Блог
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Колумбиа хотод өнөөгийн байдлаар хүүхэд асрах, харах газар америкийн ижил төстэй бусад хотуудыг бодвол харьцангуй олон байдаг. Мань мэдэх ойлголтоор бол ясли, цэцэрлэг гэх юм уу даа. Гэхдээ энэ тоо олон нь хангалттай элбэг гэсэн үг хараахан биш, ялангуяа нэгээс хоёр настай хүүхдийн хувьд байдал тун эвгүй. Мань лав охиноо нэг нас хүрэх үед албанд өгөхөөр нэлээд хайсан боловч тэгээд олдоогүй. Дөмөгхөн нэг нь манийг тоохгүй, дөмөггүйг нь би тоохгүй гэдэг билүү, тэрэн шиг сэтгэлд хүрээгүй газар орон тоо байвч санаанд хүрдэг нь туйлын ховор. Миний санаа нэг их айхтар, шаардлага өндөртэй биш боловч тийм явдал болсон юм.

mu cdlХүүхдийн алба олох бас нэг жишээ нэмэхэд, Мизури их сургуулийн дэргэд нэг цэцэрлэг байх. Хүүхэд хөгжүүлэх лаборатори гэсэн нэртэй. Энэ газар маньд тун их таалагддаг, манай хотдоо хамгийн лут сайхан цэцэрлэг. Манай багын хоёр ажаа мөн үүгээр дамжиж америк продакт болсон. За тэгээд мань энд багыгаа төрөхөөс зургаан сарын өмнө хүлээлгийн хуудаст нэрийг нь бичүүлсэн, одоо гурван жил хүлээж сууна. Монгол хүн төрөөгүй хүүхдэд төмөр өлгий хэмээн цээрлэдэг боловч байгаа орон нутгийн зан, горим ёсыг бодож төрөөгүй хүүхдээ өөрийнхөө нэрээр бүртгүүлсэн нь энэ. Энэ зунаас орон тооны сураг гараад буй даа.

Энэ үед нэгэн ачтан таарсан нь Карэн Би Абарт хэмээх америк эмэгтэй. Бага насны хүүхэд харах, асрах ажлаар ёстой мэргэшсэн хүн гэвэл болно. Элдэв албан ёсны сертификат энээ тэр байхгүй хэдий чиг яах аргагүй "бест" гэж үнэлүүлэхээр хүн. Олигтой сонголт олдохгүй, цагт хавчигдаж, сандарч явахад ийм хүн тохиосон явдал ёстой нөгөө бурханы ивээл гэдэг нь байх.

Хоёр охиноосоо мань Карэн таалагддаг гурав гурван шалтгаан тоочно уу хэмээн асуухад дараах хариултыг өглөө.

Манай дунд охины хэлж байгаагаар, Карэн нэгдүгээрт, дүүг нь маш их сайн, үнэнчээр, сэтгэлээсээ хардаг. Хоёрдугаарт, дүүд нь зурагт их үзүүлдэггүй, гуравдугаарт, гоё гоё ном уншиж өгдөг.

selection of healthy foodsХамгийн том ажаагийн ярьж буйгаас үзвэл дүүг нь эрүүл мэндэд тустайгаар сайн хооллодог нь их чухал. Мөн гадуур байнга сайн авч гарч, эрүүл агаарт тогтмол алхаж зугаалдаг нь их таалагддаг. Эцэст нь нэмэхэд, Карэн хүүхдэд маш их зүйл зааж сургадаг. Үүндээ орчин үеийн сургалтын арга технологийг өргөнөөр хэрэглэдэг гэлээ.

Зөвхөн хүүхэд асрах, харах төдий биш маш олон зүйлийг бид энэ хүнээс сурч, мэдэж авсан билээ. Эрүүл хоол хүнс сонгох, агаарт алхаж, өглөө оройдоо хийх ганц нэг дасгал мэдээд авах, түүнчлэн жирийн америк хүний сэтгэхүй, сэтгэлийг ойлгож авахад маш их тус дэм болсон. Энэ нь эргээд санаснаараа сайхан суралцах, ажиллах, америкуудын хүрээлэлд ороход ихээхэн түлхэц өгсөн.

Ханиад томуу тусаад хэвтэхэд хүртэл Карэн маань аяга шөл хийгээд, цай чанаад өгнө дөө. Эмчид очиж мөнгө үрүүлэхгүй, "америк гэрийн" эмчилгээ дор нь зааж хэлчихнэ. Алсаас ирсэн найз нөхдөд ажлын зар, сонин хэвлэл энд тэндээс бариад ороод ирнэ.

Tri swim bike runКарен хүүхэд харахаас гадна триатлоноор хичээллэдэг, тамирчин хүн. Холын зайд гүйгээд, дугуй унаад, усанд сэлээд уралддаг гэсэн үг. Гурван төрлөөр үзэж байгаа болохоор триатлон гэдэг гэж ойлгосон шүү, ер нь бол олимпын төрөл байх тийм ээ? Өдөр бүр гүйнэ, тэмцээн уралдаанд веекэндээр ороод байна. Шалгараад томоохон тэмцээнд их явна. Тэгээд манай хүн бас медаль шагнал энээ тэр туучихна аа. Өөр хотод том тэмцээнд явахдаа их эртнээс төлөвлөж, хүүхэд харах ажлаасаа “вакатион” авна. За үүгээрээ хүртэл цаг төлөвлөлт, амралт ажлаа зохицуулах ... гээд амьдралын томоо "ном" бидэнд үзүүлчихэж байгаа юм.

Э.Жагдагдорж
Columbia, MO

Тэргүүлэгч блогчид

  • Sample avatar

    Мягмарын Саруул-Эрдэнэ

    Вашингтон хот, Колумбийн тойрог

  • Sample avatar

    Ядамсүрэнгийн Борчулуун

    Колумбиа хот, Мизури муж

  • Sample avatar

    Пүрэвийн Увш

    Блүүмингтон хот, Индиана муж