"Америкт монгол хэлээр гарсан хэвлэлийн түүх" үзэсгэлэнд зориулав.

 - Америкийн Монголчуудын өсөлт хөгжилтөд “Даяар монгол” сонины хувь нэмэр багагүй бий гэж би бодож явдаг аа. Танайх Индианагийн Блүүмингтон хотод манайхтай саахалт хэсэг сууж, сониноо эрхлэх, бусад хэвлэл мэдээлэл, ном товхимол бэлтгэх ажил хийж байсан. Бид ч гэр орноороо орж гарч, сонингоо уншиж, бас ч гэж сонины орон тооны бус алдаг оног бичигч болж явсан дурсамжтай, дурсгалтай үе байсан. Блүүмингтонд сууж байхдаа хийж байсан хэвлэн нийтлэл, түгээлт, тархаалтын ажлынхаа талаар эргээн санаж хуучилна уу?

Блүүмингтоны Редбад гэдэг оюутны байранд танай манай хоёр зэргэлдээ орцонд байв. Америкт байсан хэдэн жил дотроос Блүүмингтонд өнгөрөөсөн гурван жил онцгой гэрэл гэгээтэй дурсамж дүүрэн.

Бид хагас, бүтэн сайныг болж өгвөл хамтдаа өнгөрөөхийг хичээдэг, хамтдаа цагаан сар, шинэ жил, улсын баяр тэмдэглэнэ. Броун парк, Монро нуур луу мөн ч олон удаа явсан даа. Тэр нуурын нэг үзэсгэлэнтэй тохой бараг л бидний өмчийнх мэт болчихсон байв. Тэнд усанд сэлнэ, зугаална, амарна, наадмаа ч хүртэл хийнэ. Үе хааяа Редбадын сүүдрэвчин дотор орой үдшээр ганц нэг пиво тавин сууцгаагаад л. Бас ойрхон хонины ферм рүү үе үе очиж, монгол ёсоороо хонь гаргаж зооглоно.

Ажаа гэгээнийхээ хийд дээр байнга очдог, Төвд-Монголын шашин, соёлын төв-ийг шинээр нээх үйл ажиллагаанд АНУ-ын бараг бүх хотоос монголчууд ирж, аймгийн наадам шиг том наадам болж байв. Түүнийг зохион байгуулах ажилд Та болон Тулгаа, Эрдэнэболд гээд Блүүмингтоны бүх монголчууд гар бие хамтарч ажилласан.

Одоо хааяа таны нүүр хуудсанд тавьдаг Блүүмингтоныхны арга хэмжээ, баяр наадмын зургуудыг харахад сайхан байдаг. Блүүмингтоны монголчууд цөөхөн ч эв нэгдэлтэй, часхийсэн хамт олон байлаа. Энэ бүх хамтын ажиллагаа, нөхөрлөл “ Даяар Монгол” сонины үйл ажилд ч бас гүн гүнзгий тусгал, нөлөөллөө өгсөн. Танай гэр бүл олон сонирхолтой, бас хэрэгтэй нийтлэл мэдээлэл бичиж, орчуулж оролцдог байсан. Тэр бүү хэл нэг удаа таниар марк ч наалгаад авсан санагдана.

Бас долоо хоног бүр хэдэн зуугаар нэг товхимол аятай юм шууданд хийгээд байхаар шуудангийнхны анхаарал татаж, нэг бус удаа асууж, лавлаж, шалгасан юм. Тиймээс Блүүмингтон орчмын 4 шуудангийн газраар тойрч, ээлжлэн явдаг байлаа. Нэг удаа бүр Мартинсвиллийн шууданд хүртэл хүргэж хийж байсан.

 - Бас Америкийн монголчуудынхаа номоос хэвлэж байсан, ямар ямар номууд нэвлэж байв?

Ном хэвлэсэн шүү, офис принтрээр. Үдээд, хавтаслаад, хирчээд, яг л ном болно. Гэм нь хавтасны чанар жаахан тийм, сайн тал нь үдээстэй учир сална гэж байхгүй. Одоо санаж байгаагаар тэр үед Чикагод амьдарч байсан яруу найрагч Л.Мягмарсүрэнгийн яруу найргийн түүвэр; сэтгүүлч Д.Уранзулын өгүүллэг, нийтлэлийн түүвэр; Спрингфийлдийн сэтгүүлч, зохиолч Л.Батбаярын шүлгийн “Энэ өдрийн тэнгэр айсуй”, “Охин минь коллежоо төгсчихлөө” тууж, өгүүллийн, мөн бас нэг нийтлэлийн ном; СанФранцискод байсан спортын сэтгүүлч Энхтүвшингийн “Алтан Олимпийн мөнгөн дурсамж”; Арлингтоны А.Аариймаа эгчийн Англи-Монгол ярианы толь бичиг; Эхнэр Д.Оюунчимэгийн тууж, өгүүллэгийн “Тэнгэрийн цаг болоогүй”, Млирод Павичийн “Салхины дотоод тал”, Исаак Зингерийн “Шоша” гээд орчуулгын гэх мэт тоочоод байвал нэлээд хэдэн ном хэвлэчихсэн юм байна шүү.

Ярилцсан П.Увш, Хойт Америкийн Цахим өртөө байгууллагын удирдах зөвлөлийн дарга, профессор