2002 оны наймдугаар сард АНУ-ын Миззури мужийн Колумбиа хотоос “Америкийн Монголчууд” сониныг хоёр дахь дугаараас нь өлгийдэн авч хоёр жилийн хугацаанд сар бүр шинэ дугаар бэлтгэн түгээж байсан тус сонины эрхлэгч А.Оюунгэрэлтэй ярилцлаа. Тэрээр 1984 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн аж. МУИС-ийн сэтгүүл зүйн магистр, Миззурийн Их сургуулийн хүмүүнлигийн магистр цолтой. “Утга зохиол, урлаг”, “Өнөөдөр”, “Америкийн Монголчууд” сонины сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгчээр ажиллаж байсан. 1995 оноос Монголын Хэвлэлийн Хүрээлэнд хэвлэл мэдээллийн судлаач, сургалтын албаны дарга, 2004 оноос “Сэтгүүлч” дээд сургуульд зөвлөх багшаар ажиллахдаа “Орчин цагийн сэтгүүл зүй”, “Олон түмний харилцаа”, “Хэвлэл Мэдээллийн Менежмент” зэрэг гарын авлага, сурах бичиг, мөн нэлээдгүй эрдэм шинжилгээний бүтээлээ англи, монгол хэл дээр бичиж хэвлүүлжээ. Одоо гэр бүлийн хамт АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотод ажиллаж амьдарч байна.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Америкийн Монголчууд” сониныг эрхлэн гаргах сэдэл хаанаас хэрхэн төрсөн тухай сэдвийг хөндөж хоёулаа яриагаа эхэлье.

Өдрийн мэнд! Тухайн үед хамтран ажиллаж байсан баг хамт олныхоо тухай дурсан ярих үнэхээр сайхан байна. Хамгийн анх 2002 оны хоёрдугаар сард “Байна уу коммюникшн”-ийг үүсгэн байгуулагч В.Эрхтэмцэл санаачлан А2 хэмжээтэй дөрвөн нүүр сониныг Вашингтон Ди Си-гээс эрхлэн гаргасан байдаг юм. Анхны тэр дугаарыг хийхэд редактор Н.Энхцэцэг, сэтгүүлч Э.Алтангэрэл, макетчин Д.Мандахбаяр оролцсон байдаг. Сонин гарахгүй хэсэг завсарласны дараа үүсгэн байгуулагч нь уг сониныг үргэлжлүүлэн гаргаач ээ гэдэг санал надад тавьсан. Ингээд зургаан сарын дараагаас “Америкийн Монголчууд” сонин цоо шинэ бүрэлдэхүүнтэйгээр гарч эхэлсэн юм. Э.Жагдагдорж, Я.Борчулуун, миний нөхөр Л.Мөнх-Эрдэнэ бид дөрөв үндсэн редакц байлаа. Америкийн өнцөг булан бүрт оршин суугаа мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ холбогдон багаа өргөжүүлж, сониныхоо агуулгыг тэлэн, төрөл жанрыг нэмж, сонин сар бүр зургаан нүүр гарч эхэлсэн.

- Америк орон өртөг өндөр, зүгээр суух аргагүй газар. Мэдээж ар гэр, ажил төрлийнхээ хажуугаар сонины ажлаа амжуулдаг байсан байх.

Тийм ээ, мэргэжилдээ хайртай дуртайдаа амжуулдаг байсан, бид. Манай сурвалжлагчид бүгд сайн дурынх боловч бүгд мэргэжлийн хүмүүс байснаараа их онцлогтой. Мэргэжлийн гэрэл зурагчин, дизайнер, насаараа монголын хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай сэтгүүлчид, мөн сэтгүүл зүй, хууль зүйн чиглэлээр суралцаж байсан оюутан залуус, мэргэжлийн орчуулагч гээд олон сайхан хүмүүстэй хамтарч байжээ. Цалин урамшуулал гэж байхгүй, хааяахан шатахууны карт илгээхээс хэтэрдэггүй байлаа. Тэгсэн ч гэсэн манай сурвалжлагчид, цаг заваа илүүчлэн, материалаа уйгагүй бэлдэж, мэдээ мэдээллээр хангадаг байсан. Өөрөөсөө зардал мөнгөө гаргаад ойролцоох хот руу аялах, үйл ажиллагаанд оролцох зэргээр бидэнд мэдээ материал илгээх бол энүүхэнд. Тэдний дунд Хэвлэлийн Хүрээлэнд хамтран ажиллаж байсан сэтгүүл зүйн багш, орчуулагч нар маань байлаа. Өөрсдийнхөө заадаг, ярьж сургадаг шинэ цагийн сэтгүүл зүйн зарчмын дагуу нийтлэлийн бодлогоо тодорхойлж, практик дээр хэрэгжүүлэх сайхан завшаан тохиосон гэж би боддог.

- Америкт байгаа монголчуудад зориулан сонин гаргахын онцлог нь юу байв?

Бүх төрлийн мэдээллээр монголчуудыгаа хангах зорилго тавьж байсан. Улс төр, эдийн засаг, урлаг, утга зохиол, монголчуудын дунд болж байгаа соёл урлагийн үйл явдал, спортын арга хэмжээ, Цагаан сар, Наадам, хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэл, хууль зүйн зөвлөгөө гээд олон төрлийн мэдээ мэдээлэл бэлдэнэ. Хамгийн чухал нь орчин цагийн хараат бус сэтгүүл зүйн гол зарчим болсон мэдээ, үзэл бодол тусдаа байх ёстой гэдэг зарчмыг сурвалжлах үйл явцдаа ч, бичлэгтээ ч баримталж байлаа. Америкт анх удаа хөл тавьж байгаа, шинээр ирэгсдийн хувьд ам дамжсан баталгаагүй эх сурвалжаас мэдээлэл авч, ташаа мэдээллийг баримжаа болгон виз сунгах, жолооны үнэмлэх авах, зээлийн карт ашиглах зэрэг чухал асуудлаар буруу шийдвэр гарган аятай таатай боломжийг өнгөрүүлэх, цаг хугацаа алдах, их хэмжээний торгуульд унах асуудал их байсан. Тиймээс бид аливаа асуудлаар баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч, орчуулан бэлтгэж, үнэн зөв мэдээллээр хангахыг хичээн ажилласан. Тухайлбал монголын дээд шүүхэд ажиллаж байсан хуульч Г.Ганзориг Вашингтон хотод сурч байхдаа хуулийн холбогдолтой харьцуулсан материал бэлдэж цувралаар нийтэлдэг байсан. Бид бүх төрлийн визний талаарх мэдээллийг цуврал болгон танилцуулсан. Америкийн нийгэм, соёлын талаарх мэдээллийг байнга өгч байсан.

- 2000 оны эхэн үе харилцаа холбоо өнөөгийнхтэй адил байгаагүй. Та АНУ –ын өнцөг булан бүрт суугаа сурвалжлагч нартайгаа хэрхэн холбогдож ажлаа амжуулдаг байв?

Хүн болгонд гар утас байсангүй. Бүгд имэйлээр материалаа явуулдаг байлаа. Нэг зүйлийг сонирхуулахад, тухайн үед манай сурвалжлагчдын комьпютерт монгол кирилл үсгийн фонт тэр бүр байгаагүй тул латин үсгээр галиглаж бичээд мэдээллээ явуулна. Бид тэрийг нь нэгд нэгэнгүй буулгаж, монгол фонтоор шивэх жишээтэй. Практик ажиллагаа ихтэй байсан. Сонин буух дөхөхөд нойргүй хоносон өдрүүд их. Э.Жагдагдорж, Я.Борчулуун хоёр манайд ирээд бид шөнөжин макетаа бэлтгэж, барлаж буулгасан хувилбарыг Я.Борчулуун нэгд нэгэнгүй редакторлахдаа их нарийн нямбай хандана. Ингээд бэлэн болсон материалаа зип дискэн дээр буулгаад “Коламбиа Миззуриан” сонины хэвлэх үйлдвэрт аваачиж өгнө. Олон компанитай хамтарч ажилладаг уг хэвлэлийн үйлдвэрийн менежер Патти Ходинат “Танай макет ямар ч асуудал гаргадаггүй, их цэвэрхэн, бусад газрын материал алдаа зааж, хэд хэдэн удаа эргэж буцаж байхад танайх ямар ч асуудал гаргадаггүй” гэж хэлж байсан. Манай Э.Жагдагдорж “Ардын Эрх” сонины компьютерийн албыг удирдаж байсан өндөр мэргэжлийн программист хүн л дээ. Сониныг монгол үсгийн фонт, макетийн программаар тэр л хангаж байсан. Пэйжмэйкер дээр хийсэн макет нь хэвлэх үйлдвэр дээр Куорк программ руу ямар ч алдаа мадаггүй шилжихийг олонтаа харж байлаа. Гадныхан ч өндөр мэргэжлийн хүн хийж байгааг анзаарсан байгаа юм. Хамтран ажиллахад түшигтэй, өндөр боловсролтой Э.Жагдагдорж, Я.Борчулуун нарын гэр бүлтэй тэрхэн хугацаанд нэг хотод амьдран, сонин гаргаж явсан минь их завшаан.

- Юу таныг их урамшуулж, үргэлжлүүлэн сониноо гаргах урам зориг өгдөг байсан бэ?

Сэтгэлтэй зүтгэлтэй мэргэжлийн хамт олон, мөн цөөхөн ч гэлээ сар бүр захиалан уншдаг идэвхтэй уншигчид маань их дэм болдог байсан. Монголын хэвлэл мэдээлэлд олон жил ажилласан Б.Одсүрэн, Б.Уранчимэг үйл явдлын сурвалжлагаар шуурхай хангаж, Д. Гантуг эх орондоо нэмэрлэх санаагаар хэлэлцүүлэг хөтөлж, Б.Агар машины талаар цуврал зөвлөгөө өгч, Ц.Сүнжидмаа орчуулгаа илгээж, У.Ганбаяр, Т.Өсөхбаатар нар гэрэл зургаа явуулдаг байлаа. Тэд бүгд өөр муж хотод амьдарч байсан. Энэ үндсэн хүмүүс дээр дараа нь Т.Лхагвадорж, П.Байка, Д.Билэгсайхан зэрэг хүн нэмэгдсэн билээ. Уншигчдаас захидал, урмын үгс их ирнэ. Одоо хэр нь зарим нь надад хадгалаатай байдаг. Заримдаа бид уншигчдынхаа дунд бичлэгийн уралдаан зарлана. Олон хүн их идэвхтэй оролцдог байсан. Америкт тохиолдсон хөгтэй явдлаас их бичнэ. Одоо бол хүмүүс нийгмийн сүлжээ, нүүр ном дээр тавьдаг болж дээ. Бидний бэлтгэсэн мэдээ материал, цаг заваа зориулаад хийж байсан ажил минь өнөөдөр сэтгүүл зүйн сургуулиудад сургалтын материал болж, гарын авлага, жишээ болон ашиглагдаж байгаа нь их сайхан санагддаг.

- Хэдийгээр нийгмийн сүлжээ хөгжиж хүмүүс өөр хоорондоо мэдээлэл хурдтай солилцож байгаа ч гэлээ нэгдсэн цогц мэдээ мэдээлэлтэй, мэргэжлийн өндөр түвшинд бичигдсэн, буух эзэнтэй буцах хаягтай сонин хэвлэл яагаад үргэлжлэн гарч болохгүй гэж? Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ? “Америкийн Монголчууд” сонин яагаад зогсоход хүрсэн юм бэ?

Цэвэр санхүүгийн асуудлаас болж сонин маань зогссон. Хамгийн гол нь зах зээл нь бага байсантай холбоотой. Америк даяар тархан суурьшсан монголчууд маань боломж хэрээрээ захиалан уншдаг байлаа. Хамгийн оргил үедээ нэг жил бид давхардсан тоогоор 800 уншигчаас захиалга авч байсан юм байна. Нийт 29 мужийн 60-70 хотоос захиалга ирнэ. Ер нь бол дор хаяж 2000 захиалагчтай болсон цагт хэвлэх зардлаа нөхөх тооцоо байсан. Америкт орос, солонгос зэрэг бусад хэл дээр гардаг сонин сэтгүүл зах зээл нь том учир гарсаар л байгаа. Нөгөөтэйгүүр сонин уншдаггүй эрин үе ирчихээд байгаатай холбоотой. Энэ нь зөвхөн монголчуудын асуудал биш ерөөсөө шинэ цаг үеийн онцлог. Би нэг жишээ хэлье. Хэдэн жилийн өмнө том охин маань сургуулийнхаа сонинд ажиллаж байх үе. Сонины эрхлэгч оюутнууддаа “Уолл Стрийт Жорнал”, “Вашингтон Пост” зэрэг сонин уншиж ирэх даалгавар өгч л дээ. Тэгтэл гартаа сонин барьчихаад яаж дэлгэж уншихаа мэдэхгүй хүүхдүүд олон байсан гэж охин минь ярьж байсан. Зөвхөн утсан дээрээ апп уншдаг, скролл хийгээд сурчихсан, шинэ үе гарч ирж байна л даа. Тэгэхээр цаг үеэ дагаад цаасан биш дижитал сонин өнөө цагт илүү тохиромжтой. Сэтгүүл зүйн шаардлагатай илүү нийцсэн гэдэг утгаараа дижитал хэлбэрийн сонин ирээдүйтэй харагдаж байгаа.

- Хамт ажиллаж байсан баг хамт олондоо хандаж юу гэж хэлэх вэ?

Нэгэн үеийн Америкийн монголчуудын түүхийг хамтдаа бичиж байжээ бид. Мөнгө төгрөг болон өөр ямар ч ашиг сонирхол харалгүйгээр нэгэн үзүүрт сэтгэлээр, гар нийлэн ажиллаж байсан ямар сайхан он жилүүд байж вэ? Эргээд бодоход хийсэн бүтээсэн юмтай, дурсах сонин ихтэй сайхан байна. “Америкийн Монголчууд” сонинд ажиллаж байсан, мэргэжил нэгт, нэгэн үеийн анд нөхөддөө бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье дээ.

- Таньд их баярлалаа.

Ярилцсан Т.Цэвэлмаа, Хойд Америкийн Цахим Өртөөний хэвлэл мэдээллийн ажилтан