АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Коронавирусээр нас барагсдын тоогоор АНУ тэргүүлж байна

Жон Хопкинсийн Их Сургуулийн мэдээлсэнээр АНУ-д коронавирусээр нас барагсдын тоо 4-р сарын 12-ны өглөөний байдлаар 20,600 даваад байна. Итали улсад энэ тоо 19,500 байгаа юм.

Вирусээр өвчлөгсдийн тоо хамгийн өндөр байгаа Нью-Йорк хотын удирдлагуудын хэлж буйгаар нас барагсдын дунд Латин Америкучуудын эзлэх хувь хамгийн өндөр байгаа аж.

National Governors Association байгууллагаас 500 тэрбум долларыг мужуудад шууд тусламж үзүүлэхэд зориулан батлахыг Конгрессоос хүссэн байна. Ерөнхийлөгч Трамп болон конгресс дэх Ардчилсан намын гишүүд үүнээс өөр тусламжийн багцын хэмжээ болон хамрах хүрээний талаар хэлэлцэж байгаа юм.

Гуравдугаар сард ерөнхийлөгч Трамп хэд хэдэн тусламжийн багцыг хуульчилсны нэг нь 2 их наяд доллар бүхий CARES Act байсан юм.

Эх сурвалж: NPR

 

Амазон компани коронавирустэй хэрхэн тэмцэж байна вэ?

Агуулахын байрнуудынхаа үйл ажиллагааг хэвийн явуулахаас гадна ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах шаардлагатай тулгараад буй Амазон компани Ковид-19-ын тестийн төв байгуулах төлөвлөгөө гаргаад байна.

Өнгөрсөн долоо хоногт тус компани анхны тестийн лабораторидоо зориулан төхөөрөмжүүдээ угсарч эхэлсэн талаар мэдэгдсэн юм. Тестийн боломж нөхцөлүүдийг бий болгосноор хэдэн зуун мянган ажилчдынхаа эрүүл мэндийг хянахад тус болно хэмээн тус компаниас үзэж байгаа бөгөөд удахгүй цөөн тооны ажилчдаа тестэд хамруулж эхлэх аж.

Одоогоор Амазон компанийн АНУ дахь 500 гаруй агуулахын 50-д нь вирус бүртгэгдээд байгаа юм. Компанийн зүгээс ажилчиддаа маск тараах, ажилчдынхаа биеийн халууныг шалгах, цэвэрлэгээ эрчимтэй хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа талаар мэдэгджээ.

Түүнээс гадна ажилчдаа ажлын байранд нь ирүүлэхийн тулд цагийн хөлсийг нь 2 доллараар, илүү цагийн үндсэн цалинг хоёр дахин тус тус нэмсэн бөгөөд 100,000 ажилтан шинээр ажилд авч байгаа юм байна.

Эх сурвалж: Quartz

 

Apple, Google компаниуд гар утас ашиглан вирусын тархалтыг хянахад хувь нэмрээ оруулна

Тус хоёр компанийн гар утсанд суулгахаар төлөвлөж буй програм нь bluetooth технологи ашиглан коронавирус тээгчдээс халдвар авсан байх магадлалтай хүмүүсийг илрүүлэх боломжийг бий болгох юм.

Android, iPhone төрлийн утсанд ашиглах боломжтой энэхүү аппликейшн нь bluetooth дохиог ашиглан халдвар тээгчтэй ойр байсан утаснуудын мэдээллийг олж авах зарчимаар ажиллах аж. Ингэснээр цуглуулсан мэдээллийг ашиглан вирус тээгчтэй ойр байсан хүмүүст мэдээлэл өгөх боломж бүрдэх юм. Үүний тулд аппликейшнийг татаж суулгаад эрүүл мэндийн байгууллагуудтай мэдээллээ хуваалцахыг зөвшөөрөхөд л хангалттай юм байна.

Одоогоор Хятад, Сингапур улсуудад ийм төрлийн аппликейшн бүтээгдээд байгаа бөгөөд Чех улс Улаан өндөгийн баярын дараа аппликейшнээ хэрэглээнд гаргах талаар мэдэгдсэн байна. Их Британи, Герман, Итали улсууд өөрсдийн ижил төрлийн хэрэгсэл бүтээхээр ажиллаж байна.

АНУ-д одоогоор энэ төрлийн аппликейшн хэрэглээнд гараагүй байгаа ч Калифорни мужийн захирагчийн хэлж буйгаар мужийн захирагчид компаниудтай холбоотой ажиллаж байгаа аж.

Apple, Google компаниуд хэрэглэгчийн хувийн мэдээлэл, аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг тооцоолж байгаа талаараа хамтарсан мэдэгдэлдээ дурдсан байна.

Эх сурвалж: Associated Press

 

Хятад улсад олон улсын нислэгүүдээс илрэх вирусын халдварын тоо өндөр байна

Ням гаригт буюу 4-р сарын 12-ны өдөр Хятад улсад шинээр бүртгэгдсэн вирусын халдварын талаас илүү нь 4-р сарын 10-ны өдөр Орос улсаас Шанхай хотруу хийгдсэн нислэгээс илэрсэн байна. Шанхай хотын эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар Бямба гаригт гаднаас бүртгэгдсэн 52 тохиолдлын 51 нь Хятад улсын иргэд байсан ба тус хотод ирсэний дараагаар Ковид-19 халдвараар өвчилсөн болох нь оношлогджээ. Тус нислэгээр ирсэн 92 хүнийг тусгаарлан хяналтад аваад байна.

Хятад улс долоо хоногт нэг удаа гадны нислэг хүлээн авч байгаа ч энэ нь гаднаас халдвар авах нөхцөлийг бүрдүүлсээр байгаа юм. Тэр дундаа Орос улсаас вирусын халдвар илүүтэй бүртгэгдэж байна. Хятадын зүүн хойн байрлах Хейлонгжианг мужид л гэхэд энэ сард Орос улсаас 100 гаруй халдварын тохиолдол бүртгэгджээ.

Гаднаас халдвар авч байгаа нь ганц Хятад улс биш юм. Зарим улсын засгийн газрууд иргэдээ эх оронд нь авчирснаар тухайн улсад бүртгэгдэх вирусээр халдварлагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Эх сурвалж: Bloomberg

 

JPMorgan Chase байрны зээлийн стандартаа нэмэхээр боллоо

Зээлийн эрдсэлийг буурулах зорилгоор АНУ-ын хамгийн том зээлдэгч JPMorgan Chase & Co дийлэнх шинэ байрны зээлийнхээ стандартыг энэ долоо хоногт нэмж байна.

Ирэх Мягмар гаригаас байрны зээлд шинээр хүсэлт гаргагчид доод тал нь 700 кредит оноотой байх шаардлагатай ба байрныхаа үнэлгээний 20%-ийг урьдчилж төлөх аж.

Тус банкны байрны зээлийн төрлүүдийн одоогийн хамгийн бага шаардлагууд олон нийтэд ил биш ч Mortage Bankers Association байгууллагын мэдээлж байгаагаар байрны зах зээлийн урьдчилгаа төлбөр дунджаар 10% байдаг байна.

Тус компанийн шинэ стандарт одоо байгаа 4 сая гаруй зээлдэгчдээс гадна бага болон дундаж орлоготой зээлдэгчдэд нөлөөлөхгүй аж.

Эх сурвалж: Reuters

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу