МИТПҮ-гийн онлайн уулзалтын үеэр

Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

АНУ-д мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг, сурдаг, ажил хайж буй Монголчуудын ФБ групп байдаг, гишүүн болох хамгийн гол шалгуур нь АНУ-д оршин суудаг байх. Группын гишүүдийн тоо өдгөө 398 болжээ, эдний 95% нь өдгөө АНУ-д амьдарч буй. Бусад нь өмнө нь энд амьдарч байгаад компани, ажлын шаардлагаар өөр тийш нүүсэн хүмүүс юм. Тус группынхэн нийлж нэгдээд МИТПҮ (MITPU - Mongolian IT professionals in the US) хэмээх олон нийтийн, ашгийн бус байгууллагыг Вашингтон мужид бүртгүүлж, улмаар нэгдсэн улсын татварын газраас зохих зөвшөөрөл, татварын хөнгөлөлтийн эрхээ авсан бөгөөд цөөнгүй тооны хөтөлбөр хэрэгжүүлдэгийг вэбсайтаас ( https://mitpu.org/ ) нь дэлгэрүүлж үзээрэй.

МИТПҮ-ийнхэн өнгөрсөн баасан гаригт онлайн партий уулзалт зохион байгуулж 50 гаруй хүмүүс зэрэг холбогдон нүүр царайгаа харан танилцаж, хобби дуртай сонирхолтой сэдвээрээ чөлөөтэй ярилцаж хэд хэдэн хэсэгт хуваагдан өөр өөр виртуал өрөөнд ээлжлэн холилдож цагийг үр бүтээлтэй сайхан өнгөрөөв. Нийт хоёр цагаар анх төлөвлөсөн үйл ажиллагаа 4-5 цаг үргэлжилсэн бөгөөд цаашид ойр ойрхон, дахин зохион байгуулах хүсэлт гарч дараагийн зохион байгуулагчаа томилсоор өндөрлөв.

Тус уулзалтад миний орсон өрөөнүүдэд ихэд идэвхтэй ярилцсан нэг сэдэв бол хүүхдийн боловсрол, хөл хорионы энэ цаг үед хүүхдийн онлайн хичээлд хэрхэн туслах талаар байв. Энэ нь хэдэн хуруугаа тооцуурын гар дээгүүр товших хүслийг төрүүлснээр нэгэн нямын өглөө ийн суухад хүргэв.

Монголоос ирээд шууд лут компанид сайхан ажилд орсон мундаг залуусын тоо эрс нэмэгджээ. Бүр жил хагасаас хоёр жил тутам ажлаа сольсоор өнөө алдарт, ажиллаж үзэхсэн гэгдэх Эппл, Гүүгл бүгдийг дамжсан, Майкрософт, Амазоноор орж гарсан, зуу гаруй жилийн настай манай компанийн түүх бол мэдээллийн технологийн дэлхийн түүх хэмээн бахархал болсон АйБиЭмийн үүдийг нээж хаасан залуус олонтаа тааралдана. ЭмАйТи, Стэнфорд, Кэрнэги Мелони, Йэль, Урбана Шэмпион Илинойн их сургууль, Мизурийн их сургууль гээд алдарт сургуулиуд төгссөн болон сурч байгаа залуус зөндөө.

Ер нь АНУ-ын Монголчууд, эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролын талаар маш их анхаардаг. Энэ орныг зорьж ирсэн нэг том шалтгаан нь үр хүүхдийн боловсрол, ирээдүй байдаг. Америкт хийгдсэн цагаачдын талаар маш олон судалгааны материал уншиж байхад нэгдүгээр үеийнхний дийлэнх нь өөрсдөө тухайн ирсэн орноосоо хангалттай өндөр боловсролтой ирэх хэдий ч хэлний зовлон, танилын хүрээний гачлан, соёлын ялгааны заагаас болоод зөвхөн өмнөх ажилдаа анхаарч хүүхдүүдээ боловсролын байгууллагуудад бүрэн найдаж орхиод өдөр бүр сөхөртлөө хар бор ажил хийдэг гэсэн дүгнэлт таардаг.

Нэлээд олон жил амьдраад, шинэ орчин хуучраад, амьдралдаа аргаа олоод ирэхээр нийгэм эдийн засгийн боломж сайжирч тодорхой төвшинд хүрээд хүүхэд, гэр бүлдээ анхаарал бүр илүүтэй тавьж буй нь олон зүйлээс анзаарагдана. Танилын хүрээ өргөжиж, боломжийн цалин хөлстэй ажилд тогтвор суурьшилтай зүтгэж, зохих хэмжээний орлого ашиг бүхий өөрийн гэсэн бизнестэй болж, хэрэгтэй зөв мэдээллийг цаг тухайд олж авах сүйхээ нэмэгдэх гэх мэт эерэг өөрчлөлтүүдэд цаг хугацаа хэрэгтэй байдаг аж. Монголчууд энэ улсад ирж суурьшсаар 20 давсан жил боллоо гэх хүмүүс элбэг болсон гэхээр анх ирсэн хүүхдүүд өдгөө боломжийн сургуультай, ажилтай, бүр гэр бүл үр хүүхэдтэй буюу судалгааны хоёрдугаар үеийнхэн хэллэгийн эзэд мөн нэмэгдэж буй билээ.

Жил бүр топ их дээд сургуулиудад элсэн орогч хүүхдүүд, сургуулиа төгсөөд нэр хүнд бүхий компанид ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж буй залуусын тоо жилдээ гарын таван хуруунд тоологдож байсан үе ард хоцорч өдгөө давхар оронтой тоогоор илэрхийлж болох хэмжээнд иржээ. Нэг талаас хэдэн зуугаар тоологдох өөр бусад үндэстэнтэй харьцуулахад чамламаар мэт боловч харьцангуй цөөхөн тоотой Монголчуудын хувьд энэ бол том амжилт юмаа.

Манай гэрийн ойролцоох, хөрш хотын нэгэн дүүргийн бага дунд сургуулиудын Монгол эцэг эхчүүдийн зөвлөл сургуулийн захиргаатай хамтран эцэг эхчүүдэд зориулан олон цуврал, цогц ажлууд зохион байгуулж буй бөлгөө. Сургуулийн болон дүүргийн боловсролын хэлтэсээс тэл хэлтэй хүүхдүүдийг илүүтэй анхаарч дэмжих, тэл хэлний ашиг тусыг хөхүүлэн дэмжиж буй нь монголчуудын хувьд тэр бүр олдоод байх боломж бас биш. Тус дүүрэгт монгол хэл хоёр дахь том гадаад хэлэнд тооцогдож буйг сургуулийн захиргаанаас илэрхийлж тодорхой төсөв баталж улмаар бусад санхүүгийн дэмжлэг өгдөг газруудад төсөл илгээж буйг дуулгаж байсан. Харамсалтай нь цар тахлын хөл хорионы улмаас энэ сайхан үйл ажиллагаа зогсоод байгаа юм. Магадгүй өмнө өгүүлсэн МИТПҮ-гийнхэн мэргэжлийн гар сунган Гленвью хотын 34-р дүүргийн сургуулиуд болон Монгол эцэг эхийн зөвлөлд тусалж сонирхолтой, маш их хэрэгтэй, амьдралд өгөөж өндөртэй уулзалтуудыг онлайн болгочих юм билүү, хооронд нь холбож өгөх сайхан санаа төрөв.

Манай Чикаго орчимд гурван Монгол сургууль бямба, ням гарагуудад ажилладаг. Манай бага охин тэдний нэгэнд явдаг бөгөөд мөн цар тахлын улмаар завсарлаад буй бөлгөө. Гэтэл хэд хоног гэртээ сууж байснаа Монгол сургуулийн үеийнхэнтэйгээ холбогдоод сургуулийнхаа багштай яриад ням гарагт онлайнаар нэг цаг уулздаг, монгол хэл соёлоо сургуульдаа суралцаж буй мэт гэхдээ онлайн, видео орчин бий болгохоор ярилцаад хамгийн гол нь хүүхдүүд өөрсдөө санаачлаад зүүм - видео уулзалтын элдэв технологио өөрсдөө судлаад, өөрсдөө суулгаад, өөрсдөө хөтөлбөр гаргаад, өөрсдөө бие дааж уншаад тэрийгээ хоорондоо монголоор ярилцаад явж байна. Бас удахгүй бага насны хүүхдүүдийг татан оролцуулж, тэдэнд монгол ном монголоор уншиж өгнө гэнэ. Хүүхдийн ухаан, хүүхдийн санаачилга, хүүхдийн хүсэл мөрөөдөл гэж агуу болжээ. Энэ бол өнөөдөр ийн блогдон суух гуравдах шалтгаан байв.

Дээхэн аль 2016 оны арван сард “The smart get smarter – ухаантай нь улам ухаарна” хэмээн блогдон бичсэн минь санаа агуулга хоцрогдоогүйн дээр өмнө өгүүлж буйтай шууд холбоотой тул энд дурдах нь зөв биз ээ. Дэлгэрүүлээд блогоос минь эсвэл Хойд Америкийн Цахим Өртөөний блогоос уншиж болно. Үүнтэй холбоотойгоор тухайн үед цахим өртөөчдийн дунд ээлжит хэлэлцүүлэг эрчимтэй өрнөж, цахим өртөөч Г.Эрдэнэбат ухаарна бус ухаажина “ухаантай нь улам ухаажина” гэх нь зөв хэмээн гарчигийг өөрчлөнгөө тодруулан өгүүлсэн тайлбар нь маш сонирхолтой байж билээ.

Манайхан клубын нийтлэлч, цахим өртөөч, Конргессын номын сангийн ажилтан, Монгол хэлний эрдэмтэн М.Саруул-Эрдэнэ бүр дээр 2010 онд “Матайн нөлөөтөл: хүүхдийг эрт сургуульд оруулах, анги алгасуулах нь хэр зөв бэ?” хэмээн бичиж сайн нь улам сайжирч, муу нь улам муудах Матайн нөлөөтлийг тайлбарлаж байсан нь энд мөн хамаатай билээ.

Өгүүлж буйгаас жаахан хазайхад үнэндээ баян нь улам баяждагийг цар тахлын өнөө үед уруудан буй эдийн засгийн үр дүнгээс харж болно. Олон мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, нийтдээ өчнөөн тэрбумын тэтгэлэг тараагдаж буй хэдий ч үүнийг авч буй хүмүүсийн дийлэнх нь хоол, байрны хөлс, өмнөх зээлийн хуваарьт төлбөр гэх мэт өдөр тутмын хэрэглээндээ тэтгэлгээ зарцуулаад цаана нь бас өр үлдэж байна. Энэ бол дийлэнх хүмүүсийн бодит байдал. Үүнтэй зэрэгцээд хөрөнгийн зах зээлд хямрал явагдаж хүмүүст ирээдүйгээ харсан хөрөнгө оруулалт яг одоо хийх боломж гарч ирж буй. Гэтэл өнөө маргаашийн зардлаа яая гэсэн нэгэнд юун тэр хувьцаа, юун хөрөнгө оруулалт. Хөрөнгийн биржийн мэдээг харжээ суухад үнэ унасан хэдий ч худалдан авалт буурахгүй, хувьцааны үнэ дээш доош хэлбэлзэн тасрахгүй цуварсаар. Хэн энэ худалдааг хийж байгаа вэ, хэн чадах вэ, хэнд боломж бий вэ гээд бодоод үзвэл the rich gert richer үзэгдлийг шууд олж харна.

Сэдэвтээ буцан ороход америкт буй эцэг эхчүүд бид бүхэн хүүхдийнхээ боловсролд хэр их анхаарал тавина, хэр зөв зүйтэй мэдээллийг зөв цагт зөв хүнээс олж авна тэр хэмжээгээр үр хүүхдийн ирээдүй, гэр бүлийн нийгэм эдийн засгийн нөхцөл ( socioeconomic factors) өөрчлөгдөх билээ.

Тэр усан сангийн маргаан, хил дээр гацсан хүндрэл, ЖДҮ-гийн хэрүүл...сонин сонин, гэхдээ өнөө цагийн сонирхолтой, ам хуруу дамжсан үйл явдлаар шуугилдсаар суух уу? Үр хүүхдийнхээ, дүү нарынхаа боловсролын талаар илүүтэй шуугих уу? Сонголт таных, бүрэн таных шүү!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу