Блог
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

columbia mall signЗа өнөөдөр амралтын өдөр байна, дэлгүүр хэснэ ээ. Колумбиа Молл орлоо. За даа би нэг их лут дэлгүүрчин биш. Саяхан Тааргэтээс авсан сэрүүлэгтэй цаг жаахан согогтой байж. Үнэндээ түүнийг солих гэж Молл явлаа. Тэгээд яаж зүгээр байхав охидуудынхаа нэрлээд байдаг ганц нэг дэлгүүрээр гялс шагайчхалгүй яахав. Сайн аав чинь :-).

Аэропостал орлоо. Энэ 11-18 насны охид хөвгүүдийн хүсэл болсон брэнд юм шиг билээ. Мода, дизайн сайтай, чанартай хувцас зардаг дэлгүүр. Америкийн дунд, ахлах сургуулийнхан эндээс хувцаслахад тэгээд ангидаа “коол кийд” болчих юм шиг байгаа юм. 1987 онд анх байгуулагдсан бол одоо Америк даяар 700 гаран дэлгүүртэй болсон гэж байгаа.

gallery aeropostalДэлгүүрт ортол цаад мухарт улсууд бөөгнөрч байх. Дундуур нь зүтгэчихлээ. Хямдарсан ти-шорт байх юм. Үзэж зулгаалцаж байгаад нас арав давсан хоёр охиндоо хэдийг аваадахлаа. За энэ зун аав ёстой "баатар аа, баатар" :-).

Оюутан цагийн онигоонууд байх. Москва орлоо, дэлгүүр аймаар урт оочертой юм. Зогссоор байгаад лангуунд хүртэл худалдагч нь талийгаач болчхож гээд. Мөн Москвад ГУМ орсон чинь улсууд их урт оочерложээ. Юуг нь мэдсэнгүй, дагаад зогсчхов. Өдөржин зогсоод боодолтой юм зарж байхаар нь хоёрыг туучихлаа. Гэртээ ирээд задалтал боодолтой нойлын цаас гарлаа даа. Их хэрэгтэй, ховор нандин зүйлс урт оочертой байдаг гэсэн ойлголттой үе. Тэгээд юуг нь мэдэхгүй авчихдаг гэсэн санаатай юм. Маньд их таарсан онигоонууд даа :-).

Abercrombie MooseCreekДараагийн зогсоол Абэркромби Энд Фитч байлаа. Өмнөх дэлгүүрийн "настай" хэрэглэгчид нэг анги, нэг нас ахихад ийш шилжинэ. 18 – 22 насныхан уг дэлгүүрийн "мэйн таргет" гэсэн үг. Залуусын сонирхол татаж чадсан дэлгүүр юм билээ. Ялангуяа ахлах сургууль, коллеж, их сургуулийн эхний жилийн оюутан залуус үүгээр эргэлдэнэ.

Дэлгүүрт орохоор зассан дизайн, өнгө, тавьсан хөгжим, бараагаа байрлуулсан нь яах аргагүй залуучуудынх. Хувцас нь ч загвар сайтай, биед тун тохиромжтой. Чанар гэж ярих юм үгүй. Тиймдээ ч тэр үү, энд барааны үнэ хямдрах нь тун ховор. Том хотуудад бол өөр байх. Манай Колумбиад лав хямдарсан шошготой нь маньтай таарч байсангүй. Оюутны хот болохоор тэр байж болох. Хямдармагц тэд дор нь шүүрээд авна даа.

Үнэ хямдрах бол энд америкт тун элбэг үзэгдэл. Улирал нь өнгөрөх, мода дизайнд шинэ хувилбар гарахад тэр дороо хямдарна. Тэр хэрээр хэрэглэгчид худалдан авна. Үнэ хямдруулж зарах өөрөө хэрэглэгчдийн сэтгэхүйд тун тохирсон эд юм шиг байгаам. Маркетинг гээд бүхэл бүтэн шинжлэх ухаан дөө.

За тэгээд хямдарсан үед нь мань элдвийг дор нь шүүрч авна. Хүний нутагт яваа мань мэт бадарчинд "money" хэмнэхээс илүү тустай юу байх билээ. Гэхдээ заримдаа бас тэр бүр хямдрахааргүй, чанартай зүйлийг үнээр нь авах сайхан. Өвөө маань шинэ малгайгаар хийморио өргөнө өө гэдэгсэн. Ухааны мухарт тэр санаа үлдсэн үү, үнэтэй үед нь авсан эд хэрэглэхээр хийморь сэргээд явчхаж байгаа мэт санагдана :-). Дээр нь нэмбэл үнэ хямдарсан ижил зүйлийг харахаар минийх арай дээр мэт сэтгэнэ. Нөгөө хэд жаахан тааруухан болохоор үнэ нь буураад буй, манийх үнэтэй болохоор яах аргагүй илүү мэт :-). Тэгээд дандаа гологдсон, үнэ буурсан зүйл авахгүй, шинэ, үнэтэйгээр сайн энерги цуглуулсан мэт бодогдоно. Хүний сэтгэхүй гэж …

Ингэж аль болох өөрийн тааллаар тайлбарласаар хямдарсан зөв, сайн, үнэтэй авсан нь мөн ижил дээр гэдэг хүн дээр өгүүлсэн дэлгүүрээр ороод яаж зүгээр байчхав, нэг цамц эхнэртээ авлаа. Үнэ нь хямдраагүй болохоор маасайтлаа инээгээд эхнэртээ тун хайртай дүрд тоглож байна аа гэж. Тоглож байгаа юм уу, үнэхээр мөнгө хөрөнгөөр хэмжээлшгүй хайртай юм уу :-). За энэ бидний хэрэг, яаг ямар нь family secret.

Орой нь бид Болдоогийндоо айлчилж цагаан сарлана. Нутгаас алс байгаа, эндээ монголчууд цөөн бид шинийн нэгнээр золгоод ахмад настныдаа айлчилсан. Тэгээд айл бүр бусдыгаа ээлжлэн урьсаар сар шинийн хэсэл дуусаагүй.

Эхнэр хүүхэд шинэ брэндүүдээ өмсөөд гарахад бэлэн болж байх шиг, аав бас өнөөдрийн блогтоо "цэг" тавих гээд бүгд жин тан.

Э.Жагдагдорж
Columbia, MO

Тэргүүлэгч блогчид

  • Sample avatar

    Мягмарын Саруул-Эрдэнэ

    Вашингтон хот, Колумбийн тойрог

  • Sample avatar

    Ядамсүрэнгийн Борчулуун

    Колумбиа хот, Мизури муж

  • Sample avatar

    Пүрэвийн Увш

    Блүүмингтон хот, Индиана муж