COVID - 19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Дэлхий дахинаа Цар тахал хэмээн зарлагдаад улс, орнуудад эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны бодит хямрал үүсгээд байгаа ТИТЭМТ ВИРУС нь Монгол улсыг ч багагүй бэрхшээл, сандралд хүргээд байна. Тэдгээрийн нэг нь гадаадад байгаа иргэдээ эх нутагт нь авчрах ажил. Өнөөдөр эх орондоо буцах хүсэлтээ 9600 гаруй хүн өргөдлөөр илэрхийлээд байна. АНУ болон Австрали улсад нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 3000 давжээ.

Монгол улсын засгийн газар тусгай үүргийн онгоцыг тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт руу, дөрөвдүгээр сарын 30 болон тавдугаар сарын 1-ний өдрүүдэд Сөүл рүү явуулах юм. Гэхдээ дөрөвдүгээр сарын 30-ны онгоцоор бусад улс орноос дамжин ирэгчдийг тусгайлан авчирна. БНСУ-д байсан иргэдийг тавдугаар сарын 1-ний онгоцоор авчрахаар зохицуулсан байна.

Монгол улс гадаадад “түгжигдсэн” иргэдээ авчрах, урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан цөөн хоногоор байршуулахад эмчилгээ, сувилгаа, байр сууц, хоол хүнсний талаар иргэдээс гомдол, санал гаргах, уур уцаар бий болгох, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулдгаас үүдэн эх нутгаа зорьж байгаа иргэд, тэдний ар гэрт буруу, зөрүү ойлголт төрөх нь байна. Бид иргэдийн тусгаарлагдах хугацааны бодит байдлыг тандах зорилгоор Монголд ирээд тусгаарлалтын бүх шатыг дамжин өнгөрөөсөн нэгэн гэр бүлийн хоёрын тусгаарлалтын бодит байдлын талаар өгүүлснийг хүргэж байна. Москвагийн “докторская” хиам, бор талх, богширсон шөлний аяга нэгт явсан эрхэм профессортой холбоо барьж, яриаг цаасан дээр буулгасан Пүрэвийн Увш.

Буцах уу, үлдэх үү. хэзээ гэрийн зүг жолоо залах вэ. Уг нь 3 сарын 2-д буцах билеттэй байсан бөгөөд гэтэл гэнэт нислэгийг хойшлуулсан мэдээг интернетээр аваад бага зэрэг гонсойсон. Гэтэл 3 сарын 16-д тусгай нислэг хийгдэх тухай сонсов. Очоод 14 хоног карантины тусгаарлалтанд байна гэнэ. Энэ нь эмнэлгийн коридорт, эсвэл оюутны суларсан байр, эсвэл цэргийн дээд сургуулийн нийтийн заал байж магадгүй гэх мэт мэдээ интернетээр түгээгдэж байсан тул бага зэрэг түгшүүр төрүүлж байв. Мөн дээр нь тусгаарлагдах мөнгөө өөрсдөө төлнө гэдэг нэмэлт санхүүгийн хүндрэл үүсэв. Нөгөө нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал огт хэрэггүй болох нээ. Ер нь яах гэж эдгээрийг төлдөг юм бол доо. Дээр үеийн эвлэлийн татвар маягийн мөнгө болох нээ. Хэнд ч хэрэггүй эд байна шүү дээ. Японд байдаг охин маань ингэж хэлэв: - Та хоёр хоол ундтай, орон байртай эндээ байдал намжтал байж байсан нь дээр юм биш үү гэв. Эхнэр бид хоёр үүнийг нь зөвшөөрөөд байдал намжтал Японд үлдэхээр шийдэв. Уг нь ЭСЯ- руу утасаар бүртгэл хийлгээд ахмад настан гээд явахаар бүртгүүлчихсэн байсан юм. Гэтэл маргааш нь охин маань хамт ажилладаг япон ахмадуудтайгаа ярилцаж байгаад ингэж хэлэв: “ Танай аав, ээж хоёр энд даатгалгүй, гадаад хүмүүс учраас байдал хүндэрвэл хэцүү болох байх. Өвчин ихээр тархаад эхэлбэл эмнэлгээр япон хүмүүс нь дүүрээд гадаадынхныг нэг их анзаарахгүй байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Нисэх боломж байгаа дээр буцсан нь дээр байх” гэж зөвлөж байна гэлээ. Ингээд тусгай үүрэгийн онгоцоор буцахаар шийдлээ. Хамгийн их айдас бол очсон хойноо нийтээрээ шахуу тусгаарлагдаад ариун цэврийн өрөө хэцүү байх даа гэж юуны түрүүн бодогдож байлаа. Гэхдээ хуучин зуслангийн нийтийн жорлонд болоод л байсан даа гэж бодогдож, энэ санаагаа эхнэртээ хэлж байлаа. За, нэг үгээр, бид олдсон боломжийг алдахгүйгээр нутаг буцахаар шийдлээ. Үнэхээр дараагийн онгоц хэзээ ч нисэх юм билээ, хэн ч хэлж чадахаа болино шүү дээ.

Нарита. Нарита руу метрогоор нэг дамжин хүрч ирлээ. Ихэнхи зорчигчид орчихсон юм уу, эсвэл тийм цөөн хүн байгаа юм уу, МИАТ гэсэн бүртгэлийн цонхон дээр бараг хүнгүй байлаа. Ачаагаа жигнүүлж, халуунаа үзүүлж, ачааг Монголд авах хүний нэрийг бичүүлж, ачаан дээрээ нэр усаа бичих зэрэг багагүй аар саар үйл ажиллагаа явагдаж цаашаа орлоо. Өмнө нь НАРИТА буудал тийм эл хуль байхыг өмнө үзээгүй билээ. Уг нь түм түжигнэж бум бужигнасан газар. Маскаа байнга зүүж явлаа. Ер нь Японд маск зүүх нь бараг ердийн үзэгдэл. Өмнө нь жирийн ханиадны үеэр ч зүүдэг байсан. Цөөн хүн нисэх юм байна даа гэж бодож яваад 56-р гейт дээр иртэл багтахгүй олон хүн цугларчээ. Онгоцонд багтах л байгаа гэж аргагүй бодлоо. Бас нэг өндөр настай монгол хүн муужирч унах нь харагдав. НАРИТА буудлын албаны хүмүүс маш түргэн арга хэмжээ авч дамжуур дээр тавин авч явав. Мордохын хазгай гэгч болж байгаа юм шиг санагдав. Дуугарлан зогсох хүмүүс дэндүү олон харагдлаа. Багтах л байгаа даа. Онгоц руу оруулж эхлэв. Бид нилээд сүүл хавьд байсан тул түгшээд л байв. Гэхдээ агаарын хүлэг маань үнэхээр аварга тул 260 орчим хүн орчихлоо шүү.

Онгоцон дотор. Онгоцонд тасалбар дээр заасан суудлаа бид хоёр олоод суулаа. Онгоцон дотор хамгаалалтын битүү комбинзон өмсөж нүүрээ битүүлсэн цагаан хувцастай хүмүүс нилээд олон үзэгдэв. Эхлээд би дан эмнэлгийнхэн байна гэж бодлоо. Харин явцад онгоцны багийнхан, УОК цөм ижил хувцастай болохыг ойлгов. Байн байн халуун үзэж байлаа. Хоёр ч удаа маск тарааж өгөв. Маскаа зүүхийг сануулж байв. Сольсон маскийг тусгай саванд цуглуулан авч байлаа. Бас нислэгийн явцад эмнэлгийнхэн зорчигч нарыг сэмээрхэн ажиглаад яваад байв. Зарим хүнийг халууныг нь байн байн үзэж байв. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа ууттай хоол тараав. Өмнө нь тараадаг байсан хоолноос өөр, сайтар боосон хачиртай талх байлаа. Бас нэг үйлдвэрийн жижиг боов өглөө. Аяганд цай өгсөнгүй савтай ундаа, цэвэр ус зэргийг тараагаад корона вирусийн үеийн хоол тэгсхийгээд болов. Угаас түгшүүртэй нислэг учраас би л лав өлсөж байгаагаа мэдэрсэнгүй. Ер нь онгоцонд өөр зорилгоор суусан хүмүүс байгаа шүү дээ, бүгдээрээ аялаагүй нь ойлгомжтой, иймээс зүгээр л “нислэг” гэдэг нэр илүү зохимжтой. За тэр ч яахав. Онгоцны суудлын дэлгэцэн дээр хаана нисэж яваа, онгоцны хурд, өндөр, гаднах температур гэх мэт мэдээлэл харж, сэтгэлийн түгшүүрээ дарж явлаа. Онгоцны хязгаарлагдмал орчинд агаарын сэлгэлт явагдаж байгаа учир гол түгшүүрийн эх сурвалж болж байлаа. Ингээд ашгүй нийслэлийн маань гэрэл гэгээ харагдаж буух тухай зарлав. Буулаа. Буусаны дараа жирийн үед бол бужигналдаад л гарцгаана. Одоо бол хүмүүс урьдаас анхааруулга сонссон тул хөдлөх хүн байдгүй. Ерөнхийдөө газардсанаас хойш хоёр цаг гучин минут орчим онгоцондоо хөдөлгөөнгүй сууцгаав. Хаяа нэг ганц нэг зорчигч гар утсаар зураг дарж байлаа. Ингээд хүмүүсийн нэр дуудагдаж гарцгааж эхлэв. Ямар зарчмаар дуудаж байгаа юм бол, бүү мэд. Ашгүй эхнэр бид хоёрын нэр дуудагдаж гар ачаагаа аваад үүд рүү чиглэв. Нэг тусгай өмсгөлтэй хүн “та нар Жаргалант” явна гэж хэлэв. Жаргалантын сангийн аж ахуй бол 140 орчим км, Богд уулын Жаргалантын ам бол 20 орчим км. Тэнд хоёр гурван сувилал байдгыг мэдэх юм. Тийшээ юм болов уу гэж таамаглав. Монголчууд учраас тодорхой юм хэлэхгүй. Бүх зүйл бидний хувьд таамаглал тайлагдах маягаар шийдэгдэнэ. Автобусанд суулгахаас өмнө цүнх, хувцасыг маань ариутгаж байна гэж баахан шүршив. Газар байгаа ачааны ойролцоо шүршсэн бодис нь мөстөж халтиргаатай болсон байлаа. За ингээд автобусандаа сууцгаав. Элдэв хэл ам гарсангүй. Нилээд зогсов. Команд хүлээж байгаа бололтой. Хөдөллөө. Явах чигийг нь ажвал Жаргалантын ам бололтой. Урд маань нэг цагдаагийн машин явж байна. Шөнийн хоёр цаг орчим болж байв. Явсаар Жаргалантын амны нэгэн сувилалын гадаа ирж зогсов. Авч ирсэн хүмүүс маань цаашаа юу хийхээ мэдэхгүй бололтой. Баахан утасдаж, хүмүүстэй ярилцав. Тэгж тэгж хоёр хоёроор нь дуудаж гаргаад сувилалын нэг давхарт цөөн хэдээр нь цуглуулав. Эхнэр бид хоёр, бас нэг тэтгэвэрийн насны гэр бүлийн хамт 4 давхарт нэг өрөөнд хамт орохоор дагуулж явав.

Доор зогсож байхдаа бие засах газар харагдсан учир тийшээ зүглэх гэтэл болохгүй гээд оруулсангүй. Онгоцноос автобусанд сууж ирэх бүх хугацаа нийт гурван цаг гаруй болсон учир физиолог нь шаардсан хэрэг. Гэтэл болохгүй гэнээ. Учир нь юу болоо. Давсаг чинэрээд хэцүү л байлаа. Одоо тэгээд яая гэхэв. Надаас сэжиглээд байна уу.

Өрөөндөө. За тэгээд өрөөнд дагуулж орлоо. Таван ортой, нилээд зайтай. Ариун цэврийн өрөөнд ариутгагч бодис, утгаалгын нунтаг, нүүр гарын саван, шүдний 200 гр оо, нэг литрийн аяга угаагч Фэри бодис, нойлын цаас гэх мэт хэрэгцээний зүйл бүгдийг тавьжээ. Цай, нэг, хоёрдугаар хоолны таваг, халбага сэрээ, ус буцалгагч, том дэлгэцтэй телевизор гэх мэт зүйл бас тавьжээ. Тэгээд нэг хуудас заавар, халууны шил, халуунаа тэмдэглэх хуудас зэргийг хүн тус бүрт өгөөд тусгай ажилтан маань гарч биднийг гаднаас нь түгжих чимээ гарав. Удалгүй бас нэг хүн оруулж ирэв. Түнийгээ сондгой хүн гэж нэрлэв. Сондгой хүн маань 74 настай Эрдэнэбаатар гуай байсан юм. Ингээд ор дэрээ хуваарьлаж хувцас, хунараа тайлаад, нэг ус буцалгаж цай уугаад танилцацгааж байтал, хоол оруулж ирэв. Шөнийн 4 цаг болж байлаа.

Гэргийн дурсамж. 21 хоногийн карантинд цоожтой хаалганы цаана, хаалганы гадна хоолыг маань тавьж цоож онгойхоор авч иддэг, бидэн дээр хэн ч шагайж орж ирэхгүй, дотуур утсаар биеийн халууныг өглөө орой асууна, өрөөний цэвэрлэгээгээ өөрсдөө хийнэ. Хоолны хувьд биднийг байрлуулсан гзар, сувилалын газар тул амт чанар сайн байсаан.

Харин цаг нөхцөөх гэдэг л асуудал байлаа, зурагтаар коронагаа өглөө оройгүй сонссоор, бас цуг ирсэн биднээс халдвар нь илэрчхвийдээ гэсэн түгшүүртэй өнгөрөөж байлаа. Зүгээр суухгүйн тулд би алчуураар маск хийх, юм нэхэх, гар утсаа малтах зэргээс гадна 108 удаа мөргөх гэж оролдож байлаа.

Хорионоос гарах өглөө бид хэд эртлэн босч, дурсгалын зургаа татуулцгааж, баяр хөөр боллоо. Энэ бол амьдралд минь тохиолдсон нэгэн дурсамж болон үлдэг ээ!!!

Өрөөний үйлчилгээ. Энэ шөнө нам унтлаа. Өглөө “намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу” гэж эхэлдэг хүүхэд цагийн дуу өрөөнд хангинаж бид сэрэв. Цаашид энэ дуугаар 21 хоног сэрүүлэг болгон сэрдэг байлаа. Орой бол “боролдой хүү минь унтдаа“ гэдэг дуу явнаь бас өдөр бүхэн. Өглөө босоод халуунаа үзнэ. Орой болгон халуунаа үзнэ. Халуунаа тэмдэглэнэ. Өглөө орой болгон утсаар нэг хүн халууны мэдээ авна. 34-36.8 хооронд байдаг юм байна лээ. Өөр зовиур байна уу гэж асууна: ханиах, гүйлгэх, бусад зовиур. Хүн амьдаар орж ирэхгүй, утсаар л харьцана. Хоёр удаа хамар луу урт хатгуур шургуулж шинжилгээ авсан. Хоёр хоногийн дараа “сөрөг” гарсан гэж бөөнд нь зурагтын мэдээгээр зарласан.

Эргэлт. Нэг удаа эмийн “Монос” компаний эргэлт оруулж ирэв. Дотор нь амны маск нилээд олон, ариутгалын шүршигч, хуурай витаминтай ундаа, бас нэг төрлийн эмийн үрэл байлаа. Бас нэг удаа “АПУ” компани эргэлт оруулав. Буруу ойлгож болохгүй. Дандаа ааруул, сүү, тараг зэрэг зүйл байлаа. Уг нь хоёр долоо хонуулна гэж төлбөр авсан тул хоног тоолоод харих юм бодож байлаа. Гэтэл гэнэт нэг долоо хоног нэмлээ. Бага зэрэг санаагаар унав. Гэхдээ нэгэнт эх орондоо ирчихсэн тул нэмэлт нэг долоо хоног юу байхав дээ. Сувилал бол ямар ч гэсэн оюутны байр , эмнэлгийн коридор биш юм даа. Удалгүй гарах болов. Нийтийн тээврээр харьж болохгүй гэсэн тул хүүгээ дуудав.

Гэртээ ирлээ. Удалгүй утас дуугарч хэсгийн эмнэлгийн эмч ярьж байна. Бас халуунаа хэлэв. Дараахан нь нэгэн нууц сайн дурын ажилтан ярьж байна. Нэрээ хэлсэнгүй. Яг л далд тагнуул ийм байдаг болов уу гэж бодлоо. Ажиглаж байгаа гэнээ. Аар, саар хүнс хүүхдүүд авчихсан болохоор хоёр долоо хоногийн гэрийн хорио-ажиглалт дороо дуусав. Ингээд гэрээс гарах эрхтэй болов. Өнөөдөр хугацаа дууслаа гэдгийг хэсгийн эмч хэлэв.

Нөгөө нууц ажиглагч тэгээд л чимээ тасрав. Гадуур гарсан чинь хүмүүс нийтээрээ масктай юмаа. Эмийн санд орж асуухад нэг маск 1000-5000 төгрөг гэж байх юм. Коронагаас өмнө 200 төгрөг л байсандаа. Гэхдээ маскгүй ганц нэг хүн бас харагдах юм аа. Харин масктай учраас гадуур шүлс, цэрээ хаях явдал багасчээ гэж санагдав. Масктай юм чинь дээ. Хүнс хэвэндээ, алга болсон зүйл үгүй. Мах л нилээд үнэ орж, бусад нь бараг хэвэндээ.

Автобусанд зорчигч ховордуу, гудамжинд унаа хөсөг элбэг хэвээр. Хүүхэдтэй хүнийг дэлгүүрт оруулахгүй байгааг ажиглав. Лифтэн дотор гар ариутгагч зоосон байна. Дэлгүүрт ороход халуун үзэж байна. Маск зүүгээгүй хүнд шаардлага тавьж байна. Нэг иймэрхүү л байна даа. Бензин 200-500 төгрөгөөр хямдарсан байна. Гаднаас л ирж байгаа хүмүүс корона авчир байна даа. Гэхдээ эх орондоо ирэх нь зөв шүү дээ. Би лав 35 хоног карантинд ороод нутагтаа ирээд одоо чөлөөтэй явж байгаа нь үнэхээр сайхан байна. Сиймхий ч гэсэн гэр минь... гэж үнэн юм даа. Уржигдар хоёр докторантын хэлэлцүүлгийг онлайн хийхэд оролцлоо. Амьдрал өөр болж л байгаа юм байна. Сурагчид, оюутнууд онлайн суралцаж байна. Болдог л юм байна.