Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сар хүрэхгүй л Евро 2020 эхлэх гээд, тавхан хоноод Америкийн Монголчууд аваргаа шалгаруулах гээд л янзын байх байж гэснээс.

Хөлбөмбөгийн спортыг урлаг болтол хөгжүүлсэн улс орнуудын тоглох стиль нь тухайн орны хүн ардын түүх соёл, филисофи, зан чанартай төстэй байдаг нь нэгэнт тодорхой болсон асуудал.

Жишээ нь Германчууд яг л бид бол цэвэр немцүүд гэсэн шиг хийгүй нямбай, огт алдаа гаргахгүй, герман машин, швейцарь цаг шиг тоглолт үзүүлдэг бол Бразилчууд самба бүжиг шигээ гал цогтой, уран яруу үзүүштэй сайхан тоглодог. Бразилчууд талбайд гарахад л бүрээ, бөмбөрийн цоглог аяс нижигнэж, түүний аянд карнивал парадын ганган бүсгүйчүүд бүжиглэх лугаа тоглолтыг хэзээд үзүүлж ирсэн.

Японы цэнхэр самурай нар хэнд ч бууж өгдөггүй, уйгагүй дайчин тоглоно. Гэхдээ үргэлж өрсөлдөгч нараа хүндэтгэн, хэрүүл маргаан гаргаж, шатаж тоглохгүй. Нэр хүндээ эрхэмлэх самурай толгой бөхийн өрсөлдөгчөө мэхийн хүндэтгэсний дараа нь хурц сэлмээр зүрх зүсэм тулаан хийж байгаа аятай тоглолтыг эрчүүдийн болон эмэгтэй хоёр шигшээ нь хоюул үзүүлнэ.

Италичууд яг эртний Ромын лигеонууд сумны зэв ч орох аргагүй хайрцаглан дөрвөлжилж жагсаад тулаанд орох шиг өөгүй хамгаалж тоглоно. Аль нэгийг нь өрсөлдөгч нь дэгээдэх эсвэл шүүгчтэй маргах үед бараг 11-үүлээ шаван очоод маргалдах нь гэр бүлийн гишүүнээ хамгаалан өмөөрдөг, нэг нэгэндээ үнэнч, цусан тангараг коза-ностра өргөсөн сайн эрчүүд мэт санагддаг.

Ангилчууд ихэмсэг, додигор цэмбийж тоглоход, францууд уянгалаг яруу шүлгийн шатууд шиг тоглолт үзүүлнэ. Хар тивийн овгорууд мөн ч ширүүн дээ. Хүч, хурдтай хувийн тоглолт мундаг ч багийн филисофи дутаад байх шиг санагддаг.

Испаний гал дөлүүд болохоор бухтай тулалдагч матадор гэсэн үг. Испани мастеруудын тики-така гэгдэх тоглолтын стиль нь нарийн шугамаар нямбай гэгч нь хэмжсэн юм шиг бөмбөгөө өөр зуураа дамжуулж, өрсөлдөгч багаа уурласан бухыг бахардуулан буй лугаа дамжуулж тоглох жишээний

Аргентинчүүд гоёмсог нандин танго бүжиг шигээ тоглоно. Гэхдээ өмнөд америкчуудад нийтлэг байх хор шар үргэлж цухалзана. Танго бүжиг, танхай нөхдүүдийн зодооныг хослуулан хийнэ.
Уругвай, Чили гэх мэт латин америкчууд зодоонч тахиа тулалдаж байх шиг үзүүштэй дайчин тоглоно.

Голландын шигшээ бол хачин гоё тоглоно шүү дээ. Бүх түүхэндээ газар нутгын гачаалд амьдарч, алга дарам нутгаа хэрхэн эвтэйхэн, зөв зохицуулж, үр шимтэй хэрэглэх билээ гэж хэдэн зуунаас тархиа ажиллуулж ирсэн гэсэндээ зай, талбайг гайхамшигтай мэдрэнэ. Ван Гог, Рембрант, Вермеер гэх мэт олон уран зурагын их мастеруудыг төрүүлсэн Европын энэ нам дор улсын усан суваг, гудамж зам, байшин барилгын зохион байгуулалт бол дэлхийн тэргүүнийх гэдэг юм билээ. Амстердамын онгоцны буудлын архитектур нь шийдэл, зохион байгуулалт бол гайхамшиг гэж хаа нэгтээгээс уншиж байсан санагдана. Тэрэн шиг “улбар шар” мастерууд бөмбөгтэй биш талбайтай тоглодог гэхэд болно. Ринус Микел, Иохан Кройфын үүсгэсэн “тотал футбол” бол угтаа талбайгаа л мэдрэх юм гэсэн. “Бөмбөг эзэмшиж байгаа тоглогч хаашаа бөмбөг явахыг шийдэх ёсгүй. Харин бөмбөггүй тоглогч тоглолт цааш хэрхэн өрнөхийг шийддэг. Өөрөөр хэлбэл бөмбөггүй тоглогчийн хаашаа, аль зайд гарахаас дараагын нүүдэл хийгдэх ёстой” гэсэн Кройфын онолыг Райкаард, Куман үргэлжлүүлж байна.

Удахгүй Монголын хөлбөмбөг нь:
Тал шигээ тарж,
Ус шигээ урсаж,
Адуу шигээ тачигнаж,
Өвөг дээдэс лугээ тулалдана.
Хажуулдаж ирээд хавсран цавчина,
Нүүгэлтэн ирээд нөмөрлөн бүрхнэ,
Харгана мэт жагсаж,
Цүүц мэт хатгаж гоолдоно.

Удахгүй дээ, маш удахгүй.

Жич: Хөлбөмбөгийг өөрөө тоглох эрдэмд маруухан ч, өргөн дэлгэц, өнгөт зурагт, өндөр дэвжээний хажуугаас нь үзэх хоббитой нэгний бодсон, эрээчсэн тэмдэглэл ухаантай юм шүү. Мастерууд битгий шоолоорой.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу