Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдрөөс яг 5 жилийн тэртээ буюу 2015 оны зургадугаар сарын 17-ны өдөр Өмнөд Каролайн мужийн Чарльстон хотод нэгэн аймшигт хэрэг гарчээ. 1787 онд байгуулагдсан түүхт Эмануэл эхийн сүмд библийн сургалт хийж байсан гэмгүй улсууд руу нэгэн цагаан залуу орж ирээд буудсанаас африк гаралтай есөн хүний амь үрэгдсэн.

USA Today сонины өнөө өглөөний дугаарт эмгэнэлтэйгээр амь насаа алдсан 41 настай пастор Клемента Пинкнейгээс эхлээд 87 настай найрал дууны гишүүн Сьюзи Жексон гээд Эмануэлийн есийг дурссан нийтлэл хэвлэгджээ. Энэ гэмт хэрэг Америкийн боолчлолын 401 жилийн урт бараан түүхэн улбаатайг тэмдэглэсэн байна. Боолчлолыг хамгаалж тусгаар тогтнолын тэмцэл хийсэн, иргэний дайны хүчтэй бэлгэ тэмдэг болох Өмнөд мужуудын тугийг олны эсэргүүцлийн хүчээр татан буулгасныг дурджээ. Мөн боолчлолыг батлан хамгаалахын төлөө тууштай зүтгэсэн өмнөд нутгийн уугуул, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жон С. Калхуны хөшөөг татан буулгах маргаан, эсэргүүцлийн талаар бичжээ.

Америкийн томоохон бизнесүүд бүгд арьс өнгө, нас, хүйс, нийгмийн байдал гээд олон зүйлийн ялгаварлан гадуурхалтыг хязгаарлах талд зарим талаар төр, засгийн газраас түрүүлж явдаг тохиолдол олон. IBM компаниар жишээлэхэд, аль тэртээ 1953 онд буюу АНУ-ын иргэний ижил тэгш эрхийг хамгаалсан хууль (the Civil Rights Act) батлагдахаас 11 жилийн өмнө, боловсролын системд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн алдарт Браунын хэрэг явдал, шүүхийн шийдвэр (the Brown v. Board of Education decision) гарахаас нэг жилийн өмнө хөдөлмөрлөх чадвар, өнгө төрх, хүйсээс үл хамааран ажилд авах бодлогыг гаргасан байдаг. Корпорацийн Ерөнхийлөгч Томас Ж. Ватсон Жуниорын “тушаал дөрөв” (Policy Letter #4) хэмээх алдартай энэ шийдвэр нь АНУ-ын бизнесийн ертөнцөд хамгийн анх ижил тэгш хөдөлмөр эрхлэлтийг бий болгосон хэрэг юм.

Ийн ажил олгох болон ажлын байранд арьс өнгөөр ялгаварлахгүй нөхцөл бий болгоход анхдагч болоод зогсохгүй хүйсийн тэгш эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрөх дэмжих, төрөлхийн генийн оюуны хөгжлийн индексээр ялгаварлан гадуурхахгүй нөхцөл бүрдүүлэх гээд олон талаар пионер болсон газар ажиллаж буйгаараа ихэд бахархдаг байв.

АНУ-ын тэнцвэртэй цалингийн хууль (the Equal Pay Act) батлагдахаас бараг 30 жилийн өмнө буюу 1935 онд хүйсээс үл хамаарах цалингийн тэгш байдлыг баталгаажуулан эмэгтэйчүүд эрчүүдтэй ижил төвшний ажил хийхэд ижил цалин өгөх амлалтыг Ерөнхийлөгч Томас Ватсон гаргаж байжээ. 1943 онд тус компани анхны эмэгтэй дэд ерөнхийлөгчтэй болсон нь корпорэйт бизнесийн удирдах төвшний ертөнцөд цоо шинэ зүйл байлаа.

Хүүхэд төрүүлсэн эхэд цалингүй чөлөө олгож, ажлын байрыг хадгалах АНУ-ын гэр бүл, эмнэлгийн амралтын тухай хууль ( FMLA, the Family and Medical Leave Act ) гарахаас бас л 30 жилийн өмнө энэ боломжийг эмэгтэйчүүдэд олгосон, 1960 онд нэг жил хүртэл хугацаатай чөлөө өгч байсан бол 1988 онд гурав хүртэл жил болж уртассан байдаг. Өдгөө бол шинэ ээжид цалинтай чөлөө олгохоос гадна шинэ аавд мөн цалинтай чөлөө өгдөг болсон. Шинэ хүүхэд төрөхөд 12 сарын хугацаанд шууд нэг мөсөн эсвэл хэд хэд таслаад нийт 12 долоо хоногийн цалинтай чөлөө аав ээж ялгаагүй авна.

“Нуугдмал дүр” (Hidden figures) киног манайхан үзсэн байх аа, хэрэв үгүй бол заавал үзээрэй гэж зөвлөе. Мартагдсан бодит үйл явдлаас сэдэвлэн хийж бүтээсэн энэ кинонд транзисторт суурилсан анхны компьютер IBM 7090-ийг сансар судлал, саран дээр анхлан буухад ашигласан түүхийг өгүүлдэг. Тус компьютерыг анх хэн ч мэдэхгүй, яаж барилга дотор оруулж ирэхээ ч мэдэхгүй, тооцоолоогүй байсан нь бодит түүх. Гол дүрүүд болох гурван хар бүсгүй Дорофи Вуагэн, Катерин Жонсон, Мэри Жэксон нар бодит хүмүүс бөгөөд IBM компанид үр бүтээлтэй ажилласан, судалгаа тооцоог хийхэд оролцсон анхдагч эмэгтэйчүүд.

Кинонд эмэгтэйчүүдийг хүйсээр нь зогсохгүй арьс өнгөөр хэрхэн ялгаж гадуурхаж байсан үеийг тодорхой харуулдаг. Хэний ч хийж чадахгүй байсан тооцоог хамгийн зөвөөр бодож чаддаг хар эмэгтэйг цагаан арьст дарга нь хэрхэн дэмжиж буйг үзүүлнэ. Хар арьст хүмүүс автобусны арын суудалд суух, тэр бүү хэл бие засах өрөөнд цагаануудтай цуг орох эрхгүй байсныг киноны үйл явдлаас харж болно. Тооцоогоо хийхгүй удаж алга болоод байгаа хар эмэгтэй тооцооны төвийн ариун цэврийн өрөөнд орох боломжгүй тул өөр байшин руу нааш цааш гүйгээд байсны учрыг мэдсэн НАСА-гийн дарга уурлан өөрөө нойлын өрөөний тэмдэглэгээг эвдлэн унагана. Ийнхүү хамгийн чадварлаг тэр хар эмэгтэй ажилтныг дэмжин, тухайн үеийн хууль дүрмийг үл тоож буй олон тохиолдлын нэгийг гаргажээ. Мөн компьютер гэж үгийн утга өнөөгийнх шиг төхөөрөмжийг хэлэх бус харин нягтлан бодогч гэдэг шиг тооцон бодогч гээд мэргэжлийн нэр байсныг киноноос үзээрэй!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу