Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хамбатан өглөөнийхөө цайг тайван оочлоод, бодолд дарагдан сууна. Түүнийг залах Тэнгэрийн хүлэг гадаа нь ирж үүрсээд гурав хоножээ. Хэдийгээр нас нь тийм ч дээр гарч, бие нь тийм ч доор орчхоогүй боловчиг үйлийн эрх, цагийн жам аргагүй тулсныг багштан аль хэдийнэ ухаарч, бие, хэл, сэтгэлээ эртнээс бэлдэж байжээ.

Өөрийн гэсэн үр хүүхэдгүй, хорвоогийн явдалд хоргодох зүйлгүй ч сүүлд хадаг барьж, шавилсан, үнэн сүсгээр дагасан отгон шавиа бодохоор бас чиг сэтгэл бүдрэх янзтай. Хоймор залаатай, алтадмал бурхны лагшинд өглөөний нарны туяа тусаж ойн, их таван ханат гэрийн доторхыг тэр чигт нь гийгүүлж, сэтгэлд нь жаахан ч гэсэн гэгээ нэмэх аястай.
Шавь нь гаднаас аргал хормойлсоор орж ирэн, тулганы галыг сэргээгээд, өөрийн суудалдаа сууж, өглөөний уншлагаа эхлэв. Түүний өтгөн, сайхан унзад хоолой, жигдхэн хүнгэнэх дуу үе үе намсан, үе үе чангарч, гэр дүүрэн сангийн утаа, арцны үнэртэй холилдон нэгэн цул айзам болон дуурсаж байлаа. Боть боть судраас уншиж, өдөр өдрөөр өөрийн болгож байгаа шавьдаа эцсийн үгээ хэлэхээр шийдсэн багш нь "-Гхм!" гэж хоолойгоо засаад, "-Одоо болно оо, хүүхээ, наашаа суу!" гэж огцомхон хэлэв.

Гайхсан шавь нь дуугаа намсган, алгуур зогсоод, багшийн хэлэхийг хүлээж, дөхөн суув.

"-Хэрэв чи номын үсгийг цээжиндээ багтааж, зүрхэндээ оршоовол, үйлдээ шингээж, үгэндээ хураавал хоосон чанарт дөтөлж, гэгээрэлд хүрэх хэцүүгүй, хүн амьддаа хэдэн ч удаа гэгээрч болно. Багшийнх нь морилох цаг боллоо. Надаас хойш, энэ хэдэн судраас авахаа аваад, үлдсэнийг нь хийддээ өргөнө биз дээ. Цөвүүн цаг айсуй, цаг төр бужигнахаас өмнө шар шувталж, хар болоод, гэзэгт авч, гэр бариад, үр удмаа үлдээж, нутаг усандаа сайхан амьдраарай, хүүхээ! Буян үйлдэж, зөв явбал лам, харын ялгал үгүй, гурван төрөлдөө уулзахын ерөөл тавия!" гээд цааш эргэн, шар торгон баринтагтай Алтангэрэл судрыг өвдөг дээрээ тавьж, баринтгийг нь нямбайлан дэлгээд, хуудсыг нь нэг нэгээр нь эргүүлэн уншиж гарав. Унших тоолонд судрын үсгүүд босож ирээд, соронзон гүр мэт тойрог татаж, хуйлран бүжиглэж байснаа өглөөний нарны гэрлээр дамжин тооноор гарч нисэлдлээ! Энэ зуур шавь гэцэлийн сонсож дассан хэнгэрэг цан, бүрээ бишгүүрийнх биш, нэгэн ер бусын цоглог, чогчиго, богшрогын жиргээ мэт жингэнэсэн, чихэнд чимэгтэй, яруу хөгжим дуурсах мэт болоод, хоймрын авдар дээрх судрууд чичирхийлэн амь орж, баринтгууд нь задран дэлгэгдэж, хуудас хуудсаараа хуйд автсан мэт хуйлран дэгдэж, гэрээр нэг бужигнан нисэлдэж гарав.

Гайхаж алмайрсан шавь нь яахаа мэдэхээ байж, амаа ангайн, хэсэг хөшин зогссоноо гэнэт сэхээрэн харвал хамба багшийнх нь лагшин үзэгдэхгүй болжээ!

Хоосон чанарыг илтэд онож, нирваан дүрийг нэгэнт үзүүлсэн багш нь судрын үсэгт хувилан, нөгөө ертөнцөд одсон нь тэр байж. Гэрээр дүүрэн хөглөрөх судрын хуудсуудад номын үсэг огт үл үзэгдэх бөгөөд, шавийн цээжинд бүгдээрээ багтсан мэт хамаг бие нь дүүрэн санагдаж, цээж нь давчдан, амьсгал нь түргэдэж ирэхэд залуу ламтан ухасхийн гадагш гарлаа. Намрын тунгалаг тэнгэр дөрвөн зүг, найман зовхист тэр чигтээ солонгоор бүрхэгдэж, газар дэлхий дээрх бүхнийг ер бусын зөөлөн, дулаан өнгөөр хулдсан байх бөгөөд буцах шувуудын ганганаа маанийн ерөөл унших мэт тасралтгүй үргэлжилсээр алсарч авай. Тэнгэрт дэвшсэн багшийнхаа хойноос шад маань уншаад, дүрлэн алаг нүднээсээ хэдэн дусал нилбус унагахуйд дотор нь жаахан уужирчээ. Орой нар шингэтэл гадаа суугаад, гэрт орвол бүх юм урьдын адил бахь байдгаараа, судрууд нь байр байрандаа, тэвхийтэл өрөөтэй харагдана. Багшаа дотроо сүслэн бодож, амандаа маань гүвтнээд, бурхандаа зул барив. Багшийнх нь хойтод зориулж, Нуур Могойн хүрээний 200 гаран лам бүтэн гурван өдөр, гурван шөнө уншлага таслалгүй ерөөл хурсан бөгөөд, ажил явдал нь буянтны ёсоор сайхан болж өнгөрчээ. Одоо түүнд энд хоргодох зүйл үгүй болсон тул төрсөн гэрийн зүг харьсугай гэж өөртөө хэлээд, багшийнхаа захьсанаар бүхнийг гүйцэлдүүлж, гэр бараа, бурхан тахил, судар номыг нь жасын няравт хүлээлгэн өгөв. Ингээд хөдөө гэрээс ирүүлсэн, багадаа хонины ээлжинд унаж өссөн, өөрийн унаган адуу, номхон хээрээрээ өглөө эртлэн мордоод, орон хийд, төрсөн гэрийн бараа хоёрын аль аль нь ил харагдах, баруун хойд ухаа дээр гарч, морио тушаад, овоог нь гурвантаа тойрч, чулуу өргөн залбирав. Тэгээд, тухтай нь аргагүй завилан сууж, сан тавихаар, багшийнхаа арвин их судраас дээжлэн авсан, өнөөх Алтангэрэл судрын баринтгийг алгуурхан задалбал "То Вангийн сургаал" гэж монгол бичгээр нямбайлан хуулж бичсэн, багшийнх нь үсгийн хэв дурайн үзэгдвэй!

Л.Мөнхтөр
Лос Анжелес
2020/05/09

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу