Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Калифорни мужын Зам Тээврийн Яамны мэргэжилтэн А.Баярмаатай ярилцлаа. Тээврийн математик загварчилалаар мэргэшсэн, Япон, Голландад ажиллаж байсан туршлагатай тэрээр Калифорнийн өмнөд бүсийн зам тээврийг хөгжүүлэх урт хугацааны төслийг удирдан  ажилладаг. Дэлхийд алдартай Лос-Анжелос хотын зам тээврийн төлөвлөлт, түгжрэл, агаарын бохирдол зэрэг асуудлыг шийдэхэд монгол эмэгтэй өөрийн мэдлэг чадвар,  ур ухаанаа уралдуулж, үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дуулгахад бахархам сайхан. Бид түүнтэй зам тээвэр, хот төлөвлөлт, Ковид-19-ийн нөлөөгөөр гарч буй өөрчлөлт, LA дахь Монголчуудын аж амьдрал зэрэг сэдвээр ярилцлаа.

Таньд энэ өдрийн мэнд хүргэе.  Та өөрийн ажлын чиг үүрэг, онцлогийг манай уншигчдад энгийнээр тайлбарлаж өгөөч? 

Таньд бас энэ өдрийн мэнд хүргэе. Би Лос-Анжелос хотод байрлах Калифорнийн өмнөд бүсийн захиргаанд ажилладаг. Калифорнийн өмнөд бүс 19 сая хүн амтай. Эдийн засгаараа дэлхийд долоод ордог. Нийт зургаан каунти, 195 хоттой. Манай байгууллага бүс нутгийг хөгжүүлэх, хол ойрын төлөвлөгөө, хөгжлийн бодлогийг дөрвөн жил тутамд боловсруулдаг. Хөгжлийн гол бодлогуудад зам тээврийг хөгжүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, бага орлоготой өрхөд зориулсан орон сууц бий болгох зэрэг асуудлууд багтана. Сүүлийн жилүүдэд цахилгаан машин, жолоочгүй машин, түлшгүй тээврийн хэрэгсэл дугуй, скүүтер зэргийг хөгжүүлэх бодлого шинээр нэмэгдэж байгаа. Аль болох иргэдийг алхаад эсвэл унадаг дугуйгаар очих газраа хүрэх боломж бүхий хотын бүтцийг хөгжүүлэх бодлого барьж байна. Эдгээр ажлууд математик загвараас гарсан тоон мэдээн дээр тулгуурлаж хийгддэг. Энэхүү загварыг боловсруулах төслийн удирдагчаар найм дахь жилдээ ажиллаж байна. 

Ковид-19-ийн нөлөөгөөр ажилд тань ямар өөрчлөлт, шинэчлэл гарч байна вэ?

Хөл хорио тогтоогоод хүмүүс гэрээсээ ажиллаад үндсэндээ хоёр сарын хугацаа өнгөрч байна. Бид ч мөн гэрээсээ ажиллаж байна. Энэ хугацааг үргэлжлүүлээд хэдэн сараар сунгах магадлалтай байна. Харин гэрээс ажиллах боломжгүй аж ахуйн нэгжүүдийг өвчний тархалтын байдлаас хамаараад үе шаттайгаар нээж байгаа. Гэвч эргэж хэвийн байдалдаа ороход маш их цаг хугацаа орох нь тодорхой байна. Бид Ковид-19-тэй хамт зохицож амьдрах амьдралын шинэ хэв маягт суралцах болоод байна. Мужын зүгээс хөл хөдөлгөөн багассан энэ үеийг ашиглаад зам засварын ажлуудаа эрчимтэй явуулж байна. Нийтийн тээврийн хувьд Ковид-19 тархах хамгийн гол эх үүсвэр гэж үзэж байгаа учраас шинэ дүрэм журмыг сахих, улам боловсронгүй болгох тал дээр ажиллаж байгаа. Амны хаалтгүй бол нийтийн тээврээр зорчуулахгүй байх, нэг дор үйлчлүүлэх хүний тоог хязгаарлах зэрэг өөрчлөлтүүд орсон. Байгууллага аж ахуйн нэгжүүд мөн халдвар хамгааллыг дээд зэргээр сахих, үйлчилгээний шинэ хэв маягыг нэвтрүүлж эхэлж байна. Энэ нь бас үйлчлүүлэгчээ татах зах зээлийн шинэ өрсөлдөөн болж байна гэж харж байгаа.

Хот төлөвлөлт, замын түгжрэл, агаарын бохирдол бол яах аргагүй өнөөгийн Улаанбаатарын тулгамдсан асуудлууд, хөгжилтэй орны туршлагаас бид юуг суралцах ёстой вэ? Калифорни муж энэ төрлийн асуудлаа хэрхэн шийддэг юм бэ? 

Дөрвөн сая хүн амтай Лос-Анжелос xoт  Калифорни муждаа төдийгүй улсдаа тэргүүн эгнээнд орох замын түгжрэл, агаарын бохирдолтой хот. Энэ асуудлыг шийдэхийн тулд авто машины бодлогоо чангаруулж, нийтийн тээвэр болон бусад тээврийн хэрэгслийг хөгжүүлэх бодлогийг дэмжин ажиллаж байна. Хотын төвийн замыг нэг урсгалтай болгох, төлбөртэй машины зогсоол нэмэх, хотын төв рүү машинаар биш бусад тээврийн хэрэгслээр зорчиж ажилдаа ирж байгаа хүмүүсийг урамшуулах зэрэг арга хэмжээ авч байна. Тухайлбал нийтийн тээврээр ажилдаа ирж байгаа хүмүүст нэг сарын үнэгүй зорчих эрх олгох жишээтэй. Ер нь бол хотын төвд хувийн машинаар зорчиход маш их бэрхшээл, өндөр зардалтай байдаг. Зогсоол бүрт мөнгө төлнө. Удахгүй түгжрэлтэй бүсээр зорчиход нэмээд хураамж төлдөг болно. Лос-Анжелос хотод дуртай газраасаа түрээслээд явах, скүүтер, унадаг дугүйг олноор байрлуулсан. Залуучууд өргөнөөр хэрэглэж байгаа. Uber, Lyft гээд такси үйлчилгээ замын түгжрэлийг нэмэгдүүлж байгаа учраас ачаалал ихтэй газруудад такси үйлчилгээг хязгаарлаж эхэлсэн. Саяхнаас LAX олон улсын нисэх онгоцны буудлаас зорчигч авахыг зогсоож, нэлээд зайтай газарт зогсоол гаргаж өгсөн. Зорчигчид үнэгүй автобусаар зогсоол руу очиж тэндээсээ такси үйлчилгээ авдаг болсноор онгоцны буудал орчмын түгжрэл эрс багассан. Энэ мэт өөрчлөлтийг хийхдээ хотын иргэдийн саналыг авч тусгадаг. Иргэд маш идэвхтэй санал бодлоо солилцдог. Иргэдийн дунд хийсэн санал асуулга, нарийвчилсан судалгаа, тоо мэдээн дээр үндэслээд , математик загварыг бий болгодог. Уг загварын тусламжтайгаар асуудлыг урьдчилж харж болдог. Өөрөөр хэлвэл аливаа шинэ бодлого нэвтрүүлэх боллоо гэхэд загварын тусламжтай, цахим хотод туршилт хийж хаана алдаа дутагдал, эсвэл давуу тал, ямар үр дүн гарч болохыг урьдчилж мэдэх боломж олгодог. Буруу шийдвэр гаргаж хүмүүсийн амьдралаар тоглох, бизнес эрхлэгчдийг эрсдэлд оруулахгүй байх маш том давуу талтай. Энд юу харуулж байна гэхээр хотыг цэвэр салбарын мэргэжилтнүүд авч явдаг систем байгаа нь харагдаж байгаа байх. Хэн дуртай эрх мэдэлтэн, танил талдаа газар эзэмших эрх өгч, дурын үйл ажиллагаа явуулах боломжыг хязгаарлаж, нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ийм боломж бүрдүүлж өгсөн байдаг. Нөгөөтэйгүүр тээвэр, газрын алба, айти гээд салбар хоорондын хамтын ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Улс төрийн хүчин солигдох хэрээр халгаа сэлгээ хийгдэх, хийж хэрэгжүүлж байсан бодлого төлөвлөлтөнд өөрчлөлт орох, шинээр эхлэх зэрэг асуудал хэр их байдаг вэ? 

Мужаас доошоо ер нь ямар ч улс төр орж ирдэггүй гэж хэлж болно. Муж доторх асуудлыг ихэнхдээ урт хугацааны туршид улс төрчид биш дан мэргэжлийн хүмүүс чиглүүлэн авч явж байдаг. Хичнээн нам солигдож, улс төр шинэчлэгдэж байсан ч мэргэжилтнүүд нь тогтвортой, хийх ажлаа хийж л байдаг. Улсын доторх улс ч гэж ярьдаг муж бүр өөрийн гэсэн хуультай, төсөвтэй, татвараа өөрсдөө тогтооно, маш том эрх мэдэлтэй байдаг.

Шинээр ирж байгаа болон энд амьдарч байгаа Монголчууд таниас заавар зөвлөгөө их авдаг гэж сонссон. Ямар төрлийн зөвлөгөө ихэвчлэн авах сонирхолтой байдаг вэ? 

Тиймээ чадах мэдэх зүйлээрээ тус болох юмсан гэж хичээдэг. Манайхан дутуу дулимаг мэдээлэлтэйгээс болж зөв буруу шийдвэр гаргах, эргээд тэр алдааг засахад маш их цаг хугацаа орох ийм байдал одоо хэр нь байсаар байгаа. Цаг зав байвал чадах мэдэхээрээ туслахыг хичээдэг. Хамгийн ихээр хүүхдийн боловсролын асуудлаар ханддаг. Манай Монголчуудын энд ажиллаж амьдарч байгаа гол шалтгаан бол хойч ирээдүй, үр хүүхдийн боловсролын асуудал байдаг шүү дээ. Хүүхдээ хэрхэн хөгжүүлэх, ямар сургуульд явуулах, их сургууль, коллежид хэрхэн бэлдэх, санхүүгийн асуудлыг шийдэх тал дээр голдуу зөвлөгөө авдаг. Би ч ялгаагүй гурван хүүхдийн ээж,  Монголд боловсролын байгууллагад 10 жил ажилласан, олон орны их дээд сургуульд судлаачаар ажилласан. Орчин цагт ажиллаж  амьдрах чадвартай, шаардлага хангасан иргэнийг хэрхэн бэлдэх тал дээр тодорхой туршлага хуримтлуулсан учраас өөрийнхөө мэдсэн, алдсан, оносон, туулсан туршлагаас ойр тойрныхондоо харамгүй хуваалцаж байсан маань яваандаа газар авч монголчуудтайгаа уулзаж зөвлөгөө өгөхөд хүрсэн. АНУ-д  хүүхдийн боловсролын асуудал хаана амьдрах, аль дүүрэгт амьдарч байгаагаас эхэлдэг. Ялангуяа Лос-Анжелос бол том хот, өртөг өндөртэй, цагаач иргэд ихтэй.  ЕБС-ийн  чанар бусад хотуудтай харьцуулахад их тааруу. Үнэхээр үр хүүхдийнхээ ирээдүйг бодож байгаа бол амьдрах орчноо судлах, сайжруулах нь эхний алхам байдаг. Сургууль сайн болоод ирэхээр байрны үнэ дагаад өснө. Цаашлаад энэ олон сая хүн амтай,  өрсөлдөөн ихтэй газар, их дээд сургуульд элсэн орох, тэтгэлэг авах зэрэгт эцэг эхийн оролцоо, анхаарал, халамж, зориулалт, мэдээлэлтэй байдал маш чухал үүрэгтэй. Нэг үеэ бодвол манайхан мэдлэг туршлагатай болж тэр хэрээр олон монгол хүүхдүүд дэлхийд нэртэй сургуульд элсэн орж ээж аавыгаа баярлуулсаар байгаа нь сайхан. Тун удахгүй Америкад ажиллах Mонгол мэргэжилтнүүд олноор бий болно гэж би итгэдэг.

Калифорнийн өмнөд бүс LA орчимд хичнээн Монголчууд байна, ямар ажил эрхэлж, байна?

Одоогоор 5000 орчим Монголчууд байдаг гэж ярьдаг. Манайханы ихэнх нь тракны бизнес хийж байна. Бас хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүс цөөнгүй бий. Оюутнууд ихтэй. Оюутнуудын хувьд эзэмшсэн мэргэжлээрээ ажилд орох, үргэлжлүүлэн ажлын талбар дээр туршлага хуримтлуулах тал дээр дутагдалтай байгаа санагддаг.

Бизнес үйлчилгээний газруудтай холбоотой ажилладаг хүний хувьд асуухад манайханд хувийн бизнес нээгээд ажиллуулахад тулгарч байгаа бэрхшээл, ололттой тал юу байна? Том хотод өөрийн гэсэн бизнес нээх, бичиг баримт хөөцөлдөхөд ямар нэгэн хүндрэл байдаг уу?

Хувийн бизнесээ нээх,  бичиг баримтаа бүрдүүлэх, үйлчилгээний зөвшөөрөл авах тал дээр ямар ч хүндрэл, хүнд суртал байхгүй.  Маш амархан бүтдэг. Хамгийн хэцүү нь бизнесээ зөв газар нээгээд зөв менежмент хийх байдаг. Монголоос  бизнесийн чиглэлээр виз аваад, маш их хөрөнгө мөнгө зориулаад, орж ирж байгаа хүмүүс цөөнгүй бий. Амжилттай сайхан бизнесээ авч явж байгаа нь ч бий. Арга эвээ олохгүй байгаа нь ч бий. Монголд бизнес хийж байсан туршлагатай, мэддэг чаддаг зүйлээ үргэлжлүүлэн хийнэ гээд ороод ирдэг. Гэвч үнэн хэрэг дээрээ эндхийн хуулинд захирагдаад, эндхийн үйлчилгээний соёл, тоглолтоор явах шаардлагатай нүүр тулдаг. Манайханд тулгарч байгаа гол бэрхшээл бол хэл. Хэл муутайн улмаас ашиггүй бизнесийн гэрээ хийх, ойлгоогүй сайн мэдэхгүй зүйл дээр гарын үсэг зурж, хохирох асуудлууд гардаг учраас алхам тутамдаа хэлээ сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй болов уу. АНУ-д харилцааны соёл, үйлчилгээний соёл маш өндөр түвшинд хөгжсөн байдгийг хүн бүр мэдэх байх. Үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд хэл сайтай байх,  харилцааны өндөр ур чадвартай байх хэрэгтэй болдог. Бараг чанартай үйлчилгээнээс өмнө хүнийг татах нарийн мэдрэмж, харилцааны ур чадвар бол бизнес амжилттай байх гол үндэс байдгаараа их онцлогтой.

Таньд баярлалаа
 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу