АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Коронавирусын нөлөөгөөр АНУ-д ажилгүй иргэдийн тоо 6.6 саяар нэмэгдлээ

Өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж горилогчдын тоо 6.6 саяар нэмэгдсэн талаар Хөдөлмөрийн Алба мэдэгдлээ. Ингэснээр сүүлийн 3 долоо хоногийн хугацаанд ажилгүй болсоноо бүртгүүлcэн иргэдийн тоо 16.8 саяд хүрлээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ тоо цаашдаа өсөх хандлагатай байна.

Коронавирусын тархалтыг зогсоохоор олон тооны ресторан, зочид буудал, үйлдвэр болон оффисын ажлууд хаагдсан нь ийнхүү ажилгүй иргэдийн тоо өсөхөд нөлөөлөөд байна.

Калифорни мужид хамгийн олон буюу 925,450 хүн өнгөрсөн долоо хоногт ( Бямба гаригийн байдлаар) ажилгүй болсон нь тэрний өмнөх долоо хоногийн 1.058 саяас буурсан үзүүлэлт байсан бол Жоржиа мужид уг тоо 388,175 хүрсэн нь өмнөх долоо хоногоос 3 дахин нэмэгдсэн үзүүлэлт байв.

Мүүдис Аналитикс компанийн тооцооллоор 45 сая иргэн ажилгүй болох эрсдэлтэй байна.

Эх сурвалж: NPR

 

Вирус дахин идэвхжиж байна

Солонгосын эрүүл мэндийн газраас мэдээлж буйгаар эдгэрсэн хүмүүс вирусээр дахин өвчилж байж болзошгүй байна. Учир нь Өмнөд Солонгост эдгэрсэн 51 иргэний шинжилгээ эерэг гарсан байна. Хятадад мөн эдгэрсэн хүмүүсийн дунд вирус дахин илэрсэн тохиоллдлууд бүртгэгдсэн байгаа юм. Чухам яагаад шинжилгээний хариу эерэг гарч байгаа нь тодорхой бус байгаа ч тестийн үр дүнд асуудал байж болзошгүй хэмээн үзэх хандлага байна.

Эх сурвалж: Bloomberg

 

Сонгуулийн эргэн тойронд

Берни Сандерс сонгуульд өрсөлдөхөө больсноор түүний нэр дэвшсэн Вермонт мужийн залуу сонгогчдын дэмжлэгийг авах сорилт Жо Байденд тулгарч байна. Өнөөдрөөс эхлэн Байдений кампанит ажил эрүүл мэнд болон бусад салбаруудад түүний баримтлах бодлого Сандерсийнхтай хэр ойролцоо байгааг илүү тодорхой тусгах боловуу гэсэн хүлээлт байна.

Эх сурвалж: The New York Times

 

Нью Йоркт шинээр байр түрээслэгчдийн тоо буурлаа

Түрээслэгчдийн хөл хөдөлгөөн хумигдсанаар Манхаттанд шинээр байр түрээслэгчдийн тоо гуравдугаар сард өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 38%-иар буурсан талаар Миллер Самуел болон Дуглас Эллиман мэдээллээ. Брүүклин болон Күинс хотуудад шинээр байр түрээслээгчдийн тоо 46% болон 34%-иар тус тус буураад байна. Хамгийн жижиг хэмжээтэй байрнуудын үнэ өсч Манхаттанд нэг унтлагын өрөөтэй байрны сарын дундаж үнэ 4.4%-иар нэмэгдэж 3,650 долларт хүрчээ.

Эх сурвалж: Bloomberg

 

Хагас сая хүн ядууралд өртөх эрсдэлтэй байна

Хөрөнгөтэй орнууд яаралтай арга хэмжээ авахгүй бол коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн уналт хагас тэрбум хүнийг ядууралд хүргэж болзошгүй хэмээн тэргүүлэх тусламжийн байгууллагаас анхаарууллаа.

Ядуурлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг олон улсын Оксфам байгууллагаас хөрөнгөтэй орнуудыг хөгжиж буй орнуудад туслахыг уриалж байна. Тус байгууллагаас санал болгож буй арга хэмжээнүүдийн нэг нь хөгжиж буй орнуудын 1 тэрбум долларын өрийн төлбөрийг 2020 онд чөлөөлөх юм. Тухайлбал Гана улсын гадаад өрийн төлбөрийг цуцалсанаар тус улсын засгийн газар 16 сая хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшин настай хүмүүст сар бүр 20 доллар бэлнээр 6 сарын турш өгөх боломжийг бий болгох юм.

Кингс Коллеж Лондон болон Австралийн Үндэсний Их Сургуулийн судалгааны тайланд эдийн засгийн салбарын зогсолтоос үүдэн дэлхийн хүн амын 6-8% ядууралд өртөж болзошгүй байгааг анхааруулсан байна.

Эх сурвалж: Associated Press

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу