Блог
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Надад муухан нэг блог бий, тэр бүр бичээд байж амжихгүй боловч бас бус юм бичсээр 82 бичлэг оруулжээ. Анхны бичлэг 2007 оны арваннэгдүгээр сарын тавны даваа гарагт гарчээ. Аргамаг блог гээд бас бус хүмүүс мэддэг, үе үе орж уншдаг, өнгөрсөн жилийн эхнээс өнөөг хүртэл давхардсан тоогоор 22185 уншигч орсон гарсан байх юм. Гэхдээ бибээр яг үнэндээ үүнээс өмнө буюу 2007 оны хоёрдугаар сарын 20 нд өөр нэг блог эхлүүлсэн бөгөөд нийтэд ил гаргах зүрх хүрэхгүй жаал бичсээр 52 бичлэг оруулсан бөлгөө. Ингээд тус блог бичлэгүүдээ хуваалцахаар шийдлээ. Найруулгын алдаа, сул үг гэж авах юм үгүй, гэхдээ блог бичиж эхэлж буй үеийнх тул тэр чигээр нь засваргүйгээр туучихья.

CoMoMapТөрж өссөн эх орноос минь алс хол, алаг дэлхийн яг нөгөө талд монголчууд нэг их мэдээд байхгүй Колумбиа хэмээн нэгэн жижиг хот байх. Жижиг ч гэж дээ, хот тархсан талбайн хувьд Улаанбаатараас минь том ч гэлээ, улсууд жижиг л гэдэг юм, маньд заримдаа жижиг санагдах. Хотын хүний тоогоор бодвол 90000 гэдэг бага тоо биз. Төрж өссөн хот минь өдгөө сая гаран хүнтэй байх, оюутан цагаа үдэж байхад Новосибирск ч хоёр сая гаран хүнтэй байж. Зэргэлдээ хоёр талд орших хөрш хотууд болох Канзас сити, Сэйнт Лоуис тус бүрд хоёр сая гаран хүмүүс бүртгэлтэй юм билээ. Ингэхээр зөв ч юм шиг. За жижиг л гэж нэрлэе, гэхдээ … Улаанбаатарт минь байхгүй Wall-Mart дэлгүүр гурав байгаа, гурвуул бүр супер гээч том ангиллынх, түүнтэй эн зэрэгцэх супер маркет цаана нь арваад бий. Нэгдсэн гуравдугаар эмнэлгийг нэгдүгээр эмнэлэгтэй нь, сайд нарын хоёртой нь хавсаргаад ч нэгээс нь багадах хэмжээний эмнэлэг Колумбиад гурав бий. Цаана нь бас арваад бие даасан том эмнэлгийн барилга байдаг гэх мэтээс авахуулаад том хотод тоолчихмоор зүйл бишгүй бий.

columbiaУг хотод би саяхан, бүр өчигдөр л хүрч ирсэн мэт санагдах. Мэдэхгүй, орж үзээгүй газар саяхан бий болсон шинийг нь үл тооцоход хуучнуудаас нэлээд олон. Онгоцны буудлаас авахуулаад, тод гэрэлтэх сайхан хар замаар хоёр цаг гаран давхиад харанхуй шөнө буусан мөч яг л өнгөрсөн долоо хоногт юм шиг үргэлж бодогдох. Санах бүр улам тодрох анхны сэтгэгдэл бий болсон тэр цагаас хойш долоон жилийг үджээ. Бага хугацаа биш шүү! Үс бууралтах шатандаа орсон “залуугийн” амьдралын 20% илүүтэй цаг гэхээр маньдаа бол их, бүр нэлээд урт. Жижиг, том гэж бодсоор байтал сэтгэлд хоногшсон, сурсан дассан сайхан газар болжээ … нэг л мэдэхэд, энэ хот.

cross_letterЭнэ л хотын талаар бичиж блогоо нээхээр шийдлээ. Сүүлийн үед олон хүний блогоор зочиллоо. Сайхан блогууд олон бий болж байна. Далайд дусал нэмэр, би ч гэсэн жаал оролдъё. Уран үг хэлхэж, ухаан зарах талаар ч би нэг их сүрхий биш. Гэхдээ хоосон байж боломгүй санагдаад. Өдөр тутмын сонин хэвлэлийн газар чамгүй олон жил ажилласан хүн байна даа. Ц.Балдорж, Б.Пүрэвдаш, Б.Лигдэн гуай, Б.Нацагдорж ах, Э.Сонинтогос, Ө.Энхтөвшин ах, Д.Цоодол гуай, Шагдайн Цэнд-Аюуш ах, Чулуун гуай, С.Батбаатар, Түмэнжаргал ах, Д.Батжаргал ах, зохиолч Банзрагч агсан … нэрлээд байвал нүүр дүүрэх дандаа акул улсуудтай зэрэгцэхээр хүн аяндаа үзэг цаас нийлүүлдэг болдог юм билээ. Бага сага зүйл сураа байлгүй дээ. Тэгээд ч оюутан цагт гэрээдээ захиа л бичих, одоотой ижил имайл өргөн хэрэглэгдэж байсан ч биш. Утсаар хааяа ярих нь амар ч гэлээ хармаа нимгэн оюутанд тэр бүр амаргүй даваа, тэгээд ч почтамп дээр очоод хүлээгээд суугаад байхад цаг бас хайран байж. Хөвгүүдийн хэнэггүй зан уу, мань залхуу байж уу нэг их захиа бичихгүй ч гэлээ, үе үе сардаа ганц нэг суухаар тэгээд арваад нүүр гараас нэг мөсөн гарна аа :-). Охид юу бичдэг байна аа гээд л шохоорхоно, шоолно. Бас ч бичих сонирхолтой л байсан юм шиг байгаа юм.

hotmailЗа энд анх ирээд ч гэсэн дээ, хаая хаая имайл аав, ээж, дүү нарт бичих. Сонирхуулах зүйлс их байж уу, одоо тэдний хэлэх нь ах анх долоо найман нүүр хэвлэсэн урт имайл бичдэгсэн гэх. Рекорд нь 16 хуудас хоёр талдаа А4, наймтаар хэвлээд, гэсэн шүү!

 

broadwayОдоо бол тэгж сонирхуулан бичих зүйл ч ховор юм шиг, өдөр бүр ижил, хэвшил болсон хэдхэн зүйл давтагдаад л өдөр өнгөрчих, аль арваад жилийн өмнө бичсэн код тэр чигээрээ л ажиллаад ямар ч апдэйт, апграйд байхгүй мэт санагдана. Нээрээ энд харсан юм бүр ижил, адилхан мэт болжээ. Аль ч хотод очлоо ижилхэн Бродвэйн, Грантын гудамжууд, ижилхэн Wall-Mart, Target, Mall. Төстэй ижил загварын нэг, хоёр давхар ранчо, сплитфоёр хэмээх байшингууд. Яахав том хотуудад ялгаатай өндөр цамхгууд байх, гэхдээ л ерөнхийдөө төстэй дөө.

Амьдрал хэмээх өдрөөс өдөрт, цагаас цагт шилжих машины нэгэн эргүүлэгт ингэж ороод л бүх зүйлс ижил уйтгартай болсон гэж үү? Юутай уйтгартай, юутай гаслантай гэхэд билүү. Арай ч үгүй юм аа, өдөр бүр давтагдашгүй, цаг минут бүр өөр өвөрмөц “юник” юм байна. Зүгээр л жаахан зүүрмэглэжээ. Одоо ингээд өдөр бүр блог бичье. Ялгаатай, давтагдашгүй цаг үе гэдгийг батлах нэгэн зүйл болох биз ээ.

baatar blogОросын нэг их сургуулийн бүтээгдэхүүн Ш.Баатар ах, Ардын Эрх, Ням Гариг, Өнөөдөр сонинд мөр зэрэгцэн зүтгэсэн анд, сэтгүүлч Б.Галаарид, мэргэжил нэгт гоби хэмээн алдаршсан А.Отгонбаяр найз, цахим анд Д.Цэрэнбат, хүндлэн дээдэлдэг Д.Энхбат захирал бүгд л сайхан блогтой болжээ. Маньд бичих үй түмэн сэдэв, үй түмэн зүйлс байх тул эргэлзэж бодсоор бас нэлээд суулаа. Хоёр ч шинэ он гарчихлаа. Хоёр жил биш шүү, 2007 он, гахай жил гээд :-). Гэхдээ яг юунаас эхлэх вэ хэмээн хэдэн сар бол бодсоон. Урд өмнө бичсэнээсээ ч будаа идэн, эргэж засан, эмхтгэж тавихаар нь ч элбэг ажээ. Шийдэл ч олдохгүй байтал гэнэт л байгаа хотоо бусдад таниулах, сонирхуулах байтугай өөрөө ч мартах мэт санагдаад хуруу товчлуур дээгүүр тачигнаад ирлээ. Оюутан цагийн нөхөр, өрөөний анд Дууяа агсны маань “Сүхбаатарын бичээч” гэсэн нэр томьёо санаанд орлоо. Яг л мань хүний хэлдэг, хошигнодгоор хоёр хуруу гүйж байна.

Юутай ч блог нээгдлээ. Колумбиа хотын тухай үргэлжлүүлэн бичнэ ээ.

2007 оны хоёрдугаар сарын 20, Пүрэв.
Колумбиа хот, Мизури муж.

 

Тэргүүлэгч блогчид

  • Sample avatar

    Мягмарын Саруул-Эрдэнэ

    Вашингтон хот, Колумбийн тойрог

  • Sample avatar

    Ядамсүрэнгийн Борчулуун

    Колумбиа хот, Мизури муж

  • Sample avatar

    Пүрэвийн Увш

    Блүүмингтон хот, Индиана муж