Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хэн, юу хамгийн чухал вэ гэдгийг ой тойнд ортол ойлгуулж өгсөн 2020 он!
Хаана, хэнтэй байгаагаа нэг хар даа?

Хааяа цэвэрлэхээс төвөгшөөдөг ч бидний дулаахан гэр орон, өрөөгөө цэвэрлэж, хувцсаа эвхэхгүй хэмээн үзэж таран уур үе үе хүргэдэг бүлтгэр сахилгагүй үрс, заримдаа зөвхөн намайг юм хэлэхэд сонсгол нь муудсан мэт дүр эсгэдэг, торгон нарийн мэдрэмжгүй хэмээн надад загнуулдаг ч омог бардам монгол бүсгүйн учрыг олох гэж бөндгөнөдөг хань ижил, хэд хоног чимээ тасрангуут араас хайж сурагладаг сайн найзууд...

Бүхнээс илүү хайрлах учиртай, энгийн энэ л хэдэн хүмүүс чамд ямар их хэрэгтэй бөгөөд чухлыг мэдрүүлсэн бас хүн төрөлхтний хараалыг идсэн хөөрхий 2020 он.

Яг л зөгнөлт кино, зохиолд гардаг шиг, санаанд багтамгүй, цоо шинэ амьдралын хэв маягт орсоор ес дэх сардаа орж байна.

Угаас нүүдэлчин хүний цустайдаа тэр үү, би харьцангуй хурдан шинэ амьдралын хэв маягтаа дассан зохицов. Тэгсэн ч lock down-аас хойш яг 3 сарын дараа бол бас л эвгүй болдог юм билээ. Над шиг хэт сошиал биш байсан хүнд хэцүү өдрүүд тохиолдож байхад бусад хүмүүст ямар байсан нь ойлгомжтой.

Ямар хүүхэд байсан шигээ хөлөө жийж суугаад уйлалтай нь биш, үр хүүхдэдээ үлгэр жишээ үзүүлж амьдрах эх хүний үүрэгтэй тул орчин нөхцөлдөө зохицож, аль болох гэр бүлдээ өгөөжтэйгөөр амьдралын хэв маягаа өөрчлөх гэж оролдсоор явна даа.

Биднээс үл шалтгаалах нөхцөлд уян хатан хатаж, гэр бүлийн дүрмээ тухайн байдалд тохируулан өөрчлөх нь хамгийн үр дүнтэй аж.

Амьдрал хэвийн байхад гомдоллодог байсан зүйлсээ жагсааж бичиж байгаад л гэртээ перестройка хийх шахав.

Ажилдаа ирж очих замд хамаг цагаа зарцуулаад хүүхдээ өдөр өнжүүлэхээс эрт авч, цагийг хамт өнгөрүүлсэнгүй гэж өөртөө сүрхий асуудал үүсэгдэг байсан чамд өнөөдөр цагнаас их юм алга, одоо тэгээд хамт гоё байгаач гэж Шагдар машиныхаа толинд өөртэйгөө ярьдаг шиг юм болов.

Бас нөхөртэйгөө болзох цаг байхгүй хэмээн уйлах шахдаг байсан хүн, хүүхдээ эрт унтуулчхаад том өрөөндөө болзох нь чамгүй романтик гэдгийг баталж чадах нь тэр.

Хүний сэтгэлгээ гээч бололцоо нөхцөл муу, хавчигдмал байх тусам илүү ажилдаг ч юм шиг. Ингээд цувуулан янз бүрийн хөгжилтэй арга зам нээх бүрд гэр бүлийн уур амьсгал улам сайжирч ёстой л нөгөө bonding гээч зузаардаг болох нь хэдэн долоо хоногийн дараагаас мэдрэгдэж эхлэв. Хүнсний дэлгүүр явах ганц нэгэн цагийн зайнаас бусдаар 24/7 хамт байгаа нөхөд bond (харилцаа зузаарах гэх үү дээ?) болж байна гээд бодоод үз л дээ. Өмнөх жирийн амьдралын үед бол ингэж олон сараар гэр бүлээрээ 24/7 хамт байсан бол би л лав хэдэнтээ тэсэрчихсэн байгаа. Цочмоор ч юм шиг, бахархмаар ч юм шиг, сонирхолтойгоор эвтэй найртай нэг дээврийн доор амьдраад байгаа нь тун чиг гайхалтай.

Хосууд хоёулаа гэрээсээ ажиллаж, хүүхдүүд гэрээсээ суралцаж байгаа үед бие биеийнхээ орон зайг хүндлэх их чухал юм билээ. Хүүхдэдээ ч гэсэн хувийн орон зайг нь бүрдүүлэн өгч, өөрийн гэсэн цаг хугацааг олгох нь маш чухал. Хүүхэд ч гэсэн хүн л юм хойно ганцаараа эсвэл найзтайгаа харилцаж сэтгэл санаагаа цэгцлэх нь ийм үед зайлшгүй шаардлагатайг мартаж болохгүй.

Мэргэжлийн хүний туслалцаатайгаар бас нэгэн шинэ санаа гэр бүлдээ нэвтрүүлсэн нь оройн хоолон дээрээ ч юм уу, хамтдаа байх өдрийн нэгэн цагт гэр бүлийн гишүүд бүр feeling буюу сэтгэл санаа чинь өнөөдөр ямар байсныг уудлан ярилцах. Хүүхдүүдэд үүнийг том хүн шиг ярих хэцүү байдаг бол эможи ашиглан өөрийгөө илэрхийлэх арга байдаг.

Энэ дасгалыг өдөр бүр хийж заншил болгосноор хэн нэгэн нь ямар мэдрэмжтэй, юунд санаа зовж байгаагаа хуваалцах алтан боломж мэт санагдсан төдийгүй дутуу харилцаж, биесээ буруу ойлголцохоос сэргийлэх вакцин мэт сэтгэгдэл төрүүлсэн.

Агаар салхинд алхаж, дугуй унахаас бусдаар амьдрал ерөнхийдөө гэр дотор өрнөж байгаа тул гэр орноо тав тухтай байлгах тал дээр гар таталгүй зарцуулах жил бол энэ жил яах аргагүй мөн.

Америкт байшингийн үнэ унаагүй ч зээлийн хүү маш багад орж буй жил тул байшин сав авах жил мөнөөсөө мөн. Одоо ашиг нь харагдахгүй ч, олон жилдээ хожиж байгаа хэрэг хэмээн мэргэжлийн хүн зөвлөсөн юм.

Байгаа орон гэрээ тохижуулж, аль болох тав тухтай орчинг бүрдүүлэх цаг яах арагүй энэ жил.

Миний хувьд материаллаг зүйлд мөнгө үрсэний оронд туршлаганд (аялах, зугаалах, шинэ содон хоолтой танилцах, ямар нэг activity хийх) мөнгө зарцуулах зорилготой байдаг тул эхэндээ энэ санаа нэг их сэтгэлд нийцсэнгүй.

Сонирхолтой нь хэсэг өөрчлөлтийн дараа өөрийн эрхгүй таалагдаж, нэгэнт өнөөдөр хүссэн хэмжээгээрээ гэрээс гадуурх туршлагыг аюулгүй, тайван эдлэх боломжгүй тул гэрт хийсэн өөрчлөлтүүдээс таашаал авч эхэлж буйгаа мэдэрч эхлэв.

Хамгийн сүүлд дурьдахад хэдийгээр амьдралын хэв маягаа өөрчилсөн ч аль болох routine-тай, өөрөөр хэлбэл цагийн багцаалсан хуваариа алдахгүй байх нь амьдралын чанарыг алдагдуулахгүй байх сайн талтайг санахад илүүдэхгүй.

Нэгэнт тохиолдсон "гайг" арилгаж чадахгүй ч, би юу хийж чадах ёстой вэ гэдгээ ухамсарлан, өөрийгөө болон бусдыгаа хүндэтгэн хөөрхийлөлтэй хараал идсэн 2020 оноо итгэл, найдвараа алдахгүйгээр үдэж, сайн сайхан мөрөөдлөөр дүүрэн 2021 онтойгоо золгоцгооё. Дараагийн нэг зуун жил биш хоёр зуун жилдээ энх сайхан дэлхий минь цар тахлаас холуур байх болтугай!

PS: Би шинжлэх ухаан, вакцин, ардчилал, найдвартай эх сурвалж бүхий data-д итгэдэг хөөөн.