Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Гэртээ хоригдоод 42 хонолоо. Энэ хугацаанд дэлхий ертөнц, соёл иргэншил, даяарчлал орвонгоороо эргэж, орших уу, эс орших уу гэдэг асуудал хүнийг хамгийн анхан шатны хэрэгцээ - амьд үлдэхийн төлөөх тэмцэлд хүргэж байна. Ковид19 вирусээс өөрийгөө хамгаалах, эдгээхийн тулд шинжлэх ухаанаар батлагдаагүй олон аргыг туршиж байгааг харахад аймаар. АНУ-ын ерөнхийлөгч шинжлэх ухаанд итгэдэггүй, хязгаарлагдмал мэдээлэл, өөрийн үзэл бодолд тулгуурласан болчимгүй мэдээлэл тарааж, шийдвэрээ хэд дахин өөрчилж, олон түмний сэтгэл санаа, олон улсын харилцааг үймүүлсээр л. Хамгийн сүүлд ариутгагч бодисоор аюулт вирусыг устгаж болно гэсэн мэдэгдэл хийгээд шүүмжлэлд өртөнгүүтээ "тоглоом наргиа" гэж залруулсан боловч өнөөх ташаа мэдээлэл олон хүний тархинд аль хэдийнэ суучихжээ. Өнөөдрийн Чикаго Трибьюн сонинд ерөнхийлөгчийн болчимгүй мэдээллийн дараа Иллиной мужийн Хорын төв (Poison Center) илүү олон дуудлагаа авлаа гэж бичсэн байна. Ахуйн зориулалтаар хэрэглэх ариутгалын бодисууд маш хүчтэй химийн хортой бөгөөд хүний амь насанд аюултай тул эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сайн дагаж, элдэв янзаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ эмчлэх, вирусыг устгах оролдого хийхгүй байхыг дахин дахин анхааруулж байна.

Иллиной мужийн захирагч гэрийн хориог тавдугаар сарын 30 хүртэл сунгав. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг бодох уу, эдийн засгаа аврах уу гэдэг асуудал улс орон бүрийн удирдагчдын өмнө тулгамдсан асуудал боллоо. Гэрийн хориог цуцал гэж олон газар эсэргүүцлийн арга хэмжээ болж байна. Эдгээр арга хэмжээг хэн ямар зорилгоор турхирч байна вэ гэдгийг анхаарч бодмоор. Үүний уршгаар өвчний халдвар улам тарсан мэдээ ч харагдлаа. Америкийн өргөн уудам нутагт гэрийн хориог хэзээ цуцлах эрхийг ерөнхийлөгч мужийн захирагчдад өгснөөс хойш Бүгд Найрамдах намын үзэл бодлоор удирдуулдаг мужууд хэвийн амьдрал руу шилжиж эхэллээ. Цар тахлын үед ч улс төр, үзэл бодлын туйлшрал шийдвэр гаргах түвшинд нөлөөлсөөр.

Харвардын олон нийтийн эрүүл мэндийн сургууль, New England Journal-ын редакциас өнгөрсөн долоо хоногт гаргасан зөвлөгөөгөөр аливаа улс орон, бүс нутаг, мужууд гэрийн хориог тавих шийдвэрээ хоёр төрлийн шинжилгээний үндсэн дээр гаргах ёстой гэлээ. Вирусээр өвчилсөн байна уу, эсрэг биет үүссэн байна уу гэдгийг тодорхойлох шинжилгээнд аль болох олон хүнийг хамруулах, нэгэнт өвчилсөн, сэжигтэй хүмүүс хаагуур явж, хэнтэй харьцаанд орсон байна вэ гэдгийг маш нарийн мөрдөх, эдгээр мэдээллийг нэг дор цуглуулж, анализ хурдан хийх нь тун чухал байна.

Эсрэг биет үүслээ ч гэсэн ковид19-өөр дахиад өвчлөхгүй гэх баталгаа биш юм байна. Ийм учраас хөл хорио тавилаа ч гэсэн бид цар тахлын өмнөх шиг хэвийн амьдралд бараг орохгүй бололтой. Есдүгээр сарын 11-ий үйл явдлаас өмнө онгоцоор нисэхэд ямар амар байсныг санаж байгаа бол яг л түүнтэй адилаар одоо энэ цар тахлын дараа бид шал өөр амьдралын хэв маягт шилжих нь. Хаа явсан газраа маск зүүгээд халуунаа шалгуулаад вирус илрүүлэх шинжилгээ өгөөд явах ч болж магадгүй. Их дээд сургууль, ресторан, дэлгүүр, үйлчилгээний газрууд зай барих дүрмийг мөрдөхөд бэлдэх нь зүйтэй. Дэлхий даяар маш олон эрдэмтэд вакцин гаргахаар ажиллаж байгаад л хамаг найдвар байна.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу