Өнөөдрөөс яг 57 жилийн тэртээ дэлхийн хамгийн анхны эмэгтэй Восток - 6 хөлгөөр сансарт хөөрчээ.

Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Титэмт вирусийн цар тахал АНУ-д газар авснаар Чикаго хот, Иллиной мужид гэрийн хөл хорио зарлахын өмнөх долоо хоногийн даваа гарагаас эхлэн манай ажил гэрээсээ ажиллахыг санал болгож билээ. Ингээд гэртээ тухлан сууж ажлаа хийсээр 14 дэх долоо хоногийн мягмар гарагтай золгов. Энэ өдрөөс эхлэн өдөр тутмын тэмдэглэл хөтлөх зорилго тавин суувой.

Цар тахалтай холбоотойгоор тэмдэглэл хөтлөх санаа бол гэрээс ажиллаж эхлэх өдрөөс төрж долоо хоног тутам бичихээр төлөвлөсөн боловч гурвантаа бичээд тасарчихсан юм. Тогтмол бичих, ер нь аливааг тогтмол хийх гэдэг ажлын төлөвлөлт, хувийн сахилга бат, дадлага хэвшил болгох арга барил гээд олон зүйлээс шалтгаалдаг. Өдөр тутам тэмдэглэл хөтлөн, заримаас нь блог бичиж байсан үе бий. Өглөө бүр вагонд утсаа шүүрээд Notes дээр хоёр эрхий гүйлгээд цаг орчим аялчихсан нь олонтоо. Өдөрт тогтмол гурван майл буюу таван км шогшсоор 300 гаруй удаа нийт 1000 орчим майл туулчихсан минь бас бий. Өдөр бүр олон нийтийн, сайн дурын ажилд хагас цаг зарцуулсаар овоо хэдэн байгууллагад холбогдчихсон, найз нөхдийн хүрээллээ ихээ өргөжүүлчихсэн үе зөндөө бий.

Энэ бүх тогтмол хийж буй зүйлс тэгж байгаад тасарчихсан нь өмнө өгүүлсэн шиг магадгүй түүнээс олон, үй түмэн шалтгаан байгаа хэдий ч өдөр бүр бичиж буй нь тухайн хүний хувийн сахилга бат, уйгагүй чанараас шууд хамаардгийг сайтар харсан, ойлгосон тул ерөөсөө хувийн сахилга батаа сайжруулах хамгийн тохирсон зүйл энэ удаа ийн тогтмол бичих гэж хичээх явдал мөн хэмээн санав.

Бага байхад аав минь шатар тоглоход хувийн сахилга бат хамгийн сайн сайжирдаг. Тулхтай бодож, тэвчээртэй сууна. Нэг нүүдлийн ашгийг бус дараа дараагийн үр дагаврыг төсөөлөн сэтгэж байж өргөө бүхэлдээ хожно. Тухайн нэг хожлын төлөө бус, ганц өрөгт анхаарах бус алсын зорилт, өрөг тоглолт бүрийн зорилго, ачааллыг тооцож тархиа амрах ажиллуулахаа зохицуулан байж тэмцээний эцсийн дүн тавигдана гэдэгсэн. Үүнийг даган шатар тавьж сахилга батаа сайжруулах гээд жаахан буруу будаа тээгээд утаснаасаа салахгүй, блиц нүүгээд бусад хамаг зүйлээ хаячихдаг муу зан суусан хүнд арай өөр арга хайхаас өөр зам үгүй биз ээ.

Өнөөдрөөс яг 57 жилийн тэртээ буюу 1963 оны зургадугаар сарын 16-ны өдөр дэлхийн хамгийн анхны эмэгтэй Восток - 6 хөлгөөр сансарт хөөрчээ. Зөвлөлтийн сансрын нисгэгч Валентина Терешкова бараг гурван өдрийн турш сансарт аялж, дэлхийг 48 удаа тойрсныг багадаа олонтоо, маш дуртайгаар уншдаг байв. Терешкова сансарт ниссэний дараа сансрын судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн хийх, сансарт дахин нисэх хүсэлтэй байсан боловч засгийн газраас сансрын өндөр эрсдэл хүлээхээс болгоомжлон, ялангуяа дэлхийн анхны сансрын нисгэгч Юрий Гагарин харамсалтайгаар амь насаа алдсаны дараа түүнийг улстөрч болгожээ. 2016 оны сонгуулиар Терешкова Нэгдсэн Орос намаас нэр дэвшин Төрийн Думын гишүүнээр сонгогджээ. Терешковагийн охин Елена бол сансрын нисгэгч аав, ээжтэй дэлхийн хамгийн анхны хүүхэд юм.

Сансрын эмэгтэй нисгэгч, сансрын нисгэгчдийн гэр бүл гэснээс Миззури мужийн Коламбиа хотод амьдарч байхдаа АНУ-ын сансрын нисгэгч гэр бүл Линда Годвин болон Стив Нажэл нартай танилцаж тэдний яриа, лекц, хичээлийг хэдэнтээ сонсох боломж гарч билээ. Линда сансарт дөрвөн удаа нийт 38 хоног ниссэн, хамгийн сүүлчийн Шаттл хөлгийг хөөргөж буулгасан эмэгтэй юм. Линда өдгөө Миззурийн их сургуульд багш, эрдэм шинжилгээний ажилтан хийдэг. Хавдрын улмаас бурханы оронд одсон нөхөр Стив нь сансарт 723 цаг нисжээ. Тэд хоёр охинтой.

Мөн өнөөдрөөс яг 109 жилийн тэртээ буюу 1911 оны зургадугаар сарын 16-нд IBM компанийг Чарльз Флинт үүсгэсэн ажээ. Өдгөө 110.95 тэрбум хөрөнгийн үнэлгээтэй болтлоо хөгжсөн тус компанийн овоо хэдэн жилийн түүхийг хамтадаа бүтээлцэх их хувь маньд олдож билээ. Хүүхэд насандаа, аравдугаар ангийн сурагч бибээр МУИС-н нэгдүгээр байрны нэг давхрын баруун буланд электроникийн тэнхимийн цөмийн физикийн тооцоолох лабораторийн өрөөнд IBM PS компьютер харж хэдэн товчлуур дарсан минь энэ урт түүхт компанийн бүтээгдэхүүнтэй бодитоор танилцсан анхны тохиолдол.

Улмаар Новосибирскийн техникийн улсын их сургуулийн нэгдүгээр байрны гурван давхрын булангийн томоохон өрөө танхимуудын нэгэнд Владимир Сергеевич Поздняков багшийнхаа Алсын сургалтын төвийн, IBM PS/2 компьютерүүд бүхий лабораторид бараг хонож өнжин багш нартайгаа хамтдаа суралцаж, улмаар дипломын ажлаа бичсэн тэр мөч энэ аугаа компанийн бүтээгдэхүүнийг өөрийн биеэр үзэж харсан тохиолдол.

Их сургуулиа төгсөөд ажил хөдөлмөрийн анхны гараа, төрийн төв хэвлэл Ардын эрх сониныг компьютержүүлэх, офсет хэвлэлд шилжүүлэх, өдөр тутмын сонины Монголын түүхэнд компьютертэй холбогдсон хамгийн анхны шан таталцах аз тохиосон мөчдөө Солонгос улсаас анхны компьютерүүд, сүлжээний хэрэгсэл худалдан авахдаа IBM/Novell Netware гэж бичсэн тод хөх цаасан хайрцагтай, сүлжээний серверийн үйлдлийн систем худалдан авч байсан нь санаанд тод үлдсэн бас нэгэн тохиолдол.

АНУ-д ирж анхлан ажилд орсон Семко компанид IBM Domino бүтээгдэхүүний хөгжүүлэгчээр 13 жил ажиллаж том цэнхэр компанийн ажилтнуудтай мөр зэрэгцэн, утсаар ажлаа хэлэлцэж, улмаар үе үе уулзан хамтарч ажиллангаа зөвхөн пиджак костюм, цагаан цамц зангиа бүхий соёлыг мэдэрсэн тохиолдол олон бий.

Улмаар өнөө өвгөн компанийн ажилтан болж зангиа цамцнаас жийнс тэр бүү хэл шорт футболк бүхий соёлын шилжилтийн гэрч болохоос эхлээд зөндөө олон өөрчлөлт, шилжилт, уналт босолтыг туулж нэг өглөө хэдэн мянган хүн гэнэт ажилгүй болохыг харж бас нэг өглөө хэдэн зуун хүн ажилд шинээр орж ирэхэд сургалтын өрөөнд инээмсэглэн угтаж ажлын лаптопыг нь хүлээлгэн өгч, мэргэжлийн соёлын хичээл ном зааж зогсон гэх мэтээр санаанд тод томруун үлдсэн дурсгалтай мөч үнэхээр элбэг.

Үүгээр өнөөдрийн тэмдэглэлийг өндөрлөе. Тэмдэглэл хөтлөхөөр шийдсэн, хувийн сахилга бат чухал үүрэгтэй, дэлхийд эмэгтэй хүн сансарт анх хөөрсөн, ажиллаж байсан том компани анх үүссэн зэрэг бүгд энэ өдөр давхардан тохиожээ.

Э.Жагдагдорж
Норфбрүүк хот

2020.6.16

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу