Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Корона вирус газар авсан бус сонирхолтой, шинэлэг, хөөрхөн сэтгэсэн явдал олширч жир үед тэр бүр ойлголцохгүй зүйлээр амархаан ойлголцох, ижил төстэй бодол төрсөн хүмүүс олон болжээ. Би бээр бас бусдаас дутахгүй нэгэн шинэ туршилт хийж үзэхээр шийдээд дөрвөн хуруу тооцуурын гар тогшив (тооцуур гэж компьютерийг, дөрвөн хуруу гэж бичиж буй хуруудын тоо). Урд өмнө өөрийн нүдээр харж, чихээр сонсож, өөрөө ярилцсан зүйлс дээр тулгуурлан блог хөтлөхийг хичээдэг байсан бол энэ удаа онлайнаар учирч, алсаас тэмдэглэх гэж оролдоё.

АНУ-ын нийслэлээс М.Саруул-Эрдэнийн өгүүлсэн “Боогдсон биш нээгдэв” бол үнэхээр үнэн болж таарав. Саруул олон жил монгол хэл, соёлын үрийг АНУ дахь монгол болон америк хүүхдүүдэд маш сонирхолтойгоор сургаж, зүрхэнд нь санаанд огт мартагдахгүйгээр “Монгол” гээд нягт хадчихдаг хүн. Бүр гэр бүлээрээ зүтгэнэ. Эхнэр Ц.Наранцэцэг нь жинхэнэ бүтээлч сэтгэлгээгээр сургалт хийдэг нэгэн. Зун бүр тогтмолжсоор давхар оронтой тоологдох болсон Монгол хэл, соёлын зуслангийн сүүлийн жилийнхийг анхаарвал бүр ч тодорхой харагдана. Саруул, Нараа бид хэд монгол хэл, монгол бичгээ онлайнаар заах талаар нилээд эртнээс ярилцдаг, бүр сургалтын вэбсайт хийх гэж оролдож байсан удаа бий. Технологийг чамгүй эзэмшсэн бид гэхдээ тэгээд бүдэрчихдэг, сайтар бүтэхгүй гацчихдаг байв. Харин Корона гарсан бус манай хоёр өнөө онлайн сургалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлээд тун амжилттай, үнэхээр сонирхолтой аргаар хичээл заах болжээ.

Өдрийн тэмдэглэл хөтлөх явдал монголчуудын дунд хүчтэй газар авчээ. Коронагийн эхэн үед Монголд 14 хоногийн хоригт сууж буй үйл явдлаараа өдрийн тэмдэглэл хөтөлж буй В.Ганзоригийн нийтлэлийг гарч буй дор нь Чикагогийн монголчуудын группэд шэйрлэж билээ. Удалгүй АНУ-ын баруун эргээс Ширчингийн Баатар ах 21 хоногийн гэрийн хорионыхоо тухай өдөр бүр тэмдэглэл хөтлөөд олон хүнд сонирхолтой мэдээлэл хүргэж байна. Мань хүн угаасаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан байж таараа гээд мөрий тавьбал миний бооцоо тодорхой. Мөн баруун эрэгт, Баатар ахтай ахтай дөрөө хоршоод, тэдний мужийн нийслэл Сакраменто хотоос Д.Баярсайхан өдрийн тэмдэглэл онлайн гаргаад ирлээ. Манай энд Чикагод эмч нарын холбооныхон өдрийн байтугай бараг цагийн гэмээр зайтайгаар өдөртөө хэд хэдэн тэмдэглэл, зөвлөгөө хөтөлж байна. Улсын нийслэл Вашингтон хотоос Э.Ууганбаяр эмч эмнэлэг дээрээ корона вирустай хэрхэн тэмцэж буйгаа өдөр тутмын тэмдэглэлээр өргөн олонтой хуваалцан буй бөлгөө. Олимп овогтой Ото сан гээд олноо алдартай Ж.Отгонцагаан АНУ-аар аялал хийж яваад баруун эрэгт хорионд орсон ч найдвартай найзуудаар мэр сэр аялсаар, өдөр бүр төрөл бүрийн гоё тэмдэглэл бичих. Ялангуяа, мань хүний хошин шогийн өндөр мэдрэмжийг уншигч олон түмэн маш ихээр хүсэн хүлээдэг гэнэ.

Айхтар аюулт вирусын талаар минут тутам бараг хүн бүр нэгийг өгүүлж, сошиал сүлжээгээр худал үнэн нь ялгахад хэцүү мэдээлэл дүүрэн. Хуурмаг мэдээлэл судалдаг эхнэр маань сошиал медиа, жиргээгээр тарж буй мэдээнд анализ хийдэг элдэв түүл бүтээн код туршиж буйг харлаа. Жиргээнд хэн хамгийн их нөлөөтэй, хуурмаг мэдээг эсвэл олныг шуугиулах аливаа маргааныг хэрхэн тарааж буй график, сүлжсэн тор мэт холбоос харах басхүү сонирхолтой. Үнэн зөв мэдээлэл дутагдаж буйн талаар гомдол гаргах улс бас олширчээ. Элдэв цуунд шуугианд дагалдах, нэмж нэрмээс болох маргаан, коммэнт, гэнэтийн сонин сонирхолтой дүгнэлт өгөх хүмүүс бас зөндөө. Мэдээлэх нь миний үүрэг, энэ бол миний олонд үзүүлж буй тус нэмэр гэх хүмүүс бүгд өөрсдийн сошиалаар бичиж түгээх аж. Сошиал найзууд, хүрээлэл хавиар энэ бүгд нь тарж үзэгдэх хэдий ч ардаа нуугдмал алгоритм дагуу хэзээ хэнд хэрхэн үзэгдэх үгүйг тодорхойлуулсан сошиал сүлжээ нийтэд хүрсэн мэдээллийн найдвартай хэрэгсэл мөн үү гэх эргэлзээ, маргаан тасрахгүй хөврөнө. Ингэхээр монголчууд басхүү найдвартай мэдээлэл нэг дороос авч, угаасаа энэ улсад сууж, амьдарч өөрсдийн коммунитиг бий болгосоор буй бүгдэд арай хүртээмжтэй мэдээллийн сайт хэрэгтэй талаар яриа өрнүүлэхэд П.Увш багш “хүүе, таминь ээ, одоо яг цаг болжээ” хэмээв. Я.Борчулуун, Т.Цэвэлмаа нарын сэтгүүлчид газар дээр нь дэмжив. IBM компанид хамт ажиллаж асан Ц.Очмаа сайн дурын ажилд цаг гаргах боломж буйг өмнө хэлж байсныг санан дайчлах санаатай мессэж бичтэл “байгаа яг 10т оносон” мэт явдал болж, тэр дороо нааштай хариу авлаа. Ц.Очмаа маань До.Цэнджав багшийн шавь, Хүмүүнлэгийн их сургуулийг сэтгүүлчээр төгссөнийг олзуурхан мэдэж авав. Мэдээллийн технологийн салбарт хамтдаа ажиллаж байсан болохоор тэр чигийн л гэж санадаг байж. Дэлхийн хамгийн анхны сэтгүүл зүйн дээд сургууль болох Мизурийн их сургуулийн Сэтгүүл зүйн сургуулийн мастерийн оюутан Болд-Эрдэнийн Жавхлан нэмэгдэн сэтгүүлчдийн фронт өргөжсөөр.

Нэгэнт өөрийн коммунитидээ зориулсан мэдээлийн сайт хийх болсон тул бид бусад бичгийн улсуудаа урьж залан уриалав. Бүгд талархан дэмжиж Ш.Баатар, Д.Баярсайхан, Я.Борчулуун, Ц.Наранцэцэг, Н.Нямсүрэн, Т.Өсөхбаатар, Ө.Пүрэвсүрэн, М.Саруул-Эрдэнэ, П.Увш, Т.Цэвэлмаа, Ц.Энхтүвшин гээд нийтлэлчдийн булантай болчихлоо. Араас нь Э.Ууганбаяр, Баатарын Ганаа, В.Ганхуяг, В.Пагва нарыг булан бэлтгэгдэж байна. Элчин Сайд Ё.Отгонбаяр "болно" хэмээн жиргээгээр хариулсанаар Элчин сайдын яамны мэдээлэлтэй булан мөн хийгдэхээр боллоо.

“Манайхан” сайт төрсөн түүх энэ бөлгөө.

Саяхандаа, корона вирустэй яс тас уралдаад нийслэл Вашингтон хотноо алдар Смифсоны музей болон Конгрессын номын сан дамнан Монгол судлалын хурал, Монгол соёл, амьдралын шоу үзүүлэлт амжилт өндөртэйгөөр зохион байгуулагдсан. Энэ үеэр бидний хэсэг хүмүүс АНУ дэх Монголчуудын хэвлэмэл мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулж манай коммунити өөрсдийн мэдээллийн хэвлэмэл хэрэгсэл сонин, сэтгүүлүүдтэй байсан талаар олонд үзүүлэн таниулсан. Хэвлэмэлээр зогсохгүй онлайн сайтууд Даяар Монгол, Орлоо, Замдаан, Мэдээлэл гээд мөн байсан бөлгөө. Цагийн аяс, санхүүгийн боломж, санаачлагчдын нүүдэл суудал, технологийн хөгжил гээд үй олон нөлөөний улмаас энэ бүгд зогсож эсвэл идэвх маш бага болжээ. Харин Манайхан өдгөө нэг галын дөл мэт өөдлөх байх хэмээн итгэж байна. Ер нь бол уншигч олон, манай коммунитигийн хэрхэн хүлээн авахаас хамаарах бөлгөө.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу