Блог
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкт хоёр их мөрөн байх. Мизури хамгийн урт нь, Миссиссиппи хамгийн том нь. Бидний сурсан, заншсанаар индианчууд өнөөгийн америк дахь улс төрийн, орчин үеийн зөв хэллэгээр бол уугуул америкчууд энд хэдэн мянган жил амьдралаа төвхнүүлсээр иржээ. Озаже, Мизури омгийнхон эзэмшдэг нутаг л даа. Испаниас Христофор Колумбус гээч нөхөр энэтхэг хэмээн андууран Карибын арлуудад хүрч, улмаар Америго Вэспуцци гэж сэргэлэн эр ирж бүхэл бүтэн тивийг тэр чигээр нь өөрийн нэрээр нэрлүүлэх хүртэл тэд амар амгалан нүүж суусаар байсан болов уу. Аль эрт арван жилийн сургуулийн зургадугаар ангид байхад Эрдэнэцэцэг багшийн заах “Эх газрын газар зүй”, Нямбуу багшийн орох “Дундад зууны түүх” хичээлүүдээс энэ ойлголт маний толгойд хадаатай болжээ.

missouri mississippiХарин энэ нутагт ирж байж тухайн үеийн газар нутгийн нэрс болон анхлан францчууд Миссиссиппи мөрнөөр дамжиж Мизурид ирсэн гэдгийг мэдлээ. Гэхдээ тэд гол уруудаад “Францын Канадаас” ирж үү, голоо өгсөөд “Францын Лоуйзиана” нутгаас уу гэдгийг мэдээгүй яваа. Юутай ч европоос францууд анхлан иржээ. Мөн нутгийн зарим хэсэг испаничуудын мэдэлд орж байжээ. Энэ бүгд 1700-аад оны эхэн үеийн явдал юм аа даа. Тэгээд зууны төгсгөл хавьд америкчууд гэж нэрлэж болох улс анхлан энд иржээ. Голын нэг талд тэд, нөгөөд нь испаничууд суурьшсан байна. Колумбиагийн нийтийн номын сангаас авч үзсэн нэгэн видео дээр гарснаас хагас хугас ойлгож авснаа дэндүү товчилж тэмдэглэлдээ мань ийнхүү бичиж байлаа. Ердөө долоон жилийн өмнө дөө, тэмдэглэсэн минь :-).

CoMoPano18691678 онд Ла Саллэ гээч франц эр Мизуриг Францийн эзэмшил гэж зарласан ажээ. Мизури мөрөн орчмыг Лэвис ба Кларкийн групп 1803 онд анхлан сүрхий судалж нээсэн гэдэг. Даниэл Бүүн гээч эр хөвгүүдийнхээ хамтаар 1806 онд өнөөгийн Колумбиагаас баруун хойш 40 майл газар давс олборлохоор болжээ. 1818 онд хэсэг нөхөд Смифтон Ланд Компани байгуулж 2000 акр газар худалдаж авсан нь одоогийн хотын төвөөс майл ч хүрэхгүй зайд байжээ. 1821 онд тэд багахан шиг нүүгээд авчээ. Ундны ус дутагдсанаас тэр гэнэ. Тэгээд нэгдсэн улсын түүхэн нэрд тооцогдох Колумбиа хэмээх үгээр оршин суугаа газраа дахин нэрлэсэн байна. Колумбиа хотын үүсэл ийм болохыг Wikipedia-д бичсэнээс будаа идэв.

Дээр өгүүлсэн Даниэл Бүүн Колумбиа орчмын газруудад их түгээмэл “брэнд”. За ямар бараа биш дээ, брэнд – барааны тэмдэг ч байх даа яахав :-). Их олон түүхэн зүйлд анхдагчийн хувиар холбоотой хүн байсан юм билээ. Дээр цухас дурдсан нийтийн номын сан мөн энэ хүний дурсгалд зориулан Даниэл Бүүнэ Рэжионал Лайбрари хэмээн нэрлэгдсэн, гурван номын сангаас бүрдсэн цогцолборын нэг нь. Анх Колумбиад ирсэн дариуд хамаг цагаа мань тэнд бардаг байлаа гэж. Хотын түүхтэй холбоотой чамгүй зүйлс эндээс тэмдэглэж авснаас дурдвал хотын хөгжлийн эхэн үед Кэнтаки, Теннесси, Виржиниа мужаас маш их олон хүн нүүж ирж суурьшжээ. Энэ нь газрын үнэ хямд байсан, газрын хөрс маш сайтай, түүнчлэн Мизури мөрнөөр дамжин бусад зах зээлд хүрэх амархан байсантай холбоотой ажээ. Хот түргэн тэлж өргөжөөд тамхи, буудай, эрдэнэ шишийн тариалан цэцэглэж, бүх төрлийн мал аж ахуй хөгжсөн байна.

CoMoMuPanoКолумбиа хотын хамгийн том брэнд нь Мизури их сургууль. Мизури Миссиссиппи мөрнөөс баруун тийш хамгийн анх байгуулагдсан их сургууль болох тус сургууль 1833 онд Колумбиа коллеж нэртэй байгуулагдаад, 1839 онд нэрээ сольж мужийн их сургууль бий болж хөгжсөн түүх хотын түүхэнд чухал байр суурь эзэлдэг. Мизурийн их сургуулийн Сэтгүүл зүйн сургуулийн профессор Байрон Скотт, Стуард Лоури нарын ярьж байснаас дурдвал Мизури мужийн их сургууль байгуулах шийдвэр гарч хаана байрлах талаар ярилцтал тус мужийн хоёр том хот Сэйнт Лоуйс, Кансас Сити булаацалдаж эхэлсэн байна. Өрсөлдөөн ширүүн өрнөж, түүнчлэн тухайн үед аль аль нь тус мужид бүрэн багтаж байсан мужийн хил дээр байрлах хотууд тул ирээдүйд зэргэлдээ мужтай холилдож болохыг тооцсон хууль тогтоогчид хоёр хотын яг дунд байгуулах шийдвэр гаргасан нь Колумбиа. Гэхдээ Колумбиа өрсөлдөгч хот бүрээс гурав дахин их мөнгө хандиваар босгож сургууль эхлэх газар худалдаж авах болсон нь энэ шийдвэрт хамгийн голлосон ажээ. Удалгүй Христ эмэгтэйчүүдийн коллеж байгуулагдав, энэ нь өдгөөгийн Колумбиа Коллэж юм. 1856 онд Колумбиагийн Баптист эмэгтэйчуудийн коллеж байгуулагдсан нь хожмоо нэрээ солиод одоогийн Стэфэнс Коллеж болжээ. Ийнхүү Колумбиа мужийнхаа боловсролын төв болсон түүхтэй. Колумбиа хотын ник нэр нь “Коллеж Таувн ЮэСЭй” буюу монголчилбол “америкийн коллеж хотхон” болсон түүх энэ ажгуу.

Колумбиа хотын эрүүл мэндийн систем өдгөө Америкт толгой цохино. Нэгж эмчлүүлэгчийг хүлээн авах чадвараар нэгдсэн улсын хэмжээнд хоёрт ордог нь үүний нэг баталгаа. Үгүй мөн сайхан авч байна аа, нэгж эмчлүүлэгч гээд та бүхний толгойд нэг сайн буухгүй байгаа биз дээ :-). Ухаан нь нийт эмчлэх тоогоо хотын хүн амд хуваахаар нэгж болчихож байгаа юм, маний тодорхойлолт шүү, мэргэжлийн улс нь илүүтэй тайлбарлах биз ээ. 1822 онд доктор Виллум Жэвэлл хамгийн анхны жижиг эмнэлэг байгуулжээ. Улмаар 1873 онд Колумбиа бүс нутгийнхаа эрүүл мэндийн төв болжээ.

bt diningroomХотын төвд нэг ресторан байх, нэр нь Бүүнэ Тавэрн, өнөө Даниэлийн нэр. Уг зоогийн газрын ханаар зөндөө зураг өлгөөтэй байдаг. Зургуудын тайлбараас жаал будаа идэхэд 1830 онд Колумбийн анхны сонин хэвлэгдсэн байна. 1832 онд анхны театр үүдээ нээж, 1835 онд хөдөө аж ахуйн анхны яармаг болж гээд Колумбиа хотын түүх тэр чигээрээ энд байна гэсэн үг.

Э.Жагдагдорж
Columbia, MO

Тэргүүлэгч блогчид

  • Sample avatar

    Мягмарын Саруул-Эрдэнэ

    Вашингтон хот, Колумбийн тойрог

  • Sample avatar

    Ядамсүрэнгийн Борчулуун

    Колумбиа хот, Мизури муж

  • Sample avatar

    Пүрэвийн Увш

    Блүүмингтон хот, Индиана муж