COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

АНУ-д Ковид19 халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Ази төрхтэй иргэдийг хавчин гадуурхах, үг хэлээр доромжлох, сэтгэл санаа болон бие мах бодод хохирол учруулах, ялгаварлан гадуурхах байдал газар авч байна гэсэн мэдээлэл сошиал ертөнцөд мөн монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Монголд суугаа ар гэрийнхэн АНУ-д ажиллаж амьдарч байгаа үр хүүхэд, ахан дүүсийнхээ аюулгүй байдалд санаа зовох байдал үүсээд байгаа. Дээрх нөхцөл байдал үнэхээр газар авсан эсэх, монгол иргэдийн хувьд бодит байдал ямар байгааг тандах зорилгоор АНУ-д суугаа монгол ээжүүдийн группыг /3000 гаруй гишүүнтэй/ төлөөлөл болгон сонгож, 24 цагийн санал асуулга явууллаа.

Нэг муж, бүс нутгаар хязгаарлагдаагүй, АНУ даяар тархан суурьшсан монгол ээж нарын групп төдийгүй, нэг ээжийн цаана нэг гэр бүл бий гэж үзэн тус группыг сонгосон болно. Нийт 170 ээж судалгаанд оролцож, өөрийн санал сэтгэгдлээ хуваалцсан байна. Одоогийн байдлаар ямар нэгэн гадуурхал, халдлагад өртөөгүй, байдал тайван, ердийнх шигээ хэвийн гэж 159 ээж хариулсан бол хавчлага гадуурхал тодорхой хэмжээгээр мэдэрсэн гэж 11 ээж хариулжээ. Шаардлагатай тохиолдолд хүмүүс гадуур гарахдаа хоёр метрийн зай баримталж, хөршүүд хоорондоо мэндэлсэн хэвээр, амны хаалт, бээлий хэрэглэх нь нэмэгдсэн зэрэг эерэг сэтгэгдэл давамгайлахын зэрэгцээ хүүхдүүдийн хичээл хаагдахаас өмнө сургуулийн орчинд монгол хүүхдүүдийг Корона вирус гэж хочлох байдал цөөнгүй байсан, ганц нэг хүн эвгүй харах, тэр дундаа өсвөр насныхан илтэд цэрвэх, гутаан доромжлох байдал гаргасан гэдгийг ч мөн сэтгэгдэл хэлбэрээр үлдээсэн байна. Монголоос ар гэр, ахан дүүс санаа зовсон байдалтай утсаар холбогдож байгааг тэд мөн онцолжээ. Энэхүү судалгаа АНУ-д суугаа нийт иргэдийг бүрэн төлөөлж чадахгүй ч, нийт судалгаанд оролцогсдын 94 хувь эерэг хариулт өгснөөс үзэхэд нөхцөл байдал одоогийн байдлаар тайван, дор дорноо халдвар хамгааллаа сахисан, хэвийн аж төрж, амьдарч байна гэж дүгнэж болохоор байна. Одоогоор АНУ-д сургууль, цэцэрлэг хичээлийн шинэ жил хүртэлх хугацаагаар хаагдсан, хөл хорио тогтоосон байдалтай байна.

Монголчуудын дунд байдал харьцангуй тайван байгаа ч АНУ дахь ази гаралтай иргэд тэр дундаа хятад хүмүүсийг ялгаравлан гадуурхахтай холбогдсон гэмт хэрэг Калифорни, Нью-Иорк муж орчимд өсөх хандлагатай байгааг Холбооны Мөрдөх Товчооноос анхааруулж байна. Энэ тухай ABC ньюс хоёр хоногийн өмнө дамжуулжээ ( https://abcnews.go.com/amp/US/fbi-warns-potential-surge-hate-crimes-asian-americans/story?id=69831920). Уг мэдээлэлд Ерөнхийлөгч Трамп “Хятадын вирус” гэж нэрийдсэнээс үүдэлтэй үзэн ядалт газар авах байдалд хүрсэн гэж зарим хүмүүс үзэж байгаа ч АНУ-ын ерөнхийлөгчийн зүгээс “Америкийн азиудад ямар ч буруу байхгүй, харин ч бид тэднийг хамгаалах хэрэгтэй” гэж Твитерт бичиж үлдээснийг онцолсон байна. 2000-2015 оны хооронд Америкийн Азиуд 72 хувиар нэмэгдсэн. National Council of Asian Pacific Americans байгууллагын үндэсний хэмжээний захирал Грег Ортен, цагаан арьст хүмүүст хандан “Та нарын амьдралд нөлөөлөхгүй учраас тоохгүй орхих амархан, гэвч энэ үнэхээр хүний эрх, аюулгүй байдалтай холбоотой асуудал мөн” хэмээн хатуу анхааруулжээ. Хятадын буруу, Хятадын Засгийн Газрын буруу байж болох ч өнөөдөр энэ асуудлыг ярих цаг нь биш, үг хэлэндээ болгоомжтой хандахыг тэрээр мөн сануулсан байна.

Мэдээллийг бэлтгэсэн Т.Цэвэлмаа, Хойд Америкийн Цахим өртөөний хэвлэл мэдээллийн ажилтан