Тэртээх 2003 он АНУ, Вашингтон хот, нийтийн орон сууцны нэг давхарт “Даяар Монгол” сонины редакц байрлана. Энэ бол үнэндээ тус сонины эрхлэгч Б.Номинчимэдийн гэр. Сониноо гэртээ хэвлэж үдэх, наах, хаяглах зэрэг ажлыг хүүхдүүдтэйгээ хамтран гүйцэтгэнэ. Нэгэн цагт “Даяар Монгол” сониныг эрхлэн бэлтгэж, хүний нутагт суугаа монгол түмнээн сэтгэлдээ тээж, тэдэнд хэрэгтэй мэдээ мэдээллийг түгээх үйлсэд бие сэтгэл, цаг заваа зориулан явсан зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдтэй ярилцлаа.
- Сонин хэрхэн бий болсон үүх түүхээс сонирхуулаач?
Анхны дугаар нь “Вашингтоны мэдээ” гэсэн нэртэйгээр 2003 оны 12 сарын 17-ны өдөр гарч байлаа. Энэ өдөр Иракийн ерөнхийлөгч Саддам Хусейн баригдаж байсан учир тод санаж байна. Тэгээд дараа нь “Хамаг Монгол” нэртэй болж, улмаар “Даяар Монгол” болж өөрчлөгдсөн. Ийнхүү нэр өөрчлөгдсөн нь зөвхөн Вашингтон хот орчмын монголчууд төдийгүй нийт Америк даяар тархан суусан Монголчууддаа хүргэх хэрэгтэй юм байна гэсэн санааных юм.
Анхны дугааруудыг эрхлэн гаргахад тэр үеийн Вашингтон хот орчмын монголчуудын холбооныхон хөрөнгө санхүү, мэдээ мэдээлэл, түгээлт, сэтгэл санаа, гар бие гээд бүхий л талаар дэмжин тусалж, хамтарч байв. Миний санаж буйгаар тэр үеийн D.C.Area Mongolian Community Association (WAMCA)-д гурван Ганзориг буюу сүүлд Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх болсон хуульч Г.Ганзориг, мөн одоо АНУ-д бизнес амжилттай эрхэлж яваа “бор” Г.Ганзориг, “шар” Ганзориг, бас Пирамид гранитийн М. Дэлгэрцогт, Ганбат, бас Ивээлт, Замилан, Болд зэрэг олон хүн байлаа. Бас өнөө бурхан болсон хоёр гурван анд нөхөр маань ч бий. Олон жил болсон учир бас бүрэн дүүрэн санахгүй байна. Тэд ер их идэвхтэй ажилладаг, хэдий зав чөлөө багатай ч нутаг нэгтнүүдээ нэгтгэх, хүчийг нь зангидах, тэдэндээ тус дэм болох, монгол хүүхэд багачууддаа болон америкчуудад монгол соёлоо сурталчлах, дэлгэрүүлэх гээд олон талтай ажил зохион байгуулдаг байв. Тэдгээр ажлуудынх нь нэг бол яах аргагүй энэхүү “Даяар Монгол” сонин бөгөөд магадгүй урт удаан хугацаанд зөвхөн Вашингтон орчмын монголчууд төдийгүй нийт Америк даяар тархсан монголчууддаа тун их нэмэр тус хүргэсэн үйлс, санаачилга байсан гэдэгт итгэлтэй байдаг. Анх 2003 оны 11 сарын сүүлээр Монголын ЭСЯ-д болсон нэгэн хурал дээр сонин хэвлэл гаргах тухай яриа гарч, түүнийг хэрэгжүүлэх үүргийг сэтгүүлч хүний хувьд надад даалгасан юм.
- АНУ-ын хичнээн мужаас захиалдаг байсан бэ? Аласка, хойд хязгаараас хүртэл захиалан уншдаг байсан гэж сонссон.
Ер эхний дугаараасаа л шуураад эхэлсэн. Эхний “Вашингтоны мэдээ”-г 200 ширхэг хэвлэтэл тэр оройгоо байхгүй болчихсон, дахин хэвлэсэн. Удалгүй газар бүрээс хүмүүс утасддаг болсон. Тэгээд л бүр байнгын тогтмол болгохоос аргагүй болсон доо. Долоо дахь дугаар дээр санагдана, шууданд хийж байхдаа, хичнээн муж, тосгонд очиж буйг нь сонирхтол 23 мужийн 40 орчим хот сууринд гэж хаягласан байв. Тэгсээр яваандаа АНУ-ын 46 мужийн 146 хот сууринд тардаг болсон. Аласкаас хоёр ч хүн захиалж байсан санагдана.
Нийт хэдэн дугаар уншигчиддаа хүрсэн бэ? Долоо хоног бүр тогтмол гарч байв уу?
Нийт 146 дугаар долоо хоног бүр гарсан. Бараг гурван жил гарчихав уу даа. Хааяа нэг зав чөлөө, энэ тэрээс болоод дугаар өнжчих үе байсан ч цөөхөн, дөрөв таван удаа л байсан болов уу. Тийн өнжихөөр уншигчид сониноо нэхээд утас амраадаггүй, өдөр шөнөгүй, бүр ээлж дараагүй залгачихдаг, би бүр болохоо байгаад утсаа хаачихдаг байлаа. Зарим маань уурлана, арга ч үгүй байх. Олон хүнд их хань болж байсан.
- Америкад амьдарч байгаа Монголчуудад зориулан хэвлэл гаргахын онцлог, зовлон жаргал юу байв?
Онцлог тал байлгүй яахав. Юуны өмнө АНУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэдийн маань олонхи нь хууль бусаар амьдарцгааж байсан учир бэрхшээл маш их байв. Соёлын шок-д орох явдал ч түгээмэл. Товчхондоо тэр сонин гарангуут тун удалгүй Америк даяар түгэж чадсан нь яах аргагүй үнэхээрийн амин чухал хэрэгцээ шаардлагатай байсныг харуулна.
2003 оны гуравдугаар сарын 22-нд буюу АНУ тэргүүтэй НАТО-гийн цэргүүд Ирак руу яг ид дайрч байх үед Вашингтон Ди Си, Даллас нисэх буудалд бууж байлаа. Тэр үед интернэт өнөөгийнх шиг хүн бүрийн хэрэглээ болж чадаагүйн дээр америкт очсон монголчуудын маань олонхи байр сууриа олж чадаагүй байсан үе. Мэдээлэл муугаас болж их боломж алдаж байгаа нь эхний хэдэн сард л шууд анзаарагдсан. Би ч бас зарим боломж алдаж, эндэж л явав. Наад зах нь ажил төрөл хаанаас яаж хайх, олох, амьдрах байр сав хайх, гар утастай болох, хэрхэн яаж жолооны үнэмлэх авдгаас эхлээд л маш олон зүйлд мэдээлэл илэрхий дутмаг байлаа. Толгой өвдөхөд хаанаас ямар нэртэй эм авч уудаг, энэ оронд амьдрахад заавал дагах, анхаарах ёстой ямар дүрэм журам байдаг гээд цаашлаад Цагаачлалын хууль , өмгөөлөл, бичиг баримт авдаг, Монгол руугаа ачаа бараа, мөнгө хаанаас яаж илгээдэг, ерөөс монголчууд маань хаагуур яасхийж амьдардаг гэх мэт хүний амьдрал баялаг, тэр дундаа шинэ нийгэм, орчинд орж буй хүмүүсийн хувьд бүр ч баялаг учраас маш олон төрлийн мэдээлэл хэрэгтэй болж байв. Өөр хоорондоо мэдээлэл солилцох, машин тэрэг, рүүмэт, /хамтарч өрөө хөлслөх/ ажил, танилцах гээд ер бүхий л талын хэрэгцээ байсан хэрэг.
Зөвхөн АНУ-д аж төрж буй монголчуудын тухай мэдээлэл байгаад зогсохгүй Монгол эх оронд маань болж буй үйл явдал төдийгүй АНУ-д, дэлхий дахинд болж буй үйл явдлууд ч нэн чухал. Цагаач иргэд гээд нэг нүхэнд амьдарч буй мэт дэлхий ертөнцийн мэдээллээс ангид байж болохгүй шүү дээ. Хэл усны бэрхшээл ч олонхид маань бодитой байв. Өмгөөлөгч хаанаас авах, баригдвал яах вэ, аль мужид цагаачлалын хууль зөөлөн байдаг, тэр бүү хэл аль мужид тамхины татвар бага, Нью-Йоркоос авчихдаг жолооны хулхи үнэмлэхээр хаана санаа амар машин барьж болдог, замд машин эвдэрвэл хаана, яаж ханддаг, төөрөхгүйн тулд яах вэ гэх мэт нь хүртэл хэрэг болно шүү дээ. Бид сониныхоо бодлогод хэдхэн зүйлийг голчлон анхаарсан.
Ер нь нийтлэлийнхээ голлох сэдвүүдийг дараалж үзвэл:
- Цагаачлалын асуудлууд, хууль эрхзүйн орчин, бичиг баримт авах, хөөцөлдөх. Жолооны үнэмлэх, нийгмийн даатгалын дугаар гэх мэт.
- Эрүүл мэндийн асуудлууд. Үүнийг тойрсон маш их зүйлс бий.
- Ажлын тухай мэдээллүүд, ажлын байрны зараас гадна ажилд тавигдах шаардлагууд, анхаарах зүйлс гэх мэт, үүнийг тойрсон цогц асуудлууд байдаг.
- Сургуулийн тухай мэдээллүүд, Үүнд хэлний курсууд болон бусад коллеж, их дээд сургууль суралцах боломж нөхцөл, тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ, бичиг баримт бүрдүүлэх, хаана хандах гэх мэт.
- Бизнес эрхэлж, амжилттай яваа монголчуудынхаа туршлага. Тэндээс бусад нь санаа аваад зогсохгүй маш их урам зориг авч буй нь илт анзаарагддаг байсан.
- Шинэ орчны бусад мэдээллүүд, хаана хямдхан хүнс, бараа байдаг, аль замаар явбал аюул осол багатай, аль муж нь хууль чанга бас зөөлөн, цагдаад баригдвал яах ёстой, гааль дээр юунд анхаарах вэ, ажлын ярилцлагад хэрхэн биеэ бэлдэх, ажлын байранд болон гудамжинд, тэр бүү хэл шүүхэд биеэ хэрхэн авч явах гэх мэт бүхий л төрлийн мэдээллүүд
- Хүүхдийн хүмүүжилтэй холбоо бүхий асуудлууд. Ялангуяа монгол хэл соёлоо хадгалж үлдэх талаар санаа зовниж буй эцэг эхчүүд их ханддаг байсан.
- Монголчууд өөр хоорондоо харилцаа холбоо тогтоох. Энэ маш чухал байдаг юм билээ. Монголчуудын холбоодын үйл ажиллагаа болон ерөөс АНУ дахь бусад монголчуудынхаа тухай мэдээллийг унших маш их дуртай.
- Монгол эх оронд нь болж буй үйл явдлууд, улс төр, нийгэм, цаг агаар гэх мэт.
- АНУ-д болж буй үйл явдлууд болон дэлхий дахины хэрэг явдал. Тухайлбал 2004 онд болсон Нью-Орлеан, Флоридаг дайрсан Катерина хар шуурганы хамрах хүрээ, хор хохирол, монголчууд өртсөн эсэх тухай мэдээллийг манайхан маш их сонирхож байсан. Тэр үед миний авсан мэдээллээр юутай ч Нью-Орлеанд хоёр монгол, Флоридагийн Майми, Тампа, Орланда, Гейнсвилль зэрэг хотуудад 20 гаруй монголчууд байсан.
- Та бид гэж ярьж байна. Хамтран ажиллаж байсан хүмүүсийнхээ талаар тодруулахгүй юу?
Сонин гэдэг хамт олны бүтээл. Түүнийг ганц нэг хүн хийх боломжгүй. Юуны өмнө тэр үеийн Вашингтон хот орчмын Монголчуудын холбооныхоны маань санаачилга, идэвхийг дурдах учиртай. Түүнээс гадна тэр үед Элчин сайд асан Р.Болд, Ерөнхий консул Н.Сэсээр, мөн Элчингийн соёлын атташе С.Алтанцэцэг нарын тус дэм их бий.
Эхний хоёр гурван дугаараа гаргасны дараа Н.Жавзандулам гэдэг сэтгүүлч охин хэрэг болгон зорьж ирж билээ. “Би боломжоороо тусалж дэмжье” гээд. Тэгээд ярилцлага, сурвалжлага, мэдээ мэдээлэл бичдэг болсон, яг л редакцийн ажилтан шиг. Түүний дараа бас Монгол ТВ-д ажиллаж байсан Ж.Жавзансүрэн ирсэн. Тэгээд л хүмүүс ар араасаа сайн дураараа хамтраад эхэлсэн дээ.
Хамгийн хүчирхэг бөгөөд өгөөжтэй хамтран зүтгэгч бол М.Саруул-Эрдэнэ маань байна. Бараг хоёр Жавзангийн дараа ирсэн байх шүү. Анх намайг Номинчимэд гэхээр нэрийн эцсийн “Д” үсгийг нь сайтар анзааралгүй Номинчимэг нэртэй өндөр цагаан охинтой уулзах нь гэж бодож байсан хэрэг, гэтэл нэг таахай шиг зузаан хар юм сууж байгааг хараад цочсон гэдэг юм билээ, өөрөө. Тэглээ гээд эргээд явчихаагүй, бид хоёр хамтарч ажилласан. Олон ч мэдээ мэдээлэл, сурвалжлага, нийтлэл, орчуулга хэвлүүлсэн. Хурдан шуурхай, мэдрэмжтэй ч гэж жигтэйхэн. Бүхий л сэдвээр бичиж чадна. Ялангуяа монгол соёл, спортын талаар бүр их бичсэн. Угаасаа ч бичиг номын хүн. Одоо ч АНУ-даа амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж, бас бичиж, мэдээлсээр л яваа.
Хуульч Г.Ганзоригийн булан гэж байлаа. Цагаачлалын хууль голдуу тайлбарлана. Конгрессоос гаргаж буй Цагаачлалтай холбоотой шийдвэрүүд, муж улсуудын нөхцөл байдал болон Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын нийтлэг орооцолддог, холбогддог гэмт хэргүүд, тэдгээрээс хэрхэн сэргийлэх, нэгэнт холбогдсон бол юунд анхаарах гэх мэтээр, үнэхээр л амин чухал мэдээллүүд байдаг байлаа. Олон ч хүнд тус буян болсон байх. Нэг удаа Ганзориг бид хоёр Арлингтоны ерөнхий прокурор Керин гэх хүнтэй ч уулзаж ярилцаж, яриа авч монголчууддаа анхааруулж байлаа. Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, архидалт, зодоон, хулгайн хэрэг түлхүү гарна. Ялангуяа хулгайн хэрэг, бүр санаа зовмоор үе байлаа. Тэр Керин прокурор “Хулгайн хэрэгт холбогдсон монголчуудыг харахаар ихэнх нь дээд боловсролтой байх юм, Би ер ойлгохгүй юм” гэхэд нь хэлэх үг олдохгүй байж билээ.
Чикагогоос Б.Сэлэнгэ гэдэг эмч бүсгүй бас тогтмол булан ажиллуулж байсан. Бас л мөн их олон хүнд буян болсон. Толгой өвдөх, даралт хөдлөхөөс эхлээд хүний газар гүний нутагт яваа хүний эрүүл мэндэд юу эс болох билээ. Стресс, ажлын ачаалал, соёлын шок, ар гэрээ санах, хэл, газар, хууль мэдэхгүйн гачлан гээд олон зүйлээс 30 хэдтэй идэр залуус хүртэл цус харваж байлаа. Тийм нөхцөлд Сэлэнгэ эмчийн эрүүл мэндийн булан хэр өгөөжтэй байсан нь ойлгомжтой. Эмийн сангаас эмчийн бичиггүйгээр олгогддог бараг бүх эмийг нэг бүрчлэн тайлбарласан байх шүү. Манайд байдаг толгойны Парацетамол гэдэг эмийг эмийн сангаас хайгаад олохгүй. Хоолой өвдөхөд, чих дүлийрэхэд, хөлийн өсгий өвдөхөд, шүд өвдөхөд гээд л явж өгнө. Мөн Мөнхцэцэг эмчийн маань зөвлөгөө ч бас олон хүнд тус болсон. Энэ хоёр эмчийн зөвлөгөө ээлжлээд л гардаг байлаа.
Баруун эргийн Сакраментогийн Баярсайханы нийтлэлүүдийг уншигчид их хүсэн хүлээдэг байсан. Шинэ нийгэм, нөхцөлд хэрхэн дасан зохицож, суралцах вэ гэдэг талаар үнэхээрийн хэрэгтэй нийтлэлүүд, мэдээллүүд нийтлүүлдэг байв. Ялангуяа хүүхдийн хүмүүжил, бизнес эрхлэх эрхзүй, сургалт, танин мэдэхүйн чиглэлээр.
Аариймаа эгч сонинд хэрэгтэй олон материал орчуулж өгөхөөс гадна хэлний сургалт, зөвлөгөө бичдэг. Бас машин тэрэг, хөрөнгө санхүү гээд сонинд хэрэгтэй бүхий л зүйлээр тус дэм болдог, “За одоо юу хэрэгтэй байна” гээд л өөрөө гүйгээд ирдэг тун хачин эгч дээ.
Сэтгүүлч Д.Уранзул найз маань байна. Монголд байхын л МОНЦАМЭ гэдэг нэг редакцийн гал тогооноос хамтдаа хоол идэж явсан хүмүүс. Бүхий л төрөл сэдвээр бичдэг авьяаслаг сэтгүүлч бүсгүй. Өөрийн гэсэн уншигч олонтой, сайн ч, мэдрэмжтэй ч бичдэг. Ялангуяа түүний бичлэгийн хошин өнгө аяс онцгой сурвалжлагууд нь олон ч хүний сэтгэлд хоногшин үлдсэн дээ. Мөн МОНЦАМЭ-гийн нэг тогооны сэтгүүлч Э.Ганболд Вашингтон Ди Си орчимд, Д.Дашмөнх, Дэнсмаа нар баруун эрэгт байлаа.
Ажил эрхлэх болон, харилцаанд нэн хэрэгтэй хэлний цуврал сургалт заадаг А.Наран эгч олон сонирхолтой мэдээ материал орчуулж нийтлүүлж байсан. Мөн Бааска ах буюу Ш.Баасансүрэн байна. Сонин түгээгч, хэвлэгч, сурталчлагч, санхүүжүүлэгч гээд сонины бүхий л ажлыг хийлцэж, дэмнэж явсан хүн.
Бэй Аэриа орчмоос Ш.Баатар, Д.Цэрэндорж, Чикагогоос Д.Сайнбаяр, зохиолч Д.Энхболд ах, Т.Бум-Эрдэнэ, мөн Миззуригаас Э.Жагдагдорж, Я.Борчулуун, Дэнверээс П.Байка, Сиатлаас, Майми бийчээс хүртэл хүмүүс бичиж, нийтэлж байв.
гэх мэтчилэн энэ үйлсэд гар бие оролсон, сэтгэл зүтгэлээ зориулсан маш олон хүн бий. Тэр бүгдийг нь энд багтаахад нэлээд урт болно. Нэг зүйлийг зориуд хэлэхэд эдгээр хүмүүс бүгдээрээ ямар ч цалин урамшуулалгүйгээр ажиллаж байлаа. Тэр цаг үед Америкт ажиллаж амьдрахад цаг хугацаа хамгийн их үнэтэй нь байв. Тийм нөхцөлд цаг наргүй ажил, сургуулийнхаа хажуугаар тийн сайн дураараа бичиж, зүтгэл, сэтгэл тавьж явсан, хамтран зүтгэсэн энд нэр дурдагдсан болон нэрийг нь дурдаж амжаагүй бүх хүмүүстээ, анд найз нартаа тэр үеийн нийт Америкийн монголчуудынхаа өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж явдгаа илэрхийлье.
- Та цалин урамшуулалгүйгээр ажиллаж байсан гэлээ, сонин нь хэрхэн яаж санхүүждэг байв?
Олныхоо дэмээр л явдаг байлаа. Угаасаа ашгийн төлөө гэж анхнаасаа тооцоогүй, олон захиалагчтай болоод дэлгэрсэн ч бид анхныхаа бодлогоо өөрчлөөгүй. Сонин долоо хоног тутамд гарна. Захиалгын нэг дугаарын үнэ нь 1.5 – 3 доллар орчимд л байсан санагдах юм. Тэр зардал нь шууданд, мөн хэвлэлийн зардалд нэлээд нь явчихдаг, зар сурталчилгаанаас хэдэн төгрөг орж ирнэ. Гэхдээ их биш. Нэг офис олшруулагчтай, гэртээ тавьж байгаад хэвлэчихдэг. Үдэх, марк наах ажлыг бид өөрсдөө хийнэ. Тэгэхэд манай хүүхдүүд дөрөв, зургаа, найман настай байлаа. Тэд хуудас холих, ялгах, үдэх, марк наах гээд “хэвлэх үйлдвэр”-ийн үндсэн ажлыг голчлон нугална. Манай гэрийн цонхон доогуур гарахад принтерийн хор ханхалдаг байв. Уг нь бид л сонин гэж хэлээд буйгаас биш угтаа хэвлэл талаас нь харвал сонин биш, брошор маягийн гар хийцийн л эд юм. Гэхдээ нийтлэлийн агуулга нь, үр өгөөж нь харин үнэхээр сонин шиг байж чадсан гэдэгт би нүүр бардам байдаг.
- Уншигчидтайгаа хэр ойрхон ажиллаж байв? Урмын үгс олноор ирнэ биз?
Тэгэлгүй яахав. Мэриландаас нэг хүн “Анхныхаа цалинг аваад та бүхэнд баярласнаа илэрхийлж илгээлээ, танай сониноос ажилтай болж, их баярласан” гээд 50 долларын чек явуулж байсан. Энэ мэт захидал олон. Сониныхоо хүчинд бичиг баримттай боллоо, сургууль соёлтой залгалаа, ажилтай боллоо, эрүүл саруул боллоо, шоронд орох аюулаас аврагдлаа, визээ сунгууллаа, танилтай, бас найз залуутай ч боллоо гээд бичдэг байв. Ингэж бичсэн хүмүүсээсээ баярлаж талархсанаа бичиж амжаагүй нь илүү олон ч байж мэднэ. Учир нь олон захиалагч “Танай сонин” гэдэггүй, “Манай сонин” гэдэг байлаа. Үүн шиг том урамшуулал хаана билээ. Би АНУ-ын зүүн талын 11 мужийн 150 орчим хот суурингаар явсан. Аль ч хотод өнөөх хаягаар нь яваад очиход баяртай тосоод уулздаг байлаа. Өөрөөр хэлбэл манай сонины уншигчид бүгдээрээ нийлээд нэг хамт олон мэт санагддаг байв. Зарим үед сонины ажлынхаа хажуугаар тэр бүхэнд хариу бичих гэж хөөрхөн түүртдэг байсан. Гэхдээ л чадах чинээгээрээ бүгдэд нь хариу талархал хүргэхийг хичээдэг байлаа.
Би өдий хүртлээ төрд цөөнгүй ажил хийж, бас төрийн өндөр одон, медалиуд, салбарын тэргүүн шагналууд ч авч байсан. Гэвч надад хамгийн эрхэм болоод хүндэтгэлтэй шагнал бол тэрхүү Америкийн монголчуудын ирүүлсэн талархлын захидлууд, бас Бэй Аэриагийн Монголчуудын холбооноос ирүүлсэн “Даяар Монгол” сонины эрхлэгч Б.Номинчимэдэд. Америкийн монголчуудын өмнөөс” гэсэн бичиг бүхий дурсгал хоёр юм. Би төрийн одонг ил гаргадаггүй атлаа харин энэ Бэй Аэриагаас ирүүлсэн дурсгалыг гэрийнхээ хамгийн эрхэм газраа залдаг, бас хүмүүст үзүүлж бахархадаг. Учир нь тэр бол үнэхээрийн зүтгэл, үр дүн нь ил тодорхой мэдрэгдсэн, урам зориг дүүрэн, бас хөлс, цаг хугацаа, сэтгэл зүрх минь шингэсэн үйлсийн маань хариу шагнал учраас. Би ярианыхаа эхнээс л энэ сонин гаргахыг “Үйлс” гэж хэлээд буйг анзаарсан буй за. Бидний тэр ажил бол үнэхээр зүгээр нэг ажил биш Үйлс байсан юм шүү. Би тэгж боддог, түүгээрээ бахархдаг. Би юутай ч нэг сайхан үйлст гар бие оролцсон хүн.
- Монголчуудын хүчтэй нэгдмэл байх гол зэвсэг хэвлэл мэдээлэл мөн үү?
Яах аргагүй мөн. Гагцхүү мэдээллээр л дамжиж нэг нэгнээ мэдэж, суралцаж, өсөн дэвжинэ. Гол зүйл нь санаа, урам зориг, өөрсөддөө итгэх итгэл их авдаг юм билээ. Бид чинь үнсэнд хаягдсан шалз биш юм байна шүү, Америк даяар монголчууд ажиллаж амьдарч, суралцаж, амжилт олж, нэгдэж, юм хийж, ядахдаа хийх гэж оролдож байгаа юм байна гэдгийг мэдэж байх нь цагаач иргэдэд юу юунаас илүү урам хүч өгдөг. Монголчуудын хувьд цагаачлал гэдэг нь нэн шинэ үзэгдэл. Бидэнд Хятад шиг, Солонгос шиг цагаачлалын хэдэн арван жилийн хур баян туршлага байсангүй, 2000-аад оны үед Америкт шинээр очиж буй нэгнээ бүхий л талаар тосоод авчих бэхжчихсэн монгол коммюнити байсангүй. Тэр бүхэнд хэвлэл мэдээлэл тун чухал үүрэгтэй байх нь аргагүй. Биднээс өмнө Дэнверт, бас Бэй Аэриад монгол сонин хэвлэл гарч байсан. Тэд бол яах аргагүй Америкийн монгол хэвлэлийн анхдагчид мөн. Тэр дундаа Д.Цэрэндорж, Ш.Баатар хоёрыгоо онцолж хэлмээр байдаг юм.
- Сонин хийх явцдаа уулзаж учирч байсан онцгой содон үйл явдлуудаас дурсах уу?
За олон ч үйл явдал байсан даа, тэр бүгдийг дурсвал ном болох биз. Мичиганд шалан дээр ажиллаж буй нэг ахтай уулзах гэж очоод үнэхээр гайхаж билээ. Бараг 80 хувийн харааны чадамжгүй тэр ах шөнийн цагаар K-Март дэлгүүрт цэвэрлэгээ хийж байв. Ганцаараа шүү. Хүн бол нэг сүүтийсэн л юм харагддаг гэж байгаа. Тэр том угаалгын машин түрээд тэр олон лангуун дундуур яаж цэвэрлэгээ хийж чадаж байгааг нь бодохоор өөрийн эрхгүй нулимс мэлтрээд ирж билээ. Мэдэгдэхгүйн тулд давсгаа тэврээд жорлон руу гүйсэн. Эх орондоо ажил хийгээд, цалингаа аваад хүн шиг амьдарч болохгүйгээс ийм харааны бэрхшээлтэй хүн хүртэл чадан ядан тэмцэж байгаа нь үнэхээр харамсам. Одоо ч нөхцөл байдал төдий л дээрдээгүй хэвээр, олон ч залуус гадагшаа гарч юу ч хамаагүй хийхсэн гэсэн өдрийн бодол, шөнийн зүүдтэй байсаар байна. Би тэр ахын талаар хожим нэг нийтлэл, сурвалжлага гаргаж байсан санагдана. Тэр дариуд нь бичиж чадаагүй юм.
Пенсильванид ногоон карт авч, охин хүү хоёроо АНУ-д авчрахын тулд ямар ч сэтгэлгүй том хар эртэй суучихсан монгол эмэгтэй зовлонгоо яриад уйлж билээ. Мөрөнд минь нүүрээ наагаад уйлж байхдаа, монгол хүний үнэр ямар дотно юм бэ гэхэд нь цохиод авах шиг болж билээ. Бас дөрвөн жил уулзаагүй явсан, хүү нь монголд эндчихсэн мэдээ сонссон залуухан бүсгүй яг зүрхээрээ буудуулчихсан юм шиг уг дуугүй уначихсан, дэргэд нь байсан хүн бас шоконд ороод яахаа ч мэдэхгүй болчихдог юм билээ. Ер нь бол нэг талаас америкийн амьдрал сайхан ч түүний сүүдэрт зовлон бэрхшээл их байдаг. 2007 онд долоон монгол хүн амиа хорлож нас барж байсан санагдана.
Нэг удаа Укриан эзэнтэй шал цэвэрлэгээний компани монголчуудыг ажилд авч, хэсэг ажиллуулаад цалинг нь өгөхгүй хөөчихдөг, зарга хийхээр цагаачлалын албанд хэлнэ гэж айлгаж дарамталдаг явдал гарсан. Бид зохих хэмжээгээр монголчууддаа хэлж, сануулж, сэрэмжлүүлж чадсан. Компанийханд ч сануулсан, мөн тэдний гар хөл болж, монголчуудаа монжиход нь туслаад хувь авдаг залуустай Иллиной мужийн нэг хотод араас нь хөөцөлдөн олж уулзаад, ингэж болохгүй талаас нь учирлан ярилцсан. Үр дүн ч гарсан. Бас эерэг зүйл ч бий. Чикагод Хими цэвэрлэгээ ажиллуулдаг хорь гарч л яваа хоёр залуутай уулзаад тэдний хөдөлмөр, уйгагүй зүтгэл, бодол, итгэл үнэмшлээр үнэхээр бахархсан. Олон ч хүнтэй уулзаж, олон ч нөхцөл байдал үзэж явлаа. Америкт энэ сонин хэвлэлтэй зууралдсан он жилүүд бол миний амьдралийн хамгийн баялаг дурсамж дүүрэн сайхан үе маань юм.
- Ямар шалтгааны улмаас хэвлэл зогсоход хүрсэн бэ? Үргэлжлүүлэн гаргах бодол байгаа юу?
2007 оны үеэс эхлээд интернэт хөгжөөд эхэлсэн. Манай америкийн монголчууд ч бас нэг үеэ бодвол бэхжиж, дасаад, олонхи нь хэл устай болж, өнөөх олноороо шпротолж амьдардаг нь багасч, тогтмол суурьшдаг орон байртай болоод ирэхээрээ мэдээллээ онлайнаар авах нь илүү шуурхай амар болж эхэлсэн. Тэр үед онлайн ертөнцийн орон зайд www.orloo.com хүчтэй гарч ирж ирсэн. Түүнээс өмнө, ерөөс биднийг анхныхаа дугаарыг гаргахаас ч өмнө Вашингтон орчимд эдийн засагч Батсуурийн эрхэлж байсан www.khamagmongol.mn сайт ажиллаж байсан. Гагцхүү тэр үе онлайн хэрэглээ хэт хязгаарлагдмал байсан учраас бэрхшээл байсан байх.
Бид хэвлэмэл сониноо онлайн орон зайд шилжүүлж, сониноо онлайн болгон www.dayarmongol.com болгосон. Эхэн үедээ ер маш олон хандалт авдаг, ганц америкийн монголчуудын төдийгүй дэлхий даяар тархан суусан монголчуудын орох дуртай нэг гол сайт болж чадсан юм. 2008 оны эхээр энэ сайтад дэлхийн 82 орноос тогтмол хандаж байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед юутай ч дэлхийн 82 оронд монгол хүн амьдарч байсан гэсэн үг. Тухайлбал Африкийн Танзаниас хоёр монгол хүн байнга орж ирдэг байв. Бас Өмнөд Африкаас нэг хүн. Тухайн үед өдөртөө дунджаар 10 000, дээд тал нь 40 000 хандалттай байсан санагдах юм. Тэр үеийн үзүүлэлтээр бол Монголын топ 10-т багтах хэмжээний л хандалт гэсэн үг.
Тэгээд 2008 онд манайх Монголруугаа буцаж МОНЦАМЭ-д сонин сэтгүүлийн нэгдсэн редакцийн Ерөнхий эрхлэгчээр, Саруул маань бас Конгрессийн номын сан, их дээд сургуулийн багш гэх мэтээр ажил нь ихэссэн зэрэг шалтгаанаас болж тогтмол ажиллуулж чадаагүй, тэгсгээд зогссон. Тэгээд ч бид үүргээ зохих цагт нь биелүүлчихсэн гэж үзэж байсан тул учиргүй үргэлжлүүлье, эсвэл бизнес болгоод өрсөлдье гэсэн бодол байгаагүй.
- Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын талаар эх оронд нь янз бүрээр үздэг. Таны хувьд ямар бодол, байр суурьтай байдаг вэ?
Цагаач иргэдээ янз бүрээр хэлдэг хүмүүс байдаг л юм. Гэхдээ төрийн бодлогын түвшинд нөлөөлж чадах олон биш. Ер энэ шилжилтийн гэгдэх хүн хэцүү он жилүүдийг гадаадад буй монголчуудын хөлс хөдөлмөр, зүтгэл, сэтгэлээс ангидаар даван туулсан гэх боломжгүй. 2000 оны үеэс эхлээд гадаадад буй монгол иргэд улс орныхоо эдийн засгийн нэг тулгуур багана болж ирсэн. Дэлхийн 30 гаруй орноос тэдний ээж аав, ах эгч, үр хүүхэддээ гуйвуулж буй мөнгөн дүн нь гаднын ямар ч хөрөнгө оруулалтаас илүү, бас тогтмол, хамгийн гол нь хүүгүй, бас эргэж төлөгдөхгүй. 2004 - 2005 оны орчимд зөвхөн Вашингтон хот орчмоос өдөрт 50-60 мянган ам.доллар монгол руу шилжиж байв. Түүнээс гадна Чикаго, Дэнвер, Сан-Франциско, Нью-Йорк, Лос-Анжелес зэрэг хотууд, ерөөс манай сониныг захиалан уншиж байсан 46 мужийн 146 хот суурингаас бүгд л ямар нэгэн хэмжээгээр Монгол руу доллар гуйвуулж байсан хэрэг. Түүнээс гадна Европын орнууд, Солонгос, Япон, Турк гээд бусад орнуудынхыг ч тооцох юм бол чамлахааргүй их тоо гарна.
Мөн карго ачаагаар илгээж буй барааны үнийг тооцох хэрэгтэй. Энэ бүхэн бол бодит, нүдэнд харагдах ашиг тус. Нүдэнд харагддаггүй зүйлс нь магадгүй илүү үнэ цэнэтэй байх. Тухайлбал, гадаадад буй монголчууд шинэ технологи, хэл, соёл, эрдэм мэдлэг суралцаж, түүнээ эх орондоо экспортолж байна.
Мөн монголчууд хаа байгаа газраа Монголоо сурталчилж байдаг. АНУ-ын томоохон хотуудад жил бүр Наадам, Цагаан сар өргөн тэмдэглэдэг. Бас янз бүрийн соёл, урлагийн арга хэмжээнүүдэд монголчуудад оролцож, Монголынхоо соёл, уламжлалыг сурталчлан таниулдаг. 2004 онд билүү, тэр орчимд л юм, долоон сарын дөрвөнд Вашингтоны Смитсонианы музейд болсон үндэстнүүдийн баярын жагсаалд Монголчууд маань монгол дээл хувцсаа өмсөөд оролцоход, тэр олон үндэстнүүдээс үзэгчид биднийхийг илүү анхаарч, зураг дарж, даган алхаж байсныг санаж байна. Бас “Вашингтон пост” сонинд ч зурагтайгаа гарч байсан.
1990-ээд оны үед Америкт Монголыг мэддэг жирийн иргэд хэдхэн байсан бол, маш бага байсан гэдэгт эргэлзэхгүй. Харин одоо Америкт Монголыг мэдэхгүй америк иргэн нэн ховор болсон. Энэ нь чухам тэнд ажиллаж амьдарч буй монголчуудтай л холбоотой. Мэдээж сайнтай муутай юм хойно, сайнаар ч, муугаар ч сурталчлах нь бий. Гэвч сайн нь давамгай болов уу. Зөвхөн АНУ-д төдий биш монголчуудын ажиллаж амьдарч буй дэлхийн бүх л улсад ийм байгаа. Ийм хэмжээний өргөн, хүчирхэг гадаад сурталчилгааг төр яагаад ч хийж чадахгүй. Энэ бол яах аргагүй “цагаач” гэгдэж буй монголчуудтай холбоотой. Үүнийг дагасан хувь иргэдийн харилцаа холбооноос эхлээд төрийн бус байгууллагууд, бизнесийнхэн, мөн улс хоорондын дипломат харилцаа ч өргөжнө.
Гэх мэтээр эх орныхоо хөгжил цэцэглэлтэд цагаач иргэдийн хувь оролцоо маш олон талтай, өргөн хүрээтэй байдаг. Гагцхүү түүнийг нь манай төр анхаарч үздэггүй, мэдэхгүй учраас ашиглах ч эрмэлзэлгүй. Гэтэл Хятад цагаач иргэдээ ямар өндөр түвшинд анхаарч, бас ашиглаж чадаж байгааг нь харахаар заримдаа санаа алдмаар болдог юм.
Миний байсан 2003-2008 оны үеэс хойш арав гаруй жил өнгөрч, америкийн монголчууд маань улам олон болж, бас илүү бэхжсэн гэдэг нь дамжиггүй. 2007 оны орчимд л ганц жил 500 орчим монгол эх АНУ-д амаржиж байлаа. Одоо удахгүй хоёрдахь, гуравдахь үеийнхэн гарч ирэх байх. Тэдний үед улс орны хөгжил дэвшилд бүр их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Гагцхүү төр маань дэлхийн хаана ч тэр ялгаагүй амьдарч яваа монгол иргэдээ анхаарч, хамтарч, дэмждэг байгаасай л гэж бодох юм.
Танд их баярлалаа.
Ярилцсан Т.Цэвэлмаа, Хойд Америкийн Цахим Өртөөний хэвлэл мэдээллийн ажилтан