдсон анхны эмэгтэй болжээ. Твиттер хаяг: @tammybaldwin

8. Жан Уиллис, Бразил улс

Жан Уиллис нь сэтгүүлч мэргэжилтэй, нээлттэй ЛГБТИК+ улс төрч юм. Тэрбээр АНУ-ын Харви Милктэй (АНУ-ын анхны нээлттэй гей улс төрч) харьцуулагддаг бөгөөд анхны гей конгрессийн гишүүн гэдгээрээ алдартай. Уиллис шиг цөөнхийн эрхийг хамгаалагч, хүний эрхийн тэмцэгч байх нь хомофобик гэмт хэргийн гаралт ихтэй Бразил шиг оронд маш аюулттай бөгөөд амь насанд нь заналхийх, халдах зэрэг үйлдлүүд нь олон тохиолддог учраас ажлаа 2019 онд ажлаа хүлээлгэн өгчээ. Төрийн албанд ажиллаж байх хугацаандаа тэрбээр  “Олон талт байдлын төлөө онцгой амлалт бүхий дэлхийн шилдэг 50 хүн” жагсаалтад багтжээ. Твиттер хаяг: @jeanwyllys_real

 

 

Энэхүү нийтлэлийг америк ард түмний дэмжлэгээс бүрдсэн Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн 72043820LA00001 дугаар бүхий тусламжтайгаар бэлтгэв. Бүтээлд илэрхийлэгдсэн үзэл санаанууд нь уг бүтээлийн зохиогчдын үзэл санаа бөгөөд дээрх агентлаг эсхүл АНУ-ын засгийн газрын албан ёсны байр суурь биш болно.

Нийтлэлийг бэлтгэсэн: Ц.Цэвээнравдан
ЛГБТ Төвийн сайн дурын ажилтан

https://lgbtcentre.mn/2020/06/22/дэлхий-дахинаа-алдартай-найман-лгбти/

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу