Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

За юу ч ярих вэ дээ энэ хүнтэй гэгчээр ЗХУ-ОХУ-ын волейболын домогт дасгалжуулагч Николай Карполь Екатеринбург (Хуучнаар Свердловск) хотын эмэгтэйчүүдийн “Уралочка” багийн уяа сойлгыг дахин нэг жил тааруулахаар болжээ. Хэдхээн хоногийн өмнө, бүүр тодруулбал энэ тавдугаар сарын нэгэнд 82 нас хүрсэн “ Хүрхэрдэг баавгай” хочит нэрт дасгалжуулагч маань ийнхүү “Уралочка” багийг 51 жил буюу 1969( !!!) оноос хойш тасралтгүй дасгалжуулж байгаа юм. Аугаа аугаа гэхэд арай л дэндүү аугаа юм даа.

Спорт сонирхогчид, ялангуяа волейболын хорхойтнууд бол Карполь дасгалжуулагчийг андахгүй. Яагаав нөгөө шавь нараа хашгирч загнаад байдаг гээд л хэлэх байх. Зөвхөн хашгирч загнаснаараа ч бус хийсэн бүтээснээрээ ч хэнийг дагуулахгүй нэгэн билээ, Карполь.

Түүний унаган шавь нараас л гэхэд 15 олимпийн аварга төрж, түүний удирдсан эмэгтэй баг Олимпийн таван медаль( 1980 -алт, 1988-алт, ЗХУ. 1992 -мөнгө,ТУХН . 2002-мөнгө, 2004 -мөнгө , ОХУ) хүртсэн бөгөөд ийм амжилттай дасгалжуулагч волейболын түүхэнд өөр байхгүй ээ. Мөн ДАШТ-ээс алтан медаль нэг, хүрэл медаль гурвыг хүртсэн бөгөөд Европын аварга, Дэлхийн цомоос авсан медалиудыг тэр болгон дурдалгүй орхиё.

Энэ бол түүний дасгалжуулсан ЗХУ, ТУХН, ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн амжилт.

Харин “Уралочка” багийг хагас зуун жил гаруй дасгалжуулахдаа ЗХУ-ын аварга цолыг 11, ОХУ-ын аварга цолыг 14 удаа хүртэж, ( мөнгө, хүрэл медалийг дурьдсангүй ) 1986-2005 онд завсаргүй 20 удаа (!!!) улсдаа түрүүлж байсан юм.

1980 оны олимпоор энэ домогт дасгалжуулагчийн “хашгирааныг” анх ТВ -ээр сонсож байсан бол 1996 оны Атлантын олимпоор “амьдаар нь” харах хувь ч тохиож байлаа, миний хувьд. Харамсалтай нь Оросын бүсгүйчүүд Атлантад хагас шигшээд БНХАУ-д, харин хүрлийн төлөө Бразилд хожигдоод медальгүй “мултарч” байсан нь санаанд тодхон байна.

Н.Карполийн дасгалжуулалтын арга барилыг бараг “харгис” гэсэн ч болохоор. Эмэгтэй шавь нартайгаа өчүүхэн ч “нялхардаггүй”, ёстой л хатуу гараар базаж, өндөр сахилга бат, хатуу дэглэм, биеийн болон сэтгэл зүйн дээд зэргийн ачаалал, дээр нь төгс техникт сургадагаараа алдартай. Түүний шавь нар бэлтгэлийн үед босох ч тэнхээгүй болж, бөмбөг унагаахгүйн төлөө эцсийн тамираа шавхан унаж байхыг баримтат киноноос нь ч харж байлаа. Магадгүй тэрбээр Японы алдарт дасгалжуулагч Хирофуми Даймацугийн ( энэ бас нэг агуу дасгалжуулагчийн тухай тусад нь бичнээ) “орос хувилбар” ч гэмээр.

Өөрийнх нь “имиж” болсон тэр л ууртай төрх, хашгирч загнах зан ааш нь “Уралочка” болон ЗХУ-ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн нэг ёсны чимэг , тодотгол, бүүр “брэнд” болон хэн, хүний сэтгэлд хүрсэн гэхэд огтхон ч маргах хүн гарахгүй биз ээ!

“Гиннесийн дээд амжилтын ном”-д бичигдэж, волейболын “Алдрын танхим”-д нэр нь залагдсан аугаа Н.Карполь аргагүй л волейболын өчигдөр, өнөөдөр, маргааш юм даа.

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу