Блог
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Колумбиа хотод Стадиум бульвард, Олд хайвэй 63 стрийт гэж хоёр гудамж байх. Уг гудамжнуудын уулзвараар мань өдөрт дор хаяж хоёроос дөрвөн удаа давхиж өнгөрдөг боловч нэгэн зүйлийг огт анхаарч явсангүй. Тэнд нэгэн самбар байх. Үнэхээр тэр юу юм бол гэж бодох байтугай, тогтоон олж харалгүй давхисаар... Өнөөдөр зориуд очиж үзэхээр шийдлээ. Яг уулзвар дээр биш, хагас майл зайтай аж. Мизурийн их сургуулийн амьтны эмнэлгийн ( манайхаар мал эмнэлгийн гэвэл илүү буумаар юм уу) коллежийн эсрэг талд уг самбар байрлажээ. Самбарт Колумбиа хотын 180-аад жилийн өсөлт хөгжилт, түүхийн талаар тэмдэглэжээ. Үе үе ирэх нутаг нэгт зочдоо дагуулан Колумбиа хотоор аялал хийхдээ эндээс эхэлж баймаар санагдав.

March2007 081Самбарын хоёр талд Колумбиа хот болон Бүүнэ аймгийн түүхийн шигтгээ бүхий бичлэг байна. Хажууд нь пикник хийх буюу биднийхээр бол нийлж суугаад идэж уух, наргиж тоглох ширээ бэлэн зэхээстэй. Удаан сууж тухлах хүсэлтэй улсууд байдаг гэсэн үг байх. Маньд бол түр зогсоод танилцахад зүгээр санагдав.

Хотыг Колумбиа гэж нэрлэх болсон тухай хоёр хувилбар байдаг ажээ. Анхлан нүүн ирж суурьшигчдын дийлэнх нь Кэнтаки мужаас ирсэн бөгөөд тэд Кэнтаки мужийн Колумбиа хотын нэрийг авч ирсэн гэнэ. Нөгөө хувилбараар бол “Columbia, a gem of the ocean” хэмээх эх оронч, тухайн үедээ моод болж байсан урианаас гаралтай гэх. Юутай ч Смифсон нэртэй морин тэргийн чиргүүл, одооныхоор бол вагончиг шиг нүүдлийн байшингуудтай нэгэн жижиг тосгон ундны усны гачаалаас болж багахан нүүдэл хийж Колумбиа гэдэг нэртэй хот суурь тавьжээ.

1819 онд Конгрэсс Мизури муж улс үүсэх бий болох тухай хэлэлцэж, маргалдаж байхад Смифсон ланд компани газар зараад ид завгүй явжээ. 1821 оны наймдугаар сарын 21-нд Мизури муж улс албан ёсоор зарлагдаж, нэгдсэн улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ажээ. Үүнээс есөн сарын дараа Бүүнэ аймаг албан бүртгэлтэй болжээ.

Европ тивээс нүүж ирэгсдийн тосгон байсан Колумбиа өдгөө бараг зуугаад мянган хүнтэй, мужийн болон бус нутгийнхаа боловсрол, эрүүл мэнд, анагаахын төв болон хөгжсөн талаарх мэдээлэл самбар дээр байна.

Үндэсний түүхэнд бүртгэгдсэн 17 байшин Колумбиад байдаг ажээ. Америкийн Ерөнхийлөгчид, алдартай поп дуучид энд удаа дараа зочилсон байх юм. Эндэхийн их дээд сургууль коллеж төгсөгчдөөс ч Пулитцэрийн шагналтан, Оскарын шагналтнууд төрөн гарчээ. Их зохиолч Марк Твэйн Мизури их сургуулийн хүндэт доктор болж, алдарт Роллинг Стоунс хамтлаг энд тоглолт хийж явсан байна.

Ерөнхийлөгч Билл Клинтон, Ерөнхийлөгч Жорж Давлю Буш ирж байсан үеүдэд мань энэ хотод тууж явлаа.

Эх нутгаас минь гэхэд Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч, сэтгүүлч, зохиолч С.Батмөнх агсан, хүүхдийн зохиолч, сэтгүүлч Д.Батжаргал, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, гавьяат жүжигчин Д.Сийлэгмаа, сэтгүүлч, яруу найрагч Н.Билгүүн, яруу найрагч, сэтгүүлч Г.Аюурзана, яруу найрагч Өлзийтөгс, зохиолч, сэтгүүлч Д.Чулуунбаатар, боловсролын тэргүүний ажилтан, сэтгүүлч, багш А.Оюунгэрэл, хуульч Доктор Баярсайхан, сэтгүүлч Б.Одсүрэн, сэтгүүлч Д.Гантуг гээд олон алдартан Колумбиа хотод зочилж байсан.

Э.Жагдагдорж
Columbia, MO

Тэргүүлэгч блогчид

  • Sample avatar

    Мягмарын Саруул-Эрдэнэ

    Вашингтон хот, Колумбийн тойрог

  • Sample avatar

    Ядамсүрэнгийн Борчулуун

    Колумбиа хот, Мизури муж

  • Sample avatar

    Пүрэвийн Увш

    Блүүмингтон хот, Индиана муж