Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

1998 онд дэлхийд зартай Уолт Дисней компани “Мулан” гэх домогт баатарлаг бүсгүйн тухай хүүхэлдэйн кино анх хийж, хайрт эцгийнхээ оронд дайнд мордож, ялалт байгуулан, Дундад улс даяар алдаршсан домогт хятад бүсгүй Хуа Муланы түүхийг дэлхий даяар алдаршуулсан билээ. Энэ хүүхэлдэйн кинонд дайнд явж чадахгүй өндөр настай эцгээ өрөвдөн, түүний оронд эр цэргийн хувцас өмсөж, зэвсэг агсан Дундад улсад довтлон ирсэн Хүннүгийн зэрлэг хааны догшин морьтон цэргүүдтэй тулалдахаар мордсон Мулан бүсгүйн тухай уран сайхнаар дүрслэн гаргадаг юм. Зоригт бүсгүй Мулан эмэгтэй хүн гэдгээ нууж, Хүннүгийн армийг бутцохиход томоохон нэмэр оруулж, гавьяа шагналд тодорхойлогдсон боловч эмэгтэй хүн гэдэг нь илэрч, тухайн цагийн хуулиар цаазын ялд унадаг. Харин Дундад улсын эзэн хаан Их Хуанди түүний байгуулсан гавьяаг нь бодолцон, Муланыг өршөөж, нутаг буцааж, зоригт бүсгүй эцэгтэйгээ эсэн мэнд учрахаас гадна цуг байлдан явсан залуу жанжин Ли Шинтэй хайр сэтгэлийн холбоотой болж буй тухай уг бүтээлд өгүүлдэг билээ. Муланы түүх дэлхий даяар алдаршиж, үүнтэй зэрэгцэн “умрын бүдүүлэг”-үүдийн хаан Шаньюйгийн зэрлэг догшин төрх ч дэлхий тойрон хэдэн зуун сая үзэгчдийн сэтгэлд хоногшсон буй заа.

Энэ сэтгэл уярам, биширмээр домогт гарч буй Хуа Мулан гэгч бүсгүй яг үнэн хэрэгтээ хэн юм бэ? Муланыг шагнаж буй Хятадын эзэн хаан Хуанди нь аль улсын хэн гэгч хаан бэ? Эдгээр асуултанд хариулахын тулд Хятадын эртний яруу найргийн түүхийг сөхөхөд хүрнэ.

Анх домогт бүсгүй Муланы түүхийг манай эриний 568 онд бичигдсэн “Муланы домог” хэмээх 62 мөртэй найраглалаас олж унших бөгөөд гайхалтай нь энэ найраглалд зоригт бүсгүй Мулан Дундад улсыг өмөөрөн дайнд морддог бус, Вэй улсын Хааны (Хуандигийн биш шүү) цэрэгт дайчлагдах болсон эцгийнхээ оронд дайнд явсан тухай өгүүлдэг. Энэ найраглалд дурдагдаж буй Хаан нь Хойд Вэй буюу монгол хэлтэн Сяньби угсааны Тоба (тавгач) аймгийн удмын МЭ 386-535 онуудад байгуулсан улсын хааныг дурдаж буй хэрэг юм. Энэ найраглалд гарч буй эзэн хааныг Хятадын хаадын цол – Их Хуанди цолоор бус, нүүдэлдчдийн уламжлалт Хаан цолоор дуудан бичигдсэн байдаг билээ. Аажмаар Мулан бүсгүйн түүхийг улам “баяжуулан” элдэв домог нэмж зохиосон найраглалууд хятадууд бичсээр хэдэн зууны дараа зоригт бүсгүй маань хятад хүүхэн болон хувирчээ. Хятадын Мин улсын үед Сюй Вэй гэгчийн зохиосон жүжигт Мулан бүсгүй Дайтаж буй улсуудын эриний үеийн домогт бүсгүй Цин Сюй, Хан улсын үеийн Ти Юн нарыг магтан дуулж буй хэсэг орсоноор түүнийг хятад хүүхэн гэж ойлгогдохоор харуулсан байдаг бол Цин улсын үед Чу Жэнхуо (1675 онд бичигдсэн) гэгчийн зохиолд Мулан бүсгүй Тоба хааны цэрэгт зүтгэж буй баруун Түргийн (Хөх Түргийн) Түжү омгийн хятадын эрлийз охин болон хувирчээ.

Эртний Хятадын судруудад буй Муланы зургийг харахад морь унаж, нум сум агссан, сэлэм, жадтай бүсгүйгээр дүрсэлсэн байдаг бөгөөд эмэгтэйчүүд байтугай, эрчүүд нь морин цэргийн байлдааны урлагийг эзэмших боломж тэр болгон олддоггүй Хятадад ийм дайчин бүсгүй байсан гэдэгт хэн хүнгүй эргэлзэнэ.

mulan 01

Харин Монголын нутгаас нум сум агсаж байсан, хүдэр чийрэг биетэй хоёр язгууртан бүсгүйн булш олдсон нь дайнч бүсгүйчүүд нүүдэлчдийн дунд чамгүй тохиолддог байсныг нотолж буй хэрэг тухай Би-Би-Си агентлаг дурдаж, домогт бүсгүй Мулан нь Сяньби угсааны монгол эмэгтэй байж болох тухай мэдээлж байсан билээ.

mulan 02

Эхэн үеийн Муланы тухай зохиолуудад улс гүрнээ хамгаалах, эх оронч үзлийн тухай бараг дурдагддаггүй, тэр дундаа Хятад эх орноо хамгаалах оргилуун сэтгэлийн тухай юу ч байхгүй, харин өрх гэр, эцэг эхдээ үнэнч, тэднийхээ төлөө амиа золиход ч бэлэн зоригт бүсгүйг магтан дуулсан байдаг. Умрын бүдүүлгүүдийн Тоба улсыг хамгаалан мордож буй бүсгүйд эх орноо хамгаалах асуудал нэн тэргүүний бус, эцэг эхээ өмөөрөх нь чухал нь ойлгомжтой хэрэг мэт санагдана.

Харин Манж гүрэн сөнөн мөхөж, Дундад иргэн улс байгуулагдсан цагаас Муланы тухай домгоор жүжиг, кино ихээр хийх болсон юм. Энэ үед эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэн хамгаалах асуудал чухалчлагдан, Японы түрэмгийллээс эр, эмгүй эх орноо хамгаалах шаардлага үүссэн нь Муланы тухай зохиолуудад тусгалаа олж, домогт бүсгүй маань эргэлт буцалтгүй Дундад улсын хуанди хааныг өмөөрөн дайнд мордсон зоригт хятад хүүхэн болон хувирсан ажээ.

Муланы тухай анхны домогт дурдагдаж буй Тоба нарын Хойд Вэй улсын тухай бидний мэдэх Монголын түүхэнд ийм улс байсан гэсэн ганц нэг өгүүлбэрээр хязгаарладаг билээ. Нэрт түүхч, Монгол улсын Ерөнхий сайд А. Амарын 1934 онд туурвисан “Монголын түүх” зохиолд харин Монголчуудын төрт улсын түүхийн үечлэлд Тоба Вэй улсыг Юань Вэй улс хэмээн оруулж, бүтэн бүлэг бичигдсэн байдаг юм. Хожим Зөвлөлтийн түүхчид Монголын түүхийг БНМАУ-ын хилээр хязгаарлан, Их Монгол улсаас өмнөх үеийн түүхээс Хятадын түүхэнд бичигдсэн “Умрын бүдүүлгүүдийн 16 улс”-уудаас хүннү, сяньби, тоба нарын үүсгэсэн улсууд болох Хойд Хань, Түрүү Жао, Хойд Лян, Ся, Хожмын Жао, Түрүү ба Хожмын Ян, Баруун ба Өмнөд Ян, Баруун Цин, Өмнөд Лян, Дай, Хойд Вэй улсуудын түүхийг хасч, Их Монгол улсаас хойших үеийн түүхэнд холбогдох Алтан Ордон, Цагадай, Ил Хаант улс, тэднээс үүсэлтэй Хөх Орд, Цагаан орд, Ногайн Орд, Крым, Казань, Астрахань, Сибирийн хаант улсын түүхийг мөн “булаан эзлэгч монголчууд нутгийн ард түмэнтэй уусч, эдгээр улсуудын түүх нь тухайн ард түмэнд нь хамрагдах түүх болон хувирсан” хэмээн үгүйсгэн дарсантай холбогдуулан Хойд Вэй улсын түүх ч бидэнд хамаагүй мэт үзэгдэх болжээ.

Тоба буюу Тавгач хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн нүүдэлчин овог аймаг нь эрдэмтэн зохиолч Б.Ринченгийн “Их нүүдэл” романд Хүннүгийн шаньюй Модунтай зөрчилдөж байгаад бутцохигдсон Дунху буюу Зүүн Ху аймгийн холбоонд багтаж ирсэн овог аймаг юм. Тав гэзэгтэйгээрээ бусадаас ялгардаг тул тэднийг тавгач хэмээн нэрийдэх болсон бөгөөд хятад эх сурвалжид Туоба буюу Тоба хэмээн галиглагдан үлдсэн ажээ. Хүннү гүрний сүр хүч мөхөж, Хойд ба Умард Хүннү болон хуваагдсан үед Дунхү нарын удам Сяньби угсааны овог аймгуудыг нэгтгэсэн Таньшихуай хаан Монгол нутгийг эзэгнэх тэр нэгэн цагт тоба нар сяньби нарын бүрэлдэхүүнд багтан Монгол нутагт нутаглаж байв. IV зууны дундуур Тоба Гуй хааны үед Тоба нар хүчирхэгжин, Ляодуны хойгоос Алтайн нурууны өмнөд хэсэг хүртэлх нутгийг эзлэн, Хатан голын өмнөд, хойд эргээс Монголын говийн хойд хэсэг хүртэл нутгийг эзэлсэн Тоба Вэй улсыг байгуулжээ. Тоба Вэй улсыг Ерөнхий сайд А. Амар номондоо Юан Вэй улс хэмээн нэрийдэж, Их Монгол улс байгуулагдах хүртэл байсан Монгол угсааны улсуудын жагсаалтанд оруулсан тухай дээр дурдсан билээ. Харамсалтай нь тухайн үедээ Зөвлөлтийн түүхчдийн нөлөөгөөр Тоба нарын улсыг Монголын (тухайн үеийн БНМАУ-ын) нутаг давсгэр дээр байгуулагдаагүй улс гэх үндэслэлээр Монголын түүхээс хасч “гээгдүүлэн” орхижээ. Нэгэнт монгол хэлтэй гэгдэх нүүдэлчин тоба нарын улсын түүх бидэнд хамаагүй мэт болсон тул Мулан бүсгүй ч аажмаар Хятадын түүхэнд холбогдох болж, улмаар бүр хятад бүсгүй болон хувирсан байх юм.

mulan 03

Муланы тухай домог, найраглалд гарч буй дайныг 391 онд Тоба Гуй хааны үед Ордосоос довтлон ирсэн өмнөд хүннүгийн жанжин Лю Вэйчаныг (хүннү нэр нь Гийчи буюу гийчин) дарсантай холбоотой домог хэмээн таамагладаг. Зарим эх сурвалжид Хойд Вэй улс жужанчуудыг дарсантай холбоотой хэмээн дурддагийг харгалзан үзэх ахул мөн онд Тоба Гуй хаан жужаны хаан Вэньгэдигийн нутаг руу довтолсонтой ч холбон таамаглаж болох ажээ. Харин болсон түүхэн үйл явдлуудыг харахад Муланы домогтой сүрхий зөрдөг тал бий. 391 онд Тоба Вэй улсын хаан Тоба Гуй Жужаны Вэньгэди хааны нутагт довтлон орж, Их Говийн өмнөд үзүүрээс мөшгөн хөөж, даран сөнөөжээ. Тоба Гуй хаан Жужанчуудтай байлдаж байх үед түүний баруун жигүүр эзгүйрснийг анзаарсан Өмнөд Хүннүгийн шаньюй Люй Вэйчэнь Ордосоос довтлон орсон байна. Тоба Гуй хаан Монголын нутгаас хоёр түмэн морин цэрэгтэйгээ яаран давшиж, дээрэм тонуулд автан сахилга батаа алдсан Хүннүгийн их цэргийг хялбархан бутцохижээ. Эдгээр үйл явдлыг харахад Муланы домогт гардаг шиг үйл явдал тэр болгон харагдахгүй байх ажээ.

Жужан, Хүннүг бутцохисны дараа Тоба Гуй хаан үлэмж хүчирхэгжиж, дорно зүгт байх Муюн нарын Хожуу Янь улстай толхилцох болов. Муюн буюу мужун нар нь Сяньбийн ван Мохоба 291 онд Манжуур орчимд нүүдэллэн очиж, Муюны улсыг үүсгэсэн монгол угсааны аймаг юм. Солонгосын Когурё улстай байлдаж байсан Муюн Чуй хаан хэсэгтээ Тоба нартай дайсагналцах завгүй байсныг далимдуулан Тоба Гуй хаан 395 онд Хожуу Яний баруун мужуудад халдав. Тун удалгүй Муюн Чуй хааны цэрэгт цохигдсон Тобачууд Шар мөрний эрэг хүртэл ухран оджээ. 12 дугаар сарын сүүлээр Муюн Бао жанжны цэргийг Сенхэпогийн хөндийд их цасан шуурга нөмөрч, бөөнөөр сүйрсэн бөгөөд үлдсэн хэсэг нь шуурганаар дайрсан Тобагийн цэргийн довтолгоог тэсэлгүй дутаан одоход хүрэв. Энэ тулаанаар Муюны цэргээс түм алагдаж, 5 түм олзлогдсон хэмээн сударт тэмдэгдлэгджээ. Муланы тухай домогт гардаг хэсэг энд ихээхэн тохирохоор байгаа биз?

Тобачуудад дарагдсаныхаа өшөөг авахаар шийдсэн Муюн Чуй хаан дараа жил нь буюу 396 онд өөрөө цэргээ аван довтолж, Цинлины нурууны цаст давааг гэнэт давж, Тоба Вэй улсын нийслэлийг эзлээд авлаа (Энэ хэсэг ч Муланы тухай домогт дурдагдах хааны ордныг дайсан эзэлсэн түүхтэй дүйцэхээр харагдана). Энэ үед нэгэн хачирхалтай үйл явдал болсон нь Муюн Чуй хаан Сенхэпогийн хөндийгөөр дайран явахдаа шуурганд хөнөөгдсөн их цэргийнхээ хөндийгөөр нэг тарсан ясыг харж их уй гашууд автан, удалгүй өвдөж өөд болсон домогтой. Тоба Вэй улс ийнхүү гарцаагүй сүйрлээс аврагдсан түүхтэй билээ.

Харамсалтай нь, бид эдгээр улсуудын түүхийг өөрийн түүхтэй холбон үздэггүй тул эцгийнхээ өмнөөс зэвсэг барин боссон тавгач бүсгүй Муланы түүх ийнхүү Хятадын хаан их Хуандийн төлөө үнэнчээр зүтгэсэн хятад бүсгүйн түүх болон хувирсан бөлгөө.

Хятадын түүхэнд “Умрын бүдүүлгүүдийн 16 улс” хэмээн нэрийдсэн эдгээр улсуудын тухай энд товчхон дурдах нь зүйтэй буйзаа. Хэдэн зууны турш хүчирхэг Хүннү гүрэнтэй байлдан тэмцэлдэж байсан Хятадын Хан гүрэн III зууны эхэн үеэс дотоодын зөрчилд автан мөхөж, Цин, У, Шу гэсэн гуван эзэнт гүрэнд хуваагдсан цагаас эхлэн “Гурван улсын үе” хэмээн нэрлэгдсэн эрин эхэлжээ. Гурван улсын үеэс эхлэн Хятадын хаадууд бие биестэйгээ тэмцэхдээ нүүдэлчин хүннү, сяньби угсааны аймгуудын цэргийг ихээхэн ашиглах болсон байна. Удалгүй Хятадын хаадын хүч суларсныг мэдрэх болсон хүннү, сяньби угсааны нүүдэлчид өмнө зүгт томоохон газар нутгуудыг эзлэн өөрийн эзэнт улсуудыг байгуулах болжээ. Нэгэнт хятад хүн ам давамгайлсан нутгийг эзлэн улс орноо байгуулсан нүүдэлчин хаадууд улс орноо хятад нэрээр нэрлэж, өөрсдөө хятад нэр авцгааж, засаг захиргааны бүтэц нь ч хятад уламжлалыг уламжлан авсан байсан билээ. Харин нүүдэлчдэд шахагдсан хан үндэстний язгууртан ноёд өмнө зүгт дүрвэж, өөрийн улсуудаа байгуулж ирсэн аж.

Гурван улсын үеэс эхлэн Хан үндэстний Сүй улс үүсэн буй болтол 200 жил Хойд Хятадын нутагт ноёрхсон “Умрын таван бүдүүлгийн 16 улсын үе”-д монгол угсаатан хүннү, сүннү, сяньби, тоба, муюн аймгийн хаад, түвд гаралтай кян, ди аймгуудын хаадын үүсгэсэн олон улсууд байгуулагдан мөхөж байжээ. Таван бүдүүлэг аймаг гэж Хятадын түүхэнд Хүннү (дотроо өмнөд хүннү, сүннү хэмээн ялгагдана), Сяньби (дотроо тоба, муюн гэж ангилагдана), Жи (угсаа гарвал эцэслэн тогтоогдоогүй ч ихэнх эрдэмтэд Енисей орчмын баруун хүннү нараас гаралтай гэж үздэг), ди (ихэнхдээ түвд гаралтайд тооцогддог), кян (түвд, тангуд угсааныханд тооцогддог) овог аймгуудыг нэрлэж иржээ. Энэ цагт өөрийн улсуудыг байгуулж байсан монгол удмын нүүдэлчин овог аймгуудыг одоогийн Өвөр Монголын нутагт нүүдэллэж байсан өмнөд хүннүгийн 5 аймаг (жи нарыг оролцулан), Ордост эхэндээ нүүдэллэн очсон сяньби угсааны Тоба буюу тавгач нар, Зүүн Монгол, Манжуурын нутагт нүүдэллэж байсан сяньби угсааны муюн нар хэмээн хувааж үзэж болно.

304 онд Өмнөд Хүннүгийн шаньюй Юйфулогийн ач хүү, зүүнгарын ван Лю Юань гэгч Хятадын Цин улс руу довтолсон сяньби нартай байлдаж яваад, Цин улсын хүч суларснаар далимдуулан, үлэмжхэн нутаг дэвсгэрийг эзлэн, Гаозу гэсэн хятад нэрээр өөрийгөө хаанд өргөмжилж, байгуулсан улсаа Хойд Хань хэмээн нэрийджээ. Түүний хүү Лю Цины үед өмнөд хүннү нар Цин улсын нийслэл Лоян хотыг эзлэн, Хуай-ди Хуандиг олзлон авсан ажээ. Сандарч мэгдсэн Цин улсын хаад өөр нэгэн монгол угсаатай Тоба Илу хааны тоба нарыг хөлслөн, хүннү нартай байлдуулах болов. Өмнөд Хүннү нар Тоба Илу хаанд хүчтэйхэн цохиулсаны дараа тэдний эвсэлд багтсан байсан муюн аймгийн зарим ноёд Хөх нуур луу дүрвэн Тогоон улсыг байгуулсан түүхтэй. Харин Өмнөд Хүннүчүүд хүчээ дахин хуримтлуулж, Цин улсын цэргийг бутцохин, шинэ нийслэл Чаньяаныг 316 онд эзлэн авсанаар Хан үндэсний Цин улс мөхөв. Өмнөд Хүннүгийн хаан Лю Цун 318 онд нас барсаны дараа дотоодын тэмцэл гаарч, нэг жанжин Лю Яо нь Түрүү Жао улсыг зарлан, нөгөө жанжин Ши Лэ нь Хожмын Жао улсыг зарлан тунхаглаж, Хойд Хань улс мөхсөн түүхтэй.

mulan 04

Түрүү Жао улстай 10 гаруй жил байлдан байж даран мөхөөсөн хүннүгийн Ши Лэ жанжин Хожмын Жао улсыг зарлан тунхаглаад удалгүй бие баржээ. Түүнийг ордны эргэлтээр залгамжилсан Ши Ху хааны өргөмөл хятад хүү Жан Минь тун удалгүй төрийн эрхийг булаан авч, Хүннүгийн Жао улсыг мөхөөн хан үндэстний Жан Вэй улсыг байгуулснаа зарлан, хүннү нарыг аймаглан устгасан түүхтэй. Зөвхөн нийслэл хотод нь л 200 гаруй мянган хүннү нарыг хядан устгаж, хүннү нарын Ши омгийн түүх ийнхүү тасарсан аж. Энд тэмдэглэхэд, Хожмын Жао улсыг байгуулсан хүннү нарыг хятад эх сурвалжид цэ хүннү, цэ ши гэх зэргээр нэрийдэж ирсэн бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар Цэ нутгийн хүннүчүүд буюу сүннү гэж нэрлэх явдал нийтлэг байдаг ажээ. Нэрт яруу найрагч Д. Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт “Хүннү, сүннүгийн үеэс...” гэж дурдсан байдаг нь зүгээр аялгаас үүдсэн үг биш болох нь эндээс харагдана. Сүннү нарын тухай Хятад сурвалжид бичихдээ: “тэд баруун зүгийн вэйби (сяньби) овог аймгийнхнаас өөр. Тэд нэг үндэстнүүд биш бөгөөд тэдний дунд танху, динлин, кян овог аймгийнхан цуг амьдрах нь олонтаа. Тэд анхнаасаа хүннү нарын боол байсан тул ийнхүү холилджээ” гэсэн байна.

Эдгээр улсуудын үед хүннү, сяньби угсааныхны байгуулсан Чэн, Түрүү Лян зэрэг улсууд ч өөрийн адил нүүдэлчдийн гарт өртөн мөхжээ.

Сяньби нараас 291 онд Манжуур луу тасран нүүдэллэсэн муюн нар 300-аад оны үеэс хүчирхэгжин, Муюн Хуан шаньюйн удирдлагын дор Ляохэ голын хөндийг эзэгнэн, Солонгосын Когурё улсыг 342 онд хараат улс болгон авч, Түрүү Ян улсыг байгуулсанаа зарлав. Муюн Хуаны хүү Муюн Зюнь шаньюй Хүннү үндэстний Хойд Хань улс мөхсөнийг далимдуулан, тэдний нутагт цөмрөн орж, уламжлан гарч ирсэн хан үндэсний Жан Вэй улсыг даран мөхөөжээ. Чингэснээр Муюнчуудын Түрүү Ян улс Зүүн-хойд Хятадыг бараг дангаар эзэгнэх болов. Тэд хан үндэстний Цин улстай чамгүй амжилттай байлдаж, нийслэл Лояныг 365 онд эзлэн авч байлаа. Харамсалтай нь удалгүй Муюны хаадын ордны дотоодын тэмцэл гаарч, хагарал үүсэн, удалгүй 370 онд Цин улсын цэрэгт дарагдаж мөхжээ.

Муюны анхны улс мөхсөний дараа муюн овгийн Муюн Чуй хааны үүсгэн байгуулсан Хожмын Ян улс 384-409 оны хооронд зүүн хойд Хятадын нутагт ноёрхлоо тогтоож байлаа. Муюн хааны итгэлийг авсан хятад жанжин Фэн Ба 407 онд төрийн эргэлт зохион байгуулснаар Хожмын Ян улс сулран доройтож, 409 онд мөхжээ.

Олон улс үүсч, мөхөж байсан энэ хямралт үед Хойд Хятадын нутаг дэвсгэрт нүүдэлчдийн угсааны хэд хэдэн улс шинээр үүсч, тун удалгүй мөхөцгөөсөн байна. Муюн Чуй хааны дүү Муюн Дэ 398-410 онуудын хооронд Өмнөд Ян улсыг байгуулж байсан бол цэргийн жанжин Муюн Хун 384-394 оны хооронд Баруун Ян улсыг байгуулж байв. Сяньбийн угсааны ван Цифу Гожэн Баруун Цин улсыг байгуулсан нь мөн 385-431 оны хооронд оршин тогтножээ. Тоба Вэй улсын хаадын удмын нэгэн ноён Тоба Угу Өмнөд Лян улсыг байгуулсан нь 397-415 оны хооронд оршин тогтносон байна.

Хан үндэстний Сүй улс үүсч, түүнийг залгамжилсан Тан улс Хойд Хятадыг нүүдэлчдийн удмын хаадаас буцаан авч нэгтгэх хүртэл 200-300 жилийн энэ түүх өнөө хэр нь манай түүх судлалд улбаагаа үлдээгээгүй нь харамсалтай. Нэгэнт хятад эх сурвалжууд тэдний түүхийг бичиж үлдээсэн тул улсын нэр ч, хаадын нэр ч тэдний тэмдэглэсэн хятад галигаар түүхэнд үлдэж, хятадууд шиг ойлгогдохоор явж ирсэн юм. Гэтэл эдгээр хаадууд эзлэн дарласан нутгийн хятадуудын дуудаж ирсэн хятад нэрээс гадна өөрийн нэртэй байсан атал үүнийг тодруулсан эх сурвалж бараг алга. Жишээ нь: Өмнөд Хүннүгийн хаан Лю Вэйчэний өөрийн нэр нь Гийчи буюу гийчин, Лю Сяны өөрийн нэр нь Цувар гэгддэг байсан ажээ. Зөвхөн хүннүгийн Хожмын Жао улсын хүннү хаадын удмын нэр гэхэд Шилүүн (Ши Лэ хаан), Даян (Ши Хун хаан), Цэлүүн (Ши Ху хаан), Далан (Ши Зян хаан) гэх зэрэг нэрс тааралддаг бол Тоба нарын Хойд Вей улсын хаадын удмын нэрсэнд Шигүй (Тоба Гуй хаан), Мүмоо (Тоба Си хаан), Бүри (Тоба Тао хаан), Үүлэй (Тоба Жун хаан) гэх зэрэг нэрс тааралдах ажээ.

Хэдийгээр энэ цагийн нүүдэлчид Хойд Хятадын нутгийг эзлэн авч, хятад хүн амын дунд ноёрхлоо тогтоон, хятад нэр авч, хятад соёлын гүнзгий нөлөөнд байсан нь тодорхой авч, нүүдэлчдийн байгуулсан улс гэдгээр нь Хятадын түүхэнд “умрын таван бүдүүлгийн 16 улс” хэмээн нэрийдэж иржээ. Энэ цагийн түүхийн тухай тодорхой ойлголт авахыг хүсвэл нэрт эрдэмтэн Р. Груссегийн “Талын эзэнт гүрнүүд”, Жак Гемегийн “Хятадын соёл иргэншлийн түүх”, Дэвид Граффын Дундад зууны Хятадын байлдааны урлаг”, Л. Н. Гумилевын “Хүннүчүүд Хятадад” зэрэг бүтээлүүдтэй танилцаж болно. Дашрамд дурдахад энд би вээр түвдийн кян, ди үндэстний улсуудын түүхийг Монголын түүхэнд холбогдолгүй юм хэмээн дэлгэрэнгүй дурдаагүй болно.

Энэ бүхнийг өгүүлэхийн учир шалтгаан нь зоригт нүүдэлчин бүсгүй Муланы түүхээс санаа авч, одоогийн Өвөр Монгол, Хойд Хятадын нутагт 300 гаруй жил ноёрхсон монгол угсааны хүннү, сяньби, тоба, муюн овог аймгуудын байгуулсан түүхийг эргэн судлах цаг нэгэнт болсон гэж бодсоных билээ. Харамсалтай нь манай түүхэнд энэ үеийг жужан овгийн Их Нирун улсын үе хэмээн нэрийдэж, адилхан монгол угсаатны өвөг дээдэс болох, хүннү, сяньби овог аймгийнхны өмнө зүгт байгуулагдсан эдгээр улсуудын түүхийг орхигдуулдаг билээ.

Өвөр Монгол, Хойд Хятадын нутагт оршин байсан нүүдэлчдийн угсааны эдгээр улсуудын түүх Хятадын түүх мэтээр мушгигдан бичигдэж үлдсэн нь яах аргагүй Монголын “худал” түүхийн нэгэнд зүй ёсоор тооцогдох буйзаа. Монголын түүхээс “гээгдсэн” эдгээр монгол угсааны нүүдэлчдийн эдгээр улсуудын түүхийг мэргэн дүү нар нэгэн өдөр нарийн судлан гаргаж, та бидний хүртээл болгох буйзаа.

Түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяр