Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Тэр бээр зүүн мөрөн дээрх хос далавчтай, бундан улаан зүрхний шивээсээ дурамжхан илээд, уртаар шүүрс алдав. Эл хуль оргих ханхай өрөөнд ганцаар гиюүрч суугаа түүнд энэ олон өрөөтэй, тансаг сууц нь сүүлийн үед яг л шорон шиг санагдсаар удаж байгаа билээ. Хүүхдүүд нь өсөж том болоод, зарим нь гадаад, дотоодод их, дээд сургуульд сурч, зарим нэг нь өөрийн гэсэн ажилтай төрөлтэй сайн сайхан явцгааж байгаа ч тус тусын ажил амьдралтай улс хойно тэр бүр ээжийгээ гээд, эргэж тойрох нь ч ховор болжээ. Тэрсхэн өсөцгөөсөн охид, хөвгүүд нь тус тусдаа гарцгаасан эхний хэдэн жилдээ хүүхэд шуухад гэж амьдралд дарагдаад, мань хүнд санаа тавьж чадахгүй байсаар, сүүлийн гурван жил овоо утас шөрмөсөөр ойр ойрхон ярьж, хааяа хажиганалдаж ирээд, хамт хоол идэцгээж, заримдаа хотын зах руу салхинд гарцгаана. Гэвч тэдний амьдрал бол тэднийх, түүнийх бол түүнийх. Үүрнээсээ нэгэнт нисэж одсон тэднийг дэргэдээ уях гээд ч яах билээ, ач зээ нарыг нь авчраад үнэрлүүлж байвал болоо гэж бодох болжээ. Яагаад өдий ид жаргаж явах насандаа ийн гэртээ ганцаараа уйтгарлаж суух болсноо өөрөө гайхаад ч олохгүй суугаа нь энэ. Сайхан ажил бол ажил, бизнес бол бизнес байна. Унах унаа, орох орон, хүний өмнө нүүр улайхгүй нэр төр, найз нөхөд, хамт олон, өмсөх эдлэх цөм бүрэн авч тэр гагцхүү ханийн халамж, нөмөр нөөлгөөр л дутаж яваа, ид дунд 47 насны босгыг дөнгөж алхсан, ийм нэгэн "ажил хэрэгч" бүсгүй. Тэр уг нь сайн нөхөр, сайхан ханьтай байсан юм. Даанч түүнийгээ элдвээр өөнтөглөж, аашилж загнасаар хөөж тууж явуулаад эцэст нь ийн хоосон гэрийн сахиул болж, хохийж суугаа нь энэ. Одоо яая гэх вэ! Санаанд таарсан хүнтэй болъё гэхнээ тийм Тэнгэрээс өөрөө буугаад ирдэг бэлэн зэхий хүн ч гэж хаа байх, тэр ч гайгүй, энэ ч дэмий гэж голж, шилсээр сүүлийн 5 жил гань ганцаар яваа хүн.

Тэр бээр анх нөхөртэйгөө, дөнгөж их сургуулийн оюутан болоод байхдаа, шинэ жилийн үдэшлэг дээр танилцаж билээ. Хонин бор нүдтэй, нүдэнд дулаахан, шөрмөслөг байрын хөрслөг залуу гүйхээрээ ирж бүжигт урьснаар тэд дотносож, нэг л мэдэхэд оюутны байранд дэр нэгдэцгээж, төд удалгүй төгсөлтийн шалгалт, хонхны баяр гээд оюутны завгүй амьдрал ар араасаа хөвөрсөөр, анхны хүүгээ гаргаж, дараа дараалан хоёр охиноо, бас отгон хүүгээ төрүүлж, амьдралд эрт хөл тавьцгаасан улс. Залуухан, халуухан, бас сониучхан ч байж дээ, тэгэхэд. Тухайн үед Монголд шивээсний газрууд дөнгөж үүсэж, бий болж байсан цаг. Хоёул халуухан хайр сэтгэлээ гал улаан зүрхээр, хоёр биенээ хос далавчаар, амьдрал хэмээх хязгааргүй тэнгэрт дүүлэн нисэхийг бэлгэдэж, хоёр биенийхээ арьс махан дээр мөнхлөхөөр шийдэцгээж билээ. Бас болоогүй, тэрхүү хүслээ багадаа вакцин тариулж байсан хүн болгоны мөрөнд байдаг гялаан сорвийг таглахаар бодож, гүйцэлдүүлэв. Тэр хоёр оюутны байранд "шивээстэй хос" гэх хочтой болтлоо л нэг хэсэг гангарцгаасан ба мань хоёрыг дуурайн шивээс хийлгэх моод тэр хавиар нэг дэлгэрэв. Төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй ч нөхөртэйгөө хамт урагшаа хойшоо наймаанд явж, гахай чирж, ганзага үүрсээр анхны хөрөнгөө өөрсдийн чадлаар босгож, улмаар үйлдвэр байгуулж, хөл дээрээ босоцгоов. Тэр хооронд үйлдвэрийнх нь хамаг хар бор ажлыг нөхөр нь амжуулж, захирлын хувьд мань хүн өөрөө амьтан хүнтэй уулзах, гэрээ хэлцэл хийх, данс тооцоо, мөнгө санга гээд бүхий л нарийн ширийнийг нь зохицуулсаар, гадагшаа дотогшоо сургалт семинарт явж, юм үзэж нүд тайлахын хэрээр, өөрийнх нь борц шиг бор нөхөр нь гологдож, өчнөөн сайхан боловсролтой, алаг нүдтэй, малигар цагаан залуус харц ээрч, үг өдөхөд, зарим нэгэнтэй нь нууцаар болзож, учирсаар авааль нөхөртэйгөө нэг хөнжил нөмөрч, нэгэн биед уусах цаг, хоног хомсдон хомсодсоор тэр хоёрын хооронд нэг л мэдэхэд эвлүүлж наахын аргагүй ан цав үүсээд иржээ. Түүний явдлыг аль хэдийнэ гадарласан нөхөр нь олон таван үггүй ч, нэг хэлэхээрээ жинтэйхэн хэлчихдэг зангаараа, нэгэн оройн хоолны дараа "-Барагтайхан байгаарай чи!" гэж чангахан дуугарчээ. Гэвчиг тэр бээр гэмшиж, уучлал эрэхийн оронд өөрийгөө өмөөрч, анх удаа нөхөртөө сэтгэл дундуур явдгаа хэлж, бяцхан маргаан дэгдээгээд авав. Тэр явдлаас хойш юм л бол нөхрөөсөө өө сэв хайж, хэлсэн үг, хийсэн үйл болгон нь санаанд нь үл нийцэж, байр байдал нь болхи боодгой санагдаж, сав л хийвэл тар турхийх болов. Угаас нас чацуу, үе тэнгийн үхэр жилтэй улс болохоор, ааш аяг, авир зан нь ав адилхан, хэн хэн нь хувиа тавихгүй ч эцэст нь нөхөр нь ямагт буулт хийж, аргаддаг байлаа. Тийн буулт хийж, аргадахын хэрээр эхнэрийн ааш улам эвдэрч, эрэмшин даварч, амандаа орсноороо харааж, нүдэндээ харагдсанаараа нүүлгэдэг болсон бөгөөд нөхөр нь сурмаг бултавч, эхнэр хамаг уур бухимдлаа гаргаж авч байж санаа амардаг болов. Эхнэр юу хүссэнээ хийн, хэн хүссэнтэйгээ уулздаг болсоор удсан ба нэгэн удаагийн тийм хэрүүл болоход, уурласандаа гартаа дайралдсанаараа нүүлгэдэг омголон зантай эхнэр өөрийнх нь төрсөн өдрөөр нөхрийнхөө бэлэглэсэн, урд зүгийн чамин хийцтэй иж бүрдлийн гангар шаазанг аван шидтэл нөхрийнх нь баруун хөмсгийг сэт цохиж орхих нь тэр! Ухаа ягаан цус яах ийхийн зуургүй сад тавин урсаж, нүд рүү нь орж харагдав. Тэсэхийн аргагүй өвдсөнд нөхөр нь тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ, олон жилийн хур бухимдал нь тэр өдөр тэсэрч, эхнэрээ үсэртэл нь алгадаад авчээ. Хүүхдүүдийнхээ уйлж орилох чимээ, хөл гараас нь зуурахын эрхэнд тэр хоёр сая л сэхээ орж, хоёр тийш арай гэж салав. Том охин нь цагдаа дуудаж, нөхөр Гэр бүлийн хүчирхийллийн хуулиар баривчлагдаж, зай барих шийтгэл хүлээжээ. Ингээд нэг гэрт хамт суух аргагүй болсон нөхөр нь нэг л өдөр яваад өгсөн юм. Хожим гэрлэлтээ салгуулах шүүх хурал дээр нэг удаа уулзсан ба түүнээс юу ч авсангүй, бүхнийг түүнд үлдээгээд, өмссөн хувцастайгаа түүнээс бүрмөсөн холдов. Хэрэг явдал тэгсгээд намжиж, хэвийн амьдралдаа эргэж орсон ч өнөөх өдрийн зугаа, шөнийн жаргал болдог залуус ч түүнийг баясгахаа байж, хоосон дэр, хөндий орон дээр эвхэрч хэвтэхдээ "хоолойд тээглэсэн бүлх" болж байсан нөхрөө тэр бээр хачин ихээр үгүйлдэг болов. Үгүйллээ гээд чиг яах билээ, үйлийн үрээ эдэлж барахаас өөр зам үлдсэнгүй бололтой. Завхай амьдрал, задарсан зангаа бодох бүр шаналж, шаналсандаа уйлж, уйлсандаа зовхи нь бүлцийн цэлхэрч, уй гунигт автсан, уймарч үүлгэртсэн хөөрхийлөлтэй нэгэн болж хувирав. Хэдийгээр нэгэнт тогтсон ажил төрөл нь урьдынхаараа хөвөрч байгаа ч юм болгонд нөхрийнх нь өмөг түшиг, аливааг чин сэтгэлээсээ, чинээнд нь тултал хийдэг яс чанар, юмханаар юм хийж, зардал хэмнэдэг арвич хямгач байдал үргэлжид үгүйлэгдэнэ. Ажлынх нь газрын хэдэн залуус нүдэн дээр нь бөнжигнөн гүйлдэвч тэдний хийж байгаа нь санаанд нь хүрэхгүй, нэг л аргацаасан, нэр хаасан, хам хум амжуулсан мэт санагдах болов. Одоо тэр өнгөрсний сайхныг санан дурсаж, харамсан гунигласан, ирээдүйдээ ямар ч итгэлгүй нэгэн болж хоцорчээ. Одоо түүний гал халуун дурлал, дэрвэж хөөрсөн залуу нас, аз жаргал, элэг бүтэн амьдралын дурсгал болсон өнөөх шивээснээс өөр сэтгэл гялайлгах юм үнэндээ үлдсэнгүй. Тэр бээр шивээсээ дахин нэг, дурамжхан илэв. Хонгорхон насных нь хайрыг "мөнхөлсөн" өнөөх шивээс нь хорин хэдэн жилийн дараа харвал зураас нь тархан сарниж, өнгө нь гундан бүдгэрч, яг л өөрийнх нь амьдрал шиг болсон харагдана. Харин цаанаас нь тодрон үзэгдэх гялаан сорви нь "-Сайн уу? Намайг таньж байна уу?" гэх шиг болоход нөхрийнх дулаан, дотно царай харагдах шиг болов. Гоёж гуадсан, өнгө хөөсөн, хөнгөн амьдрал гэгч хэчнээн хуурамч билээ, яг л өдөр өдрөөр өнгөө алдах шивээс мэт. Амьдралд тохиох алдаа эндэгдэл, буруу алхам, зовлон гуниг гэгч хэчнээн бодитой, гашуун бэ, яг л шивээсэнд ч үл дарагдах сорви мэт!

Удтал суусан түүнийг гар утасных нь жингэнэсэн хонх бондгосхийтэл цочоон, уйт бодлоос нь салгав! Утсаа шүүрэн автал, дунд охин нь бачимдаж, чичирхийлсэн хоолойгоор: "-Аав аваарт орчихож ээ! Дүүргийн сэхээнд байна гэнэ! Би эндээс гарлаа, та хурдхан очоорой!" гээд утсаа таслав. Тарж одсон ухаан бодлоо арайхийн цуглуулж, хам хум хувцаслаад, ухасхийн гарч, хамаг байдгаараа хаазлан, цагдаагийн шүглийн тасхийх дууг ч үл хайхран, ухаан зулаггүй давхив. Яаран орж очвол гадаадад сурдаг бага хүүгээс нь бусад нь бүгд ирчихсэн, уйлж хайлсан улс түүнийг бүчин авлаа. Сэхээний эмч бололтой, өндөр, шар хүн нэг юм хэлээд байгаа ч түүнд огт сонсогдсонгүй, орохыг хориглосон сувилагчийг хажуу тийш түлхэж, урагш зүтгэлэн өрөөнд давхин орвол, дийд, дийд, дийд... гэх сэхээний аппаратын нэгэн хэвийн тасалданги дуу сонсогдоход "-Ямар ч байсан амьд байна!" гэх бодол харван орж ирэв.

Нөхрөө харвал толгой түрийгүй бүх бие нь боолттой, зүүн гараа гэдсэн дээрээ тавиастай, хоёр гарт нь битүү дусал залгасан үзэгдэх нь дөнгөж сая хагалгаанаас гараад байгааг илтгэнэ. Түүний зөөлөн, дулаан нүд л манан нэвтлэх од мэт сүүмийн үзэгдэж байв. Хажууд нь суугаад гарыг нь атган, "-Чи минь намайгаа уучил, би түмэн буруутай, түмэн буруутай! Битгий яваач, тэснэ шүү, тэснэ шүү! Би чинь чамдаа хайртай шүү дээ!" гэж амандаа орсноо үглэн, удтал мэгшин уйлав. "-Би чинь чамдаа хайртай шүү дээ!" гэх энэ л үгийг эцсийн мөчид хүлээж байсан мэт, нөхрийнх нь хонин бор нүд харваж буй од мэт хачин том, тод, тунгалаг болж ирснээ, агшнаа бүүдийн, зовхи нь алгуур буулаа. Амьсгалын аппаратны өнөөх тасалданги дуу "-Дий-ий-ий-ийд! гэж урт үргэлжилсэн, түгшүүрт дуугаар солигдоод, төдхөнөө тасрав. Сэхээ орон "-Эмч ээ!" гэж чанга хашхираад, тэр бээр ухаан алдаж унажээ. Түүнээс хойш чухам юу болсныг мэдсэнгүй. Нэг мэдэхэд хүүхдүүд нь, хөдөөнөөс ирсэн, нөхрийнх нь талын ах дүүс тэр хоёрыг тойрон зогсоцгоож үзэгдэв. Нөхрийнх нь хөрч амжаагүй бүлээн цогцос хагалгааны орон дээр гулдайн харагдана. Бүх аппарат, дуслыг нь салгажээ. Талийгчийнхаа сулбайн унжсан, зүүн гарыг нь дээш өргөн, хэвлий дээр нь алгуурхан тавихад, мөрөн дээрх шивээснийх нь бундан улаан зүрх лугшиж байх шиг санагдахад, ахиулан харвал өнгө нь хүрэнтэн тодорч, хос жигүүрийнх нь зураас улам ч тодорхой, нарийн болсон мэт дурайн үзэгджээ.

Л.Мөнхтөр
Лос Анжелес
2020/05/08

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу