Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт монгол ахан дүүс ээ?
Өдийг хүртэл онцын чимээгүй байсандаа хүлцэл өчье!
( Анхны шинжилгээ өгснөөс хойш яг нэг сар болжээ.)

Юуны өмнө бидний биес сайн, өдөр өдрөөр дээрдэж байгааг дуулгахад таатай байна! Удахгүй бүрэн илааршиж, хэвийн ажил, амьдралдаа шилжих байх аа гэсэн итгэлтэйгээр гэртээ дэглэмээ сахиад, эмчээс залсан эм, тангаа ууж, өрөө өрөөндөө тусгаарлаж байна. Уржигдар гарч давтан шинжилгээ өглөө. Хариу нь ажлын 3-7 хоногт гарна гэнэ.

1. Юу болоод өнгөрөв өө?!
( сэжиг, шинж тэмдэг, шинжилгээ)

4 сарын эхээр замд явж байхад, бие жаахан зарайгаад байсан юм. Моторын халуун, хаврын нар хавсраад, том тэрэгний бүхээгт бүгчим байдаг болохоор дан цамцтай өдөржин давхиад, орой сэрүү орсныг анзаараагүй болоод тэр биз гэж бодон хувцсаа давхарлаж хэсэг яваад, өөрийнхөө усыг уугаад унттал өглөө зүгээр болчихсон юм. Ингээд давгүй явсаар гэртээ ирээд, ачаа хүлээн нэлээд удтал, 4 сарын 11-ний өдрөөс эхлэн нүд, хамар, хоолой тэсэхийн аргагүй загатнаж, хуурайшиж, хоолой ам хатан, ханиалгаж эхэлсэн ба 11, 12, 13-ны өдрүүдэд миний бие дараалан 37.2, 37.4, 38.2 хүртэл халуурав. Өдөртөө гайгүй байж байгаад орой болонгуут халуурч, ханиалган, толгой хүчтэй өвдөж, цээжин дээр нэг юм хөнгөвтөр дараад байгаа ч юм шиг, чөлөөтэй амьсгаа авахад нэг л төвөгтэй. Эхнэр мөн адил шинж тэмдэгтэй, хамар нь хуурайшиж, хоолой ам нь сэрвэгнээд, ханиалгаж, нус нь гоожиж эхэлсэн ч нэг өдөр болоод зогсож, дараа нь халуурсан. Эхэндээ жаахан цэр гарч байснаа сүүлдээ юу ч гарахаа байж, хий ханиалгах ихэслээ. Тэгээд цахимаар цаг товлож аваад, 14-ний өглөө бид хоёр шинжилгээ өгөхөөр ALTAMED Medical and Dental Group гээд City of Commerce-д байдаг эмнэлэгт хүрч очтол зайнаас халуун хэмжиж, хуруун хавчуургаар судасны цохилт, хүчилтөрөгч хэмжсэний дараа "-Та нарын шинж тэмдэг хөнгөн байна, тэгээд ч танай даатгалтай манай эмнэлэг хамтарч ажилладаггүй, шинжилгээ авахгүй!" гэж авдаг юм! "-Би тээврийн жолооч хүн, халдвартай байгаад, замд өвдөж хүндэрвэл, олон хүнд тараавал яах вэ, та нар хариуцах юм уу?!" гэж уцаарлаж, шаардсаны хүчинд арай гэж миний шинжилгээг авав. Яагаад эхнэрийн шинжилгээг авахгүй байгааг асуувал:
"-Та хоёр хамтдаа байгаа улс, чамд тусвал эхнэрт чинь тусна, үгүй бол үгүй!" гэсэн "мундаг логиктой" хариултаар ам таглав. За, ингээд хэлсэн ёсоор нь ч боллоо доо. Хариу хүлээж байх хооронд буюу 14-нөөс 21-ны хоорондох 7 хоног, хариу гарснаас хойших 4 хоног дотор өмнөх шинж тэмдгүүд давтагдаж, дээр нь гурван ч удаа гүйлгэв. 10 дахь хоног дээрээ амт мэдрэхээ больсон. Сонин юм билээ! Хэл ам дарвигнуулдаг сармис ямар ч амтгүй, Отгонтэнгэрийн анхилуун арц ямар ч үнэргүй болдгийг анх удаа л үзлээ!
Заримдаа халуурах нь гайгүй мөртлөө хоолой загатнан, амьсгаа авав уу, үгүй юу хуцуулан ханиалгаж, ханиах эсвэл гүнзгий амьсгаа авах тоолонд зүүн талын уушиг хөндүүрлэн өвдөж, амьсгалахад төвөгтэй болж ирсэн. Биеийн энд тэнд, том үенүүд, 2 жилийн өмнө бэртлээс болж цуурсан баруун гарын бугуй шархиран өвдөж, зүрх хааяа балбалзах, час часхийн хатгах зэргээр өвдөж байв. Эхнэрийн хувьд арай хөнгөн боловч ханиалган, толгой нь өвдөж сүүлдээ халуурч, хоёул байнга хөлөрч, тамирдаж байлаа. Тэнгэрийн авралаар хүүхдүүд маань харин гайгүй, цаад өрөөнд өдийг хүртэл тусгаарлаж байна.

2. Эмчилгээ - сувилгаа - дэглэм
( оношлогоо, айдас, сүжиг, хичээл)

Ингээд 21-нд Алтамед эмнэлгээс утасдаж, "-Таны шинжилгээний хариу гарлаа, та ковид тусчээ, маргааш манай эмч танд зөвлөгөө өгнө!" гэсэн аймшигт мэдээ дуулгав! Хэдийгээр өнөөх айхавтар "хорооноо" туссан нь шинжилгээнээс өмнө бараг илэрхий байсан ч, хүн гэгч сэтгэлийн амьтан юм болохоор үгүй байх гэж горьдон горьдсоор эцэст нь тийм муу мэдээ дуулах үнэндээ аймшигтай байсан, нуугаад яах вэ! (Хүний толгойд өдөрт 60-70 мянган сайн, муу элдэв бодол эргэлддэг гэдэг байх аа?) Нэг их том хар юм дээрээс нөмрөн авах шиг, бүх юм ингээд зүйл дуусдаг байжээ гэх шиг сонин эвгүй мэдрэмж дотор эвгүйцүүлэхэд хүн гэгч өвчин зовлонгийн өмнө, жамын өмнө хэчнээн өчүүхэн болохыг нэгэнтээ ухаарах шиг болов. Ингээд "явлаа" гэхэд үр хүүхдэдээ өр үлдээлгүй явчих юм сан, бусдад өгөх өглөг юу билээ гэж хамгийн түрүүнд бодогдож байна. Төрөө ахынхаа номыг л ямар ч байсан дуусгаад "явах юм шүү" гэж өөртөө тушааж, нутагтаа хөвгүүдээ аваачиж л чадсангүй дээ, надаас хойш энэ хэд минь яана даа гэж бодогдож байна. Ах дүүс, амраг садан минь, ард олон минь, төрсөн нутаг ус минь, аугаа их Монгол орон минь нүдэнд хамгийн түрүүнд харагдаж байна! Өөрийн минь ном ч өнөөх "Анх-Отгон" гэдэг шиг анхны бөгөөд сүүлчийн ном болох учиртай байж дээ, за яах вэ! Төрөө ах, Бишүү ах, Пүүжээ гуравтаа үлдээчихэд учрыг нь олчихно доо гэсэншүү юм бодогдож байна. Хүн гэгч айдас түгшүүр, итгэл найдвар хоёрын дунд явдаг сэтгэлийн амьтан юм болохоор энэ мэт бараан бодол хамгийн түрүүнд орж ирж, хоромхон зуур сэтгэл зэвийлгэсэн ч хийж дуусаагүй ажил бүтээл, гүйцэлдүүлээгүй хүсэл мөрөөдөл, үзэж хараагүй газар орон, үр хүүхэд, хань ижил, уулзахаар хүлээж буй ах дүүс, амраг садан, анд нөхөд, учрал тохиол нүдэнд харагдахаар "-Би үхэх ёсгүй, амьдрах ёстой!" гэсэн сөрсөн бодол тархи эзэмдэж, тэмцэж, эдгэрэх ёстой гэж оюун бодлоо хөвчиллөө! Монголоос найзууд холбогдож, "-За, Төрөө минь наадах чинь зүгээр л нэг муу ханиад, бид өвөл бараг тусаад гарсан, яах ч үгүй, чи даваад гарна шүү!" гэж зоригжуулж байв.
Гэвч өвчин тахал гэгч хар зоригоор туулдаг хялбархан эд биш гэдгээ үзүүлж, ихэд зовоов. Шинжилгээ авсан эмнэлгийн эмч утасдаж 14 хоногийн дэглэм сахих, өрхийн эмчтэйгээ холбогдож эмчилгээ бичүүлж авахыг зөвлөв. Өрхийн эмчийн бичиж өгсөн Azithromycin гэж дотроо 6-хан ширхэгтэй эмнээс, эхний өдөр 2ш-ийг, дараа өдрүүдэд нэг нэгээр нь нийт 5 өдөр, Tussin DM гэж ханиалганы бололтой усан эмтэй хамт уугаад дууссан. Тэгээд, Atorvastatin гэж эмийг Витамин D, C-тэй хамт одоо болтол ууж байна. Халуун аарц, чацаргана, цагаан гаа, саримсны ханд, С, Д витамин, шөл устай, халуун хоол идэж, нэг хэсэгтээ Фэйсбүүк орохгүй, тахлын тархалтын тухай таагүй статистик харахаа болив. Ингэж хичээсний хүчинд одоо халуурч, ханиалгахаа болиод 10 гаран хонолоо, өдөр өдрөөр бие дээрдэж байна.

5. Талархал
( Сэтгэлийн дэм - сэтгэлийн тэнхээ)

Халдвар авсанаас хойш өнөөг хүртэлх хугацаанд хол ойрын олон найз, таних танихгүй монгол ахан дүүс тив алгасан холбогдож, бидний төлөө сэтгэлээ чилээн, санаа тавьж байлаа.
Зарим нь хаяа нийлсэн Лос Анжелесээс аарц, хэвийн боов, шар тос, эко цай, чацаргана, тараг, унших ном, барааны газар Дэнвэрээс зарим нөхөд маань урам хайрласан шүлэг бичиж, видео мэндчилгээ явуулж, Чикаго, Сиатлаас утас цохиж, чацаргана илгээж, зарим нь Баруун эргийн Сан Францискогоос аарц, хайлмаг, зарим нь Зүүн эргийн Вашингтон Ди Си-гээс унших ном, урмын үгтэй ил захидал, Виржиниагаас эм тан, үрэл, унших ном, маск явуулж, зарим нь Австрали, Бразилаас, Европын олон хотоос, Япон, Солонгосоос, Бээжин, Хөх хотоос, эх сайхан Монгол орноос минь анд нөхөд холбогдож, алдартай нэвтрүүлэгчид нь уран уншлагаа зориулж,

"-Монгол Улсын нийслэл-Улаанбаатараас ярьж байна!" хэмээн мэндчилж, ах дүү, амраг саднаас гадна миний таних, танихгүй монгол ахан дүүс хэдэн зуугаараа (бараг мянга давсан байх аа) холбогдож, бие хаа асууж, сэтгэлээ чилээж, санаа тавьж байлаа. Зарим найзууд маань хоол хүнс дөхүүлээд өгч байх юм. Лос Анжелесийн Монголчуудын Холбооны үе үеийн удирдлага, журмын нөхөд маань, утга зохиолоор холбогдсон андууд маань сэтгэлийнхээ үзүүрээс дугтуйлан илгээж, Америк дахь Монгол Эмч нарын Холбоо, Эрүүл Мэндийн төв, Tibetan Health Center, Денвер дахь Эрүүл мэндийн Мандухай төв зөвлөгөө өгч, эм тан, чацаргана, маск илгээж, Сан Франциско дахь, Монол Улсын Ерөнхий Консулын Газраас холбогдож, санаа тавьж байв. Тэр бүхнийг нэр дурдана гэвэл би нэг бүрчлэн санахгүй, энд бичээд ч багтахгүй, бичвэл зарим нь нэр дурдлаа гэж загнана, аягүй бол. Хэрэвзээ нэг л хүний нэр орхивол бүр ч шударга бус юм болно. Та нартаа бүгдээрэнд нь маш их баярлалаа гэдгээ давтан хэлье!

Хүн хүнийхээ дэмэнд, загас усныхаа хүчинд гэдэг юутай үнэн бэ!

Та бүхний сэтгэлийн их дэмээр бид өнөөдөр эдгэрч байна! Олонтойгоо яваарай гэсэн аавын минь захиас, бусдад тустай яв гэсэн ээжийн минь сургаал намайг ийм олон нөхөдтэй болгожээ. Монгол хүний хиргүй сайхан сэтгэл, нэгнээ гэсэн өгөөмөр, нандин чанар ямар ч үед арилж балрахгүй ээ гэдгийг энэ хүнд хэцүү цагт өчүүхэн би битгий хэл, өргөн дэлхийн түмэн улс үзлээ, харлаа! Өнөөдөр, эх оронд маань энэ гайт тахал туссан хүний тоо нэмэгдэж байгаа гэх бараан мэдээ сэтгэл түгшээж байгаа ч олныг хамарсан сонгууль, наадам, бусад арга хэмжээгээ хойш тавьж, дэглэм журмаа чангатгаж, эмч нартаа шүтвэл нийтээрээ хөнгөхөөн даван туулна даа гэх бодол төрж байна!

3. Туршлага - санал - зөвлөмж
( айдсаа даван туулах, хийх ёстойгоо л хийх)

Ковид туссанаа харшил хөдөлж байна гэж андуурсан, тоохгүй явж хүндрүүлсэн, эсвэл ядаргаанаас болж даралт нь ихэссэнийг мэдэлгүй ковид байх гэж айж түгшсэн хүмүүс надтай холбогдож байв. Uber, Lift, такси, трак барьдаг, хоол, бараа хүргэдэг хүмүүс аюулгүй байдалдаа сайн анхаарах, ер нь хэн ч бай миний дээр дурдсантай адил шинж тэмдэг илэрвэл яаралтай гэрийнхнээсээ өрөө тусгаарлаж, айж ичилгүй очиж, яаралтай шинжилгээ өгч, өрхийн эмч, монгол эмчтэйгээ шуурхай холбогдож зөвлөгөө авах хэрэгтэй шүү!!! За туслаа гэхэд юу юугүй л үхээд өгдөг тийм "цахилгаан дайн" шиг юм биш тул хий айж түгшиж, дархлаагаа муутгах хэрэггүйг зөвлөе! Дээр нь монгол хүний бие физиологийн онцлог, элдэв витаминаар бөмбөгдүүлж, эм болгонд дасал болоогүй, байгальтайгаа ойр байж цас бороо, шавар шавхайтай хутгалдаж, бууцан дунд бужигнаж, хөр цасанд өнкөрч, хөдөө гадаа хөрж, халууцаж, элс шороо зажилж өссөн бие махбод гэдэг арай өөр байдаг юм болов уу гэж бодсон. Сүүлдээ бараг би зөвлөгөө өгөөд байна уу, яагаад байна, еэ, Тэнгэр минь, өршөө! Тэгж ойр зуураа, мэдэхгүй, мэргэжлийн бус нэгнээсээ асууж, хувиараа эмчлэх гэж туршилт хийж, цаг алдаж болохгүй шүү!!! Америкт өвдсөн хүмүүс Чикагод байдаг АНУ-дахь Монгол Эмч нарын Холбооны тэргүүн Нямсүрэн эмчтэй фэйсбүүкээр холбогдоорой!

Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!
Монголчууд биднийг мөнх Тэнгэр ивээнэ ээ!
Хүн төрөлхтнийг даасан даасан Бурхан нь ивээх болтугай!

Хүндэтгэсэн: Л.Мөнхтөр
Лос Анжелес
2020 оны 5 сарын 14

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу