Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ойрд Монголоос мэргэжил нэгт найз, дүү, танил гээд зочдын хөлд дарагдаад… за дарагдах юу юм, хаа сайгүй ковидын хөлд хоригдоод хөдөлгөөнгүй удсаных тэр үү зочид гийчид ихтэй. Энэ удаагийн онцлог гэвэл хамтран ажиллах гэрээндээ зөвлөгөө авах, хуулийн, даатгалын салбарын түншүүдтэй холбоо тогтоох, компаниа АНУ-д бүртгүүлэн америк салбар нээх гэх мэт зочид маань урьд өмнөх шигээ сонирхох, сонсох, харах хэмжээнд бус илүү бизнес зорилготой аж. Өмнөх хэдэн зочид гэр, офис мэтээр хязгаартай байсан бол энэ удаа олныг хамарсан уулзалтууд болох нь ээ.

Ковид гайхлаас хойш уулзаагүй байгаа манай энэ хавийн монгол айтичид уулзсан, холын зочны үг дуулсан нэгэн сайхан үдшийг уржигдар тэмдэглэв. МИТПҮ гээд АНУ дахь мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг, суралцдаг, мөн чиглэлийн томоохон акулуудад ажилладаг монголчуудын сайн дурын, ашгийн бус байгууллага бий. Чикагогийн салбар гэх үү, Чикагогийн МИТПҮчид гэх үү, бидний хэсэг хүмүүс сардаа тогтмол нэг уулзсаар мийтап зохион байгуулсаар гарын арван хуруугаар тоолж барахгүй олон болсон хэдий ч гайхал ковид хоёр жил гаран тасалдуулчихсан бөлгөө. Энэ удаа цуврал уулзалтууд ингээд эхлэв.

Хорооноо хоёр жил илүүтэй уулзуулаагүй Баска, утсаар ярилцаад, мсж бичээд гар санаа нийлээд ажил босоод яваад байдаг ч бараг хорин жил уулзаагүй бас нэг товариш хоёр гэнэт Анар гээд том шаркийг, Алтаншагай гээд аялалынх нь том даргатай дагуулаад ороод ирлээ. Анар өмнө нь Түвшээ шарк бид хоёр Чикаго орно оо, таньд сюрприз бий гээд мессэж бичсэн хэдий ч ийм ойрын, сайн танил, анд нөхдүүдтэй минь ганзага нийлүүлээд давхиж явна гэж санаагүй билээ. Энхтүвшин шарк харин гэнэтийн ажил гараад салхит хотноо ирж амжсангүй.

Учрах ёстой, уулзах заяатай хүмүүн тааралддаг хэмээн итгэх маний хувьд шаркийг дотны анд найзынхаа офист хүлээн авч Америкт хорь гаран жил мэдээллийн технологийн бизнес эрхлэн зах зээлийн утаа үнэрлэж буй шонхоруудтай уулзуулан бизнес эрхлэх, хөрөнгө мөнгө босгох, түүнээ үр бүтээлтэй зөв үрэн таран хийж хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгон үйлчлүүлэгч, харилцагч, бизнес хамтрагчдын хайрыг татах талаар жаал хөөрөлдүүлэв. Туршлагууд олигтой солилцон сүлбэлдэх ирээдүйг хожим хойно харж ямар үр суулгаж, юу ургасны хураах цаг ирэх биз ээ. Чикагод үйл ажиллагаа явуулдаг Монгол бизнес iCodice компани, захирал Амгаабаатар, Clear Corp. захирал Энхбат нарыг хэлээд буй минь энэ.

За үргэлжүүлээд МИТПҮгийн мийтап боллоо, төлөвлөсөн цагтаа эхлээд цагтаа дууслаа. Энэ бол манай мийтапын овоо зүгширсэн сайн талын нэг нь юм байгаам. Манай Монголчуудад нэг чанар байдаг нь аливаа зүйл эхэлж өгөхгүй, асууж өгөхгүй чимээгүй суусаар харин төгсөж өгөхгүй их идэвхтэй ярилцаад унадаг. МИТПҮгийн хувьд цагийн юм, цагтаа:-).

МИТПҮгийнхээ талаар товч танилцуулаад, мийтапаа өнгөцхөн тайлбарлаад, ирсэн зочноо урьсанаар манай ээлжит уулзалт эхлэв. Америкийн эргэн тойрон олон монголчуудтай уулзаад явж буй Анар шарк сонирхолтой яриа өрнүүлж, бүр зассан сандал элдэв зүйлийг өөрчлөн суусан олны гол дунд нь ороод явчихна лээ. Тэгээд бас үүд сахиад хаалга дараад зогсчихоор хүмүүс ч гарахгүй юм билээ:-). Гараад явчихаар уйдаасан, урт урт яриа огт үүсээгүй л дээ, зүгээр миний шооч үгэнд, хараанд туссан нь тэр.

Асуулт гарч ирэхгүй, сонсогчид басхүү ичингүйрэн хүлээх зуур, шаркын яриан дундуур манай Баска зэрэгцэн зогсоод тэр хоёр харилцан хөөрөлдөж, хөгжилдөж басхүү их гоё уур амьсгал бий болгож байна лээ. Шарк ч өөрөө асуулт асууж олныг татаж байна лээ. Асуултуудаас санахад компанид нь ажиллаж байгаад, ажиллах ажиллахдаа бүр мундаг сайн ажиллаж байгаад Америкийн зүг жолоо залсан хоёр залуугаас бид Америкт ирчихлээ, бүртгүүлчихлээ, офис нээчихлээ, та хоёр буцаж компанидаа орох уу гэмээн асууж байсан. Маниас бас “Жааг ах хэзээ монголдоо очих юм, одоо буцах цаг болсон биш үү?” гэж асуусан. Аль алийнх нь хариулт гоё, олныг хөгжөөн инээлгэсэн хажуугаар нь басхүү нэгийг бодуулж, хоёрыг сануулж хүн бүр өөрсдийн бодолтой үлдсэн биз ээ.

Үе үе зэрэгцэж суугаад код нухдаг, маний гол гол захиалгыг хийж өгдөг хэдэн хөөрхөн фронтэндүүдийн нэг Сувд-Эрдэнэ зоригтойгоор овоо хэдэн асуулт шаркаас асууна лээ, угаасаа их зоригтой, овоо нүүрэмгий хүүхэд дээ. Анарын олон хариултуудаас маньд хамгийн тод үлдэж, 300 хувь санал нийлсэн зүйл бол “амжилттай байх хамгийн чухал үндэс бол үргэлж суралцах, сурчихлаа гээд зогсохгүй үргэлж шинэ зүйл гарна, үүснэ тэр бүгдэд гацахгүй суралцах, шинийг эрэлхийлэх, алдаж үзэх тэгээд алдаанаасаа суралцах” хэмээн хариулж буй нь байлаа. Насан туршдаа тасралтгүй суралцахыг эрхэмлэдэг маньд үүнээс илүү гоё хариулт гэж юу байх билээ.

Бас нэгэн асуулт хариултын дундуур, санаанд тод үлдсэн нь Анар амжилтад хүрэх өөрийнх нь өөр нэг нууц (зиаг, нууц ч бас биш юм даа) бол “үсээ ургуулах, олны өмнө гарах, стори хийх” гэсэн нь. Стори хийх гэснээс нээрээ Анар мань хоёрын стори хийчихмээр өөрөг зураг огт авахуулаагүй юм билээ, бодвол мань зургаа авахуулахаас зугтсан байх л даа, эсвэл Анар олдохгүй алга болоод мань олны дунд төөрчихсөнөөс ч юм уу…

Анар үүнийгээ өгүүлэхдээ өөрийн багийн найз, өнөөгийн бизнес партнер Болдоотой өөрийгөө харьцуулан жишиж ярьсан юм. Мань хүн өөрөө хэдийгээр өөрийнхөө чадах чадахгүйг эртхэн мэдээд, ойлгоод чадах зүйлээ л оролдох, чадахгүйгээ орхих хэрэгтэй мэттэй урт үсээ холбон ярьж байсан бол маний мэдэх ойлголтоор, номын байх сэргэлэн байх (book smart vs. street smart) талаар өгүүлж байна шүү хэмээн орчуулж суув.

Болдоо гэснээс Анарын ярианд нэр дурдагдсан Анд глобалын Болдбаатар, Гүүглийн Баттулга гээд олон залуусын дийлэнх нь сайн мэдэх, таних нэгэн бөгөөд заримтай нь бүр зам нийлээд цугтаа нисэж явсан явдал бий. Дандаа таньдаг, таних танихдаа эд бол бидний ирээдүй, бидний дараагийн үе хэмээн хүндэлж харж, зав олдвол зааж сургаж, цаг олдвол эргээд бас тэднээсээ сурч явдаг хүмүүсийн нэрс дуулаад сайхан байлаа.
Уулзалт мийтапад олон хүн ирсэн болохоор тэд үргэжлүүлээд өөрсдийн бичлэг, блог, нийтлэл эсвэл коммэнт бичээд маний өгүүлээгүй өчнөөн олон үйл явдал, яриад гүйцээн бичих байх аа.

Анарыг компаниа Сан Францискод бүртгүүлж, Лос Анжелест гэрээ хийж, нийслэл Вашингтонд, элчин сайдын яаманд компанийн офишл нээлтээ хийж тэмдэглэсэн талаар дуулаад баяр хүргэнгээ захин хэлсэн хоёр гурван өгүүлбэрээ энд дурдан бичлэгээ өндөрлөе.

Монголын мэдээллийн технологийн компаниуд АНУ-д бий болж, олширч буйд маш их баяртай байгаа. Манай энд iCodice, Clear гээд хоёр компани олон жил болсон бол дээр нь нэмэгдээд Egulen Systems үүдээ нээгээд хоёр жил гаран боллоо. Саяхан бас CryptoPuujin гээд компани төрсөн. Сиатлэд бас мэдээллийн технологийн Монгол компани бий, Лос Анжелест гоё өсөх ирээдүйтэй, сайн санхүүжилт авсан стартап бий. Ганц хоёр сарын өмнө Gerege Systems-н Сайнбаяр ирээд компанийн салбараа Сан Францискод бүртгүүлээд буцсан. Бид бас уулзсан, ярилцсан, Сайнаа угаасаа Чикагод олон жил амьдарсан, ажилласан, бид биеэ биеэ сайн мэдэх хүмүүс. Одоо ингээд Ondo-гийнхон гоё том нээлт хийлээ. ICT Group ирсэн, энэ даваа гарагт Чикагогийн мэргэжил нэгтүүдтэйгээ уулзана. Мөн бизнесийн салбараа бүртгүүлж нээж байгаа, дуулсанаар бүр 2 бизнес нэг нь мэдээллийн технологийн нөгөө нь технологийн бус бүтээгдэхүүн борлуулалтынх.

Ингээд америк дахь мэдээллийн технологийнхон маань илүү өсөж, илүү хүчирхэж, манай Энхээгийн хэлдэгээр “чөмөгтэй” болоод буй. Энэ бизнесүүдэд, ялангуяа Анарт АНУ дахь монголчуудын хоёр байгууллагыг онцлон холбоё. Нэг нь, МИТПҮ, мэргэжлийн талаасаа бид биеэ биеэ дэмжиж, тулж түшиж хөгжүүлэх хэрэгтэй. МИТПҮгийн гишүүн байгууллага болоорой! Нөгөө нь, MACC (Mongolian American Chamber of Commerce) АНУ-д бизнес эрхэлж буй монголчууд гэдэг утгаараа хоорондоо холбоотой байж, хамтдаа өсч дэвжинэ. Америкийн монголчуудын худалдааны танхимын гишүүн бас болоорой!

Ер нь энд сүүлд бичсэн параграфыг зөвхөн Анандад бас Баттулгад хэлж буй бус дээр өгүүлсэн бүх монгол бизнесүүдэд өгүүлж буй юм шүү, зарим нь угаасаа дунд нь бий.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу