Вашингтон
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

За өнөөдөр Ковид 19-ийн эсрэг ажиллаад гурван сар болж байна. Гурван сарын өмнө короновирустэй тэмцэж эхлэх үед энэ халдварт өвчин нь ямар шинж тэмдэгтэй юм бэ? яаж оношлох юм бэ? хүнийг өвчлүүлэх үе шат ямар байх юм бэ? яаж эмчлэх юм бэ? гэсэн олон асуулттай тулгарч байсан боловч хамгаалах хувцсаа зөв өмсч сурахаас эхлүүлээд маш их туршлага хуримтлуулсан өдөр сарууд өнгөрөв.

Энэ халдварт өвчинтэй тэмцэж эхлэх үед энэ өвчин тусвал ганцхан үхэлд хүрэх юм шиг бодож, маш айдастай байснаа нуух хэрэггүй биз дээ? Өнгөрсөн хугацаанд энэ аймшигт өвчинтэй тэмцэх тэргүүн эгнээнд явсан хүний хувьд их ч юм мэдэж авлаа, их ч юм сурлаа, их ч юм уншлаа, зарим өдөр ядрах, бачимдах, айх өдрүүд байсан болов ч өвчтөн маань эдгэх, эмчилгээнд сэтгэл хангалуун байх, шинжилгээ нь сөрөг \-\ гарах зэрэг баяртай өдрүүд харавсан сум шиг хурдан өнгөрлөө. Өвчтөний маань аав нь халдвар авч энэ өвчнөөр нас барах, жирэмсэн эмэгтэй, мөн хөхүүл хүүхэдтэй эх халдвар авах, 25-хан настай идэр залуу халдварын улмаас амь насаа алдах гэх мэт сэтгэл эмзэглүүлсэн тохиолдлууд байсан боловч 70 настай суурь архаг өвчтэй хүн энэ халдварын хөнгөн хэлбэрээр өвчилж эдгэрэх зэрэг сонин тохиолдлууд байлаа.

Энд буцаж чадахгүй гацсан монголчуудаа үзэж, эм бичиж эмчлэх, мөн сэжигтэй тохиолдолд короновирусийн шинжилгээ хийлгэх зэргээр 300 гаруй монгол хүнд үйлчилсэн байна. Энэ өвчний үед халдвар авчихсан болов уу? гэх айдас маш олон хүнд байсан ба зарим хүмүүс сэтгэл санааны хүнд хямралд орсон учир сэтгэл санааг нь тогтворжуулах сэтгэл зүйн зөвлөлгөө өгч байлаа. Зөвхөн короновирус гэхгүй бусад өвчтөнүүдээ марталгүй үргэлжлүүлэн эмчилж байв.

Өнөөдөр Виржина муж короновирусийн хөл хорионы 3-р үед шилжиж дэлгүүр, хоолны газар, олон нийтийн үйлчилгээнийн газрууд нээгдэж байна. Энэ нь вирус устаж алга болсон гэсэн үг биш шүү. Аймшигт халдварт вирус биднийг тойроод байж л байгаа. Олон нийтээрээ маск зүүж, каринтин тогтоосноос энэ өвчин тогтворжсон болохоос биднийг тойроод байж л байгаа гэдгийг анхаараарай. Одоогоор Файрфакс дүүрэгт короновирусийн шинжилгээг хүссэн хүмүүст үнэгүй хийж байна. Энэ долоо хоногт эерэг шинжилгээ 35 хувьтай, өмнөх долоо хоногт 75 хувьтай байсантай харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлт юм.
Вакцин хэзээ гарах нь тодорхойгүй, судлаачид 1-1,5 жилийн дараа гарна гэх боловч вакцин нь дархлаа тогтоох үгүй нь одоогоор тодорхойгүй. Энэ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг та бүхэн мэддэг болсон гэдэгт итгэж байна. Олон нийттэй харьцахгүй байх, маскаа тогтмол зүүх, гараа сайн угаах мөн биеийн дархлаагаа сайжруулах нь хувь хүний гол хамгаалалт хэвээрээ байгаа.

Миний хувьд ажлын ачаалал улам өндөр болно. Ялган оношлох ажил улам адармаатай болж ханиад томуу, сүрьеэ өвчин, бронхит гэх мэт өвчнүүдийг таньж короновирусээс ялган оношлох шаардлагатай болж байна.
Энэ хэцүү үед халдварийн тэргүүн эгнээд ажиллаж, өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх асар их туршлагатай болж байгаа даа баяртай байна.

Эзэмшсэн мэрэгжлээрээ хүмүүст, Монголчууддаа бага боловч тус болж эмчилж, онош тогтоож, зөвлөгөө өгч, шинжилгээнд хамруулж чадаж байгаадаа өөрөөрөө бахархаж сууна.

Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу