Ben Hasty/Reading Eagle/Getty Image

COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

КОВИД-19-н оношилгооны төхөөрөмжүүд зах зээлд удахгүй өргөнөөр нэвтрэх тодорхой боллоо. Шинжилгээний арга барил хэрхэн явагддаг талаар энд аль болох энгийнээр тайлбарлахыг хичээе.


Тахал гарснаас хойш хэдэн сарын дараа АНУ сая нэг учир дутагдалтай ганц оношилгооны төхөөрөмжөөсөө хөндийрч өөр арга барил хайж эхэллээ. Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд Хүнс ба Эмийн Хорооноос (FDA) SARS-CoV-2-н оношилгоо түргэн шуурхай явуулах зорилгоор 20 гаруй тест зах зээлд нэвтрүүлэх эрх олгожээ. Дэлхий даяар одоогоор 400 орчим нэр тэрлийн тестүүд бий болоод байна гэж Швейцарын Женев дахь мэргэжлийн байгууллага (FIND) мэдээлж байна.

Харин тэдгээр төхөөрөмжүүд хэрхэн ажилладаг талаар доор тайлбарлав.

КОВИД-19-ийг илрүүлэхэд ямар оношилгоо шаардагддаг вэ? 


Сейнт Жорж эмнэлгийн ажилтан өвчтөнийг PCR оношилгоонд бэлдэж байна.

Оношилгоо ерөнхийдөө хоёр төрөлтэй. Вирусийн уургийн шинжилгээ (immunoassays) болон вирусийн удмын мэдээллийг илрүүлэх нуклейн хүчлийн шинжилгээ (nucleic acid) багтана. 

Вирусийг эхэн үед илрүүлэхэд нуклейн хүчлийн шинжилгээ хамгийн оновчтой байдагтай холбоотойгоор Ковид-19-н оношилгоо голдуу энэ аргаар явагдаж байна. Шинжилгээнд полимеразын гинжин урвалын урвуу транскритаци буюу RT-PCR хэмээх хуучны аргачлал ашиглаж байна.

Үүнд эхлээд өвчтөний хамар эсвэл хоолойн хэсгээс арчдас авна. Авсан дээжид шинэ коронавирус байгаа эсэхийг нотлохын тулд мэргэжилтнүүд PCR-н аргачлалаар вирусийн удмын мэдээллийн зорилтот хэсэгт хуулбарлалт, олшруулалц явуулна. Энэ явцад энзим болон урвалж нэмэх (reagents), хольцын температурыг ихэсгэх, багасгах (thermal cycling) зэрэг ажлууд багтна.

Эцэст нь компьютерын программ ашиглан зорилтот хэсэгт тооллого явуулж, байх ёстой хэмжээнээс өндөр заасан нөхцөлд вирус илэрсэн гэж үзээд улмаар тоон болон чанарын тодорхойлолт явуулна. Эрдэмтэд шинэ коронавирусийн удмын мэдээлэлд сүүлийн хэдэн сарын турш ажиглалт, шинжилгээ явуулж өөрчлөлтүүдийг нэн даруй бүртгэж байгаа нь тухайн оношилгоо оновчтой явагдахад томоохон үүрэг гүйцэтгэж байна. 

PRC-гийн оношилгоо бол шинжилгээний “Алтан стандарт”. Түүний “мэдрэг чанар” халдварын эхэн үед яваа вирусийг илрүүлэх хамгийн оновчтой арга хэрэгсэл болж байна гэж Вашингтоны Их Сургуулийн эрдэмтэн Пол Яагер ярьсан байна.

Дэлхийн олон орны лабораториуд болон төхөөрөмж үйлдвэрлэгчид PRC оношилгооны тохиргоог шинэ коронавируст зориулан өөрчилжээ. Харин thermal cycling явуулдаг төхөөрөмж зөвхөн хүчин чадалтай цөөхөн хэдэн лабораториудад байдгаас шалтгаалан оношилгоо удаан явагдаж байна.

Зарим томоохон эрүүл мэндийн байгууллагууд PRC-гийн шинжилгээ хийх өөрийн гэсэн төхөөрөмж суурилуулан оношилгоог хэдхэн цагийн дотор гаргаж байна. Гэхдээ энэ хурдцыг уургийн шинжилгээтэй (immunoassays) харьцуулах аргагүй. Төхөөрөмж үйлдвэрлэгч Abbot компанийн ID NOW хэмээх төхөөрөмж шинжилгээний хариуг ердөө таван минутын дотор гаргаж байна. Талх шарагчийн хэмжээтэй тус төхөөрөмжийг Abbot компани 2014 онд ханиад болон бусад төрлийн амьсгалын замын халдварт өвчний вирус илрүүлэх зорилгоор бүтээжээ. Өнгөрсөн сард компани төхөөрөмждөө бага зэргийн нэмэлт оруулж шинэ коронавирусын шинжилгээ хийх боломж бий болгосон байна. Америкийн Хүнс ба Эмийн Хороо (FDA) 3-р сарын 27-нд онцгой байдлын ашиглалтын журмаар (Emergency Use Authorization) тус төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлэх эрхийг шуурхай олгосон байна. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн түргэн тусламжийн нөхцөлд ID NOW-ийг орон даяар хэрэглэж эхлэх юм.

Уургийн аргаар шинжилгээг хэрхэн явуулдаг вэ?

Xiong Qi/Xinhua/Getty Images
Ковид-19 тусаад эдгэсэн хүн Вухань дахь зөөврийн эмнэлэгт плазма хандивлав.

Шинэ коронавирусийг илрүүлэх өөр нэг арга бол уургийн шинжилгээ юм (immunoassay). Биеийн дархлааны зүгээс вирусийн эсрэг хийж байгаа хариу үйлчлэлийг шинжилнэ. Үүнд вирусийн гадаргуу дээрх уураг мөн дархлааны зүгээс үүсгэсэн уургууд багтна.

Вирусүүд гадуураа уургийн бүрхүүлтэй байдаг бөгөөд бүрхүүлийн дотоод бүтэц, гадаад хэлбэр өөр хоорондоо адилгүй. Биеийн дархлаа халдварын эсрэг тэмцэх явцад эсрэгбиетүүд (antibodies) үүсгэж улмаар вирусийн гадаргууд хавсаргадаг байна. Энэ төрлийн шинжилгээ цусан дахь эсрэгбиетүүд болон түүнийг үүсгэх түлхэц болсон вирусийн эсрэгтөрөгчдийн (antigen) харилцаан дээр үндэслэнэ. Тодруулбал шинжилгээний явцад эсрэгтөрөгчдийг эсрэгбиетүүдийн эсрэг өгөөш хэлбэрээр ашиглан барьдаг байна.

Оношилгооны төхөөрөмжид цус, плазма эсвэл ийлдэс хавтгайгаар гүйлгэн вирусийн халдвар сорил дахь эсрэгбиетүүдийг олон хослол үүсгэж байгаа эсэхийг шалгана. Төхөөрөмжид мөн эсрэгтөрөгчийг суурилуулсан байх бөгөөд дээр дурдсантай адил ямар нэгэн төрлийн холбоо үүссэн нөхцөлд шинжилгээний хариу эерэг гарна. 

Гэхдээ халдварын эхэн үед уургийн шинжилгээ  “мэдрэг чанар” өндөртэй нуклейн хүчлийн шинжилгээнд хүрэхгүй.

“Бэрхшээлтэй асуудал гэвэл, халдварын сигнал авахын тулд вирусийн тоо хэмжээ маш олон байх шаардлагатай.” гэж мэргэжилтэн Пол Яагер ярьсан байна. Гэсэн хэдий ч уургийн шинжилгээний төхөөрөмж хэрэглэх, зөөвөрлөхөд хялбар, хариу хурдан гаргадаг зэрэг давуу талтай. Энэхүү шинжилгээ эмнэлгийн ажилтнуудад өвчтөнийг карантины хэсэгт шилжүүлэх эсэхийг цаг алдалгүй шийдэх боломж бүрдүүлдэг байна.


Уургийн шинжилгээний бас нэгэн арга бол ийлдэс сорилт юм (serological test). Ийлдэс дахь эсрэгбиет болон уурагт тооллого хийсний эцэст аливаа вирусийн эсрэг, тэр тусмаа Ковид-19-н эсрэг дархлаа тогтоосон эсэхийг шинжилнэ. Вирусийн халдвар аваад аяндаа эдгэх тохиолдол олон бий. Энэ төрлийн шинжилгээг голдуу эмнэлгийн ажилтнуудад хийдэг ба сэжигтэй тохиолдлоос хэдэн долоо хоногийн дараа явуулна. Ийлдсийг цуснаас ялгаруулан гаргадаг байна. Коронавирусын хувьд энэхүү сорилт хөгжлийн шатандаа явж байна. (Жич: 4-р сарын 7-ны байдлаар FDA тухайн төрлийн оношилгооны нэг эрх олгоод байна. Энэ төрлийн сорилт вирусээс илүү дархлааны төлвийг шинжилнэ. Халдварын эхэн үед дархлаа үүсэж амжаагүй байж болох тул оношлол зүйн үүднээс үр дүн хязгаарлагдмал.)

Одоогийн байдлаар Америкийн Хүнс ба Эмийн Хорооноос онцгой байдлын ашиглалтын журмаар батлагдсан бүх оношилгооны арга барилууд нуклейн хүчлийн шинжилгээний ангилалд багтана.  Уургийн шинжилгээний төхөөрөмжүүд шалгалтын шатанд явж байна. Харин FIND-аас гаргасан жагсаалтын дагуу Ковид-19-н оношилгооны тал шахам хувь нь уургийн шинжилгээний ангилалд багтаж байна.

Харин жирэмсний сорилтой төстэй гэрийн нөхцөлд оношлох төхөөрөмж Ковид-19-н хувьд байхгүй хэвээр.

Энэ төрлөөр батлагдсан сорилт одоогоор “сураггүй” гэж Вашингтоны Их Сургуулийн эрдэмтэн Пол Яагер ярьсан байна. Харин 3-р сарын 20-ны байдлаар Америкийн Хүнс ба Эмийн Хорооноос батлагдаагүй, зөвшөөрөл аваагүй төхөөрөмжийн сурталчилгаа явж байгааг анхааруулаад энэ төрлийн оношилгооны журмын бодлогодоо өөрчлөлт оруулжээ. Тус өөрчлөлт гэртээ дээж аваад лабораторид явуулах журмаар шинжилгээний арга барил боловсруулж байсан олон компанийг ажлаа нэмэлт удирдамж гарах хүртэл зогсооход хүргэсэн байна. 

Мэдээллийн англи хэл дээрхи эх хувилбарыг эндээс уншаарай