Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдөр энд аавуудын баярын өдөр!
Аавгүй болсноос хойш 25 жил өнгөрчээ.

Мэдээ орохдоо л өвөр дээр нь эрхлэн сууснаа санадаг, тавдугаар ангиа төгстөлөө аавынхаа өвөрт унтсан, доороо хоёр дүүтэй мөртлөө айлын хамгийн эрх хүүхэд байлаа. Аавын минь хөлсний үнэр хэчнээн тансаг гээч! Завилж суугаа аавынхаа өвөр дээр нь эрх ишиг шиг тонгочиж, ээл дулаан биеийнх нь нөмөрт үлгэрт гардаг баатрын өвөрт байгаа нусгай бор хүү мангасыг хүлээх мэт, юунаас ч үл айх зориг дүүрэн суудаг сан.

Аав минь сумын албан хаагч хүн байв. Худалдаа Бэлтгэл Ангийн хамаг л ажлыг хийдэг, өвөл болохоор бойн дээр ажиллана, бид хэдэд бержээнкээр бойн дээр өмсөх бойтог оёх даалгавар өгөөд, өнөөхийг нь оёх гэж ээжийн оёдлын машинаар муруй сарий юм оёод загнуулдаг сан. Хавар, зунд нь ноос ноолуурыг чанараар нь ангилж, шалгаж, хүлээж авна, авсныгаа ноос пэрээслэгчээр шахаж, бооно, гөлмөн төмөр цоолтуураар хаяг, ярлик тавина, тэгээд хот руу ачуулна даа. Аль ч цагт арьс шир хүлээж авна, авсныгаа давсалж, тэлнэ. Зориулалтын дагуу анхан шатны боловсруулалт хийнэ. Аавтай минь хамт Доржтовуу гайн хүү "өндөр" Оюун, сүүлд Дэгчинсүрэн гэж залуу хамт ажилладаг байсан санаж байна.

Намрын намар сумын албан хаагчдыг хадлан тэжээлд албадан гаргадаг байв. Аав минь гар шимээсгээр Борхын буланд өвс хадна, тэр жил Бурам гуайтай хамт хадланд гараад байхад нь сурвалжлагч ирж, зургийг нь аваад, Завхан аймгийн "Туяа сонин"-д гаргасныг би тод санадаг.

Анчидтай гэрээлнэ. Намар, өвөл нь ангийн арьс үс цуглуулна, улсад тушаана. Хажуугаар нь номын нярав, гутлын нярав хийнэ, бүх тайлан тооцоогоо өөрөө гаргана. Худалдаа бэлтгэл ангийн хонтоорт бусад нярав, нягтлангуудтайгаа хамт суугаад, дөрвөн буланг нь гуулиар бөгжилж, бөхөлсөн хүрэн суман модоор хийсэн, хятад сампинд дүн бангаа нэгтгэн, уянгалуулан дуудаж байгаа нь эгээ л хултай айраг дундаа тавиад хуруу гаргаж, дэмбээдэх наадамчид шиг харахад урамтай, сонсоход чимэгтэй байдаг сан. Хаврын хаварт албан журамд дайчлагдан төл хүлээн авалтад явна.

Тэр жил би аавтайгаа хамт Хонгилтод хаваржиж байсан нэгэн айлд төлийн туслахаар явж билээ. Аав бид хоёр 4 ханатад төвхнөж, Их Дугуй, Бага Дугуй, Ямаатын улаан уулс гээд аргаль, янгир, ирвэс, шилүүс, ан гөрөө ихтэй нутагт нэгдлийн олон хонь төллүүлсэн минь санаанаас огт гардаггүй юм. Аав минь харахад нүдэнд дулаахан төрхтэй, нүүрийн баясгалантай, биеийн харьцаа маш сайтай, өндөр чацархаг мөртөө туранхай ч биш, тарган ч биш, биедээ таарсан мах шөлтэй хүн байлаа. Хааяа халамцуу ирээд газраар сунаад өгөхөд нь дээл, гутлыг нь тайлах гэж хөл гарыг нь өргөхөөр даагддаггүй, хүнд ястай хүн байлаа хөөрхий.

Аав минь биеийн тамирч, их хурдан гүйдэг, хөнгөн атлетикч хүн байлаа. Бүх ард түмний спартикадиар шалгарч, аймагт очоод гүйлтээр 2 дугаар байранд орж байсан гэдэг. Нэгдүгээр байрт орсон хүнийхээ гутлыг ажиглатал доороо эрзээнэн хадаастай гутал байсан гэдэг. Гараанаас гарахад хадаастай гутал нь огцом тийрч, хурд авахад нь дэмтэй байж л дээ, өнөөх нь.

Аав минь хамт олонтойгоо нөхөрсөг, нийтэч, хэнтэй ч их бага, дарга цэрэг гэж алагчилдаггүй, дээдэст зусардалгүй, доодост ихэрхэлгүй сайхан харьцдаг, олонтой эвтэй хүн байлаа. Цайндаа ороод ажилдаа явах зуураа, зам нийлсэн ХБАнгийн хүүхнүүд "-Жамбаа гуай уралдъя!" гэж их шалгаана, тэгэхэд нь "-Та нартай би урагшаа харж биш, ухарч уралдъя!" гэж уралдаад хол хаяна, нөгөөдүүл нь гүйцээгүйдээ биш хөгжилдсөндөө баясч, савж унатлаа хөхрөлдөнө.

Аав минь наадамд гурван даваатай бөх, найранд олон дугараатай дуучин хүн явжээ. Цэрэгт байхдаа Сулинхээрийн заставт бага даргын тушаалтай цэрэг явахдаа тэр нутгийн овооны наадамд түрүүлээд, дээлийн өнгө, цайгаар шагнуулж байсан гэдэг.

Аав минь нургисан, аргил сайхан хоолойтой, сумын сайн дурын урансайханчаар тодорч, Алдархаан сумын Соёл Урлагийн 7 хоногоор, төрсөн дүү "бүдүүн дуут" Бярдаахтайгаа, бас ээжтэй хамт гурвуул Улиастай хотын соёлын төвийн тайзан дээр "Ууган нэгдэл", "Улиастайн магтуу", "Хэрлэн", "Эх орон" зэрэг дууг дуулан шалгарч "Аймгийн аварга дуучин" цолоор шагнуулж байлаа.
...
Болор толин Борхынхоо
Хөвөөнд анх сүндэрлэсэн
Балар номин шугуйнхаа
Хаяаг эмжин өндөрлөсөн
Ууган нэгдэл чамдаа
Сэтгэлийн сайхнаа өргөе!
...
Усан болорын өнгөтэй
Урт сайхан Хэрлэн
Урсах сайхан долгиондоо
Уран хуурын эгшигтэй
...

Аавын минь зөөлөн нүд, хүнгэнэсэн, эрдүү сайхан хоолой одоо ч сэтгэлд хадаатай байна! Цэрэг эмээл тохсон номхон халиунаа унаад, намайг урдуураа дүүрч, амандаа дуу аялан, хамраараа гүнгэнэж, хааяа исгэрч явахад нь халиун морины хоёр чих солбиж, дэл нь Яруугийн голын бургас салхинд намих шиг хоёр тийш холбилзон байдаг сан. Аавын дээлний үнэр, халиун морины хөлстэй нийлээд тийм гэхийн аргагүй тансаг үнэр болж бие сэтгэлд минь шингэж, ийм нэгэн дурсамж болон зүрхэнд минь үлдэж дээ.

Аав минь дээлийг тэвхийтэл сайхан бүсэлж, цэвэрхэн өмсдөг хүн байлаа. Манай суманд Дунжаа гуай, Батсүх гуай, Жамбалжав багш, Жамбалдорж багш, Алтангэрэл гуай, "Мөнгөний" Заагаа гуай, Доржтовуу гай, түүний хүү "өндөр" Оюун, Цэрэн ах, манай аав гээд дээл сайхан өмсдөг, хэдэн сайхан нуруулаг улс байлаа хөөрхий! Аавын бүсэлсэн бүс алдуурна гэж байхгүй, ажлаас ирэхээр нь тайлах гээд үзүүрийг нь хайгаад олдоггүй байлаа. Аав минь гэрийн мод хийдэг, чөдөр ногт сайхан зангиддаг, их аж ахуйч хүн байсан санагддаг. Бургасан гэрийн мод хийгээд, идэшний үхэр, адуугаар солино. Ээж болохоор Наадам, Цагаан сарыг угтаж дээлний захиалгад дарагдан суудаг. Залуудаа ээж ЦогтЖаргалангийн артельд оёдолчин, аав мастер хийж байсан гэдэг.

Биднийгээ тэжээх гэхдээ улсын албан хаагчийн цалинд найдалгүй, юмханаар юм хийж, орлогоо нэмэгдүүлэх гэж зүйл бүрээр хөдөлмөрлөдөг байж дээ, хөөрхий. Аав минь хүний сайн хань, хүүхдүүдийнхээ сайн аав байсан даа. Ээжтэй минь хамт 9 хүү, 2 охин, 11 хүүхдийн аав, ээж бололцож, өнөр өтгөн өрхийн тэргүүн байж, сайн сайхан амьдарсан. Жил өнжин төрсөн, тэрсхэн олон банди нараа гэдэс цатгалан, мөр бүтэн өсгөх гэж хүнд хүчир ажил хийж, улсдаа 42 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Үр хүүхдүүд нь бүгд ажил төрөлтэй, металлургийн инженер, худаг усны инженер, сүүний үйлдвэрийн лаборант, хүнд механизмын механик, жолооч, багш, өндөр зэрэглэлийн гагнуурчин, малчин, барилгачин, тариаланч, зураач, бизнесмэн... гээд төрөл бүрийн мэргэжилтэй, улс нийгэмдээ тустай хүмүүс болж өсөцгөөв.

Аав минь ажилч хичээнгүй, аливааг чин сэтгэлээсээ хийдэг, хэнд ч хэлэхээ ч хэлчихдэг, хэнийг ч ихэрхэн дарладаггүй, хэнбугайгаас ч айдаггүй зоригтой, нөхөрлөлдөө үнэнч, бурууд нүд хурц, шулуун шударга хүн байлаа. Нэг тохиолдлыг би их тод санадаг юм. Дээр үед нэгдлийн малчдад ноосны төлөвлөгөө биелүүлнэ гэж хэцүү алба байсан юм. Тэр нэг зун аавынхаа ажил дээр очоод, халуун нарнаас халшран, Түүхий эдийн саравчинд сууж, байлаа. Ноос тушаахаар ирсэн нутгийн нэг малчин хөгшин (Нэрийг нь дурдаад яах вэ!) түнтүүтэй ноосныхоо жинг нь нэмэх гээд дотор нь чулуу, тоосго, элдэв хог хийснийг нь аав мэдчихэв. Тэгэхэд аав жигтэйхэн уурлаж, "-Та намайг хуурах гэж улсыг ч, өөрийгөө ч хуураад юу хийнэ?!" гээд түнтүүтэй ноосыг нь урдаас нь цацчихаж билээ! Тэр хөгшний нүүр нь түлэгдсэн боорцог шиг хүрлийн, машид ичиж, сандран "-Ёстой муухай юм боллоо, еэ нүдний булай гэж! Өршөөгөөрэй Лууяа минь!" гээд сүйд болж байж билээ.

Аав минь нутаг усандаа маш нэр хүндтэй хүн байлаа. Аавыг минь Лувсан ах, Лу Жамбаа гуай, Жамбаа гуай гэж авгайлж дууддаг, айж эмээдэг, залуус үгийг нь их хүндэтгэн сонсдог хүн байсан.

Аав минь ядарсан, зүдэрсэн, өнчин өрөөсөн хүнд их тусархуу, өр нимгэн хүн байлаа. Сум орны тиймэрхүү ардад өөрийн ах дүү шиг санаа тавьж, гэр орондоо хооллож, ундлан илүү дутуу хувцас, ойр зуурын зүйл, мөнгө санга ч өгч тусалдаг байсныг би сайн мэдэх билээ. Хүү минь өвдсөн, ядарсан хүнд тусалж байгаарай гэж их захидаг сан. Аавынхаа тэр өгөөмөр, тусч сэтгэл, шулуун шударга зан, нөхөрсөг, урам зоригтой чанараас нь бага ч болов авсан гэж өөрийгөө боддог.

Аав минь их цэвэрч, сэжигч хүн байлаа. Нэг удаа ажлаар яваад, хөдөөний нэг малчин айлд ортол тэр айл их заваан айл байж, нэг бартаг модон аягыг тас хар марлиар арчсан болоод цай хийж өгтөл аав сэжиглэж огиод, хоолойгоо хагалаад, тэрнээс хойш аавын хоолой сайн гарахаа байсан гэж ярьж байсан юм.

Аав минь бас байгаль дэлхийдээ их хайртай, их цээрч хүн байсан юм. Мөрөнгийн хүрээний нэг лам хөгшин "-Чи лусад их ойр хүн юм, лусаас л гэмтэх болов уу" гэж хэлсэн гэдэг. Тэгээд хэлснээр нь болсон доо, хөөрхий! Тэр нэгэн хавар, Хөвсгөлийн Эг-Үүрээс гэрийн мод бэлтгэнэ гэж яваад, модоо авч байтал нэг харахнээ бургас гөлөглөчихсөн байхтай таарч, сэтгэл нь сэвтээд, тэгээд тэндээсээ цээрлэж, сэжиглээд, эдгэшгүй өвчин тусаж, жил тойрон бараг хоёр жил шахам шаналсаар өөд болсон юм.

Аавуудын баярын өдрөөр аавыгаа дурсахдаа "-Өдийд байвал байж л байх байж дээ" гэж харамсан бодож сууна. Аавынхаа тухай бодох тусам гэгээн дүр нь тодорч, хамт байсан дурсгалт мөчүүд минь сэтгэлд амилж, сайн сайхан дурсамж, баяр бахдал, харуусал гуниг сүлэлдэн зүрхэнд үерлэн байнам. Нэхэн санавал ундраад л байх, сийрүүлэн бичвэл урсаад л байх их дурсамж амилсаар л...

ТЭНГЭРТ ДЭВШСЭН ААВ

Бага саарал-аа унасан аав минь
Бараа нөмөртэй уул л байж дээ
Балчирхан ухааныг минь саруултган тэлсэн
Баринтагтаа багтахгүй судар байж дээ

Дахилт:
Морины хөлстэй таны минь үнэр
Молцог зүрхэнд минь ханхийх юм аа

Том саарал-аараа галигуулсан аав минь
Торойх ч үүлгүй тэнгэр л байж дээ
Товолзтол алхуулан исгэрсээр ирэхэд нь
Томоогүй бидний нар гардаг сан

Дахилт:
Адуу үүрсэж, дөрөө хангинахаар
Аавыгаа тосоод гармаар болох юм аа

Халиун мориороо хатируулсан аав минь
Хайлган сэтгэлийн далай л байж дээ
Хатуу зөөлнийг тэнцүүлж сургасан
Хал нь гаднаа хайр л байж дээ

Дахилт:
Үүлэн сүүдэрт сэтгэл жиндэхлээр
Үгүйлэн санаад таныгаа дууллаа

(Унших)
Тэнгэрт морилсон уул шиг аавыгаа
Тэнэгхэн үр нь үгүйлэн дууллаа
Уул шиг нэрийг тань өргөж явах
Ухаан суусан шүү, итгээрэй аав аа)

2018 оны 6 сарын 28

Ахмад, залуу гэлтгүй, Монголын бүх сайхан аавуудад баярын мэнд хүргэж, урт насалж, удаан жаргахыг ерөөе!

Аавын хүү, аав:
Өндөрүүд Лувсанжамбаагийн Мөнхтөр
Лос Анжелес 2020 оны 6 сарын 22

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу